Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00796

 

Б.Заяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02644 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 919 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Заяагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч С.Хэрлэнцэцэгт холбогдох,

3.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Заяа, хариуцагч С.Хэрлэнцэцэг, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хүнээс хүүтэй мөнгө зээлж, С.Хэрлэнцэцэгт 2015.8.20-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Өөрөө мөнгө авахдаа бөө болно, сахиус авна гэсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулаагүй. С.Хэрлэнцэцэг нь 2015.9.20-ны өдөр зээлийн хүүд 150.000 төгрөг төлж, 2015.10.20-ны өдөр зээлийн төлөхийг шаардахад өгөхгүй байна. Иймд үндсэн зээл 3 сая төгрөг, зээлийн хүү 750.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Заяа ярихдаа “...багш н.Уртнасантай яаралтай уулзахгүй бол танай голомтоос хэн нэгэн хүн үхэх гэж байна...” гэж хэлсний дагуу 2015.8.14-ний өдөр Уртнасан гэх хүнтэй уулзахад “...өнөө маргаашгүй  шүтээнээ залахгүй бол танай голомтын балчирууд сүйрлээ...” гэж хэлээд, 3.000.000.- 5.000.000 төгрөг шаардлагатай гэсэн. Би тийм хэмжээний мөнгө байхгүй гэдгээ хэлсэн боловч Б.Заяа өөрөө 2015.8.20-ны өдөр ярьж 3.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй оллоо гээд нөхөр Б.Бат-Эрдэнэ, Уртнасан нартай хамт энэ бүх зүйлийг зохион байгуулж, хэрэгт өгсөн баримтад жагсаасан зүйлүүдийг авахуулсан. Иймд Б.Заяагийн 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэглээгүй, өөрийнх нь хэлсэн үг, үйлдлээр болон өөрийнх нь талын 14 хүний хэрэглэх хүнс, автомашины шатахуунд зарцуулж, тэнгэр, газар, уул ус, хангай дэлхийд өргөчихөөд одоо надаас нэхэж байна. Харин ч миний болон ах дүүгийн минь сэтгэлийг далимдуулан залилан надаас 3.733.800 төгрөг, эмээ болон түүний хүүхдүүдээс 1.500.000 төгрөг  авсан гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02644 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 750.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 919 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хэрлэнцэцэгээс 3.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Заяад олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай." гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281.1 дэх заалтыг баримтлан надаас 3 сая төгрөг гаргуулах болсоныг эсэргүйцэж байна. Нэхэмжлэгч нь 2013.12.09-ний өдрөөс 2015.08.20-ны өдрийг хүртэл тэнгэр шүтлэг болон бөө мөргөлийн шашныг хүндэлж, хүндэтгэдэг уламжлалт хүмүүжил, соёл, боловсролыг минь далимдуулж өөрийн ашиг хувийн хэрэгцээгээ байнга хангуулж байсанаас гадна, хүч хэрэглэн албан хүчээр авчирч өгсөн 3 сая төгрөгөөрөө өөрсдийнхөө талын 14 нэр бүхий хүмүүсийг цуглуулан хэрэглэсэн хэрэгцээгээ хангасан.  Хэлцэлийн дагуу үйлдэгдсэн үйлдэл тул Монгол улсын ямар ч хууль тогтоомжид байхгүйгээс гадна хуулийн хүрээнээс гадуур хийгдсэн худал гэрээ болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Заяа нь С.Хэрлэнцэцэгээс үндсэн зээл 3 сая төгрөг, хүү 750.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг гаргуулахыг шаардсаныг  хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд Б.Заяа нь С.Хэрлэнцэцэгт 3 сая төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон, хариуцагч уг мөнгийг буцааж өгсөн гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 919 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ