Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0129

 

  

 

 

 

 

    2024            02           13                                          128/ШШ2024/0129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж,  шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АХ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.М, Б.Х, Г.Г,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, В.Б,

Гуравдагч этгээд: Н ХХК /2/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.Н, Ө.С нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/5 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Х, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч өмгьөөлөгч Л.Н, Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч АХ нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Маргаан бүхий газрыг Н ХХК нь Өмч хувьчлалын комиссын 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот тогтоолоор ******* дүүргийн 13 дугаар хорооллын цэцэрлэгийн дуусаагүй барилгыг дуудлага худалдаагаар тухайн үеийн ханш 31,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг нь бүрэн төлсөн 1993 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус  эд хөрөнгийн өмчлөгч болсныг №377 дугаар Эрхийн гэрчилгээгээр гэрчилжээ.

3. Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар тус компанид 15900 м.кв газрыг газар ашиглах эрхийг олгож, газар ашиглах гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн 458 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг олгож, тус газрыг 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн нийт 19980 м.кв газрын эзэмших хугацааг 10  жилээр сунгаж, эзэмшил газрыг баталгаажуулан 20******* оны 05 дугаар сарын 77-ны өдөр орон сууц, сургуулийн цогцолборын зориулалтаар гэрчилгээ олгож, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01110-2015/0******* дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4. Үүнтэй холбоотой тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжаар Н******* ХХК-ийг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 м.кв газрыг хасаж эзэмших талбайн хэмжээг өөрчлөн, барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан гэж 20******* оны МЗХ20*******/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 612/2022 дугаар Барилгын ажлын зөвшөөрөл, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06А/5 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Н******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0606 дугаар шийдвэрээр “...Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгосугай”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний 2*******/МА2023/0655 дугаар магадлалаар 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч У.Х******* болон гуравдагч этгээд АХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 501 дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...АХ-ийн нийт 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг дараах байдлаар маш ноцтой зөрчигдөж байна.

Үүнд *******, ******* байруудын халуун, хүйтэн ус, дулааны хэрэглээ зэрэг бүх зүйлүүд Н******* ХХК-ийн 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгөөр хувьчилж авсан гэх цэцэрлэгийн объектын хэсэгт зангилагдсан байдаг. Энэ дээр заримдаа хаадаг, боодог халуун ус тасардаг, өвөл дулаан тасардаг гэх мэт хүнд нөхцөлүүд үүсдэг.

Н*******” ХХК-ийн захирал Б******* нь Улсын их хурлын гишүүнээр 1994 онд сонгогдохдоо тухайн цэцэрлэгийн зориулалттай газрыг Англи сургалттай сургууль барина гээд өдий хүртэл ашиглалтад оруулаагүй. Иймд зөвхөн өнөөдрийн байдлаар АХ-ийн хамаарал бүхий 9 хүүхэд цэцэрлэггүй байдаг. Энэ нь ганцхан өнөө жилийнх 1991 онд хувьчилж авсан гэхээр 32 жилийн туршид тухайн үе үеийн хүүхдүүд ямар ч цэцэрлэггүй.

Цэцэрлэгийн барилгаа барьдаггүй мөртөө хашааг нь нийт гурван удаа сунгасан байдаг тул манай *******-р байрныханд зогсоол байдаггүй. Оросууд барьсан байр тул доороо гарааш байдаггүй. Мөн явган хүний гарц, тоглоомын талбай байдаггүй. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө хоёр хүүхэд машинд дайруулж нас барсан.

Ийм байдлаар манай оршин суугчид маш их хохирдог. Мөн төрийн тусгай үйлчилгээ болох 103, гал команд зэргийг авах ямар ч боломж байхгүй. Миний мэдэхийн хоёр удаа гал гарсан үүнийг оршин суугчид өөрсдөө ус зөөн унтраасан.

Би төр засагтаа баярлаж байгаа. Энэ олон 32 жил нийтийн эрх ашгийг зөрчиж байсныг олж харж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1463 тоот захирамжаар шийдвэрлэснийг АХ-ийн 3000 гаруй оршин суугчид бүгд дэмжиж байгаа” гэж маргадаг.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...2015 оны Нийслэлийн Засаг даргын А/5 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус захирамж дээр Н******* ХХК-ийн олон жижиг газрыг нэгтгэж авахдаа хууль бусаар нэгтгэсэн захирамж гарсан. Тус захирамжийг хүчингүй болсноор өмнөх захирамж нартай маргах боломжтой байгаа. Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамж гарснаар өмнөх гаргасан захирамжууд хүчингүй болсон гэж бидний зүгээс ойлгож байгаа” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Н******* ХХК-ийн үүсгэн байгуулагч нь ардчилсан намд нэр хүндтэй, ардчилсан намын нөлөө бүхий хүний нэг байгаа. 2015 онд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа газрын үсэг зурсан. Газрын зөвшөөрлийн хугацаа дууссан байхад Н******* ХХК-д газрыг сунгаж өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэж байгаа. Н******* ХХК-ийн үүсгэн байгуулагч 1996 оноос 2000 онд Улсын их хуралд нэр дэвшиж байсан. Одоо болтол ардчилсан намын хуралд оролцдог хүн. Энэ талаар хэлж байгаа шалтгаан нь манай дүүргийн иргэдийн төлөөлөгч н.М гэж хүн байдаг. Тус хүн Ардчилсан намаас дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд манай хорооноос сонгогдож гарсан хүн байдаг. Тус залуу хороон дарга байсан. Тус хүнд цэцэрлэгийн асуудал шийдэх талаар хэлж байсан. Гэтэл тус Н******* ХХК-ийн үүсгэн байгуулагч ардчилсан намд том нөлөөтэй хүн байгаа. Бид нар дийлэхгүй гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг даргын шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байсан тул тус шийдвэрийг цуцалж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын захирамжтай ямар учраас маргаж байгаа вэ гэвэл. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарт хот төлөвлөлт гэж байхгүй. Иргэдээ бодсон шийдвэр гаргахгүй, зөвхөн зоосны нүх харж шийдвэр гаргаж өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байна. Одоо зам ачаалал дийлэхээ болсон. Дэд бүтэц нь ачааллаа дийлэхээ болсон. 2015 онд Н******* ХХК-д газрыг сунгаж өгснөөр өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгож иргэдийн эрх, ашгийг хөндөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа. ******* дүүргийн 6 дугаар хороо 14,000 оршин суугчтай улаан бүс гэж зарлагдсан байгаа газар. Дахин барилгын үйл ажиллагаа явуулахад иргэдийн үйл ажиллагаа эрхийг зөрчиж байна. Иймд бид нэхэмжлэл гаргаж байгаа” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Нэхэмжлэлд дурдсанаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\5 дугаартай захирамжийг хүчингүй болгох гэсэн байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах талаар нэхэмжлэл дээрээ дурдаагүй байсан. Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжийн хүрээнд тайлбар хэлье. Нийслэлийн Засаг даргаас А/5 дугаар захирамжаар газар эзэмших ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байгаа. Гэрчилгээний хугацаа сунгахдаа Газрын тухай хуульд заасны дагуу 15 жилийн хугацаатай сунгана гэсний дагуу 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Гэхдээ Н******* ХХК-ийн газар эзэмших эх үүсвэр нь өмчлөлөөр авсан объектын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хэрэгжүүлсэнтэй холбоотой хугацааг шийдвэрлэсэн байгаа. ...2009 онд нэмсэн. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр байхгүй. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуульд заасны дагуу 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж шүүх хуралдаанд тайлбарыг гаргажээ.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаан дээр ярьж байгаа тайлбар зэргийг үзэхэд давхардуулж газар олгосон гэдэг асуудал бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл дээр байна. Гэтэл АХ нэхэмжлэл гаргасан. Тус сууц өмчлөгчдийн  холбоо 2 орон сууцыг хамарсан байдалтай байгуулагдсан. *******, ******* байр хамарсан сууц өмчлөгчдийн холбоо байдаг. АХ хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг холбогдох газраас шүүхийн шатанд шаардаж бүрдүүлж цуглуулсан. Гэтэл 1996 онд Н******* ХХК өмч хувьчлалаар цэцэрлэгийн барилгыг хуулийн дагуу дуудлага худалдаанд оролцож, хуульд заасан үнэ төлбөрийг төлж авсан. Түүний дагуу цэцэрлэгийн барилгын газрыг холбогдох газарт тухай бүрт нь хүсэлтээ гаргаж хуулийн дагуу шийдвэрлүүлж явсан. 15900 м.кв буюу 1,6 га газрын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар болсон. Мөн 19, 20 дугаар байрыг өмч хувьчлалаар худалдаж авсан. Энэ талаар захирамж хуулийн хүрээнд гарсан байгаа. 2000 онд баригдаж буй 24 айлын орон сууцны барилгын орчны тохижилттой холбоотойгоор хүсэлт гаргаж захирамж гарсан. 1996 онд гарсан захирамж болон 2000 онд гарсан захирамж дээр уг байршил дээр байсан газрыг нэгтгэж 2009 онд захирамж гарсан. Энэ хүрээнд барилгын үйл ажиллагааг тасралтгүй явуулж 19 болон 20 дугаар байрыг ашиглалтад оруулсан. Доороо гарааштай 24 дүгээр байрыг мөн ашиглалтад оруулж байгаа. Энэ газар дээр нэг гэрчилгээ, нэг захирамжийн хүрээнд тасралтгүй үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрж байна. Энэ процессын явцад хэрэгт нотлох баримтаар цугларсан АХ-ны өөрсдийн газартай холбоотой хандаж байсан хүсэлт. Түүнтэй холбоотой орчны газрыг шийдвэрлэсэн захирамж, гэрчилгээ, кадастрын зураг, 2008 онд дахин хүсэлт гаргаж маргаан бүхий цэцэрлэгийн барилгын зүүн талд байсан нийтийн эзэмшил газрыг хүсэлт гаргаж өөрийн эзэмшлийн газарт нэгтгэж авсан. Үүнээс хойш гэрээ байгуулж явсан үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах болно. Өөрөөр хэлбэл талууд энэ хугацаанд зэрэгцээ оршиж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар нэгнийхээ газар руу давхардуулж орсон зүйл байхгүй. Тухай бүр кадастрын зураг хийгдэж ирсэн. Эдгээр кадастрын зураг огт давхардсан зүйл байхгүй. 2 газрын аль аль кадастрын зураг дээр тодорхой харагдаж байгаа. Ийм байхад манай газрыг давхардуулж авсан, хууль бусаар авсан. Н******* ХХК хууль бусаар газрыг авсан мэтээр нотлох баримтгүйгээр ярьж тайлбарлаж байгаа нь үндэслэл байхгүй. Мөн нотлох баримт шинжлэн судлахад кадастрын зураг, сансрын зураг хэрэгт авагдсан байгаа. Сансрын зураг дээр 2 газар ямар нэгэн байдлаар давхардсан зүйл байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгч нь манай газраас өөрт авсан, давхардсан гэж байгаа нэхэмжлэлийн үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй. Хэрэг энэ талаар тогтоосон баримт байхгүй. Байршилтай холбоотой зүйлийг нэхэмжлэгч талаас ярьж байгаа. Бичгээр гаргасан нэхэмжлэл дээр байршилтай холбоотой ямар нэгэн үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан зүйл огт гаргасан. Анх нэхэмжлэл гаргахад бүрдүүлбэр хангуулахаар захирамж гарсан. Түүнээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл дээр байхгүй зүйлийг ярьж нотлох баримтыг цуглуулах, үндэслэлд хамаарахгүй үндэслэл гаргаж ирж удаа дараа шүүхийн ажиллагаанд оролцож ирсэн. Энэ талаар тодорхой хэлмээр байна. Байршил дээр тодорхой хэлэхэд 2000 оны Нийслэлийн Засаг даргын А/458 дугаар захирамж байгаа. Энэ захирамжаар доороо гарааштай 24 айлын сууцны гэдгийг тодорхой бичсэн. 23 дугаар байрны баруун талд гэдэг талаар бичиглэл хийгдсэн байдаг. Гэвч бодит байдал дээр гуйвуулан тайлбарлах замаар ийм зүйлийг тайлбарлаж ярьж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар 0,12 га газарт Н******* ХХК доороо гарааштай орон сууцны орчны тохижилттой холбоотой хүсэлтээ гаргаад явсан. Энэ талаар хүсэлт хавтаст хэрэгт байгаа. Энэ хүсэлтийг холбогдох газар судалж үзэж үндэслэлтэй байна гэж шийдвэрлээд явсан. Захирамж гарахдаа 23 дугаар байрны баруун талд байгаа талаар бичиглэл бичигдсэн. Үүний ялгаа, нөхцөл байдал нь 2000 онд энэ асуудлыг шийдэж, энэ асуудал нь 2009 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар давхар шийдэгдэж явсан. 2009 оны 94 дүгээр захирамж байдаг. Тус захирамжаар нийт барилга барьж байгаа барилгын хэмжээг 19980 м.кв гэж талбайн хэмжээг тодорхойлсон. 19980 м.кв дотор 0,12 га газар орсон. Үүнд оруулж хамруулж газар байршлаа тодруулж өнөөдрийг хүртэл барилгаа барьж дууссан. Улсын комисс хүлээж авч бүх зүйл дууссан үйл баримтын араас байршил нь өөр байсан юм байна гэдэг зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед тухайн байршил өөр зөрүүтэй буруу байсан бол холбогдох төрийн захиргааны байгууллагууд бүгд энэ талаар тодорхой асуудал яригдах болно. Гуравдагч этгээд болох Н******* ХХК 23 дугаар байр дээр манайхаас захирамж гаргуулж байсан зүйл байхгүй. Газар авч байгаагүй. Авч байгаа 2000 оны захирамж нь доороо гарааштай 24 айлын орон сууцны орчны тохижилттой авч ажиллаа хийгээд явж байгаа. Мөн скиз зураг дэр гар бичмэл хийсэн баримт нотлох баримтаар ирсэн. Тус баримт дээр 1, 2, 3 гэж баригдах байршил нөхцөл байдлыг бүгдийг нь зааж өгсөн байдаг. Заасан байгаа тайлбар зэргээр бодит байдал илүү тодорхой болж байгаа. Байршилтай холбоотой асуудал дээр Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн хүрээнд яригдсан асуудал. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд яригдаж үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа. Энэ асуудлын хүрээнд дүгнэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал. Энэ асуудлыг ярьж байгаа нь огт үндэслэлгүй гэж хэлмээр байна. Мөн  нягтаршилтай холбоотой зүйлийг ярьж байна. Нягтаршил гэх асуудал барилгыг барих, барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохтой холбоотой хамааралтай асуудал. Энэ хэрэг дээр нэхэмжлэгч нь захирамжтай холбоотой маргаан үүсгэж явж байгаа. Энэ захирамж нь 2015 оны хугацаа сунгасан захирамж байдаг. 2015 онд одоогийн юм уу 2018 оны, 2023 оны үеийн нөхцөл байдалтай нягтаршил ихтэй байна. Газар олгох боломжгүй, үндэслэлгүй гэдэг ойлголт 2015 онд байгаагүй. Огт байхгүй асуудал. 2015 онд тийм нөхцөл байдал байгаагүй учир тийм зүйл огт яригдаагүй. Үүний дараа 2023 онд нягтаршилтай холбоотой манай маргаан бүхий захирамжтай огт хамааралгүй цаг үе 2023 оны нөхцөл байдал нягтаршилтай холбоотой гарч байгаа захирамжид хамаарах нөхцөл байдлыг 2015 оны захирамжийн нөхцөл байдал руу аваачиж нягтаршил хэтэрсэн байхад захирамж олгосон. Иймд үндэслэлгүй байсан, хууль бус гэж хэлж байгаа нь цаг хугацааны хувьд, нөхцөл байдлын хувьд аль аль ч талаас нь авч үзэхэд үндэслэлгүй ярьж байна. Иймд энэ талаар нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй. Мөн түүнчлэн 20******* онд гуравдагч этгээд Н******* ХХК-иас тодорхой цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж төлөвлөсөн байсан орон сууцны зураг төслийг багасгаж дахин хүсэлт өгч архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, барилгын ажлын зураг төсөл гарч явж байсан. Энэ талаар хэрэг нотлох баримтаар авагдсан байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. холбогдох газраас манай барилгыг нягтаршил хэтрээгүй гэдэг тайлбар дүгнэлтийг өгч явж байгаа. Иймд энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээг шүүх анхаарах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээг нэхэмжлэгч болон бусад оролцогч нар бусдын өмнөөс тодорхойлж тайлбарлах ёсгүй. Хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн 2015 оны захирамжтай маргаж байгаа. Барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой бусад акттай маргаагүй байгаа. Захирамж дотор  зөвхөн 2015 оны А/5 дугаар захирамжтай маргаж байгаа маргаан. Үүний өмнө 2000 онд захирамж гарсан. 2009 онд газрууд нэгтгэгдэж барилгын ажил хийгдээд явсан. 2009 оны захирамжтай нэхэмжлэгч тал маргаан байхгүй. 2009 оны захирамжтай холбоотой биелэлтийн үндэслэлийг энэ хурал дээр ярих шаардлага байхгүй. Зөвхөн 2015 оны захирамжтай холбоотой маргаан байх тул энэ хүрээнд талууд мэтгэлцэж шүүх дүгнэлт хийх нөхцөл байгаа гэдгийг хэлмээр байна. Хүний эрхийн зөрчил үүсгэж байна. Оршин суугч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна. Бид амьдрахад маш хүнд нөхцөлд байгаа талаар ярьдаг. Гэтэл мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийж тус дүгнэлт дээр нь үндэслэж тодорхой нотлох баримт бүрдэх ёстой. Үүний хүрээнд тодорхой нотлох баримт бүрдсэн гэж үзэж байгаа. Мэргэжлийн хяналтын газар АХ-ны оршин суугчид болох иргэдээс удаа дараа гомдол гаргаж тус хүрээнд нь мэргэжлийн хяналтаас шалгалт хийж дүгнэлт гаргасан. Тэр хүрээнд ямар нэгэн хууль зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй байгаа талаар тодорхойлж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Мөн дүгнэлттэй холбоотой АХ дээд шатны байгууллагад гомдол гаргах, захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх зүйл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл дүгнэлт хүчин төгөлдөр байгаа. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандсан байдаг. Хүний эрхийн үндэсний комисс тодорхой дүгнэлт хийж, хүний эрхийн зөрчил байхгүй байгаа талаар дүгнэлт хийсэн байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй нотлох баримтыг бүрдүүлнэ гэсээр байгаад шүүхээр бүрдүүлсэн. Онцгой байдлын ерөнхий газраас ирсэн галын аюулгүй байдалтай холбоотой дүгнэлт байдаг. Тус дүгнэлтээр холбогдох зүйлсийг шалгаж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч барилгын ажиллаа эхлүүлж байгаа талаар дүгнэлт гарсан байна. Эдгээр нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл үндэслэлгүй байна. Мөн Н******* ХХК хөрөнгө мөнгө гаргаж бизнесийн үйл ажиллагаа хийлгээд явж байгаа. Гэтэл нэхэмжлэгч дандаа Н******* ХХК-ийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, компанийн нэр хүнд, хувь хүний нэр хүндэд халдсан довтолгоо тайлбар зэргийг асах их хийж байгаа. Шүүхийн шатанд болон сошиал орчинд мөн халдаж байгаа. Энэ болгонд бидний зүгээс хүлцэнгүй хандаж байгаа. Шүүх шударгаар хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Бид өөрийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд энэ зарчмаар хандаж ирсэн. Бид АХ-ны нэр хүндэд халдах, хэн нэгнээр харлуулах зүйл хэрэглэхгүй байгаа. Энэ арга барил нь хуулиар зөвшөөрөгдөөгүй. Ямар нэгэн нотлох баримтгүйгээр удаа дараа шүүх хуралдааны нотлох баримт дээр нэхэмжлэгч нарын хэлсэн үг нотлох баримт болж үлдэж байгаа. Гэтэл ийм байдлаар нэхэмжлэлийн үндэслэл хэсгийг тайлбарлаж нотлох баримтгүйгээр бусдыг харлуулж, гүтгэсэн үйлдэл явж байгаад үнэхээр харамсаж байна. Нэхэмжлэгч урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хангаагүй нөхцөл байдал хэргээс дүгнэгдэж байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусан нөхцөл байдал дүгнэгдэж байгаа. Энэ хугацаанд өөрийн газрыг сунгуулж, гэрээг сунгуулж манайхаас түрүүлж кадастрын нарийвчилсан зураг хийлгэж асах идэвхтэй явдаг. Энэ талаар нотлох баримт ирсэн байгаа.  Ийм байдлаар АХ газраа сунгаж, гэрээгээ шинэчилж ирсэн байдаг. Гэнэт 2022 онд нэхэмжлэл гаргаж Н******* ХХК-ийн барилга 2022 онд тэнгэрээс гэнэт бууж ирж байгаа юм шиг байдлаар хандаж байгаа нь харамсалтай байна. Хөөн хэлэлцэх асуудал заавал яригдах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэн гаргасан байгаагаас үл хамаарч хууль адил тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчимтай байна. Мөн нэхэмжлэгч бус этгээд нэхэмжлэл гаргаад явж байгаа нөхцөл байдал байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлаж явсан. Дүгнэлт хэсэг дээр энэ талаар тодорхой хэлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуульд газар эзэмших хугацааг сунгах талаар зохицуулалт орсон байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар газар эзэмших хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэдэг. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамж дээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг барьж газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байгаа. Газар эзэмших эрхийг сунгасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг зөрчөөгүй байгаа тул хугацааг нь сунгасан. Зөрчсөн байгаа тохиолдолд хугацааг сунгахгүй байсан. Зөрчсөн гэдэг үндэслэл хавтаст хэрэг судлах болон асуулт хариултын шатанд тодорхой байна гэж харагдаж байна. Мөн газрын хэмжээг сунгасан болон газар ашиглах эрхийг зориулалтын бусаар ашигласан нөхцөл байдал байхгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судалсан нотлох баримтаар тодорхой байна. Мөн газрыг дараалж 2 жил ашиглаагүй гэдэг асуудлаар А/1464 дүгээр захирамж гарч үүнтэй холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэж газрыг дараалан 2 жил ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд А/1464 захирамжийг хүчингүй болгосон гэж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчин төгөлдөр бол дүгнэгдсэн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй. Өнөөдрийн маргаан дээр зөвхөн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасантай холбоотой асуудлыг ярьж тайлбарлаж маргаж байгаа. Газар эзэмших хугацааг сунгасантай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Анхдагч захирамж 2009 онд гарсан нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болсон. 2009 онд газрын хэмжээг тогтооход 19980 м.кв гэдгээр тогтоогдсон. Газрыг сунгасан гэдэг нь маргаан бүхий захирамжаас харагдаж байгаа. Нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч этгээдийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх вэ гэдэг асуудлыг тогтоох шаардлагатай. Гэтэл нотлох баримт шинжлэн судлахад *******, ******* дүгээр барилгад өөрсөд нь газар ашиглах эрх байгаа. 18,000 м.кв буюу 1,8 га газар байгаа. Энэ газраа хэрхэн тохижуулах нь нэхэмжлэгч талын эрхийн асуудал. Үүн дээр Н******* ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байвал. Аль хэсэгт зам талбай гаргаж, орц гарцыг чөлөөлөх вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Орц гарцыг зөв шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Галын аюулгүй байдал зөрчигдсөн гэж нэхэмжлэгч талаас хэлж байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлт байдаг. Тус дүгнэлт дээр норм ба дүрэм дээр барилгын хэмжээг аваар гэдэг, галын аюулгүй байдал дээр 15-30 метр гэдэг асуудал яригддаг. Зөвхөн Н******* ХХК-ийн барилга хоорондын асуудал дүгнэгдсэн асуудал биш. Иргэн тойрны бүхий л газрын хоорондын зайг хэмжиж гаргадаг дүгнэлт. Энэ дүгнэлтээр барилга хоорондын зай, галын аюулгүй байдлын хоорондын зайг зөрчсөн гэдэг асуудал байхгүй байгаа. Иймд онцгой байдлын үед гал алдах эрсдэл үүсэх нөхцөл байдал зөрчигдсөн гэх үйлдэл байхгүй. Барилгатай холбоотой асуудлыг шүүхээр дүгнэсэн байгаа. Газрын маргааны хүрээнд ямар нэгэн байдлаар бусдын орц гарцыг хаасан зүйл байхгүй. Бусдын газар дээр давхацсан зүйл байхгүй байх тул газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж хүчинтэй хэвээр байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй учир хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх нэхэмжлэгчээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан журмын дагуу зөв тодорхойлсон эсэх, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэнэ үзэж байгаа талаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй, дэмжин оролцож байгаа талаараа тайлбарлаж Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

3. Анх Н******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар 15900 м.кв газрыг сургалтын цогцолбор зориулалтаар ашиглах эрх олгож, 1998 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0650 дугаар Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээг байгуулжээ.

4. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн 458 дугаар “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” захирамжаар ******* дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1200 м.кв газрыг Н******* ХХК-д олгож, мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар газрын хэмжээг нэмж, 19.980 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгаж, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжаар 19.980 м.кв газрын эзэмших хугацааг 10  жилээр сунгаж, эзэмшил газрыг баталгаажуулан 20******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууц, сургуулийн цогцолборын зориулалтаар гэрчилгээ олгож, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01110-2015/0******* дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

5. Нэхэмжлэгчээс “...Зам ачаалал дийлэхээ болсон, дэд бүтэц нь ачааллаа дийлэхгүй, 2015 онд Н******* ХХК-д газрыг сунгаж өгснөөр өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгож иргэдийн эрх, ашгийг хөндөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын А/5 захирамжтай маргаж байгаа. ******* дүүргийн 6 дугаар хороо 14,000 оршин суугчтай улаан бүс гэж зарлагдсан байгаа газар. Дахин барилгын үйл ажиллагаа явуулахад иргэдийн үйл ажиллагаа эрхийг зөрчиж байна. газрын хэмжээ хууль бусаар нэмэгдэж байна. ...мөн Н******* ХХК-ийн газар эзэмших эрх 2014 онд дуусгавар болсон байхад 1 жилийн дараа буюу 2015 онд газар эзэмших эрхээ сунгуулж хууль зөрчсөн байна” гэж гуравдагч этгээдээс “...нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, норм дүрмийн дагуу барилгын ажил явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт, 2009 оны гэрээний 5.5-д талууд аль нэг тал санал гаргаагүй бол гэрээ сунгагдах заалттай, Хүсэлт өгч шийдэж, захирамж гарах хугацаа нь хариуцагчийн асуудал” гэж маргадаг.

6. Хэдийгээр нэхэмжлэгчээс Н******* ХХК-г газрын хэмжээг хууль бусаар томруулж, газрын хэмжээтэй холбоотой тайлбарлаж маргаж байгаа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/005 дугаар дүгнэлтээр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Н******* ХХК-ийн сургууль цэцэрлэгийн баригдаж байгаа барилга нь “Криетив монголиа” ХХК-ийн боловсруулсан /ЕГ шифр: КМ-*******-49-452/ ажлын зургийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтнээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянуулж галын аюулгүй байдлын магадлал хийлгэн зураг төслийн дагуу баригдаж байна” гэж АХ-ноос гаргасан Н******* ХХК-ийн төсөл болох хувийн сургууль, цэцэрлэг, багш ажилчдын 70 айлын орон сууц, спорт цогцолбор, төлбөртэй зогсоолууд баригдах нь *******, 22б байрны болон ойр орчмын орон сууц ахуй нэгж сургуулиуд онцгой байдлын үед болон галын аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгчээ.

8. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжийн үндэслэн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Тав дугаар зүйлийн 5.5-д “...Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээ 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ гэж заажээ.

9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

10. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гуравдагч этгээд Н******* ХХК-г газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан 30 хоногийн дотор гаргаагүй ч 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Тав дугаар зүйлийн 5.5-д “...талууд аль нэг тал санал гаргаагүй бол гэрээ сунгагдах заалттай”  тус хугацаанд хүсэлт өгч шийдэж, захирамж гарах хугацаа нь хариуцагчийн асуудал...” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

11. Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжаар Н******* ХХК-ийг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 м.кв газрыг хасаж эзэмших талбайн хэмжээг өөрчлөн, барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан гэж 20******* оны МЗХ20*******/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 612/2022 дугаар Барилгын ажлын зөвшөөрөл, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06А/5 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Н******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0606 дугаар шийдвэрээр “...Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгосугай”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний 2*******/МА2023/0655 дугаар магадлалаар 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч У.Х******* болон гуравдагч этгээд АХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 501 дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

12. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд Н******* ХХК-д газар эзэмших, ашиглах эрх олгосон өмнөх захирамжууд хүчин төгөлдөр байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж дүгнэв. 

13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн маргааны үйл баримтыг тогтоосон Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Мөн нэхэмжлэгч АХ-оос өөр асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч АХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах жу