Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Э.Г-т  холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б

                        Хохирогчийн хууль ёсны

                       төлөөлөгчийн өмгөөлөгч                                Г.Э          

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Э.Г

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Гт холбогдох 2112000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 45-4500 тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Э.Г

 

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэблган сумын 3 дугаар багийн нутаг Ануд худалдааны төвийн урд асфалтан зам дээр 20-50 УБЯ улсын дугаартай Хово маркийн 20-50 АЧ улсын дугаартай чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д энэ дүрийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механик ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн үед болон үзэгдэлт хангахгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө  үргэлжлүүлэхийг хориглоно, 6.12-д чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн, мөн дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар чиргүүл салж, замын хажуугаар явж байсан 13 настай Г.Н-г уг чиргүүл дайрч амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. у/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Э.Г-ийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг  өршөөн хасаж, эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7,  1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгч Э.Гийн 523611 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүрүүлж, хэрэгт хураагдсан сидийг хэргийн хугацаа дуусах хэрэгт хадгалж, иргэний нэхэмжлэгч Г.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, Х.Э нар нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбоотой болон сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Гийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Э.Г би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Ануд худалдааны өвийн урд асфалтан зам дээр өөрийн Хово маркийн машинаа жолоодож яваад 20-50 АЧ улсын дугаартай чиргүүл салж, замын хажуугаар явж байсан 13 настай охин Г.Нг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм. Э.Г би болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдэж, хүүхдийн амь нас хохироосондоо маш их гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн ар гэрийнхэн болох эцэг, эх, дүү нараас нь уучлалт гуйж байна. Би хохирогчийн ар гэрийнхний нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн. Цаашид сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж барагдуулахаа би болон манай гэр бүлийнхэн эцэг, эхтэй нь тохирсон. Би ам бүл 4, эхнэр болон 2 настай, 5 настай хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний биеийн эрүүл мэндийн байдал их сайн биш бөгөөд ходоодны шархтай, нурууны суулттай юм. Цагдан хоригдоод миний биеийн байдал улам их өвдөж байна. Иймд анхан шатны буюу Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял оногдуулсан 3 жилээс 1 жилийг хасаж, үлдэх 2 жилийн ялыг өршөөн хасаж, шүүх хуралдааны танхимаас суллаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Ануд худалдааны төвийн урд зам дээр өөрийн 20-50 УБЯ улсын дугаартай Хово маркийн автомашиныг чиргүүлийн хамт жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад чиргүүл нь салж, замын хажуугаар явж байсан Г.Нг дайрч амь насыг нь хохироосон болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон юм. Э.Г нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, хийсэн гэмт хэрэгтээ чинь санаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэрэг бусад байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн ялаас 1 жилийг хасаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хасаж, ял болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралд оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Тэгээд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг  өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулсан ялын тухайд бол гэмт хэргийн хохирол, хор уршигт тохирсон ял болсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн ялыг хөнгөлөхөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн хувьд татгалзах зүйл байхгүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жил болгон хөнгөлөн өөрчлөлт оруулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан ялыг өршөөн хасаж, шүүх хуралдааны танхимаас суллаж өгөхийг хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Гийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэблган сумын 3 дугаар багийн нутаг Ануд худалдааны төвийн урд асфалтан зам дээр 20-50 УБЯ улсын дугаартай Хово маркийн 20-50 АЧ улсын дугаартай чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-а, 6.12-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас машины чиргүүл салж, замын хажуугаар явж байсан 13 настай Г.Нг  дайрч амь насыг нь хохироосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон талаар  анхан шатны шүүх зөв дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 

Шүүгдэгч Э.Гт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Э.Гийг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулсан нь тухайн цаг хугацаанд тохирчээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, Х.Э нар иргэний нэхэмжлэгч  Г.Д-т сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай байгаа тул цаашид эмчилгээ хийлгэх, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, Х.Э, иргэний нэхэмжлэгч Г.Д нар нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбоотой болон сэтгэл санааны хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж, гэр бүлийн болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүгдэгч Э.Г нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, хийсэн гэмт хэрэгтээ чинь санаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэрэг бусад байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг хасаж өгнө үү гэж тус тус давж заалдах гомдол гаргасныг  хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, Х.Э, иргэний нэхэмжлэгч Г.Д нарт сэтгэл санааны хохиролд 20.000.000 /хорин сая/ төгрөг өгөхөөр тохирсноос 5.000.000 /таван сая/ төгрөгийг бэлнээр өгч,  10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 22-ны дотор, 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2022 онд багтааж төлөхөөр харилцан тохиролцсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар цаашид Э.Гоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, ялыг хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй талаарх бичгийг давж заалдах шатны шүүхэд  ирүүлсэн.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан хэдий ч шүүгдэгчийн хувьд болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардлыг хохирогч талын нэхэмжилсэн хэмжээгээр бүрэн төлсөн, мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн хэмжээгээр төлөхөө илэрхийлж, тохиролцсоны дагуу төлж эхэлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй гэсэн, өөрөө 02-05 насны 2 хүүхэдтэй, залуу гэр бүл байх тул эдгээр байдлыг, мөн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон хугацааг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар” гэж, 3 дахь заалтын “3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг” гэж, 4 дэх заалтын “3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас” гэснийг “2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялаас”, “1 /нэг/ жилийн” гэснийг “1 /нэг/ сар 19 /арван ес/ хоногийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Э.Гийг суллаж, мөн хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Н.Э