Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0605

 

 

 

 
2017 оны 08 сарын 24 өдөр     Дугаар 221/МА2017/0605             Улаанбаатар хот


“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т, гуравдагч этгээд “К.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т, Л.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг “О” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т, Л.Д нар давж заалдах гомдолдоо: “... 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “М.к” ХХК ба “С.Э.Э.Э” ХХК-ийн хооронд байгуулсан 15, 16 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Блю скай” хотхоны 44Б байрны 23, 24 тоот 2 ширхэг орон сууцны төлбөрт 249.309 ам долларыг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Капитрон банк дахь “М.к” ХХК-ийн ... тоот дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог.
Үүний дараа “Э.К.А” ХХК, “П.А.Э.Э” ХХК, “С.С.А.Э” ХХК-ийн хооронд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Өр шилжүүлэх 3 талын гэрээ”-ээр “П.А.Э.Э” ХХК-иас “Э.К.А” ХХК-д төлөх ... төгрөгийг “С.С.А.Э” ХХК төлснөөр маргаан бүхий орон сууц “Э.К.А” ХХК-ийн өмчлөлд шилжиж, манай “О” ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Э.К.А” ХХК-д “Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ” байгуулж ... төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот 148.4 м.кв, 4 өрөө орон сууцыг авсан.
Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт: гуравдагч этгээд “М.к” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн гудамж “Блю скай” хотхоны аялал жуулчлалын цогцолборын зориулалттай ... м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй 44Б байрыг улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлэн “С.Э.Э.Э” ХХК-ийн “К.б” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ... дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд барьцаалж 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дугаар барьцааны гэрээ байгуулжээ. Улмаар 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Блю скай” хотхоны 90 хувийн гүйцэтгэлтэй 44Б байрны ... м.кв 24 тоот орон сууцыг улсын бүртгэлийн ... дугаарт “М.к” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээ авч тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Энэхүү орон сууцны төлбөр 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлөгдсөн болохыг К.б-ны “М.к” ХХК-ийн дансанд шилжигдсэн болохыг хурлын мэтгэлцээний явцад талууд сайн мэдэж байсан нь хангалттай нотлогдсон атал анхан шатны шүүх энэ нотлох баримтыг буруу үнэлсэн.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу дээрх орон сууцны үнийг бүрэн төлснөөр 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэн. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “О” ХХК нь эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба хариуцагч уг эд хөрөнгө “М.к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд уг бүртгэлд “К.б” ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэлтэй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх илтэд үндэслэл муутай дүгнэлт хийсэн.
Энэхүү Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд “О” ХХК нь өмчлөх эрхээ бүртгүүлэхийн тулд “Капитрон банк” ХХК-иас зөвшөөрөл авах нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Тус орон сууцны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг улсын бүртгэлийн ерөнхий газарт 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн этгээд, мөн зээлийн барьцаанд бүртгүүлэх мэдүүлгийг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн этгээд нар нь К.б-ны ажилтнууд байгаа нь сонирхлын зөрчилтэй байгаа эсэхийг ч нягтлаагүй.
Гэтэл үнэн хэрэгтээ уул орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд тавихаас 3 жилийн өмнө буюу 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 100 хувийн төлбөр төлөгдсөн байхад өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг “зээлийн барьцааны зүйл” мэтээр маргасаар байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  зөв байна.
Нэхэмжлэгч “О” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг “О” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анх “С.С.А.Э” ХХК, “М.к” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 24 тоот, 6 давхрын ... м.кв талбай бүхий орон сууцыг захиалгаар бариулах гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулжээ.
Улмаар дээрх орон сууц нь “Э.К.А” гэх хуулийн этгээдэд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Өр шилжүүлэх тухай” гэрээгээр шилжиж ирсэн байх бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Барилгын элс, хайрга нийлүүлэх гэрээ”-ний гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44Б байр, 6 давхар, 24 тоот, 4 өрөө орон сууцыг бараа солилцооны хэлбэрээр шилжүүлэн авсан байна.
Гэтэл “М.к” ХХК нь 2010 онд маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “К.б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Э.К.А” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамж байгаа хэдий ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М.к” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Тодруулбал, 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой.
Харин эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тодорхойлж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан гуравдагч этгээд “К.б” ХХК-ийн банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй бөгөөд шүүхийн зүгээс мөн ийнхүү бүртгэхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлгүй юм.
Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Блю скай” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг “О” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Д.БААТАРХҮҮ
                    ШҮҮГЧ                         Г.БИЛГҮҮН
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР