Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0128

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Д.Э***ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Д.Э***ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Газрын албанаас бидний гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийн Д.Э***т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээх талаар бидэнд мэдэгдсэн. Дүүргийн газар зохион байгуулалтын хурлаар орж шийдвэрлэн, Засаг даргын захирамж гарахыг хүлээж байгаа талаар мэдэгдсэн болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс итгэмжлэлээр өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийн Д.Э***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э*** нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийн Д.Э*** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч Д.Э***аас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Г.Б***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э***аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийн Д.Э***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН