Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/01941

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 181/ШШ2024/01941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х /РД:............./-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОТ ХХК /РД:..................../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.С, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Х нь ОТ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, хуульд заасны дагуу 14 хоног амарч байна.

Өөрөөр хэлбэл нэг өдөрт 12 цагаар ажиллаж буюу өдөрт 4 цагаар илүү ажиллаж байгаатай холбоотой 2022 оны 9, 10,11 саруудын илүү цагийн хөлсийг шаардаж байна.

Нэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

1. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гомдлыг буцаасан.

2. Дахин 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргахад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөн гомдлыг буцаасан.

3. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.

4. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан.

5. 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан.

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид 14 хоног ажил үүргээ гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөөр бодож, ОТ ХХК-иас 6,847,014 төгрөгийг нэхэмжилж байна.

а. Хариуцагчийн хариу тайлбарт ...Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна гэсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан,

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргзлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан.

Эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож, зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан.

Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талаас тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалт-ыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Иймд хариуцагчийн ирүүлсэн Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 58 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 cap тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлбох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6. Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт ..Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,

- Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, ... эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчилах хэмээх ойлголтонд хамааруулахгүй гэж заасан. Энэхүү конвенцийн хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн.

Энэхүү тусгайлсан зохицуулалт нь уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй, харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна.

Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байна.

 

Гурав. Нэхэмжлэлийн шаардлага буюу тооцооллын тухайд:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүй тодруулбал,

Нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын илүү цагийн хөлсийг шаардсан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 9 сард 168 цаг, 2022 оны 10 сард 168 цаг, 2022 оны 11 сард 192 цаг тус тус ажилласан байх ба хариуцагч байгууллагаас 168 цагаас илүү гарсан цагт хуульд заасан хэмжээгээр илүү цаг олгож байгаа. Нэхэмжлэгчээс 168 цагаас илүү ажилласан хугацааны цалин хөлс дээр маргахгүй. Харин хариуцагч нь 112 цагаас илүү гарсан цагт илүү цагийн хөлс олгох ёстой боловч олгохгүй байгаа учраас зөрүү илүү цагийн хөлсийг шаардаж байна. Үүнд:

а. 2022 оны 9 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тухайд:

2022 оны 6 сарын 15,289,809 төгрөг, 7 сарын 26,886,411.44 төгрөг, 8 сарын 5,049,804 төгрөгийн цалингаас, нэг цагийн хөлсийг тооцоход 90,819 төгрөг ба 56 цагийн зөрүү илүү цагийн хөлс 2,542,939.7 төгрөг байна.

б. 2022 оны 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тухайд:

2022 оны 7 сарын 26,886,411.44 төгрөг, 8 сарын 5,049,804 төгрөг, 9 сарын 19,440,354 төгрөгийн цалингаас, нэг цагийн хөлсийг тооцоход 98,801 төгрөг ба 56 цагийн зөрүү илүү цагийн хөлс 2,766,430 төгрөг байна.

в. 2022 оны 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тухайд:

2022 оны 8 сарын 5,049,804 төгрөг , 9 сарын 19,440,354 төгрөг, 10 сарын 8,585,598 төгрөгийн цалингаас, нэг цагийн хөлсийг тооцоход 63,607.2 төгрөг, 56 цагийн зөрүү илүү цагийн хөлс 1,781,002 төгрөг байна.

Иймд ОТ ХХК-иас 6,874,014 төгрөгийг гаргуулж Б.Хд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул, уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу Уртын ээлжийн зохицуулалт-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг батлан гаргасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.

 

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан.

1.2. ОТ ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно.

1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, доктор, профессор Б.У ...Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан, үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дүгээр зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хуулъ /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

1.5. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Б ... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...,

М.О ... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна ...,

С.Ч ... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна...

Х.Г ... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ... гэжээ.

Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

 

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх ... гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

- Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 cap тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

- Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч ОТ ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтын үүднээс авч үзвэл илүү цаг нь нэмэгдэл хөлсөд хамаарч цалин хөлсний бүрэлдэхүүн болж байгаа. Хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт хуулийн 87 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Хэрэв үүнийг нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзэж тайлбарлавал, ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.

Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ... гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

 

Гурав. Нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.Х нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч компанитай хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг байгуулан ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс 2023 оны 9, 10, 11 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд ОТ ХХК-ийн ХН-Г1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

4.2. Түүнчлэн ОТ ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр ОТ ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.

ОТ ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31 өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

 

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1. Нэхэмжлэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Уртын ээлжээр ...14 хоног ажиллаад 14 хоног амрах, мөн өдөрт ажиллах цагийг 12 цагаар ажиллана гэж тусгасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байдаг.

Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. хөдөлмөрийн эрхийн маргааныг уръдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй нь ч хууль зүйн үндэслэлгүй байна.

ОТ ХХК нь нэхэмжлэгч Б.Хы цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар:

- улсын тэмдэгтийн хураамжид 125,502 төгрөг төлсөн баримт,

- А.Пт олгосон итгэмжлэл,

- итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Б.Хы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №50 дугаар тэмдэглэл ирүүлсэн.

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот албан бичиг,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Л.М-ын тайлбарыг ирүүлсэн.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар:

- Айвенхоу майнз монголия инк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Д.А, Б.Э, Б.Х нарт олгосон итгэмжлэл,

- ОТ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/HR дугаар албан бичиг,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг,

- Доктор, профессор Б.У-ийн хууль зүйн дүгнэлт,

- Монголын Уул уухайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 тоот албан бичиг,

- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлал,

- ОТ ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичиг,

- ОТ ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар,

- Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн баримт, мэдээллийг ирүүлсэн.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч ОТ ХХК-иас Үйлдвэрчний эвлэлийн 2022 оны 4 дүгээр сард батлагдсан Хамтын гэрээ, Б.Хы 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажилласан цагийн бүртгэл, тус саруудын цалингийн задаргаа, Хөдөлмөрийн дотоод журам, Цалин хөлсний журам, Ажлын цагийн журам-ыг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Х.Б-ы нэхэмжлэлтэй, ОТ ХХК-д холбогдох иргэний хэргээс Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хувийн хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ирүүлсэн хариу, мөн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдол, ирүүлсэн хариуг, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын гаргасан өргөдлийг, Хөдөлмөрийн Нийгмийн хамгааллын яамнаас тус яамны 2022 оны А/164 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, тайланг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/366 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалтаар ажилтны нэг ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосон. Ажилтан дээрх зохицуулалтын дагуу ажиллахдаа өдөрт 12 цагаар ажиллаж байгаа тул өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уртын ээлжийн ажилтны илүү ажилласан цагийг нөхөн амраасан хуулийн зохицуулалтад хамааруулах боломжгүй, хуулиар илүү цагийн хөлс олгохоор хуульчилсан тул 2022 оны 9 дүгээр сарын илүү цагийн хөлс 2,542,939.7 төгрөг, 10 дугаар сарын илүү цагийн хөлс 2,766,430 төгрөг, 11 дүгээр сарын илүү цагийн хөлс 1,781,002 төгрөг, нийт 6,847,014 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуултд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1. Нэхэмжлэгч Б.Х нь ОТ ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд 1224 ам.доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинтай ажилладаг болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх, 100-117/

Улмаар хөдөлмөрийн гэрээний талууд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-ний 15 дугаар зүйлийн ж дэх заалтыг үндэслэн харилцан тохиролцож, 14 хоног ажиллаад 7 хоног амрах гэснийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах гэж Хөдөлмөрийн гэрээ-нд өөрчлөлт оруулсан байна. /1хх, 99/

4.2. Нэхэмжлэгч Б.Х нь 2022 оны 9 дүгээр сард нийт 168 цаг ажиллаж 19,440,354 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сард нийт 168 цаг ажиллаж 8,585,598 төгрөгийн цалин, 2022 оны 11 дүгээр сард нийт 192 цаг ажиллаж 13,708,228 төгрөгийн цалин авсан байна. /1хх, 31-40/

4.3. Нэхэмжлэгч Б.Х нь ОТ ХХК-иас 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай гомдлоо итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Поор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан байна. /2хх, 72-74/

Улмаар шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин энэ нэхэмжлэлээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. /2хх, 80-84/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хд 2022 оны 9 дүгээр сарын цалин хөлс олгосон сүүлийн хугацаанаас хуульд заасан 90 хоногийн хугацааг тоолж эхлэх бөгөөд нэхэмжлэгч Б.Х 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр анх ОТ ХХК-д илүү цагийн хөлстэй холбоотой гомдлоо гаргасан байна.

Түүнчлэн, Хамтын гэрээний 2.13-т Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх-аар талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заажээ.

6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ гэж, 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж тус тус зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор ОТ ХХК-ийн зүгээс Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно гэж, 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж,

Цалин хөлсний журам-ын 14.1.2а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж тус тус зохицуулсан байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно. гэж заажээ.

Талууд хөдөлмөрийн гэрээний 6-д Энэхүү гэрээний дагуу ажилтан 14 хоног ажиллаад 7 хоног амрах (нислэг эсвэл ажлын ээлж эхлэх/дуусах цагийн хуваариас хамааран хэлбэлзэж болно) ба өдөрт ердийн 8 цаг болон илүү 4 цаг ажиллана. (хэвийн бус нөхцөлд ажиллаж буйгаас хамааран энэхүү ажлын цагт өөрчлөлт орно) Энэхүү заалтаар ажилтны одоогийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын хуваарь, өдөр, цагт өөрчлөлт оруулж байна. Ажилтны ажлын хуваарь, өдөр, цагийг ажил олгогч өөрчилж болно гэж тохиролцжээ.

Улмаар, Хөдөлмөрийн гэрээний талууд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлийн ж дэх заалтыг үндэслэн харилцан тохиролцож, 14 хоног ажиллаад 7 хоног амрах гэснийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах болгож өөрчилсөн байна.

ОТ ХХК-ийн хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод өдөрт ажиллах цаг 12 цаг гэж заасан байна.

Иймд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт, ОТ ХХК-ийн ажлын цагийн тухай журам, Цалин хөлсний журам-аар нэхэмжлэгч Б.Хы ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цаг, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь 14 хоног, амрах хугацаа нь 14 хоног болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн нэг өдөрт 4 цаг илүү ажилласан хугацааг нөхөн амраах замаар нэг сард 168 цаг ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар хариуцагч ОТ ХХК нь нэхэмжлэгч Б.Хы 2022 оны 9, 10, 11 дүгээр сард сар бүр илүү ажилласан 56 цагийг нөхөн амраасан байх тул нэхэмжлэгч Б.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд ОТ ХХК-иас илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай Б.Хы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОТ ХХК-д холбогдох илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай Б.Хы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ