Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 105

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Од холбогдох эрүүгийн 1730001180077 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замын 2 дугаар ангийн  9 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  оршин суух, Ц.О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Ц.О нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 56 км-т засмал зам дээр 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 95-74 УНТ улсын дугаартай приус 20 маркийн авто машиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а-д “ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,  9.3-т  “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бүхээгт явсан Дугаржавын Бямбасүрэнгийн амь нас хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт хоночихоод өглөө 07 цагийн үед Сүхбаатар аймаг руу явж байгаад гэнэт замын хажуу руу орсон. Машинд байсан хүмүүс бүгд унтаж явсан гэв.

 

  - Хохирогч Д.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн юм. Талийгаач Д.Б нь миний нөхөр бөгөөд бид гэр бүл болоод 20 гаран жил болсон. Тийм учраас хохирогчоор оролцож байна. Талийгаач Д.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотруу явсан юм. Төрсөн эгчийнх нь хүү Нийн   эхнэрийг  Улаанбаатар хотоос гуйж авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хурим хийлгэх ажлаар явсан юм. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос О  машинаа жолоодоод Сүхбаатар аймаг руу гарч байгаагаа утсаар ярьж байсан. Ингээд  2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баруун-Урт суманд ойртож явж байгаад засмал зам дээр  осолд орж  нас барсаныг мэдсэн. Осол юунаас болсоныг мэдэхгүй байна” ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

-Гэрч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны 18 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу 95-74 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн авто машинтай гарсан юм. Машиныг Ц.О  жолоодож явсан бөгөөд  урд талын суудалд Д.Б сууж арын суудалд хамгийн баруун талд би, зүүн талд Сумъяа, голд нь Туяа сууж явсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Хэнтий аймгийн замд явж байхад  машины буруу талын арын дугуй хагарсан учир янзлуулаад Хэнтий аймгаас 2017 оны 10 дугаар сарын 07-ны 07 цагийн үед Сүхбаатар аймаг руу гарч явсан. Үүнээс хойш миний хувьд унтчихсан. Нэг мэдсэн чинь машин зогсчихсон жолоочийн хажуу талын суудалд сууж явсан Д.Б нь суудал дээрээ хөдөлгөөнгүй сууж байсан. Ингээд зам дээрээс  машин зогсоогоод Сүхбаатар аймгийн эмнэлэг  аваад ирсэн. Б нь ослоос хойш огт хөдлөөгүй учраас  нас барчихсан байна гэж бодсон. Хамгийн түрүүнд эмнэлэг аваад явъя л гэж бодсон. Жолооч О нь архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Яагаад осол болсон талаар мэдэхгүй байна. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Талийгаачаас өөр гэмтэж бэртсэн хохирсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай шинжэчийн дүгнэлт:

1.Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, хамрын болон самалдаг ясны хугарал, дээд эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, цээж, хэвлийн хөндийн битүү гэмтэл, 2 уушигны эдийн няцралт, өвчүүний далд хугарал, цээжний хэвлийн хөндийн цус хуралдалт, элэгний эдийн урагдалт, задрал, дэлүүний няцрал, 2 талын бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, хамрын урагдсан шарх, хамар болон 2 талын хацар болон цээжний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2.Дээрхи гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна.3.Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдалтаар нас баржээ. 4.Талийгаачийн цусанд шүүх химийн шинжилгээгээр спиртийн агуулга илрээгүй. 5.Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтээр: 1. 95-14 УНТ  улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баритуудыг шинжпэн судлахад жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  2.7.а-д “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна”,  9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,  9.3-д “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Жолооч Ц.О нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын нөхцөл хурд хэтрүүлсэн, мөн аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 4.Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 03-04-р хуудас/

 

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10, 23-24-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2017.09.21-ний өдрийн А/86 дугаартай Ц.Оын оршин сугаа газрын тодорхойлолт /хх-ийн 76/

-Ц.Оын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56-р хуудас/

 

- Ц.Оын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ 

 

-Ц.Оын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/

зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч Ц.О нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 56 километрт  2017 оны 10 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагийн орчимд   Приус 20 маркийн 95-74 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  хохирогч  Д.Б гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.С, гэрч Д.Н нарын мэдүүлгүүд, шинжээчийн 48 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

         

Шүүгдэгч Ц.О нь ертөнцийн зүгээр баруун зүгт 56 километрт  2017 оны 10 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагийн орчимд  өөрийн эзэмшлийн  Приус 20 маркийн 95-74 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а-д “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,  9.3-т  “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу дах шонг мөргөн осол гаргаж хохирогч Д.Б гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна. 

Шүүгдэгч Ц.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ц.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Од  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   учруулсан хохирлыг  төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ц.Оын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал,  хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн  хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.О нь  цагдан хоригдоогүй, хэрэгт  иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,   хохирогч Д.С гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй, гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.7,  1.8, 1.9,   36.10 дугаар зүйлүүдэд  заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Гал овогт Цоодолын Оыг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Ц.Оын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА