Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 109

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар

Хохирогч С.Э 

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн 1730001040075 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, 2013 онд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж  тэнсэн хянан харгалзсан, С.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч С.М нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн “Хоймор” гэх газар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим С.Этэй маргалдан түүнийг зодож, толгойн дагз хэсэгт хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч С.М нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  Э ахаас хонь авна гэж мөнгө өгсөн. Тэгээд хонио авах гээд очиход туранхай хонь барьж өгөөд байсан. Би барьж өгсөн хонийг нь 55000 төгрөгөнд  авъя гэхэд Э ах “Пизда минь чи ийм хонь авахгүй бол ямар хонь авах юм” гээд уурласан. Тэгэхээр нь ачиж байсан хонио буулгаад хашаанд нь тавиад маргааш мөнгөө аваачиж өгөөрэй гэж хэлээд явсан. Маргааш нь мөнгө авчирч өгөөгүй. Тэгээд гэрт нь очоод цохисон  гэв. 

 

-Хохирогч С.Э мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны  09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан хотын харьяат С.М, Г.М нар Дарьганга суманд хонь авч байсан.  Мөнгө хэрэгтэй болоод хоёр хонины мөнгө  120 000  төгрөг аваад та нар манайд очоод хонио аваарай гэж хэлээд явсан, орой 19 цагийн үед ирэхээр нь хонь барьж өгсөн чинь голоод авахгүй байсан. Тэгвэл би хонь зарахгүй мөнгийг чинь сум орохоор өгнө гэсэн чинь маргааш мөнгө өгөөрөй гээд явсан. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим гэртээ байж байхад С.М, Г.М нар манай гадаа согтуу ирж зогсохоор нь би гараад та нар хонио авах гэж байгаа юм уу? гэхэд С.М хутга барьж бууж ирээд чамайг ална гэсэн.  Би мотоциклио унаад зугтах гэтэл амжихгүй болохоор явган зугтаасан чинь Г.М  наад нөхрөө шууд хутгал эсвэл дайрч ал гээд бахираад байсан. С.М намайг гүйцэж ирээд дарж аваад хэвтэхэд миний толгойн хэсгийн араас халуун оргиод  байсан гараараа хүрсэн чинь цус гарч байсан. Би Мт намайг аллаа шүү дээ гэхэд С.Мын гарт нь шар иштэй урт хутга байсан. Тэгээд миний баруун гарын тохой хэсэг рүү хутгаараа хөндлөн цохисон, хутганы иш хугарсан мөн миний нүүрэн хэсэгт хутганы ишээр нэг удаа цохихоор нь та нар намайг ямар учраас зодож байгаа юм гэхэд чи их дээрэлхүү хулгайч байна гээд заамдаад С.М хэлсэн. Г.М миний араас суу, бос гээд босохгүй бол ална шүү гээд байсан. Миний зүүн нүдний дээд талд халцарсан, баруун тохойн хэсэгт халцарсан, толгойн ар хэсэгт хагарсан шархтай, зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна, эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ”   гэжээ. /хх-ийн 17-18-р хуудас/

 

Хохирогч С.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:2017 оны 09-р сарын 25-ны үед би сумын төвд явж байгаад Мтай таарч 2 хонь маргааш өгье гээд бэлэн мөнгө авсан.М манайд хонио авах гэж ирээд миний өгсөн хонийг  голсон учраас тэгвэл би мөнгийг чинь эргүүлж өгнө гэж хэлсэн.Маргааш нь дахиад манайд ирж  хонь өгсөнгүй гээд намайг зодсон. М бид 2 одоо эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

-Хохирогч С.Э 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие С.Мт зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Бид хоорондоо эвлэрсэн. С.М надад 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

 

-Гэрч  Б.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим гэртээ байж байхад С.М, Г.М нар манай гадаа ирээд зогсохоор нь нөхөр бид хоёр нөгөө хүмүүс чинь ирлээ гээд хонь барьж өгөхөөр гараад очиход С.М хутга барьж бууж ирээд манай нөхөр Э рүү ална гээд дайрсан. Манай нөхөр айгаад зугтахад би араас нь явж байтал намайг Г.М  гэх залуу бариад, С.М яасан муу овоо гар вэ гээд машинаа унаад манай нөхрийг тууж очоод Эрдэнсүхийг зодож байгаад хутганыхаа ишээр нүүрэн хэсэгт цохисон. Би та нар боль наад хүнээ алчихлаа гэсэн чинь С.М танай нөхрийг алсан ч яадаг юм гээд байсан. Тэгээд   Мөнх-Одыг хутгаа өгчих би энийг ална гээд байсан.  Г.М нь манай нөхрийг суу, бос гээд дарамтлаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас /

 

-Гэрч Г.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би найз С.Мын хамт 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дарьганга сумын төвд мал авч байсан чинь Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн С.Э хоёр хонь өгнө гээд 120 000 мянган төгрөг аваад явсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим Эийн гэх айлд очоод хонио авах гэтэл нэг хонь барьж өгсөн. Тэр хонийг туранхай байна гээд тавиулсан, дахин нэг хонь барьж өгөхөөр нь 55000 төгрөгөөр авна гэсэн чинь Э юу хуцаад байгаа пиздаа нар вэ, ийм хонь авахгүй бол ямар хонь авах гээд байгаа юм гэсэн. Тэгвэл наймаа хийгээд яахав гээд ачсан хонио буулгаад та маргааш мөнгө аваад очоорой гэж С.М хэлээд бид  явсан. Тэгээд Э мөнгө авчирч өгөхгүй болохоор нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим найз С.Мын хамт Э гэх айлд очоод гадаа нь зогсоход Э гэрээсээ гарч ирээд мотоциклио асаах гэснээ болиод бид хоёроос зугтаасан.  С.М араас нь тууж очоод та боль, би мөнгөө авна эсвэл надад хонь өг гэсэн чинь Э хонийг чинь өгнө хоёр муу хогийн гуйлгачин айл болгоноос хонь гуйгаад явж байгаа биздээ гэсэн. Тэгээд С.М уурлаад нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон. Баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан болохоор нь бид хоёр орхиод явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас /.

 

             -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 367 дугаартай  дүгнэлтэнд: 1. С.Эийн биед тархи доргилт, дагзны үстэй хэсгийн болон зүүн талын хөмсөгний хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2.Уг гэмтлүүд нь ир болон  мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/

 

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9580 дугаартай дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 2. Хохирогчийн гэх цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 3.Хутганы гэрэн дээр цус илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/

 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/

 

-С.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/

 

-С.Мт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч  С.М нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Хоймор” гэх газар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим С.Этэй маргалдан түүнийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Э, гэрч Б.З, Г.М, нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 367 дугаартай дүгнэлт  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч С.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   учруулсан хохирлыг  төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч С.Мын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч С.М нь  цагдан хоригдоогүй, хэрэгт  бичиг баримт  ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Б.Ээд 1.500.000 төгрөгийг хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 19 см урттай цагаан өнгийн төмөр, ишгүй хутгыг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 19 см урттай цагаан өнгийн төмөр, ишгүй хутгыг устагсугай

 

6. Ялтан С.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Б.Ээд 1 500 000 /нэг сая таван зуун мянган/  төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА