Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 303

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Баянговь сумын

Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0261 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ыг Баянговь сумын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 8.391.699 /Найман сая гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянговь сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгожээ. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0261 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй дараа нь гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүхээс захиргааны актад зөв дүгнэлт хийж маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлийг зөв дүгнэж дүгнэлт гаргасан.

5. Миний зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс зөрчил гаргасан эсэхийг тогтоо гэж шийдсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ холбогдох хуулиар заавал санал авч чөлөөлөх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн зөв дүгнэлт гаргасан.

6. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр  байх тул уул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-т заасантай нийцсэн байна.

8. Нэхэмжлэгчээс “...Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаар санхүүгийн сахилга бат зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан...Тушаалын үндэслэлд заасанчлан миний бие албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй байхад халлаа” гэж, хариуцагч “Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хяналт шалгалтаар санхүүгийн албаны дарга Б.Э-ыг хариуцсан ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч, ажлаас чөлөөлөх болон өөрчлөх саналыг ...ирүүлсэн,...аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор ...Б.Э-ыг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг сумын Засаг даргад даалгасан” хэмээн тус тус маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Э хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчил болон хариуцагчаас түүнийг буруутгаж байгаа үйл баримт бүрийг үгүйсгэж, “Баяр наадам, сургуулийн ой болох гээд яаралтай шийдэх шаардлага байсны улмаас Засаг даргын өгсөн үүргийн дагуу гарын үсэг зурсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өвчтэй, нягтлан ажлаас гарсан байсан, албан тушаалаа урвуулсан үйлдэл гаргаагүй. ... аймгийн Засаг даргын бүрэн эрхэд сумын санхүүгийн албаны даргыг томилж чөлөөлөх эрх олгоогүй ... ” гэх зэргээр маргаж байхад анхан шатны шүүх энэ талаарх холбогдох баримтыг цуглуулаагүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс зөрчил гаргасан эсэхийг тогтоо гэж шийдсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүйн зэрэгцээ уг гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН