Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 113

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дт холбогдох эрүүгийн 1730001010080 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн  ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,  А.Д

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч А.Д нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх өөрийн  гэртээ 2017 оны 09-р сарын 27-ны шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Өтэй харилцан маргалдаж, улмаар түүнийг  зодож “тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн чамархайн хуйханд, баруун хацар шанаа, зүүн шууны гадна, дунд хэсэгт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт, баруун дээд зовхинд, зуун бугалганы урд дунд хэсэгт хоёр гарын шууны эргэн тойронд, өвчүүнд цус хуралтууд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой айл руу очоод тоглож байгаад төрсөн өдрийн бэлэг гэж нэг шил архи уусан. Тэгээд гэртээ ирээд Ө хүүхдээ аваад гэрээсээ явна гээд байхаар нь хүүхдээ өгч явуулахгүй гээд маргаад муудсан. Тэгээд ийм зүйл болсон гэв. 

 

-Хохирогч Д.Өийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой айлд тоглоод 2 шил 0.75 граммын Ерөөл нэртэй архийг 5-уулаа хувааж уусан. Тэгээд шөнийн 02 цагийн үед гэртээ нөхөр Дийн хамт ирсэн. Уг айлд байж байхад манай нөхөр Д  архи авна гээд байхаар нь би уурлаад болиулсан юм. Тэгээд гэртээ ирээд архи авах асуудлаас болж муудсан. Гэрт ороод намайг архи авч өгсөнгүй гээд зодоод өшиглөөд байхаар нь хүүхдээ урдаа бариад суусан чинь хүүхдээ авна гээд ноцолдоод байсан. Намайг унь хугартал цохисон. Тэгээд хоорондоо зодолдоод би ухаан алдаж эмнэлгт ирсэн байсан. Тухайн үед манай нөхөр намайг 2-3 удаа цээж рүү өшиглөсөн. Тэгээд уур хүрээд хоорондоо зодолдсон байсан. Би болсон явдалыг бараг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р хуудас/

 

           - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 362 дугаартай  дүгнэлтэнд: 1. Д.Өийн  биед тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн чамархайн хуйханд, баруун хацар шанаа, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, эрүү зүүн шанаа, баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт, баруун дээд зовхинд, зүүн бугалаганы  урд дунд хэсэгт 2 гарын шууны эргэн тойронд, өвчүүнд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу,  мохоо зүйлээр олон удаагийн цохилтоос үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

 

-А.Дийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 41-р хуудас/

 

-Сүхбаатар  аймгийн  Эрдэнэцагаан  сумын  6 дугаар багийн Засаг даргын

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06/402 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/

 

-А.Дт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч А.Д нь  2017 оны 09-р сарын 27-ны шөнийн 02 цагийн орчимд Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 8-6  тоотод  байрлах  гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  Д.Өийг   зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Өийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 362 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч А.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Дийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч А.Д нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Д.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч  Б.Аийн Дийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан А.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан А.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

6. Ялтан А.Д нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Д.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА