Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 175

 

Д.Б, В.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Д.Б, В.Ц нарт холбогдох 1823000430069 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Н.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, М овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, М овогт В-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.Ц-г хахууль өгсөн, Д.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Д.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар В.Ц-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.   

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын нийтийн албанд тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч В.Ц, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Энхжаргал, Г.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч В.Ц гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Д.Б нь намайг ажилд авна гэж удаа дараа шахан шаардаж мөнгө нэхсэн нь миний хувьд тухайн үед өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч түүний нэхсэн 1,000,000 төгрөгийг өгсөн. Энэ тухай гомдол гаргаж үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь одоо дээрх шийдвэрт хүрч байна. Хэргийн талаар анхан шатны шүүхээс эхлэн үнэн зөвөөр нь мэдүүлж ирсэн. Шүүгдэгч Д.Б нь үнэн бодит байдлыг эсэргүүцэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй дахин гомдол гаргаж байна. Иймд энэ байдалд дүгнэлт хийж хэргийн үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Мөн шүүхэд шүүгдэгч В.Ц-гийн өмгөөлөгч Н.Содномцэрэн гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.  Иймд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь хахууль авсан, В.Ц- нь хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Д.Б- нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд В.Ц-д хахууль өгөхийн шаардан 1,000,000 төгрөгийг авч байгаа үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг хангажээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулсан, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгуулийн ялыг багасгасныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Н.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б, В.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 07 дугаар сард Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэн В.Ц-г “сумын хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор ажилд авна” гэж 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч В.Ц нь сумын хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орох зорилгоор Д.Б-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн В.Ц-г хахууль өгсөн, Д.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Б-ын хувийн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээ болон эрх хасах нэмэгдэл ялын хугацааг багасгахдаа хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Н.Содномцэрэн нарын гаргасан “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Энхжаргал нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Н.Содномцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН