Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 62

 

 

   Т.П ХХК, Я.Н ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00475 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-2 тоотод байрлах, Т.П ХХК /4082303/, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Бараан зах 40 тоот павилонд байрлах, Я.Н ХХК /4067746/-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н нэхэмжлэлтэй,

ХО ЗДТГ-т холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 9,460,393 /есөн сая дөрвөн зуун жаран мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Т.П" ХХК болон "Я.Н" ХХК нь бичиг хэргийн үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос Хо ЗДТГ-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр бичиг хэргийн материалаар тасралтгүй хангаж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 24,844,750 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн байдаг. Ховд аймгийн ЗДТГ нь тооцоогоо маш их удааж хүндрэл чирэгдэлтэй хийдэг. Манайх аймгийн хэмжээнээс том байгууллага гэж хүндэтгэн үзээд тооцоогоо дандаа хүлээж хийлгүүлж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ховд аймгийн ЗДТГ-аас манай байгууллага руу 20,173,400 төгрөгийг хийсэн байгаа. 20,173,400 төгрөг дотор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өөрийн зардлаас гарсан мөнгө болон төсөл хөтөлбөрөөс орох ёстой мөнгө нийлээд орсон. Дэвтэрт үзлэг хийх, тооцоогоо тулгана гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байгаа. 2018 онд авсан бараа материал нь жагсаалтаараа байгаа. Эхнээс тулгаад үзэхэд 24,844,750 төгрөгөө барьж байгаа. Орсон мөнгө бүх дансыг нь шүүгээд үзэхэд 20,173,400 төгрөгөө барьж байгаа. Яаж тулгаж яаж үзлэг хийгээд ч 4,671,350 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар төлөх ёстой. Анх нэг хоног тутмын 0,3 хувиар алданги тооцно гэж гэрээ байгуулсны дагуу алдангийн мөнгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах хүсэлттэй шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирсэн. 2018 оны үлдэгдлээ 2019 оны эхний улиралд барагдуулах болов уу гэж эдний байгууллагад анхааруулга өгөөд хүлээсэн боловч нэг ч төгрөгийн гүйлгээ хийж барагдуулаагүй. 2019 оны хагас жил хүртэл хүлээсэн боловч мөн л барагдуулахгүй хэвээр байсан учир 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээгээд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгоод шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандсан. Эвлэрүүлэн зуучлахад хандахдаа 2018 оны 4,671,350 төгрөг дээр 2019 оны өглөг 2,222,500 төгрөг, 2018 оны оны тайлант хугацааны торгууль, алданги 2,536,543 төгрөг нэхэмжилж эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч манай байгууллага тооцоо байхгүй шүүхээр шийдүүлнэ гэдэг хариултыг нягтлан бодогч нь гаргаж өгсөн. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон хүлээн зөвшөөрч байгаа өрөө ч гэсэн барагдуулдаггүй. 2019 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар 1,766,500 төгрөгөөр тооцоо нийллээ. Ховд их сургуулийн ой болоход 900,000 төгрөгийн зураг аваад ялгаа байхгүй 2,566,500 төгрөгийн өртэй болсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30000 төгрөг, 2018 оны тооцоо 4,671,350 төгрөг, хугацааны торгууль 2,536,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2,222,500 төгрөг нийт 9,460,393 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү....Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30000 төгрөгөөсөө татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 9,430,393 төгрөг болгож багасгаж байна....2019 оны тайлант хугацаа дуусаагүй байгаа учраас алданги бодоогүй байгаа. 2018 оны төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 4,671,350 төгрөгөөс 1 хоногийн 0,3 хувиар бодоод 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 181 хоногоор тооцож 2,536,543 төгрөгийн алданги тооцсон....2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдэл төлбөр 2,222,500 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 456,000 төгрөг төлөгдөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нийлүүлсэн барааны тооцооны үлдэгдэл 1,766,500 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 456,000 төгрөгөөр багасгаж нийт 8,974,393 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна....Одоо энэ нэхэмжилж байгаа төлбөрүүд бүгд Т.П" ХХК-ийн бүх бараа материалаас авсан байгаа. Я.Н ХХК-ны данс нь захирлынх нь хувийн данс байгаа. Эднийх Я.Н ХХК-ийн захирлын хувийн данс руу нь зарим төлбөрөө хийдэг учир бид ярилцаж байгаад итгэмжлэлээ хоёр компани дээр хийсэн юм. Тэрнээс хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа 8,974,393 төгрөгийг гаргуулан Т.П ХХК-д олгож өгнө үү....Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч нь 2,392,000 төгрөгийн задаргааг хармаар байна гэж хэлж байсан. Манай байгууллагаас падаан авч явчихаад төсөв мөнгө нь ороогүй, Засаг даргын захирамж гараагүй гэдэг шалтгааны улмаас нэг падаанаас тал нь ордог тал нь ордоггүй. Албан газрын нягтлангууд өөр өөрсдийнхөө боломжоос хуваагаад хийдэг юм шиг байна лээ. Бид нар нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Заримдаа манай байгууллагаас авсан падаан хоёр, гурав хуваагдаад хийгддэг. Би авсан бараа материалынхаа жагсаалтыг нэмээд үзэхээр 24,844,750 төгрөг орсон мөнгө нь 20,173,800 төгрөг байгаа. Миний зүгээс төлөгдөөгүй бараа материалын нэрийг нэг бүрчилэн гаргах боломжгүй. Хариуцагч байгууллагаас тэр задаргаа нь гаргана. Хариуцагч байгууллага манайхаас авсан бараа материалын үнээ аль санхүүжилтээсээ хэдэн төгрөгийг нь гаргасан гэдэг нь харагдана. Манайд бол эдний орж ирж байгаа мөнгөн дүнгээс хариуцагч байгууллагад өгсөн бараа материалын нийт дүнгээс хасч л гаргана. Бид нарын зүгээс энэ бараа материалын мөнгийг өгсөн, энэ бараа материалын мөнгийг өгөөгүй гэж нэг бүрчлэн гаргах боломжгүй....Биелүүлээгүй дүнгээс нь алданги төлнө гэж тохиролцсон ” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн ЗДТГ нь "Т.П" ХХК, "Я.Н" ХХК-иудтай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. 2018 оны туршид тус компаниудаас бараа материал худалдан авч "Я.Н" ХХК-ийн дансанд Төрийн сангийн данснаас 6,239,600 төгрөг, Голомт банкны данснаас 432,000 төгрөг, "Т.П" ХХК-ийн дансанд 10,596,800 төгрөг, Голомт банкны данснаас 1,300,000 төгрөг шилжүүлж нийт 18,568,400 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны үлдэгдэл тооцоо урьд нь 1,597,000 төгрөг байсан. Сая хоёр нягтлан тооцоо нийлэхэд баримт гарч ирээд 1,845,000 төгрөг болсон. Энэ нь манай байгууллагын төлөх ёстой өр. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны бараа материалын гүйлгээнээс тулгаж харахад худалдан авсан барааны үнэ 5,141,300 төгрөг төлөхөөс 4,761,300 төгрөгийг "Т.П" ХХК руу шилжүүлж үлдэгдэл тооцоо 850,000 төгрөг байсан. 2019 оны үлдэгдэл 1,766,500 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас "Т.П" ХХК болон "Я.Н зөвшөөрч байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сая данс тулгахад гарч ирсэн 3,074,350 төгрөг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардалд хамаарахгүй мөнгө байгаа. Төсөл хөтөлбөр нь аймгийн хэмжээгээр хэрэгждэг. Энэ мөнгөнөөс төлөгдөх ёстой гэж үзэж байгаа. Холбогдох төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр зохицуулагдах ёстой. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтад холбогдох баримтуудаа хавсаргасан байгаа.....Бие даасан байгууллага гэж байхгүй. Тамгын газрын бүтэц хэлтсүүд байгаа. Манай нягтлангийн зөвшөөрөлгүйгээр очсон хүн болгонд бараа материалууд өгдөг нь танай байгууллагын буруу байгаа....2,826,350 төгрөг нь холбогдох баримтууд байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн төсөл хөтөлбөрөөс санхүүжилт нь гарна....2019 оны хагас жилийн тооцооны төлбөрт маргаан байхгүй. 2018 оны тооцооны үлдэгдлээс манай байгууллага 1,845,000 төгрөгийг төлөх нь баримтаар тогтоогдож байгаа. Алданги төлөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00475 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,766,500 төгрөг, нийт 6,437,850 /зургаан сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,536,543 /хоёр сая таван зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,317 /нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 117,955 /нэг зуун арван долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.П ХХК-д олгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Т.П ХХК-ийн бараа бүртгэлийн дэвтэрт гараар бичигдсэн 2018 оны үлдэгдэл 4,671,350 төгрөг нь холбогдох санхүүгийн баримт нь дутуу хийсвэрээр бичигдсэн байж болзошгүй, гарын үсэг зурж бараа авсан хүмүүсийн зарим нь зөвшөөрөлгүйгээр дураараа авсан, тэр үеийн нярав нь одоо чөлөөлөгдсөн нөхөж гарын үсэг зурсан байж болзошгүй зэрэг зөрчлүүд байгааг анхан шатны шүүх үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Аймгийн засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлангийн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр бараа материал бичиж өгдөг зөрчлүүд байдаг. Манай байгууллагаас 2,826,350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.П ХХК, Я.Н ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэцэг нь Ховд аймгийн ЗДТГ-т холбогдуулан 2018 оны тооцооны үлдэгдэл 4,671,350 төгрөг, гэрээнд тусгасан торгууль 2,536,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 2,222,500 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн хураамж 30,000 төгрөг нийт 9,460,393 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “2018 оны тооцооны үлдэгдлээс 1,845,000 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 1,766,500 төгрөг нийт 3,611,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөрөөс 2,826,350 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь төсөл хөтөлбөрөөс мөнгө нь гарах ёстой. 2018 оны тооцооны үлдэгдлээс тооцсон алданги 2,536,543 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаар маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, талуудын маргаантай байгаа үйл баримтыг шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал.

            Нэхэмжлэгч 2018 оны тооцооны үлдэгдэл 4,671,350 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, гэрч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Нямдэлгэр нар 2018 оны тооцооноос 1,845,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан байхад шүүх “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,671,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн баримтын талаар маргаагүй болохыг дурдлаа” гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан 2018 оны тооцоо нийлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.П ХХК-ийн тооцоогоор 4,671,350 төгрөг гарсан ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Нямдэлгэрийн тооцоогоор 3,280,050 төгрөг гарлаа 1,391,300 төгрөгийг тодруулах гэж гараар бичээд талууд гарын үсэг зуржээ. Гэтэл шүүх уг баримтыг хариуцагч тал 4,671,350 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх талуудын маргаантай байгаа үйл баримтыг “маргаагүй байна” гэж дүгнэсэн тул хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн 24 хуудас баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн байна.

Харин талууд 2019 оны тооцооны үлдэгдэл 1,766,500 төгрөгийн талаар маргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

   

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                                                      

                                                                                                   М.НЯМБАЯР