Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Б, Д.М нарт холбогдох

        эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.С, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганчимэг, хохирогчийн өмгөөлөгч М.Ц, Ч.Г, П.О, яллагдагч нарын өмгөөлөгч З.Б, Б.Ц, К.Б, иргэний нэхэмжлэгч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/950 дугаар захирамжтай Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 2012003260099 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, “Тэргүүн-Эрдэнэ” ХХК-д жолооч ажилтай, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны амины орон сууцны 64-4 тоотод оршин суух, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.Б

 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, “Тэргүүн-Эрдэнэ” ХХК-ийн захирал ажилтай,  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Ханбогд хотхоны 203 дугаар байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.М

 

Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед “Т” ХХК-ийн эзэмшлийн Донгфэнг / “Dongfeng BSX5310GYYD”/ маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон “Ш” ХХК-ийн 35 970 литр АИ 92 шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 24.1, 24.5 дахь хэсгийг зөрчсөнөөс тээврийн хэрэгсэл /автоцистерн/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 4 автомашин, 1 мотоцикл шатаж, Б.Э, Б.А, Б.Б, Ж.Б, О.Н, Б.У, Л.Г, Б.Х нарын 8 хүн нас барсан, Х.Б, С.С, Б.Б, О.Ц нарын 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Ш, Л.Э, Б.Т нарын 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Тэргэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

            Д.М нь Авто тээврийн тухай хуулийн 10.2.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн. 13.2.1, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1, 24.5, 27.2.в заалтыг зөрчсөнөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед “Т” ХХК-ийн эзэмшлийн Донгфэнг / “Dongfeng BSX5310GYYD”/ маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл /автоцистерн/ “Ш” ХХК-ийн 35 970 литр АИ 92 шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 4 автомашин, 1 мотоцикл шатаж, Б.Э, Б.А, Б.Б, Ж.Б, О.Н, Б.У, Л.Г, Б.Х нарын 8 хүн нас барсан, Х.Б, С.С, Б.Б, О.Ц нарын 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Ш, Л.Э, Б.Т нарын 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/950 дугаар захирамжаар яллагдагч Б.Б, Д.М нарт холбогдох 2012003260099 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор Ц.О гаргасан эсэргүүцэлдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.О би яллагдагч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 2012003260099 дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн.

Тус шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг  прокурорт буцаасан байх ба 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/950 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны ард гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, жолооч нар болон хариуцсан компаниудын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг техникийн нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлт гаргуулж тогтоох” гэжээ. Уг заалтад дурдсан “зам тээврийн осол гарах болсон шалтгаан, жолооч нар болон хариуцсан компаниудын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх” нотолбол зохих байдлыг тал бүрээс бүрэн шалгаж шаардлагатай гэсэн техникийн шинжээч нарын дүгнэлтүүдийг гаргасан болно. Тухайлбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн лабораторийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай дүгнэлтэд “1. Dongfeng BSX5310GYYD маркийн 93-80 УБП улсын дугаартай автомашин онхолдох болсон шалтгаан нь 450 замын хажуу далан руу гарснаар хүндийн төв

шилжиж автомашины хөндлөн тогтворжилт алдагдаж онхолдсон байна. 2. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл, замын тэмдэг тэмдэглэл нөлөөлөөгүй байна. 3. Эгц уруу тэмдгийг замын аюулгүй хэсгийн шууд өмнө тавьж болох тул зам тээврийн осолд нөлөөлөөгүй. 4. Dongfeng BSX5310GYYD маркийн 93-80 УБП улсын дугаартай автомашин 26 366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоосон байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, ослын дараах үеийн дүрс бичлэг, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэсэн заалтыг үндэслэн мөрдөгчийн магадлагаа гаргасан. Харин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл хэсгийг тайлбарлуулахаар шинжээчийн дүгнэлт гаргахыг хориглох бөгөөд хэрэв дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан ба шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаах гэсэн хуулийн заалт байхгүй, өөрөөр хэлбэл шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй  шаардлагатай бол шүүх, ...шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “...Тухайн гэмт хэрэгт гал гарсан шалтгаан нөхцөл, галын эх үүсвэр хэний буруутай үйлдлийн улмаас хаанаас гал гарсныг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлт гаргуулж тогтоох” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гал гарсан шалтгаан нөхцөл, түүний эх үүсвэрийг шалгаж тогтоох зорилгоор хоёр удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулан хавтаст хэрэгт авагдсаныг шүүгч бүрэн харж уншиж судлаагүй гэж үзэх үндэслэл байна. Учир нь Архангай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэд “...асгарсан шатахуун ууршилт явагдаж байх үед халуун гадаргуу, оч, цахилгааны масс гэх мэт зүйлсээс гал түймэр гарна” гэж, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12/22 дугаартай дүгнэлтэд: “...Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн халсан гадаргуу, оч, өөр асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Эх үүсвэр нь асгарсан шатахуун, ...галын аюултай шингэн бодис асгарч, ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ба шатахуун /бензин 92/ нь өөрөө авалцан асах чадвар сайтай бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний сөрөг тал нь оч үүсэхэд их хэмжээний гал үүсэж богино хугацаанд сүйтгэх аюулыг үүсгэнэ, ...гал эхэлсэн цэг буюу галын голомт нь мотоцикл Мустанг-5 ба суудлын автомашин Соната-7 89-92, Субару 17-25 УАК, Альфард 83-76 УБД зэрэг тээврийн хэрэгслүүд байрлаж байсан хэсэгт байна. Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрийн халсан гадаргуу буюу орчноос өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна” гэжээ.

3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “Гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Ш” ХХК-ийн холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл байгаа эсэх, хэрэв байгаа бол тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шалгах” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Ш” ХХК, түүний холбогдох албан тушаалтнууд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан эсэх, дээрх зам тээврийн осолтой шууд шалтгаант холбоо байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосон. Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжийн 3 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл “Ш” ХХК-тай холбоотой мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй, “Ш” ХХК болон түүний холбогдох албан тушаалтнуудын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах уу, эсхүл өөр тодорхой асуудлаар шалгах байсан уу гэдэг нь ойлгомжгүй эргэлзээтэй байна.

Иймд яллагдагч Б.Б, Д.М нарт холбогдох 2012003260099 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/950 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Т.С давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Харин 650 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг хангаагүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхой бус, мөн хавтаст хэрэгт авагдсан магадлагаа, шинжээчийн дүгнэлтийг ямар учраас үндэслэлгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаж өгөөгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна.” гэв. 

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хохирогчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар гал хаанаас гарсан бэ гэдгийг тайлбарлахдаа Ш ХХК нь ачааны даац шалгаагүйн улмаас осол гарсан, мөн замын хажуугийн 45 градусын налуу руу гарснаас шатахуун асгарсан юм гэдэг зүйлийг ярьдаг. Машин яагаад замын хажуугийн 45 градусын налуу руу гарах болсон бэ гэдэгт тормозны асуудал яригддаг. Замын хажуугийн 45 градусын налуу руу жолооч машинаа барьж яваад гарна гэж байхгүй. Ямар нэг асуудалтай болоод далан руу гарсан гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч М.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “ Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоосноор шүүх гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийх боломж бүрдэх юм. Ш ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд эдгээр хүмүүсийн хохирлыг төлөх хэрэгтэй гэж бодож байна. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хэргийн оролцогчид бүгд дэмжиж байгаа хоёр асуудал байна. Машины даацын асуудлыг Т ХХК хариуцдаггүй юм байна билээ. Харин машины даацыг ямар хэмжээнд ачих вэ гэдэг нь хэрэгт авагдсан маш тодорхой баримтуудаар Ш ХХК нь хариуцаж байгаа юм. Үүний хариуцлагыг яагаад Ш ХХК хариуцах ёсгүй юм. Яагаад энэ асуудлыг прокурор бүрэн гүйцэд шалгаж, холбогдох этгээдийг дутуу орхисон байгаа эсэх асуудлыг нягталж шалгадаггүй юм. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хатуу байр суурийг илэрхийлж байна. Шатахуун тээвэрлэж явсан машин уналаа гэхэд шатахуун асгарахгүй байх нөхцөлийг хэн хариуцаж байгаа вэ гэхээр Т ХХК-тай Ш ХХК нь гэрээ байгуулахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэж гэрээ байгуулдаг. Энэ талаарх хариуцлагын асуудал яагаад шалгагдахгүй орхигдоод байгаа юм бэ. Мөнгө төгрөгтэй компани болохоор шалгагддаггүй юм уу гэсэн асуудал хэргийн оролцогчдын дунд үүсэж байна. Хууль хүн бүрд шударга үйлчлэхийн тулд энэ асуудлыг шалгах ёстой. Заавал эрүүгийн хэрэг үүсгэж ял оноох ёстой гэсэн асуудал яриагүй. Энэ асуудал яригдах болоогүй юм. Тэгэхийн тулд эхлээд шалгах ёстой, бүрэн гүйцэд тодруулах ёстой, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийх ёстой гэсэн асуудал яригдаж байна. Үүнд шүүх онцгой анхаарал хандуулах байх гэж бодож байна. Анхан шатны шүүх энэ талаар хангалттай дүгнэлт өгсөн. Прокурор эсэргүүцэлдээ шүүгчийн захирамжийг ойлгомжгүй гэж тайлбарлаж байна. Ш ХХК-ийг гэм буруутай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох гэж байгаа юм. Гэтэл үүнийг ойлгомжгүй гэж мушгин тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ш ХХК-ийн үйлдэл холбогдлыг шалгах ёстой гэсэн хэсгийг бүрэн дүүрэн дэмжиж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учраас шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэлээдгүй зүйлд маргаж байгаа нь харагдсан. Оролцогч бүр өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байсан. Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг бүрэн харуулж байгаа. Учир нь нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотолж тогтоогоогүй. Нотолбол зохих байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгчийн захирамжид дээрх  гурван асуудлыг зааж дахин шалгуулахаар прокурорт буцаасан үндэслэлээ тайлбарлаагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Миний хувьд шүүгчийн захирамжид заасан гурван асуудлыг тайлбарлаж нотлох баримтуудыг дурдсан гэж ойлгож байгаа. Ийм учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч З.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Ослын шалтгаан нөхцлийг тогтоох, 45 градусын налуу руу яагаад гарах болсон, яагаад тормозны систем хэвийн бус болсон гэдгийг бүрэн шалгаж тогтоох ёстой. Мөн галын эх үүсвэр хаанаас гарсан байдлыг шалгаж тогтоох ёстой. Бас Ш ХХК-ийг шалган тогтоох ёстой. Техникийн үзүүлэлтийн талаарх Монгол Улсын стандартыг харах ёстой. Техникийн үзүүлэлт нь үйлдвэрлэгчээс тогтоосон хэмжээгээр тогтоогдох ёстой. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгсэл хэдэн тонны даацтай, хэдэн тонн ачааг тээвэрлэх боломжтойг шалгаж тогтоох хэрэгтэй. Нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч К.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмнөх гаргасан тайлбараа дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж бодож байна.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгчийн захирамжийг бүрэн дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор Ц.О-н бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Бийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт Донгфэнг / “Dongfeng BSX5310GYYD”/ маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 24.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, 24.5-д заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэснийг тус тус зөрчсөнөөс онхолдож тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 4 автомашин, 1 мотоцикл шатаж, Б.Э, Б.А, Б.Б, Ж.Б, О.Н, Б.У, Л.Г, Б.Х нарын 8 хүний амь насыг хохироосон, Х.Б, С.С, Б.Б, О.Ц нарын 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Ш, Л.Э, Б.Т нарын 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Д.Мг Авто тээврийн тухай хуулийн 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, 24.5-д заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална”, 27.2.в-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг тус тус зөрчсөнөөс “Т” ХХК-ийн эзэмшлийн Донгфэнг / “Dongfeng BSX5310GYYD”/ маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл /автоцистерн/ “Ш” ХХК-ийн 35 970 литр АИ 92 шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдож тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 4 автомашин, 1 мотоцикл шатаж, Б.Э, Б.А, Б.Б, Ж.Б, О.Н, Б.У, Л.Г, Б.Х нарын 8 хүний амь насыг хохироосон, Х.Б, С.С, Б.Б, О.Ц нарын 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Ш, Л.Э, Б.Т нарын 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Монгол Улсын Замын хөдөлгөөний хууль дүрмийн ямар заалтыг хэн хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж уг осол гарсныг тогтоох зорилгоор гарсан мөрдөгчийн магадлагаа нь яллагдагч Б.Б, Д.М нарын Замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэж, харин бусад тээврийн хэрэгслийн жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж тус тус дүгнэсэн байна.

            Энэ магадлагаагаар “... жолооч, яллагдагч нарын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан хэм  хэмжээний актыг зөрчсөн эсэхийг тогтоож, яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай төдийгүй ... гал гарахад бусад тээврийн хэрэгслийн жолооч нарын хууль дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн эсэхийг бүрэн нотлох ажиллагаа хийгдээгүй” талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Архангай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар дүгнэлтээр “Хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Донгфэнг маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явсан автомашинууд замын шатахуун асгарсан аюул бүхий хэсэгт ороогүй бол галд өртөхгүй байх бүрэн боломжтой” талаар дүгнэлт гарсан байх ба Донгфэнг маркийн тээврийн хэрэгсэл /автоцистерн/ онхолдож зам дээр их хэмжээний шатахуун асгарч аюултай нөхцөл байдал үүссэн байхад жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй нь холбогдох хууль дүрмийг зөрчсөн эсэх талаар мөрдөгч дүгнэлт хийгээгүй байна.

 Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба уг дүгнэлтүүдээр “Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн халсан гадаргуу, оч өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна... Галын аюултай шингэн бодис асгарч ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ...” гэж дүгнэсэн байна. 

            Эдгээр дүгнэлтүүдээр гал гарсан шалтгаан, нөхцөл тогтоогдсон хэдий ч “... галын эх үүсвэр хэний буруутай үйлдлийн улмаас хаанаас гарсан” нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

“Гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Ш” ХХК-ий холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл байгаа эсэх, хэрэв байгаа бол тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шалгах” талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Донгфэнг маркийн 93-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд даацыг 16 030 кг байхаар заасан байхад Стандарт хэмжил зүйн газар эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо эзлэхүүнийг 35 970 литрээр тогтоож, улмаар тээвэрлүүлэгч Ш компани уг автомашинд 26 366 кг шатахуун ачсан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарч үзэлгүй орхигдуулж, гэмт хэрэг гарахад эдгээр байгууллагуудын гэм буруу байгаа эсэх асуудалд дүгнэлт хийх хэмжээнд шалгаж чадаагүй байна.    

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлээгүй, шүүх дээрх асуудлуудыг заавал шалган тодруулснаар хэргийг шийдвэрлэх, шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд ач  холбогдолтой байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.О-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                    

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/950 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.О-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Г.У