Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03880

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Т******* ББСБ ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Гж овогт Л.Д /РД:*********/-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 127 862 118 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

 

  Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Г овогт Л.Д /РД:********/-ын

  Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Т ББСБ ХК /РД:*******/-д холбогдох,

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү 15 580 791 төгрөг, зээлийн шимтгэл, түүний хүүнд төлсөн 2 432 500 төгрөг, нийт 18 013 291  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХК нь хариуцагч Л.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127 862 118 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Т******* ББСБ ХК нь Л.Д*******д 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн жилийн 30 хувь хүүтэй, зээлийн эргэн телѳлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж барьцааны гэрээ Х дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээ дууссанаас хойш 2 удаа зээлийн дүн дээр нэмэлт хийж, нийт 4 удаа зээлийн гэрээг сунгасан богоод сунгалтын хугацаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дууссан ба зээлээ хааж дуусалгүй өдий хүрсэн байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Л.Д******* нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй өдий хүрч хохироож байна. Иймд үндсэн зээл 115 771 869 төгрөг, хүү 9 941 074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 149 174 төгрөг, нийт 127 862 118 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Т******* ББСБ ХК нь иргэн Л.Д*******тай түүний хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаар зээлийн гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,50 хувийн хүүтэй, жилийн 30 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаар Барьцааны гэрээг байгуулж хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, хуульд заасны дагуу нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Л.Д******* нь дээрх гэрээг байгуулснаас хойш хүсэлт гаргаж нэмэлтээр 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 60 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 70 000 000 төгрөг авсан. Ингээд нийтдээ 180 000 000 төгрөг зээлсэн. Нэмэлтээр зээл авсантай холбогдуулж барьцааны гэрээг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн бүртгүүлсэн болно. Зээл нэмж авсантай холбоотойгоор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тухай бүрт нь байгуулж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №20200124 дугаар Зээлийн гэрээний хугацаанаас бусад заалтууд хэвээр мөрдөгдөхөөр харилцан тохиролцсон. Тиймээс талууд хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №20200124 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн болон 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20200124-2 дугаар Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу зээлдэгч нь “зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” байхаар заасан. Дээрх гэрээний үргэлжпэх хугацаанд хариуцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг дөрвөн удаа сунгасан ба 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэвч зээлдэгч буюу хариуцагч Л.Д******* нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж авсан зээлээ бүрэн эргүүлж төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл хүртэлх хугацаанд үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл дээр нэмж тооцоод дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* ББСБ ХК нь иргэн Л.Д*******тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй, жилийн 30 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хэрэгжиж байх явцад хариуцагч Л.Д******* нь удаа дараа хүсэлт гаргаж нэмэлтээр 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 60 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 70 000 000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 180 000 000 төгрөг болж байгаа. Зээлийн гэрээ нэмж авсантай холбогдуулан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 771 869.88 төгрөг, хүү 9 941 074.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 149 174.56 төгрөг, нийт 127 862 118.80 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

          2.Хариуцагч Л.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус ББСБ-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20200124 дугаарын зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дэлхий нийтэд үүссэн ковид-19 цар тахалын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмд шилжин, онц байдал зарласантай холбогдуулан миний бизнесийн үйл ажиллагаа доголдож, тодорхой хугацаанд сул зогсолт хийсэн учир тус гэрээний хугацааг сунган өөрчлөлт оруулж, улмаар тус байгууллагын нэхэмжилсэн дүнгээр тогтоосон хугацаанд нь итгэлцлийн үндсэн дээр төлөлт хийсээр ирсэн. Бидний байгуулсан нэмэлт гэрээнүүдийн хугацаа давхардсан байгаа зэргээс хүү болон нэмэгдүүлсэн хүү давхар төлөгдсөн байх магадлалтай байх тул сайтар нягталж шалгахыг тухайн байгууллагаас хүсч байна. Тодруулбал 20200124 дугаарын гэрээ  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаатай, 20200124-1 дугаарын гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хугацаатай, 20200124-2 дугаарын гэрээ 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаатай, 20200124-3 дугаарын гэрээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хугацаатай, 20200124-4 дугаарын гэрээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаатай. Мөн миний бие сүүлийн саруудыг л шалган тогтооход 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 202000124-4 дугаарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дараах байдлаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3 500 000 төгрөг, 2022 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2 984 100 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3 046 000 төгрөг, 2022 оны сарын 27-ны өдөр 3 045 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 33 075 100 төгрөгийг Т******* ББСБ ХК-ийн Хаан банк дахь 50*******445 тоот дансанд төлсөн байна.

Гэтэл миний дээрх төлөлтүүдийг хасч тооцоогүй байна. Иймд дээрх төлсөн мөнгийг зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй юм. 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 20200124-4 дугаарын нэмэлт гэрээнд тусгагдсан 124 699 999 төгрөгийг тухайн өдөр миний өмчлөлд шилжүүлээгүй, өмнөх зээлийн үлдэгдэл+хүү+нэмэгдүүлсэн хүү нийлсэн мөнгөн дүн байх тул 2 дахин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг би хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 202000124-2 дугаарын барьцааны гэрээгээр 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 202000124-4 дугаарын зээлийн гэрээний үүргийг хангуулах нь хуульд нийцэхгүй юм. Иймд үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний дагуу давхардуулан төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг үндсэн зээлээс хасах, гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй, түүнчлэн миний илүү төлөлтүүдийг үндсэн зээлээс хасах зэргээр бодит тооцоолол хийх шаардлагатай гэж үзэж байна. Миний бие шудрага ёсны зарчмыг баримтлан үндсэн зээлийн бодит үлдэгдлийг төлж барагдуулахаас татгалзах зүйлгүй ба 2023 оны 06 дугаар сард багтаан төлөхөөр төлөвлөн чармайн ажиллаж байна. Бидний урт удаан хугацааны хамтын ажиллагааг хадгалан үлдэж, харилцан бизнесийн үйл ажиллагаагаа дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Анх 50 000 000 төгрөгийн зээлийг авсан. 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 60 000 000 төгрөгийг авсан байдаг. Тэгэхлээр анх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсанаар барьцааны гэрээ мөн байгуулагдсан. Тийм учраас эд нар зээлийн гэрээний үүрэг хүрэхгүй байхад нэхэмжлэгч талд нэмээд зээл олгоод байдаг. Энэ чинь ямар учиртай юм бэ, энэ өөрөө хариуцагчтай хийсэн гэрээг харахаар зээлийн гэрээний зээлдүүлэгчийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ төлөх чадваргүй болсон эсэх барьцаа хөрөнгө буурсан гэж байгаа. Төлөх чадваргүй болсон гэдэг нь гэрээ цуцлах эрх нь танайд байгаад байхад гэрээгээ танайх сунгаад яваад байдаг. Тэгэхлээр зээлийн гэрээний үүргээ танайх мөн зөрчсөн байна. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 1 зүйлийн 19.3-т зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж хуульд ч байна зээлийн гэрээнд ч байна. Тэгэхлээр банк бус санхүүгийн байгууллагын хувьд төлөх чадваргүй байхад нь нэмж зээл олгоод байгаа нь олгосон зээлээрээ хүүг төлүүлээд байсан нь ийм нөхцөл байдал харагдаж байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсад ковид-19 халдвар анх бүртгэгдээд хатуу хөл хорио тогтоосон. Ингээд 2 жилийн турш хувийн бизнесийн үйл ажиллагаа явагдах ямар ч боломжгүй байсан. Үүнээс болоод зээлийн эргэн төлөлтийн цаг хугацаандаа төлж чадахгүй байх, нөхцөл байсан. Гэтэл хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаад байдаг.

Биелүүлээгүй буюу бизнесийн үйл ажиллагаа зогсчихсон ийм үед хүү тогтоочихсон юм. Зээлээ төлж чадахгүй нь тодорхой байхад зээлийн гэрээний үүргийг банк бус өөрөө зөрчөөд сунгасан мөнгөөрөө хүү төлүүлээд байсан энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн анх 50 000 000 төгрөгийг зээлийг авсан дараа нь 60 000 000, 70 000 000 төгрөгөөр 2 удаа нэмэлт гэрээ байгуулсан нийт 180 000 000 төгрөгийг зээлсэн. Хүү үндсэн төлбөр өнөөдөр нийтдээ 140 000 000 төгрөг төлчихсөн байдаг. 140 000 000 төгрөгийг төлсөн гэдэг нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөд байгаа. Энэ 140 000 000 төгрөгөн дээр нэмээд 128 000 000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь 278 000 000 төгрөг болгож нэхээд байгаа үндэслэлгүй байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн өөрсдөө гэрээгээ зөрчөөд байна эс үйлдэхүй гаргаад гэрээг цуцлах боломж нь байсаар байтал гэрээг сунгаж хүү тооцоод байгаа нь хууль бус юм гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзаж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэгт, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаж байх ба зээлийн гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр бус үндэслэлээр төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсэгт  “... гэрээний хугацаанаас хамааралгүйгээр 2.1.9-д заасны дагуу зээлийн нийт төлбөрийг эргүүлэн төлөхдөө нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллийн дагуу үл маргах журмаар зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэх заалт нь Иргэний хуулийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж, 216.2 дах хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдөж байгаа тул гэрээний заалт хуульд нийцээгүй. Мөн зээлийн гэрээний 2.1.6 дах заалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байх тул тус заалт хүчингүй юм. Иймд гэрээний 3.2.1 дэх заалг, 2.1.6 дах заалт хуульд нийцэхгүй байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Хоёрт, зээлийн гэрээний 2.1.10 дах заалт “зээлдэгч зээлийг хугацаанаас нь өмнө төлж болох бөгөөд энэ тохиолдолд ББСБ нь зээлийн хүүг гүйцэтгэсэн өдрөөр тооцно.” гэж заасан хэдий ч хугацаанаас өмнө төлсөн төлөлтийг хасахгүй намайг хохироосон байна. Бид 2020.10.27-ны өдөр 20200124 дугаарын гэрээ байгуулан 50 000 000 төгрөг 2020.01.26-ны өдөр 20200124-1 дугаарын нэмэлт өөрчлөлт оруулж 60 000 000 төгрөг, 2020.06.17-ны өдөр 20200124-2 дугаарын нэмэлт өөрчлөлт оруулж 70 000 000 төгрөг нийт 180 000 000 төгрөгийг зээлсэн байна. /2020.06.17-ны өдрөөс өмнөх хүү тооцоололд маргаагүй./ 20200124-2 дугаарын гэрээ: 2021.06.17-2021.09.27 хугацаатай 15 084 807 төгрөгийн хүү тохирсноос төлсөн нь 15 092 916 төгрөг=илүү төлөлт 8,109 төгрөг, 20200124-3 дугаарын гэрээ: 2021.10.01-2021.12.27 хугацаатай 13,162,234 төгрөгийн хүү тохирсноос 18 951 097 төгрөг = илүү төлөлт 5 788 863 төгрөг, 20200124-4 дугаарын гэрээ: 2022.02.24-2022.08.27 хугацаатай 18 665 999 төгрөгийн хүү тохирсноос төлсөн нь 146 761 118 төгрөг = илүү төлөлт 128 095 119 төгрөг. Гэрээний хугацаанд илүү төлөлтийг үндсэн дүнгээс хасахгүй давхар хүү бодож 14 000 000 төгрөг авсан байна. Мөн энэ хугацаанд зээлдэгчийн төлсөн мөнгөн дүнгээс нэмэгдүүлсэн хүү нийт 1 580 791 төгрөгийг авсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Т******* ББСБ-с илүү төлөлт нийт 15 580 791 төгрөгийг нэхэмжилж байна.

Гуравт, зээлийн гэрээний 2.1.6 дах заалт “зээлийн үйлчилгээний шимтгэл: үндсэн зээлийн дүнгээс 0,5%” гэсэн байх ба зээлийн гэрээний үндсэн шинж нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд тохирсон мөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг тул зөрчилдөж байна. Тодруулбал Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.  Иймд тус байгууллага нь зээл олгохдоо 2020.10.27-ны өдөр 250,000 төгрөг, 2021.01.26-ны өдөр 550,000 төгрөг, 2021.06.17-ны өдөр 900,000 төгрөг, нийт 1.700,000 төгрөгийг шимтгэл хэмээн гэрээний дагуух зээлийн мөнгөнөөс авч, надад олгоогүй хэдий ч 2022.08.24-ны өдөр хүртэл тооцоолоход 25 сар /156,250/ +19 сар /261,250/+14 сар /315,000/ нийт 732 500 төгрөгийн хүү надаас хууль бусаар авсан байна. Иймд зээлийн гэрээний дагуу олгоогүй дээрх мөнгө болон түүнд төлсөн хүү надаас хууль бусаар авсан байна. Иймд зээлийн гэрээний дагуу олгоогүй дээрх мөнгө болон түүнд төлсөн хүү нийт 2 432 500 төгрөгийг нэхэмжилж байна. Ийнхүү зээлийн гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, илүү хийгдсэн төлөлт болох 18 013 291 төгрөгийг Т******* ББСБ ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, түүний өмгөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн эргэн төлөлт төлсөн гээд байгаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой байсныг хасаагүй, хүү аваад төлчихсөн байна гэдэг нь харилцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаарх хүүг хасуулаад үндсэн мөнгийг нь үндсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтийн дагуу гүйлгээг нь бүртгэж аваад эндээс нь хүүнд 4 584 598.37 мөнгийг хүүнд суутгаж аваад, 5 415 401.63 төгрөгийг үндсэн зээлээс суутгагдсан байгаа гэсэн үг юм. Тооцооллын хувьд үндэслэлтэй, төлөгдсөн зээл бүгд л хасагдсан байгаа. Илүү төлсөн, илүү авсан зүйл байхгүй.

 

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үүргээ нэхэмжлэгчийг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал, эрхээ хэрэгжүүлэх ёстой гэж шаардаад, эрхээ хэрэгжүүлээгүй болох нь хууль зөрчсөн байна гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 1 зүйлийн 19.3-т заасан заалтыг хэрэгжүүлэх эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал учраас үүнийг бас хэрэгжүүлээгүй нь зээлдүүлэгч хууль зөрчөөд байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                            

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №20200124 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №20200124 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №20200124-1 тоот, №20200124-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №20200124-2 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №20200124-3 тоот, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №20200124-3 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулга, Л.Д*******ын иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Г*******, Г.Б******* нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, тусгай зөвшөөрлийн  гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, , , , , , дугаартай Л.Д*******ын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №20180085-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №20190085 тоот Зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №2019085 тоот Барьцааны гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар Үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №202101093-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №2021001093 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №202101093 тоот Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /хэргийн 2-18, 47-49, 51-53, 97-120-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга, Т.Г*******д олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд /хэргийн 30-39, 45, 57-77-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс , , , , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 85-95-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлжээ.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХК-ийн нэхэмжлэлээс 120 742 406 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7 119 712 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Д*******ын сөрөг нэхэмжлэлээс 900 000 төгрөгийг хангаж, зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  17 113 291 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Д*******ыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа буцаан төлж барагдуулаагүй тул дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-үндсэн зээлийн үлдэгдэл 115 771 869 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 9 941 074 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 2 149 174 төгрөг, нийт 127 862 118 төгрөгийг гаргуулах,

-үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, хүүг төлж байсан, цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрүүл мэндийн байдлын улмаас зээлээ эргэн төлөх чадваргүй болохыг мэдсэн боловч зээлийн нэмэлт гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлээс хасч тооцоогүй, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү 15 580 791 төгрөг, зээлийн шимтгэл, түүний хүүнд төлсөн 2 432 500 төгрөг, нийт 18 013 291  төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Д*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ, барьцааны гэрээ бүхэлдээ хуульд нийцсэн, гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал, хууль зөрчөөгүй тул нэмэгдүүлсэн хүү, хүүнд төлсөн, шимтгэлд шилжүүлсэн 18 013 291 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХК нь хариуцагч Л.Д*******тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 2,50 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 6 сарын хугацаатай, хувийн үйлчилгээ бусад үйл ажиллагааны зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Л.Д*******ын өмчлөлийн Х дүүргийн хороо, гудамж, 10-2 тоотод байршилтай, нэгж талбарын 1864 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, Х дүүргийн хороо, гудамж, 10/4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 186355 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, Х дүүргийн хороо, , , , 4 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай 3 өрөө дугаарт бүртгэлтэй орон сууц, Х дүүргийн хороо, гудамж 10-2 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 80 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Х дүүрэг хороо, гудамж, 10-2 тоот байршилтай, гаражийн зориулалттай 252 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Х дүүргийн хороо, гудамж, 10-3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №,, , , , гэрчилгээ, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6.2.Зохигч талууд 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр №20200124-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд нэмэлт гэрээг байгуулах үед зээлдэгч 49 997 083,03 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байв, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 20200124 тоот зээлийн гэрээнд нэмэлт зээл 60 000 000 төгрөг нэмж, нийт зээлийн үлдэгдэл 109 997 083 төгрөг, зээлийн хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны  7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг жилийн 30 хувиар гэж өөрчлөлт оруулжээ.

6.3.Мөн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №20200124-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, энэхүү нэмэлт гэрээг байгуулах үед зээлдэгч 109 933 165,70 төгрөгний үндсэн зээлийн үлдэгдэлтэй байв. Нэмэлт зээл олголт 70 000 000 төгрөг нэмж, нийт зээлийн үлдэгдэл 179 933 165,70 төгрөг, жилийн 30 хувиар, зээлийн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны сарын 27-ны хүртэл 2 сараар сунгажээ.

6.4.2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №20200124-2 дугаартай Барьцааны гэрээг нэхэмжлэгч Т******* ББСБ ХК, хариуцагч Л.Д******* нар байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 000 000 төгрөг, түүний нэмэлт гэрээ буюу 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 60 000 000 төгрөгийн зээл нэмж олгосон нэмэлт гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээ нийт 179 933 165,70 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №20200124 дугаартай Барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцжээ.

6.5.2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №20200124-3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, энэхүү нэмэлт гэрээг байгуулах үед зээлдэгч 179 933 165 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна, зээлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх 3 сараар, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр №20200124-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, энэхүү нэмэлт гэрээг байгуулах үед зээлдэгч 124 699 999,62 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна, зээлийн хугацааг 2022 оны 2 дугаар сарын 24-нөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тус тус сунгасан байна.  

 

7.Талуудын маргааны зүйл нь хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсон, зээлийн шимтгэл хууль зөрчсөн талаар байна, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.

 

8.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар зээлийн болон барьцааны, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүд талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

8.1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХК 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 60 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 70 000 000 төгрөг, нийт 180 000 000 төгрөгийг хариуцагч Л.Д*******д шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 180 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрүүл мэндийн байдлаас зээлээ төлөх боломжгүй байсан байхад зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийг нэмж олгосон нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхэд нөлөөлсөн, мөн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн хугацаа давхардсан учраас хүү, нэмэгдүүлсэн хүү давхар төлөгдсөн, төлсөн төлөлтөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний хүртлэх нийт 33 075 100 төгрөгийг хасч тооцоогүй байгаа тул 102 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргаж, зээлийн тооцоолол гэсэн баримтыг ирүүлсэн.

9.1.Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 18 зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №20200124-3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №20200124-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлээ төлж чадахгүй нь тодорхой байхад нэхэмжлэгч нь өөрөө гэрээгээ зөрчөөд сунгалт хийсэн гэх тайлбар нь үндэслэлгүй, зээлийн гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, хариуцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан байна гэж дүгнэв.

9.2.Мөн нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ буюу зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлд 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон байх тул олгогдоогүй зээлдээ хүү тооцсон гэсэн тайлбар нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч хариуцагч нараас гэрээний үүргийг шаардсан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсон, зээлийн гэрээний үүрэгт 102 500 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

9.3.Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны үлдэгдлээр үндсэн зээлийн  үлдэгдэл 115 771 869 төгрөг, хүү 9 941 074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 149 174 төгрөг, нийт 127 862 118 төгрөг байна.

9.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хариуцагчийг зээлийг эргэн төлөх чадваргүй байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн боловч энэ эрхээ хариуцагч мөн хэрэгжүүлээгүй байх тул энэ үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй боловч хариуцагчийн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласан нь үндэслэлтэй, Ковид19 цар тахалын улмаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 9 941 074 төгрөгний 50 хувийг, нэмэгдүүлсэн хүү болох 2 149 174 төгрөгийг тус тус хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

9.5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 115 771 869 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү болох 4 970 537 төгрөг, нийт 120 742 406 төгрөгийг хариуцагч Л.Д*******аас гаргуулж, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

9.6.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү 15 580 791 төгрөг, зээлийн шимтгэл, түүний хүүнд төлсөн 2 432 500 төгрөг, нийт 18 013 291 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаартай Зээлийн гэрээний 2.1.6-д “зээлийн үйлчилгээний шимтгэл: үндсэн зээлийн дүнгээс 0,5 хувь”, 3.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг чанд мөрдөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанаас хамааралгүйгээр дээрх 2.1.9-д заасны дагуу зээлийн нийт төлбөрийг эргүүлэн төлөхдөө нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу үл маргах журмаар зээлдүүлэгчид төлөх” гэж заажээ.

9.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх 2.1.6, 3.2.1 дэх заалт нь хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 216.1-д “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ”, 216.2-д “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдсөн, 2.1.6 дах заалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай зөрчилдсөн, хуульд нийцэхгүй байх тул хүчин төгөлдөр бус болно гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Гэтэл хариуцагчийн зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 216.1, 216.2, 282.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, зохигч талууд шимтгэл төлөх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлийн гэрээг байгуулахдаа хууль зөрчөөгүй гэж үзэв.  

 9.8.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул зээл олгохдоо олгосон зээлнээс шимтгэл суутган авахаар заасан нь хүчин төгөлдөр бус болно гэж мэтгэлцсэн.

 9.9.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул зээлийн шимтгэл тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, зохигч талууд зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гэрээндээ шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй болно. Харин нэхэмжлэгч нь зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримтлах шаардлагатай бөгөөд бодит зардалд нийцсэн байх шаардлагатай.

9.10.Хэрэгт авагдсан мемориалын ордер №1968 дугаартай баримтаар хариуцагч Л.Д*******аас үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого 750 000 төгрөгийг 2021/06/22-нд, мемориалын ордер №2713 дугаартай баримтаар зээлийн шимтгэл 250 000 төгрөгийг 2020/10/29-нд, мемориалын ордер №175 дугаартай баримтаар зээлийн шимтгэлийн орлогод 300 000 төгрөгийг 2021/1/27-нд тус тус суутган авсан болох нь тогтоогдож байх боловч дээрх зээлийн шимтгэлийг хэрхэн зарцуулсан талаарх зардлыг нотлоогүй, мөн зээлийн нэмэлт гэрээг байгуулахдаа шимтгэл суутгасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.11.Иймд нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний шимтгэлд суутгасан 250 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний шимтгэлд суутгасан 300 000 төгрөг, мөн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний шимтгэлд суутгасан 350 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

9.12.Мемориалын ордер №1968 дугаартай баримтаар 750 000 төгрөгийг 2021/06/22-нд үйчилгээний хураамж, шимтгэлийн орлого гэж авсан боловч дээрх үйлчилгээний хураамж 750 000 төгрөгний 400 000 төгрөг нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 80 000 000 төгрөгний гэрээний дагуу суутгасан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №202101093 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээг Т******* ББСБ ХК, Л.Д******* нар байгуулж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 80 000 000 төгрөгийн 202101093 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар УБ, УБ улсын дугаартай Hyundai robex2900LC-7, LonggongCDM855E тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, дээр зээлийн гэрээ хэрэгжээд дууссан энэ талаар маргаангүй гэж тайлбарласан.

 

10.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Д******* нь нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №20200124 дугаартай, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №20200124-2 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Л.Д*******ын өмчлөлийн Х дүүргийн хороо, гудамж, 10-2 тоотод байршилтай, нэгж талбарын 1864 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, Х дүүргийн хороо, гудамж, 10/4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 186355 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, Х дүүргийн хороо, , , , 4 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай 3 өрөө дугаарт бүртгэлтэй орон сууц, Х дүүргийн хороо, гудамж 10-2 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 80 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Х дүүрэг хороо, гудамж, 10-2 тоот байршилтай, гаражийн зориулалттай 252 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Х дүүргийн хороо, гудамж, 10-3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан.

10.1.Хариуцагч нь барьцааны гэрээнүүд байгуулсан талаараа маргаагүй боловч 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэсэн.

Гэвч зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.2-д “энэхүү нэмэлт гэрээ нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20200124 тоот зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг байх бөгөөд зээлийн гэрээний бусад зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө”, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Барьцааны гэрээний 1.4-д “энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

10.2.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 5.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

 

            Иймд хариуцагч Л.Д******* үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагчийн барьцааны гэрээний үйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

            10.3.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаанд Б ББСБ ХК нь нэрээ өөрчилж Т******* ББСБ ХК болсныг 2020/01/21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №06 дугаартай Үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэх тухай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867 461 төгрөгийг /70 200+797 261/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 016 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д*******аас 831 862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-нд, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-иас 26 150 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Д*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Д*******аас зээлийн гэрээний үүрэгт 120 742 406 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 119 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХК-иас зээлийн шимтгэлд суутгасан 900 000 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Л.Д*******д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17 113 291 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Д******* нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Л.Д*******ын өмчлөлийн

- Х дүүргийн хороо, гудамж, 10-2 тоотод байршилтай, нэгж талбарын 1864 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар,

- Х дүүргийн хороо, гудамж, 10/4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 186355 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар,

- Х дүүргийн хороо, , , , 4 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай 3 өрөө дугаарт бүртгэлтэй орон сууц,

- Х дүүргийн хороо, гудамж 10-2 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 80 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Х дүүрэг хороо, гудамж, 10-2 тоот байршилтай, гаражийн зориулалттай 252 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Х дүүргийн хороо, гудамж, 10-3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867 461 төгрөг, хариуцагч Л.Д*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 248 016 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д*******аас 831 862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-д, нэхэмжлэгч Т******* ББСБ ХК-иас 26 150 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Д*******д тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

  

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН