| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/05038/И |
| Дугаар | 183/ШШ2023/03691 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/03691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод оршин суух, С овогт Л.Ө /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** давхарт байрлах, Ж******* ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц болон 2 агуулахын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Ө*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э******* шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүсэлт ирүүлсэн боловч холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Ө******* нь хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан орон сууц болон 2 агуулахын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ж******* ХХК-иас тэдний барьж ашиглалтад оруулсан *******,******* 2 өрөө орон сууц мөн тус байрны В1 давхарт байрлах ба агуулахуудыг худалдан авч, гэрээний хугацаандаа бүх төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан билээ. Гэтэл Ж******* нь надтай хийсэн гэрээнийхээ 1.1 ба 3.6-д заасан нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн заалтаа шууд зөрчиж банкны барьцаанд байрыг маань тавьсны улмаас өнөөдрийг хүртэл би үл хөдлөх хөрөнгийнхөө эзэмшигчийн гэрчилгээг авч чадсангүй, хэзээ авах нь ч тодорхойгүй байна. Иймээс тус орон сууц ба 2 агуулахын хууль ёсны өмчлөгч болохыг минь тогтоож өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие өөрийн охин А.*******гийн хамт 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ж******* ХХК-иас 2 өрөө байр, 2 агуулах худалдаж авсан. Гэрээ байгуулсан өдрөө төлбөрөө 100 хувь төлсөн. Байрны төлбөр 166 098 000 төгрөг, 2 агуулахын төлбөр 38 064 000 төгрөг тус тус төлсөн. Төлбөрөө төлөөд нүүж ороод гэрчилгээгээ авах байх гэж бодтол гэрчилгээг намар өгнө гэж хэлсэн. Байрандаа 2020 оны 5 дугаар сард нүүж орсон. Байр бэлэн болчихсон байсан мөнгөө өгөөд түлхүүрээ авсан. Иймд П******* хотхоны, ******* байр, 12 давхар, ******* тоот, м.кв, 2 өрөө байр, мөн В1 давхарт байрлах 2 агуулахын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Байрныхаа гэрчилгээг авч чадалгүй 3 жил 7 сар болж өмчлөх эрх зөрчигдөж байна. Ж******* ХХК-ийн зүгээс удахгүй өгнө л гэсэн хариу өгдөг. Гэвч одоо болтол өгөөгүй байгаа тул шүүхэд хандсан, хариуцагч компанид итгээд мөнгөө 100 хувь өгсөн, намраас гэрчилгээг нь өгнө гэхэд нь итгээд хүлээсэн боловч өвөл болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахыг хариуцагчид даалгахаар ихэсгэсэн. Охин маань гадаадад байгаа бөгөөд уг байрны өмчлөгчөөр намайг тогтооход татгалзахгүй, эрх нь зөрчигдөхгүй гэсэн учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн энэ талаараа бичгээр хүсэлтээ илэрхийлсэн байгаа гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч Л.Ө******* нь манай компанитай нийт 3 ширхэг Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан бөгөөд дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалан бариулсан. 2020.4.13-ны өдрийн 200413/а тоот гэрээгээр Б дүүрэг, , , ******* байр, В тоот, м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, гэрээний 1.1-д зааснаар 171 456 000 төгрөгийг төлөх ёстойгоос 5 328 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 166 098 000 төгрөгийг 2020.4.13-ны өдөр төлсөн. Төлбөр тооцооны үлдэгдэлгүй. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй. Тус барилгыг 2019.8.19-ний өдөр улсын комисс байнгын ашиглалтад авсан. Түүнээс хойш орон сууцандаа амьдарч, хэвийн эзэмшиж, ашиглаж байгаа. 2020.4.27-ны өдрийн 200427 тоот гэрээгээр Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахыг худалдан авсан. 17 364 000 төгрөг төлөх ёстойгоос 2020.4.16-2020.5.28-ны өдрийн хугацаанд төлбөр бүрэн төлөгдсөн. Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. 2020.5.28-ны өдөр хүлээн авснаас хойш хэвийн эзэмшиж ашиглаж байгаа. 2020.4.27-ны өдрийн 200427 тоот гэрээгээр Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахыг худалдан авч, 20 700 000 төгрөгийг төлөх ёстойгоос 2020.4.16-2020.5.28-ны өдөр бүрэн төлсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. 2020.5.28-ны өдөр хүлээн авснаас хойш хэвийн эзэмшиж, ашиглаж байгаа гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдийн 200413/а тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 200427 тоот Агуулахын өрөөг захиалан бариулах тухай гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, е-баримтууд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт /хэргийн 2-22, 32-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 25, 30-31-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж******* ХХК-тай гэрээ байгуулж, орон сууц болон 2 агуулахыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байх тул орон сууц болон 2 агуулахын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Ө*******тэй гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь орон сууц болон агуулахуудын үнийг бүрэн төлж барагдуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Л.Ө******* нь хариуцагч Ж******* ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №200413/а тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Л.Ө*******, А.******* нар нь Б дүүрэг, , , ******* байр, В тоот, м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцанд 166 098 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж******* ХХК нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Мөн нэхэмжлэгч Л.Ө******* нь хариуцагч Ж******* ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №200427 тоот Агуулахын өрөөг захиалан бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахыг 17 364 000 төгрөгөөр, Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахыг 20 700 000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч Ж******* ХХК нь агуулахуудыг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууц болон агуулахыг өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар байна, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, агуулахын өрөөг захиалан бариулах гэрээ тус тус байгуулсан, орон сууц болон агуулахын үнийг бүрэн төлсөн, орон сууц болон агуулахуудыг хүлээн авч ашиглаж, эзэмшиж байгаа талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Ө******* нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №200413/а тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох Б дүүрэг, , , ******* байр, В тоот, м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны үнэ болох 166 098 000 төгрөгийг,
2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №200427 тоот Агуулахын өрөөг захиалан бариулах тухай гэрээний зүйл болох Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахын үнэ болох 17 364 000 төгрөг, Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулахын үнэ болох 20 700 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үнийг нь төлсөн орон сууц болон агуулахуудын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №200413/а тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох орон сууц, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №200427 тоот Агуулахын өрөөг захиалан бариулах тухай гэрээний зүйл болох агуулахуудын нь нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сард хүлээн авсан, мөн уг орон сууц болон агуулахын барилгыг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
6.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц, агуулахыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууц, агуулахын үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж******* ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй болно.
6.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууц, агуулахуудыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6.4.Талуудын хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д “гэрээний 1.1.-д заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7.Иймд хариуцагч Ж******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Л.Ө*******ийг Б дүүрэг, , , ******* байр, В тоот, м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулах, тоот талбай бүхий агуулахын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг хариуцагч Ж******* ХХК-нд даалгахаар шийдвэрлэв.
8.Талуудын хооронд байгуулагдсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг нэхэмжлэгч Л.Ө******* болон А.******* нар хариуцагчтай харилцан тохиролцож байгуулсан боловч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, мөн А.*******гээс шүүхэд хандаж “...орон сууцны өмчлөгчөөр миний ээжийг тогтоох, ээжийн нэр дээр ордерийг нь гарган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн болно.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ө*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 494 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 1 494 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ө*******өд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Санжаа овогт Лувсандоржийн Ө*******ийг Б дүүрэг, , , ******* байр, В тоот, м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, Б дүүрэг, , ,, ******* байр, тоот талбай бүхий агуулах, тоот талбай бүхий агуулахын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг хариуцагч Ж******* ХХК-нд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ө*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 494 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 1 494 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ө*******өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН