Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0103

 

2024 01 31 128/ШШ2024/0103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х ХК /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ш.Б нарын хоорондын 22******* дугаар зөрчлийн хэрэг дэх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь 22******* дугаар зөрчлийн хэрэг дэх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг анх 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан.

2. Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2022/9626 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Манай байгууллагад холбогдуулан 22******* тоот Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 00******* тоот Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгийн торгууль, зөрчилд холбогдох 80 хайрцаг бүтээгдэхүүнийг хураан авах шийдвэрийг ногдуулсаныг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.2-т заасны дагуу тус шүүхэд хүчингүй болгуулахаар дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Манай байгууллага нь 2009 оноос Япон улсын ИТО компанийн албан ёсны төлөөлөгчийн газрын эрхтэйгээр тухайн компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлон оруулж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын импортлож буй Япон улсын ИТО компанийн 7 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь Япон улсад хүнсний бүтээгдэхүүн ангилалд хамаарах бөгөөд JQA-QMA11967 дугаартай ISO 9001 албан ёсны сертификат, Япон улсын Эрүүл мэнд, хүнс тэжээлийн нийгэмлэгийн гэрчилгээтэй юм. Мөн олон улсын бүтээгдэхүүний ангиллын HS кодоор хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтдаг. Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 2/3407 тоот албан бичгээр Тус яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Япон улсын ITOH KAMPO үйлдвэрлэгчийн нэр бүхий 26 бүтээгдэхүүнд биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын шинжээч томилон, дүгнэлт гаргуулсан. Шинжээч нэр бүхий 29 бүтээгдэхүүнийг баяжуулан хүнсний бүтээгдэхүүн болохыг тодорхойлж, Хүнсний тухай Монгол улсын хуулийн холбогдох заалт журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн ангилалаар импортлох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг үүгээр хүргүүлж байна гэж тодорхойлсон байдаг. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн A/******* дугаартай тушаалаар батлагдсан Эм, эмнэлэгийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журмын 1.16-д Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэлд үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй, мөн тус журмын 4.3.6-д Гарал үүслийн улсад биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд орсон эсэхийг тодорхойлох баримт бичиг (үйлдвэрлэгчийн баталгаажуулсан хуулбар) гэж тус тус заасан байдаг.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 10 дугаар тэмдэглэлээр манай компанийн импортоор оруулж ирэн борлуулдаг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарах тухай үндэслэлгүй дүгнэлт гаргаж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эхэлсэн. Салбар зөвлөлийн 10 дугаар тэмдэглэлээр гаргасан тус шийдвэр нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаартай тушаалаар батлагдсан Эм, эмнэлэгийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журмын дээрх заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул тус хурлын тэмдэглэл, болон үүнтэй холбоотой 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлүүдийн манай компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5690 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэж байгаа ба эцсийн шийдвэр гараагүй байгаа тул тус шийдвэртэй холбоотойгоор манай байгууллагад ногдуулсан шийтгэл нь үндэслэлгүй байна. Манай байгууллага нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны байгууллагад хандаж, дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн яам нь дахин хэлэлцэхийг үүрэгдэж, эцэст нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэгдсэн байдаг тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хянагдаж 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тухайн төрийн байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2022 оны 04 дүгээр сард Монгол Улсын хилээр оруулж ирсэн бүтээгдэхүүнд зөрчил ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 22******* тоот Зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагч Ш.Бын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 10 дугаар тэмдэглэл нь Эрүүл мэндийн сайдын ******* дугаар тушаалаар батлагдсан журмын заалтыг зөрчиж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор гомдол гаргаад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл дахин хуралдаад дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзээд нэр бүхий 2 шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргасан. Тус хуралдаанаар манай компанийн оруулж ирсэн маргаан бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн эцсийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Тухайн үед гаалийн улсын байцаагч импортын мэдүүлгийг шалгахад биологийн идэвхт бүтээгдэхүүн нь лайсмед гэх цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн байх ёстой байдаг. Үүнийг нь шалгаад нийлүүлж байгаа компанийн бүрдэл бичиг баримтуудыг, манай компанийн бүрдэл бичиг баримтуудыг шалгаад 2017 оны Эрүүд мэндийн яамны бүрдэл бичиг баримтуудыг бүгдийг нь шалгасны үндсэн дээр импортоор 05 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлээд орж ирсэн. Гэтэл энэ зөрчлийн хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр импортоор оруулж ирэх ёстой бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн гэж үзээд шийтгэл оногдуулсан. Энэ нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн шийдвэр нь 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд харин манай компани импортоор оруулж ирэхдээ 05 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий 7 бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл манай компани дээрх маргаантай 7 бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх үед Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан. Жишээ авч тайлбарлах юм бол би архи зардаг хүн байж байгаад архи зарах гэсэн юм тусгай зөвшөөрөл шаардлагатай юу гээд төрийн байгууллагаас асуухад тусгай зөвшөөрөл шаардлагагүй юм байна гэсэн. Үүнийх нь дагуу би архи зарсан чинь маргааш өдөр нь энэ хууль батлагдаад архи зарахад тусгай зөвшөөрөл шаардагддаг болчихсон. Өчигдөр чи архи зарсан учир өчигдрийн зөрчилд шийтгэл оногдуулна гэж байгаатай адил байна. Өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам батлагдсан өдрөөс хойш үйлчлэх ёстой. Иймээс хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Тийм учраас энэ шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Манай компанийн гол үйл ажиллагаа бол импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэх юм. Жилд нэгээс хоёр удаа таталт хийдэг. Үүнтэй холбоотойгоор салбар зөвлөлийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Тухайн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дахин шинжээч томилох шийдвэр гарсан байсан. Үүнтэй холбоотойгоор Япон улсаас бараа бүтээгдэхүүнээ импортлон оруулж ирээд 05 дугаар сарын 30-ны өдөр эцсийн шийдвэр гарсан. Энэ хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Битүүмжлэгдсэн 7 нэр төрлийн 81 килограмм орчим бараа бүтээгдэхүүн байгаа. Энэ шийтгэлийн хуудас хэвээр үлдсэн тохиолдолд дээрх бүтээгдэхүүн устгалд орох буюу манай компанид олон сая төгрөгийн хохирол учрах нөхцөл байдал үүсээд байна гэжээ.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийг жижгэрүүлсэн Эрүүгийн хууль гэж үздэг. Тэгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд тухайн хуульд тусгайлан заасан зөрчлийг зөрчилд тооцно гэсэн зүйл заалт байдаг. Тэр зүйл заалтын дагуу манай үйлчлүүлэгч 05 дугаар сарын 10-ны өдөр тухайн бараа бүтээгдэхүүнийг импортлоход уг бараа бүтээгдэхүүн нь Зөрчлийн хуульд тусгайлан заасан зөрчил байгаагүй. Ийм учраас тухайн үйлдэлд 10 дугаар сарын 17-ны өдөр зөрчил оногдуулж байгаа нь хууль зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна.

Хоёрдугаарт, тухайн зөрчил яг хаана үйлдэгдээд байна вэ гэвэл 05 дугаар сарын 10-ны өдөр буюу бараа бүтээгдэхүүн импортлоод оруулж ирснээр хэрвээ тухайн үед тусгай зөвшөөрөл шаардагдах байсан бол импортлогдож оруулж ирснээрээ төгсчхөж байгаа. Тэгэхээр тухайн үед гаалийн мэдүүлэг хийхэд гаалийн бүрдүүлэлтийн жагсаалтад нь байгаагүй, программын бүртгэлд нь ч гэсэн ороогүй байсан. Мэдээж хуульд ч заагдаагүй байсан. Хариуцагч маань 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр шийдчихсэн, эцсийн шийдвэр нь гарчихсан байсан, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэчихсэн байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр эцэслэж гарсан. Тийм учраас 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн, үйлдэгдэж байгаа үйлдэл маань өөрөө хууль ёсны гэсэн үг. Энэ бол зөрчил биш гэсэн үг. Аль хэзээний импортлогдоод ороод ирчихсэн бараа бүтээгдэхүүн байхад хууль зөрчлөө гэж шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шийтгэлийн хуудасны 6.6.2-т тодорхой заасан байгаа. Шийтгэлийн хуудастаа байцаагч нар тусгай зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүнийг импортолсон гэж бичсэн байгаа. Тэгэхээр импортолсон үйлдэл нь 05 дугаар сарын 04-ний өдөр бүрдүүлэлтээ хийгээд 05 дугаар сарын 10-ны өдөр ороод ирчихсэн, нэгэнт хийгдсэн тэр үедээ огт хууль журмаар хориглоогүй байсан зүйлийг аваачаад 10 сард нь шалгаад энэ бол зөрчил гэж үзэж байгаа нь хууль эрх зүйн ноцтой зөрчил юм.

Манай үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн зах зээлд хэрэглэгдэж байгаа витамин юм. Мэдээж хувиараа эрхлэгч нар зөндөө оруулж ирээд зардаг ийм процедур угаасаа байгааг бид нар бүгд мэдэж байгаа. Тийм учир хуульд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрөл шаардлагагүй болгочихсон. Тэгэхээр тухайн үедээ ч зөрчил биш байсан. Одоо ч угаасаа хуулийн дагуу энэ зөрчил биш болчихсон. Тэгэхээр зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ

6. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газраас 01-2/2129 тоот албан бичгээр "Иргэн А.Аээс Япон улсын иргэн I гүйцэтгэх захиралтай "Х" ХХК /РД:/ нь тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар эмийн бүтээгдэхүүн импортлон борлуулдаг" гэх зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 22******* дугаартай хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

"Х" ХХК /РД:/ нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 02-2161001-22-103075 дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай гэх 42 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж импортлогдсон байна.

Дээрх бүрдүүлэлтээр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар "биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж шийдвэрлэсэн Glucosamine 1600, Iron & Folic acid powder, Kids hug calcium and lactic acid bacteria, Kids hug god liver oil, Lactic acid bacteria powder, Multi Vitamin Powder, Vitamin C 1200 гэх 7 нэрийн 4139 ширхэг, 80 хайрцаг бүхий 13410.8 ам.долларын бүтээгдэхүүнүүдийг импортолсон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүний импортолсон" гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсонДээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа Нийслэлийн Прокурорын газрын хяналтын дор Улсын ерөнхий прокурорын А/77 дугаарын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу явагдсан болно. "Х" ХХК-ийн /РД: / импортолж буй "Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн" гэх барааг гаалийн хилээр нэвтрүүлэх үеийн харилцааг Гаалийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудаар зохицуулагддаг.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай А/******* дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.13-д Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарах бөгөөд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хуний өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэхгүй гэж тодорхойлсон. Журмын 1.14-д Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл... асуудлыг ХЭЗ-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж заасан. Бичиг баримтуудаас харахад Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2/3407 дугаартай албан бичгээр 29 бүтээгдэхүүнийг баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн болохыг тодорхойлж, Хүнсний тухай хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүний ангиллаар импортлох нь зүйтэй гэсэн утга бүхий бичгийг Х ХХК-д өгсөн боловч уг тушаал нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар тушаалаар хүчингүй болсон.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас "Х" ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/01/628 дугаар албан бичгээр ...7 нэр бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгэх асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн, байцаагчийн өгсөн даалгавар хэвээр байгаа..." тухай мэдэгдээд байхад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 7 нэрийн бүтээгдэхүүнийг импортолсон. "Х" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хандсан боловч Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл Х ХХК-ийн дээрх бүтээгдэхүүний талаар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд дахин хуралдаж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж шийдвэрлэсэн байна. Аливаа гарал үүслийн гэрчилгээ нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7.3 дахь хэсэгт заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ буюу барааны гарал үүслийг гэрчилж, тухай улсын эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гэрчилгээ нь барааны гарал үүслийг нотлох бичиг баримтад хамаардаг. Гарал үүслийн гэрчилгээ нь барааны кодыг тодорхойлдоггүй бөгөөд импортлогч улсад тарифын хөнгөлөлт эдлэх баримт бичиг юм. Х ХХК нь гарал үүслийн гэрчилгээг гаалийн байгууллагад гаргаж өгснөөр нэн тааламжтай тариф буюу 5%-ыг ашигласан.

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ш.Б миний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Х ХХК-ний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

7. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гомдол гаргагчид 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 02/01/628 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байгаа. Энэ бичигт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан тоот байцаагчийн даалгавар, хүчинтэй албан даалгавар хэвээрээ гэдгийг мэдэгдсэн. Уг албан бичгээр мэдэгдсээр байхад 05 дугаар сарын 10-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж бараа бүтээгдэхүүнийг оруулж ирсэн.Хнл ХХК-д шийтгэл оногдуулахдаа Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын шийдвэрийг хүчинтэй эсэх асуудлаар Хнл ХХК шүүхэд хандсан байна. Тэгээд шүүхийн магадлалаар Эм, эмнэлгийн хэрэгсэл зохицуулалтын газрын талд шийдэгдсэн юм байна. Х ХХК-ний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ш.Боос Х ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон байж болзошгүй гэх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2. эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтаар зүйлчлэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 22******* дугаар зөрчлийн хэргийг нээн шалгажээ.

3. Улсын бүртгэлийн 90 дугаарт, регистрийн дугаарт бүртгэлтэй Х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Япон Улсаас импортолж оруулж ирдэг тус улсын itoh Kampo үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүнтэй холбогдуулан Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч Э.Эын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Япон улсын ITTON KAMPO компанийн нэр бүхий 29 нэрийн бүтээгдэхүүн нь баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн болохыг тодорхойлж, эдгээр бүтээгдэхүүнийг Хүний эмийн зөвлөлийн дэргэхэд Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй тул Хүнсний тухай хуулийн холбогдох заалт, журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн ангиллаар импортлох нь зүйтэй гэх №17-09/1 дүгээр дүгнэлт гарч байсан, уг дүгнэлтийг Биологийн салбар зөвлөлийн дарга Д.Г зөвшөөрч баталгаажуулж байжээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас цуглуулж, бэхжүүлсэн зарим баримтуудаас дурдвал:

4.1. Х******* дүүрэгт байрлах Наадам центр төвийн 6 давхрын А604 тоот агуулахад Х ХХК-ийн гүйцэтгэх захирал I, менежер Б.А нарыг оролцуулан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 40 минутад уг хуулийн этгээдийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр импортолсон биологийн идэвхт бүтээгдэхүүнд үзлэг хийж,

... үзлэгээр Glucosamine1600 /581/ ширхэг, Iron&Folic acid powder /305 ширхэг/, Kids hug calcium and lactic acid bacteria /485 ширхэг/, Kids hug god liver oil /288 ширхэг/, Lactic acid bacteria powder /887 ширхэг/, Multi Vitamin Powder /965 ширхэг/, Vitamin C 1200 /605 ширхэг/ нийт 13354.56 ам долларын үнэ бүхий 4116 ширхэг бүтээгдэхүүнийг ломбоны RB294597 дугаараар битүүмжилж, захирал I-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэн, 16 ширхэг гэрэл зураг авч үзлэгийг 15 цаг 3 минутад дуусгасан... талаар хариуцагчаас ЗХБ-13 тэмдэглэл үйлджээ. /1-р хх-ийн 158-159/

4.2. Зөрчлийн хэргийн холбогдогч Х ХХК-ийн /РД:/ эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад тус компанийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, компанийн захирал I нарыг оролцуулан Наадам центр төвийн 6 давхрын А604 тоот агуулахад эхлүүлж, ... 1.Vitamin C 1200-10 ширхэг, Lactic acid bacteria powder-13 ширхэг, Glucosamine 1600-18 ширхэг, Multi Vitamin Powder-16 ширхэг, Iron&Folic acid powder-5 ширхэг, Kids Hug calcium and Kids hug-15 ширхэг нийт 77 хайрцаг эд зүйлийг битүүмжилсэн талаар хариуцагчаас ЗХБ-12 тэмдэглэл үйлджээ.

4.3. Гомдол гаргагч хуулийн этгээдийн захирал Iwasaki Minuro 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт гомдол гаргасан. ...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнийг импортолсны дараа Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэр гарсан гэж, /1-р хх-ийн 175/

4.4. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэлд: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хуралдаж Х ХХК-ийн импортолдог Япон Улсын ITOH компанид үйлдвэрлэсэн 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр Монгол Улсад бүртгэх асуудлыг Шинжээчдийг томилон ажиллуулж дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх-ээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрээс харахад Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 10 тоот шийдвэрийг шинжээч томилуулж, дүгнэлт гарсны дараа Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл, уг асуудлыг дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарах хүртэл биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх нь тодорхойгүй байсан гэж, /1-р хх-ийн 178/

4.5. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч Г.М*******гаас авсан мэдүүлгийн тэмдэглэлд: Туушин дахь гаалийн хяналтын бүсэд хуваарийн дагуу ажиллаж байхад Х ХХК-ийн 03075R дугаартай мэдүүлэг хуваарилагдаж орж ирсэн. Программаас харахад хүнсний нэмэлтүүд гэж мэдүүлсэн байсан. Бараа бүтээгдэхүүний HS кодуудыг шалгаж үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А//95 дугаар тушаалд тус HS кодтой бараа нь хүнс болон эм, эмнэлгийн хяналтаар хянагдана гэж заасан байсан. Бүрдүүлэлтийн дагалдах бичиг баримтуудыг үзэхэд хүнстэй холбоотой бичиг баримтууд байснаас дурдвал: ISO9001, хүнсний гэрчилгээнүүд, мөн гарал үүслийн гэрчилгээнд эрүүл хүнс гэж тодорхойлсон байсан, дагалдах бичиг баримтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын шинжээчийн дүгнэлт байсан бөгөөд тухайн дүгнэлтэд баяжуулсан хүнс болохыг тодорхойлж, бараа бүтээгдэхүүний гадна хайрцаг, савлагаанууд дээр хүнс гэж бичигдсэн байсан гэж, /1-р хх-ийн 180-181/

4.6. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрч М.Х*******гаас авсан мэдүүлгийн тэмдэглэлд: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуваарийн дагуу Туушин дахь Гаалийн хяналтын бүсэд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхад 022161001-22-I03075 дугаартай мэдүүлгээр Х ХХК 42 нэр төрлийн бүтээгдэхүүнийг мэдүүлж, гаалийн зуучлагч Б.М******* бичиг баримтыг авч ирж өгсөн. Тухайн аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийн түүх үзэхэд 2010 оноос хойш жилд 1-2 удаа бүрдүүлэлт хийж хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр бүрдүүлэлт хийдэг байсан гэж /1-р хх-ийн 182-183/ тус тус тэмдэглэгджээ.

4.7. Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ын өдрийн №10 дугаар тэмдэглэлээр хоёрдугаар асуудлаараа Х ХХК-ийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэлэлцэж нэр бүхий 7 бүтээгдэхүүн дээр Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт гарсан бол, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлын №2 дугаар тэмдэглэлээр Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлт-ийг хэлэлцсэн, ингэхдээ Биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх эсэх асуудлаар 7 нэрийн бүтээгдэхүүний асуудлыг дахин хэлэлцэн, Эрүүл мэндийн сайдын А/******* дугаар тушаалын 4.1.6 дахь заалтыг үндэслэн шинжээч томилуулан, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн,

Хүний эмийн зөвлөлийн биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №06 дугаар хурлын тэмдэглэлээр ...гишүүдийн 100 хувийн саналаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/******* дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам-ыг үндэслэн импортын 7 нэрийн бүтээгдэхүүний орц, найрлагыг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр биологийн идэвхт бүтээгдэхүүн /1-р хх-ийн 229-240/ гэж үзжээ.

4.8. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/01-1194 дүгээр албан бичгээр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлаас 7 нэрийн бүтээгдэхүүнийг шинжээчийн дүгнэлтээр Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж шийдвэр гаргасныг үүгээр мэдэгдэж байна хэмээн Х ХХК-д хүргүүлжээ. /2-р хх-ийн 67/

5. Дээр дурдсан баримтууд нь маргаан бүхий үйл баримтад хамаарах ба хэрэгт нотлох баримтаар авагдсан, гомдол гаргагч талаас зөрчил тогтоогдоогүй байхад бүрэн бус шийдвэрийг үндэслэж шийтгэл оногдуулсан нь хууль бус зэргээр болон Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагчийн зүгээс ...Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж шийдвэрлэсэн 7 нэрийн 4139 ширхэг, 80 хайрцаг бүхий 13410.8 ам.долларын бүтээгдэхүүнүүдийг импортолсон зөрчил нь тогтоогдсон хэмээн тайлбарлаж гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

6. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг ойлгох ба, Эмийн зөвлөл нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.3. эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэх, 5.5.4. эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангах, уг төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь мөн хуулийн 6.2-д зааснаар тодорхойлогдсон, үүнд: 6.2.1. эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, зах зээл дэх чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, 6.2.2. ...импортлох, худалдах тусгай зөвшөөрөл, 6.2.3. импорт, экспортын лиценз, хяналт зохицуулалт, 6.2.8. эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ...хяналт орох бөгөөд мөн хуулийн 6.3-д зааснаар энэ хуулийн 6.2-т заасан зохицуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэх-ээр хуульчилжээ.

7. Үүнээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгээр эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх харилцааг зохицуулсан ба тухайлбал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Засгийн газар тогтоох-оор, 15 дугаар зүйлийн 15.1. эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход ... лиценз авах-аар зааж, 15.9.3. тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох-ыг хориглохоор хуульчлагдсан байна.

8. Түүнчлэн хуулиар зохицуулагдсан харилцааг нарийвчлан журамлаж, захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлж, улсын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/******* тушаалын нэгдүгээр хавсралтаар Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам-ыг батлахдаа төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай ...биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, хугацааг сунгах зэргийг зохицуулах зорилготой гэжээ.

9. Энэхүү журмын 1.13-д Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарах бөгөөд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хүний өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэхгүй, 1.14-д Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл ...бүртгэлээс хасах асуудлыг Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэрлэнэ гэж заасны дагуу Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэл ёсоор Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэр гаргасан, энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, 22.2. Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэхдээ үйлдвэрлэгчийн хүсэлт, шинжилгээний дүн, холбогдох бичиг баримт, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасны дагуу гарчээ.

10. Харин Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт өөрчлөлт 02 дугаар тэмдэглэлийн Хэлэлцэх нэгдүгээр асуудлаар 7 нэрийн бүтээгдэхүүний бүртгэлийн асуудлыг Н.М******* дахин хэлэлцүүлж, Шийдвэрлэсэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/******* дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам-ын 3.10.2 дахь заалттай зөрчилдөж байгаа тул 4.1.6 дахь заалтад заасны дагуу маргаантай тохиолдолд ... шинжээчдийн баг, ажлын хэсгийг томилуулан дүгнэлт гаргуулна гэснийг үндэслэн, биологийн идэвхт бүтээгдэхүүний шинжээч Ө.Баяраа нарт уг бүтээгдэхүүнүүдийг хуваан өгч, шинжээчээр ажиллуулан, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/01/87 дугаар албан бичгээр ... зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээ гомдол гаргагч хуулийн этгээдэд хүргүүлэн мэдэгджээ.

11. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болон дээр дурдсан үйл баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан үнэлээд, маргааныг талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулсан хуулийн хүрээнд тайлбарлаж, Зөрчлийн тухай хуулиар зүйлчилсэн зөрчлийг зөрчлийн хэргийн холбогдогч хэзээ үйлдсэн бэ, зөрчил хэзээ үйлдэгдсэн гэж үзсэн бэ, уг зөрчил нь ямар баримтаар нотлогдсон бэ, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим хангагдсан уу зэрэг асуудалд шүүх анхаарал хандуулав.

12. Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлэг /хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил/-т хамаарах 6.6. дугаар зүйлийн 2. ...биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1. эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх-ээр байна.

12.1. Гомдол гаргагч Х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Япон Улсаас импортолж оруулж ирдэг тус улсын itoh Kampo үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүнээс нэр бүхий долоон бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн-ээр бүртгэх эсэх асуудал эрх бүхий байгууллага дээр яригдаж, хэлэлцэгдэж байх цаг хугацаанд,

12.2. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-4/2283 дугаар, Гаалийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-2/2273 дугаар, мөн газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-2/3274 дүгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗХБ-59 хариу мэдэгдэх хуудас, Эрүүл мэндийн яамны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1а/140-Ө дугаар, мөн яамны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах тухай 2/82-Ө дугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/1554 дүгээр Гомдол хариу өгөх тухай прокурорын хариу мэдэгдэх хуудас, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7/3363 дугаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 07/806 дугаар, мөн газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/1218 дугаар албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1111 төвөөс Гаалийн ерөнхий газарт ирсэн гомдлыг шийдвэрлэсэн байдал зэрэг баримтууд нь гадаадын хөрөнгө оруулалттай, Япон Улсын иргэн I гүйцэтгэх захиралтай Х ХХК /РД:/-ийг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар эмийн бүтээгдэхүүн импортлон борлуулдаг талаар гаргасан иргэн А.А, И.О******* нарын гомдол мэдээллийг судалсан, шийдвэрлэсэн, шилжүүлсэн, хариу өгсөн агуулгатай байгааг дурдаад,

12.3. Улмаар гомдлыг Гаалийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Шалгалт хийлгэх тухай 01-2-2129 дүгээр албан бичгээр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хүргүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

13. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1. Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно, 2.4 дүгээр зүйлийн 2. Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно, 2.5 дугаар зүйлийн 1. Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно зэрэг зохицуулалтаас харахад, гомдол гаргагч хуулийн этгээдээс Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, улмаар импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг хэзээ авах байсан, ийнхүү бүртгүүлж тусгай зөвшөөрөл авахгүйгээр хэзээ импортолсон байна вэ гэдгийг хариуцагч нь бодитой, бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна.

14. Тодруулбал, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь захиргааны акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1. эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчиж гарсан, зөрчлийн хэргийн холбогдогч импортолж байгаа бүтээгдэхүүнээ яагаад бүртгүүлээгүй болох, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэлээр гомдол гаргагчийн импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн-ээр тооцон бүртгэхийн тулд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэснийг хэрхэн үзсэн, уг хуралдааны 02 дугаар тэмдэглэлийг үнэлэх ёстой байсан уу зэрэгт хариуцагч эрх бүхий албан тушаалтан анхаарал хандуулах байсан, энэ тохиолдолд маргаан бүхий асуудлаар удаа дараагийн гомдол, мэдээлэл ирсэн нь заавал шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.

15. Гомдол гаргагчийн зөрчил үйлдсэн газар нь Туушин дахь гаалийн хяналтын бүс, зөрчил үйлдсэн хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ба энэхүү зөрчил үйлдсэн газар, зөрчил үйлдэгдсэн хугацааны талаар талууд маргаагүй, ижил байр суурьтай байгааг тэмдэглээд хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.6. дугаар зүйлийн 2. ...биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага...-ыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага гомдол гаргагчид үүсээгүй буюу эрх бүхий байгууллагаас бүртгээгүй /бүртгэхийн тулд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байсан/ байгааг анхаарч нотлоогүй байна.

16. Энэ байдал нь гомдол гаргагчийн тайлбар, гэрч М.Х*******, Г.М******* нарын мэдүүлэг, Б.М*******гийн тайлбар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1811 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, үүгээрээ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

17. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих/-ийн Тайлбарт: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаана гэж зааснаар хэрэв гомдол гаргагч хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж ...биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага-ыг хангаагүй гэвэл Гаалийн байгууллага Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаах үүргээ хэрэгжүүлээгүй болж таарна.

18. Гэтэл зөрчлийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гаалийн улсын байцаагч М.Х*******гийн мэдүүлэгт тодорхой туссан, гаалийн улсын байцаагч нарын ашиглаж буй бүртгэлийн LICEMED программд мэдээлэл нь байхгүй болох нь тогтоогдож, үүгээрээ маргаан бүхий бараа /бүтээгдэхүүн/-г улсын хилээр нэвтрүүлсэн нь хуулийн дагуу байна.

19. Эрх бүхий албан тушаалтан гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7. хуульд заасныг зөрчиж, 7.2. Монгол Улсад импортлох ... биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж заасны дагуу зүйлчлэн зөрчлийг нь шалгаагүй болохыг тэмдэглэж байна.

20. Нэхэмжлэгч Х ХХК /РД:/ болон хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хоорондын нэр бүхий долоон нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн маргаантай хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шүүхийн шийдвэр гарч байсныг мөн тэмдэглэж байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргаж гомдол гаргагчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1, 2, 2.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан Х ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ш.Бын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч хуулийн этгээдэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН