Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/03863

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, *** байранд байрлах, Т******* /РД:*****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт Д.Д /РД:*********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол болох 9 745 059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 20-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******,

Иргэдийн төлөөлөгч И.У*******, П.Ө*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* нь Д.Д*******д холбогдуулан төрд учирсан хохирол болох 9 745 059 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан.  Д.Д******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.О*******ыг албан тушаалаас нь халжээ. Иргэн Ю.О******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны Б/171 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ю.О*******ыг урд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/46 дугаар тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 9 745 059 төгрөгийг Ю.О*******д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Д.Д*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 9 745 059 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Д.Д*******гээс гаргуулж өгнө үү.  

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т*******өөс иргэн Д.Д*******д холбогдуулж дараах нэхэмжлэлийг гаргасан. Иргэн Д.Д******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б171 дугаартай тушаалыг гаргаж, уг тушаалаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.О*******ыг төрийн албанаас халах тушаалыг гаргасан Ю.О******* нь тус тушаалыг эс хүлээн зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2021 оны 1 дүгээр сарны 07-ны өдрийн 27 дугаар магадлал тус тус гарч Д.Д*******гийн гаргасан 2020 оны Б171 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож Ю.О*******д ажилгүй байсан цалин хөлсийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Ю.О*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын хөрөнгө хувиарлах тухай 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А46 дугаар тушаалын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн 20 гэдэг хүсэлтийн дагуу 9 745 059 төгрөгийг Ю.О*******ын данс руу шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байдаг. Т*******өөс зүгээс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл, Иргэнийн хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 498.5 гэсэн заалтуудыг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн дагуу төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулна гэсэн хуулийн заалтын дагуу Д.Д******* гэдэг даргын шийдвэр буруутай байсныг шүүх тогтоосон. Үүний дагуу ажилгүй байсан цалин хөлсийг Ю.О******* гэдэг хүн авсан байсан. Ийм учраас та өөрийнхөө гаргасан хариуцлагаа хүлээн зөвшөөрч гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрч төрийн албанд учирсан хохирол болох 9 745 059 төгрөгийг төл гэсэн мэдэгдлийг хүргүүлж эс зөвшөөрч байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т*******ийн гаргасан нэхэмжлэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******ийн О*******ыг халах тухай тушаалыг хүчингүй болгож, Ю.О*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгийг олгуулах, цэргийн дэслэгч цолыг сэргээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахдаа дараах байдлаар хангахаар шийдвэрлэсэн байна. Үүнд: Ю.О*******ыг халах тухай тушаалыг хүчингүй болгож, Ю.О*******ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Ю.О*******ын урьд хэрэглэж байсан цэргийн дэслэгч цолыг сэргээх, Ю.О*******ын ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийх гэсэн үндсэн ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, Ю.О*******ын ажилгүй байсан 8 сар 2 хоногийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхдээ Ю.О*******ын ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу нэг талаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, нөгөө талаас суутгалыг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлэх, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу орлогын албан татварыг төлөх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл Ю.О*******ын ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасны дагуу Ю.О*******ын 8 сар 2 хоногийн хугацааны цалин болох 9 745 059 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэл 194 901 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу 10 хувиар болох 955 015 төгрөг нийт 1 149 917 төгрөгийг хасч тооцох байсан байна. Иймд нэхэмжлэгч Т******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр Ю.О*******ын ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг нөхөн тооцсон дүнгээс Ю.О******* ажилтны хувиар хариуцан төлөх үүрэгтэй эрүүл мэндийн даатгалын шимтгэл 194 901 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу 10 хувиар болох 955 015 төгрөг нийт 1 149 917 төгрөгийг хасаж олгох ёстой байсан гэж үзэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 149 917 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр илэрхийлж байна.

2.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талын гаргасан саналыг дэмжээгүй байгаа учраас дараах тайлбарыг гаргаж байна. Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 8 сар 2 хоног хугацааны цалин хөлснөөс хүн амны орлогын албан татвар, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хасаж тооцуулах нь зүйтэй байна. Төрд өөрт нь буцааж олгох мөнгө байгаа болохоор манайхаас хариуцах мөнгө биш, төрд учирсан хохирол гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 049 917 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Нотлох баримтаар гаргуулж авсан баримт дээр Ю.О*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 2020 оны 1 сараас 2 сар хүртэл төлсөн, тэднээс тасалдаад 2021 оны 6 сараас төлсөн баримт байхгүй учраас нийт 9 745 529 28 төгрөгөөс Хөдөлмөрийн хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нийт олговроос эрүүл мэнд болон хүн амын орлогын албан татварыг хасах нь зүйтэй юм. Хууль зүйн сайдын багцаас гаргасан дүнгээс төрд учрах ёстой 1 149 917 төгрөгийг нь хасаад үлдэгдэл 8 595 142 28 төгрөг Ю.О*******д өгөх нь зөв байсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Р.Ж*******, Э.Д******* нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т*******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Т*******ийн даргаар улируулан томилох тухай тогтоол, Т*******ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 04/1017 дугаар Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр Ю.О*******ыг халах тухай тушаал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, төлбөрийн хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар магадлал /хэргийн 3-36-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Б.З*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 40, 45-46-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийгн Б/247 дугаар Тушаал хүчингүй болгож, албан тушаалд томилох тухай тушаал, төлбөрийн хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ю.О*******ын цалин хөлсний лавлагаа, Ю.О*******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, Төсөвт байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн жагсаалт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ю.О*******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 52-59, 63-72, 111-113-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т*******ийн нэхэмжлэлээс 8 595 142 төгрөгийг хангаж, 1 149 917 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Д*******г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.О*******ыг албан тушаалаас нь халсан бөгөөд дээрх тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж, нийт 9 745 059 төгрөгийг гаргуулан олгосон тул төрд учирсан хохирлыг хууль бус тушаал гаргасан буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрнө, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, цалин хөлсийг гаргуулан олгохдоо хуулийн дагуу хасагдаж тооцогдох эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болох 1 149 917 төгрөгийг хасч тооцоогүй байх тул 8 595 124 төгрөгийг хохиролд тооцож төлнө гэж маргасан.

4.Талуудын маргааны зүйл нь нөхөн төлсөн хохирлоос эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасч тооцох талаар байна, хариуцагч нь даргаар ажиллаж байхдаа тушаал гаргасан, уг тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар маргаагүй.

5.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.

            5.1.Иймд дээрх хуулийн заалтын дагуу хариуцагч Д.Д*******д 2023 оны 5 сарын 01ий өдрийн 04/1017 дугаартай мэдэгдлээр төрд учирсан хохирол болох 9 745 059 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн, улмаар хохирлыг төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

            6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны саналыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******ийн О*******ыг зөрчил гаргасан нь албаны шалтгалтаар тогтоогдсон гэж 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн дэслэгч цолыг хураасныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, Ю.О*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгийг олгуулах, цэргийн цолыг сэргээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

            6.1.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар тус тус тогтоогдож байна.

            6.3.Шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчоос 9 745 059 төгрөгийг Ю.О*******ын дансанд ХЗДХЯ-ны 2022 оны А/46 тушаалын дагуу нөхөн төлбөр гэх утгатай шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна.

            7.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т******* нь төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

            7.1.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

            7.2.Хариуцагч Д.Д*******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Ю.О*******ыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 9 745 059 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

            7.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан 8 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9 745 059 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг шүүхийн шийдвэрт заасан байх тул ажилтны хувиар хариуцан төлөх үүрэгтэй эрүүл мэндийн даатгалын шимтгэл 194 901 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 10 хувь болох 955 015 төгрөг, нийт 1 149 917 төгрөгийг хасч тооцох ёстой гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх тул 9 745 059 төгрөгнөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар болох 1 149 917 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй  гэж үзэв.

            7.4.Иймд хариуцагч Д.Д*******гээс төрд учирсан хохиролд 8 595 142 төгрөгийг гаргуулж Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 149 917 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            8.Иргэдийн төлөөлөгч нар нь төрд учруулсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хариуцагчийн ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн үйлдлээс шалтгаалж төрд хохирол учирсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Д.Д*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 152 472 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д*******гээс 8 595 142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ТБАГУТҮГ-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 149 917 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Д.Д*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 152 472 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ХУЛАН

 

                                 ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                     ШҮҮГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ