Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Х, С.Ц нарт  холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, Г.Э, шүүгдэгч Б.Х, С.Ц, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолтой Б.Х, С.Ц нарт холбогдох эрүүгийн 2112000290088 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Саруул гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Өөлд булуут овогт Б.Х

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөт хорооллын 7-2 тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, С.Ц

 

Б.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд орших “Алтан цайдам” зоогийн газрын гадаа хохирогч С.Цд зодуулсан гэх шалтгааны улмаас Toyota Harrier маркийн 98-88 ТӨВ улсын дугаартай автомашинаар түүнийг дайрч хохирогч С.Цийн зүүн шаант болон тахилзуур яс, дотор хавчаарын далд  хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

С.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд орших “Алтан цайдам” зоогийн газрын гадаа авч өгсөн архи голсон гэх шалтгааны улмаас Б.Хтэй маргалдан зодож улмаар түүний цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х нарт холбогдох 2112000290088 дугаартай эрүүгийн хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 98-88 ТӨВ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 27 000 000 төгрөгийг шүүгдэгч Б.Хээс гаргуулж улсын төсөвт оруулж, шүүгдэгч Б.Х, С.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Х, С.Ц нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч С.Ц нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, С.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болсон үйл явдалд буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тогтоох хэсгийнхээ 3 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 98-88 ТӨВ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 27 000 000 төгрөгийг шүүгдэгч Б.Хээс гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ.

1. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... гэж заасан байх бөгөөд иргэн Азбаярын өмчлөлийн, хэт өндөр үнэлсэн тээврийн хэрэгслийн үнийг Б.Хээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Мөн хохирогч Б.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бусдад бүлэглэн зодуулсан байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг явуулсан төдийгүй 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Х нь Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн бичиг болон түүний биеийн эрүүл мэндэд учирсан зарим гэмтлийг үзэж харалгүй шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 967 дугаартай дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт бүрэн биш, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон байна.

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд байрлах “Алтан цайдам” зоогийн газрын үүдэнд бусдад зодуулсан үед үүссэн гэмтлийн улмаас баруун чих болон зүүн гарын эдэд гэмтэл учирсан байх бөгөөд энэ гэмтэлтэй холбоотой шинжээчийн ямар ч дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй төдийгүй энэ гэмтлийн улмаас саяхан эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Ц, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу тэдний үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон. Ингэж шийдвэрлэхдээ албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй учраас хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ буюу шүүгдэгч Б.Хийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож тайлбарлаж хэрэглэсэн зүйл бол биш юм. Тийм учраас үүнтэй холбоотойгоор гаргасан гомдол бол үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь ямар нэгэн байдлаар эргэлзээтэй, шинэ нөхцөл байдал тогтоогдсон зүйл байхгүй. Хохирогч Б.Хийг шүүгдэгч С.Ц нь зодож хөнгөн хохирол учруулсан үйл явдлыг нотолсон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай таарсан. Мөн түүнийг бүлэглэн зодсон гэсэн үйл явдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа юм байна. Миний хувьд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнийг гаргуулна гэсэн нэг ч хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтаар бол хэрэг хийгдсэний дараах асуудал харагдаж байгаа юм. Харин хэрэг хийхээс өмнө хүний өмчлөлд байгаа эд хөрөнгийн асуудлыг тусгаагүй гэж ойлгохоор байна. Тэгэхээр бидний хувьд хуулийг зөв хэрэглэх ёстой гэж үзэж байна. Түүнээс биш буруу практик тогтоогоод яваад байж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1- 5 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн үнийг гаргуулахаас биш, харин өөр хүний өмчлөлийн хөрөнгийг үнэлээд улсын орлогод оруулахаар заасан хуулийн зохицуулалт биш юм. Миний хувьд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Б.Хийн хувьд баруун чихний гэмтэл авсны улмаас дүлий болсон болон зүүн гарын хуруу татсан асуудлаа хэлсэнгүй. Хэрэв ийм гэмтэл учирсан бол хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэх боломжгүй юм. Мөн бүлэглэж зодсон асуудлыг одоо яриад байгаа зүйл биш бөгөөд хэрэгт энэ талаар байгаа. Өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Иймд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний хувьд хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байна. Одоо яриад байгаа тэр шинэ гэмтлийг болсон үйл явдлаас хойш хэзээ ч хаана ч авсан байх боломжтой юм. Б.Х нь угийн дүлий байсан ч юм билүү, бид нар мэдэхгүй. Тухайн үед Б.Х нь үнэхээр өөрт нь энэ яриад  байгаа гэмтэл учирсан бол шинжээчид үзүүлэх байсан байх. Шинжээчийн дүгнэлтийн хувьд Б.Х нь гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хүмүүсийн оролцооны хувьд олон удаа шалгасан байдаг. Тэгэхээр болсон үйл явдлын талаарх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зөв дүгнэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-н гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Х, С.Ц нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд орших “Алтан цайдам” зоогийн газрын гадаа С.Цийг Toyota Harrier маркийн 98-88 ТӨВ улсын дугаартай автомашинаар дайран биед нь зүүн шаант болон тахилзуур яс, дотор хавчаарын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч С.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд орших “Алтан цайдам” зоогийн газрын гадаа Б.Хтэй маргалдан зодож биед нь цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч Б.Хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.  

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь ... гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа ... чөлөөлөх ... холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 7.2 дугаар зүйлийн 1.3-т хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь албадлагын арга хэмжээний нэг төрөл байхаар тус тус хуульчилсан байна.  

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн шүүгдэгчийг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа хэрэг бөгөөд үүнд ялаас гадна албадлагын арга хэмжээ мөн адил хамаарна.

 

            Шүүгдэгч С.Цийн хувьд шүүгдэгч Б.Хэд гэрч А.М архи авч өгөхөд нь шүүгдэгч Б.Х “би ийм архи уудаггүй, би дандаа Gold Чингис уудаг, ийм гуйлгачингийн юм уудаггүй” гэж хэлснээс шалтгаалан харилцан маргалдаж зодсон байх бөгөөд шүүгдэгч Б.Хийг С.Ц, А.М, А.Т нар бүлэглэн зодсон гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

            Тухайлбал, хэргийн үйл баримтыг шууд харсан гэрч А.Б “С.Ц Б.Хийг газар унагаачихсан дээрээс нь дэвслээд байсан. Тэгээд Тулга бид хэд очиж С.Цийг татаад боль гээд болиулсан” /х-1, х-35/,

- гэрч А.Т “... гадаа С.Ц нь Б.Хтэй хэрэлдэж хоорондоо барьцалдаж аваад байсан” /х-1, х-37/,

- гэрч П.М “... С.Ц, Б.Х нар нь хоорондоо барьцалдаж аваад Б.Х ахыг С.Ц нь боож унагасан. Мөн тонгорч шидээд дээр доороо ороод ноцолдоод байсан” /х-1, х-129/,

- гэрч Н.А “Намайг гарч ирэх үед С.Ц, Б.Х хоёр барьцалдаад зууралдаад байж байсан учир Б.Хийг С.Ц унагасан гэж бодож байна” /х-1, х-140/,

- гэрч Б.Б “Гэтэл манай хойно байдаг Алтан цайдам зоогийн газрын гадаа хоёр хүн хэрэлдээд зууралдаад ноцолдоод газар унаж босоод байх шиг байсан. Тэр үед зоогийн газрын гадаа өөр хоёр гурван хүн харагдаж байсан. Гэхдээ тэр хажуугаар нь байсан хүмүүс очихгүй, зөвхөн хоёр хүн хоорондоо ноцолдоод байсан” /х-1, х-144/ гэж тус тус харилцан зөрүүгүй мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байхад дан ганц шүүгдэгч Б.Хийн мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгч С.Ц нь бусадтай бүлэглэн шүүгдэгч Б.Хийг зодож хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч С.Ц нь шүүгдэгч Б.Хийн биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь үндэслэлгүй талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Хэд хэрэглэсэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                 

                                   

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                      Г.У