Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          А.О-д холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогч                                                         Ж.Х

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Г.Э         

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Т, Б.Э

Шүүгдэгч                                                         А.О

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М, Т.О, Г.Т, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.О-д холбогдох 2112000440155 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг Вангийн Овоо Өлийн 12-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоолыг биелэлтийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял ногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, тус сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заанаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, А.О

 

Шүүгдэгч А.О нь Ж.М-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Хушт гэх газраас иргэн Ж.Х-ын 18 тооны буюу олон тооны адууг хулгайлж 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас А.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Од  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж; Шүүгдэгч А.О-ыг бусадтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оас 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Дашлага гэх газар оршин суух хаягтай, Ж.Х-т олгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 хоёр/ ширхгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдолд: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.М миний бие Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Од холбогдох эрүүгийн 21120004400155 дугаартай хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, уг шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар: Дээрх тогтоолын үндэслэл болгосон гэрч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүний дээрх мэдүүлгүүд хоорондоо харилцан эрс зөрүүтэй, хэргийн нөхцөл байдлыг гуйвуулсан, харсан үзсэн, мэдсэн зүйлээ нуусан, өөрчилсөн шинжтэй байхад шүүх зөрүүгүй, өмнөх мэдүүлэг дээрээ өөр үйл явдлыг нэмж ярьсан гэж, гэрч Ж.Д-оос мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичиг үсэг мэддэггүй, боловсролгүй гэрчээс мэдүүлэг авахдаа эрх, үүрэг тайлбарласан хэсэгт өмгөөлөгч оролцуулалгүй ганцхан өөрөөр нь гарын үсэг зуруулсан /1х-21х/, шүүгдэгч А.О, Ж.М нартай төрөл садны холбоотой эсэхийг тодруулаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг тайлбарлан өгч мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулалгүй төрсөн дүүгийн Ж.Мягмарсүрэнгийнх нь эсрэг мэдүүлэг авсан байхад,

хэрэг болсон гэх цаг хугацаа эргэлзээтэй, хохирогч анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд адуугаа алдсан сар, өдрийг өөр, өөрөөр мэдүүлдэг, сүүлдээ гэрч Д.Н-д шүүгдэгч А.О, талийгаач Ж.М нарыг ирсэн гэх цаг хугацаатай дүйцүүлж цагдаагийн байгууллагад амаар гомдол мэдээлэл гаргасан байхад дээрх тогтоолын үндэслэлд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан,

мөн шүүхийн дүгнэлтийн үндэслэлд гэрч Д.Н-ийн /1х-26-28х/ дугаар хуудсанд авагдсан мэдүүлгийг үнэлж дурдсан байх бөгөөд тухайн гэрчийн хамгийн анх өгсөн /1х-23-25х/, дараа нь өгсөн /1х-29-30х, 238-239х/ дугаар хуудсанд авагдсан мэдүүлгүүдийг ямар учраас үнэлээгүй, дүгнэлтийн үндэслэлд дурдагдсан мэдүүлэг нь бусад мэдүүлгээс юугаараа ач холбогдолтой, үнэлээгүй мэдүүлгүүд яагаад үгүйсгэгдсэн талаарх үндэслэлийг заагаагүй байгаа болон дээрх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэг нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Өмгөөлөгч миний бие шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрч Ж.Д /1х-17-20, 21-22х/, гэрч Д.Н /1х-238-239/, гэрч С.Б /1х-226-227х/ нарын мэдүүлгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл өмгөөлөгчийн эрх, 2 дахь хэсгийн 2.5 “...өөрийн хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах” гэсэн, 25.1 дүгээр зүйл мэдүүлэг авах 5 дахь хэсэг “мөрдөгч нь мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнийг хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн тухай тэмдэглэлд тусгана” гэсэн, 6 дахь хэсэгт “мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр, хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг  өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба ...” зэрэг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн байна гэж үзэж нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэхгүй орхичхоод анхан шатны шүүх хуралдаанаар дээрх хүсэлт, гомдлыг шүүх шийдвэрлэлгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдалгүй хэтэрхий гэм буруутайд нь хөтлөгдөн шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч миний шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Н, С.Б нарыг оролцуулах хүсэлтийг шүүх хангаж, шүүгчийн захирамж гаргасан атлаа уг захирамжаа биелүүлээгүй, гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулан мэдүүлгийг нь аваагүй зэрэг нь болон дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасныг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие шүүгдэгч А.О-ын хамт биечлэн оролцох болно гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдолд: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Т, Б.Э бид шүүгдэгч А.О-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч А.О-ыг Ж.М-тэй бүлэглэн бусдын олон тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа боловч эрүүгийн 2112000440155 дугаартай хэрэгт Ж.Мягмарсүрэнг яллагдагчаар татаагүй байна. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь нас барсан тохиолдолд түүнд холбогдох хэргийг шалгаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай юм. Гэтэл дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй хэр нь А.О-ыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Д нь бичиг үсэг мэддэггүй болох нь тогтоогдсон бөгөөд түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч байлцуулаагүй, мэдүүлэг авч дууссаны дараа өмгөөлөгч С.Г-өөр авсан мэдүүлгийг уншуулж танилцуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад ноцтой зөрчиж цуглуулсан баримтыг яллах талын шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь өмгөөлөгч С.Г-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаартай албан бичиг тодорхойлолтоор тогтоогдсон байна. Иймд дээрх нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан ноцтой зөрчил болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байгаа учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Жич: Гэрч Ж.Д-ийг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлттэй байсан болно. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Т, Б.Э, шүүгдэгч А.О бид биечлэн оролцох хүсэлттэй байгаа учраас боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.О-ын өмгөөлөгчөөс 2021 оны 10 дугаар сарын ...-ны өдөр гардаж аваад гомдлоо гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл байдлыг хангаагүй, илт хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь:

            1. Хохирогч нь 2018 оны 01 дүгээр сарын 27-28-ны хооронд адуугаа алдсан гэж тодорхойлдог. Гэтэл яагаад адуугаа алдсан гэх цаг хугацаанаас хойш 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу 2 жилийн дараа амаар гомдол гаргасан байгаа нь өөрөө тухайн адууг алдсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзэхээр байна.

            2. 1-р хавтаст хэргийн 17-20 дахь талд гэрч Ж.Д-ийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэсэн атлаа шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь өөрөө Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Гэрч Ж.Д-ийг бичиг үсэг мэдэхгүй гэдэг шалтгаанаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгүүлсэн боловч хэн гэх өмгөөлөгч тухайн ажиллагаанд оролцсон талаар тэмдэглэл болон мэдүүлэг авахдаа оролцогчид хууль сануулсан талаар тэмдэглэл байхгүй. Энэ нь тухайн гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн ч шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна.

            3. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд Д.Н-ийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо утга агуулгын хувьд маш зөрүүтэй, тогтворгүйгээс гадна өөрөө тухайн хэргийн болсон үйл явдлыг бодитойгоор хараагүй, зөвхөн хүний амнаас сонссон үгээрээ мэдүүлэг өгсөн байгаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй шууд бус дамжмал  нотлох баримт байхад шүүх мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй.

            4. Гэрч гэх Д.Н-ийн мэдүүлэгтээ дурддаг Цагаанаа гэх хочтой этгээд нь хэн болох, тухайн хэрэгт ямар холбоотой болох, ямар дугаарын утаснаас Д.Н-той холбогдсон зэрэг тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий зүйлсийг шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг мөрдөгч, прокурор нь биелүүлээгүй байхад шүүх үүнийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            5. Гэрч н.Б нь бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, мөн хүйсийг нь зөрүүлж бичсэн байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Дээрх гомдлын үндэслэлээ шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс А.О-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Тус шийтгэх тогтоолд заасан нотлох баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шүүхийн зүгээс эдгээр нотлох баримтуудад үндэслэж шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

Хохирогч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд гомдолтой байна. Би одоо ганцхан морьтой үлдсэн. Би алдсан малаа 3-4 жил хайж байна. Би хамаг байдаг юмаа алдсан. Би 2-3 хүүхэдтэй. Би алдсан малаа хөлөө эргэтэл хайж явсан. Гомдолтой байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Г.Г өмгөөлөгчийн гаргасан тодорхойлолтод мэдүүлгийг уншиж танилцуулж, миний бие гарын үсэг зурсан гэсэн байдаг. Г.Г өмгөөлөгч нь Ж.Д-ийн мэдүүлгийг зөвхөн өөрөө уншиж гарын үсэг зурсан биш, харин тухайн мэдүүлгийг Ж.Д-д өөрт нь уншиж танилцуулаад гарын үсэг зурсан зүйл байгаа юм. Ж.Д-ийн мэдүүлэгт өвлийн хүйтэнд хаалгаа онгорхой байлгаж байсан талаарх зүйл яригдаж байна. Ж.Д нь мэдүүлэгтээ хаалгаа онгорхой байлгасан зүйл яриагүй бөгөөд харин хаалганы завсраар харсан талаараа мэдүүлсэн байдаг гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Яагаад вэ гэхээр н.Мягмарсүрэнг яллагдагчаар татаж үйлдлийг нь тогтоогоогүй байж яаж бүлэглэн гэж үзээд байгаа юм бэ. Энэ нь ерөөсөө ойлгогдохгүй байна. Гэрч Ж.Д-ийн үйлдлийг зөвтгөх боломжгүй юм. Гэрч Ж.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Яагаад энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна вэ гэхээр хулгайн эд зүйлсийг идсэн гэдгийг нь дээрх зүйл ангиар татах, эсхүл ядаж иргэний хариуцагчаар татаж байж тухайн махны үнэ, хохирол төлбөрийн асуудлыг тогтооход зайлшгүй шаардлагатай тул эдгээр ажиллагаануудыг хийхийн тулд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээс өөр боломжгүй байна. Энэ асуудлыг нэг мөр тогтоож шалгахгүй бол болохгүй байна. Хохирол, хор уршгийн асуудал нь өнөөдөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хууль зүйн үндэслэлийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Тухайн хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бидний зүгээс хохирогч Ж.Х гэдэг хүнийг адуугаа алдсан гэдэг асуудал дээр маргаагүй. Харин бидний зүгээс А.О нь хохирогчийн адууг хулгайлаагүй юм аа гэдэг дээр маргаж байна. Энэ хүн адуугаа алсдан нь үнэн байх. Ер нь мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Харин хуульд заасны дагуу явагдаагүй ажиллагаа нь хүчингүй болох ёстой. Яагаад хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой вэ гэдэг чинь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. А.О-ын эрх ашиг буюу энэ хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал нь тухайн мөрдөгчийн хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулаагүйгээс болоод ял шийтгэл авчхаад байна. Ж.Д гэдэг этгээдээс мэдүүлэг авахдаа яаж авсан нь тодорхой биш нөхцөл байдал үүсгэсэн байна. Энийг нь анхан шатны шүүх бүгдийг нь шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна. Тэгээд энэ нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна. Мөн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүйн улмаас хууль бус ажиллагаануудын улмаас цуглуулсан нотлох баримтууд нь хууль бус байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хууль зүйн үндэслэлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М, Т.О, Г.Т, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ыг Ж.М-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Хушт гэх газраас иргэн Ж.Х-ын 18 тооны буюу олон тооны адууг хулгайлж 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч А.Од холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй талаар зөв тайлбарласан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч А.Од Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон байна.

 

            Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М, Т.О, Г.Т, Б.Э нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Өмгөөлөгч нар  хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Д нь бичиг үсэг мэддэггүй байхад түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад ноцтой зөрчиж цуглуулсан баримтыг яллах талын шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-т заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан.

Харин гэрч бичиг үсэг мэдэхгүй тохиолдолд хэрхэх талаар хуульд зохицуулаагүй.

 

Гэхдээ мөрдөгч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрч Ж.Д-оос мэдүүлэг авахдаа /хх-ийн 17-р хуудас/   Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарласан, мөн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг өмгөөлөгч Г.Гөөр танилцуулснаас үзэхэд хэдийгээр хуулийн зохицуулалтгүй ч гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч оролцуулан явуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Эхний мэдүүлэг авахдаа хэн гэдэг өмгөөлөгч оролцсон нь тодорхойгүй, гарын үсгийн  тайлал байхгүй байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүйгээс гадна энэ мэдүүлгийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул үүнийг зөвтгүүлэхээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй болно.

 

Мөн өмгөөлөгч Г.Т, Б.Э нар давж заалдах гомдолдоо “Шүүгдэгч А.О-ыг Ж.М-тэй бүлэглэн бусдын олон тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа боловч эрүүгийн 2112000440155 дугаартай хэрэгт Ж.М-г яллагдагчаар татаагүй. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь нас барсан тохиолдолд түүнд холбогдох хэргийг шалгаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай юм. Гэтэл дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй хэр нь А.О-ыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй” гэжээ.

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газар гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ үед тухайн хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд Ж.М нас барсан байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал гэж үзэн түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй юм.

 

Нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх тохиолдолд л дээрх зохицуулалт хамаарахгүй талаар хуульд зохицуулсан байна.

 

Тэгэхээр Ж.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж мөрдөгчийг буруутгах үндэслэлгүй болно.

 

 Анхан шатны шүүх “гэрч Д.Н-ийн мэдүүлгүүдэд өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, нэг үйл явдлыг өөр өөр байдлаар мэдүүлээгүй бөгөөд дахин мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлэг дээр өөр үйл явдлыг нэмж ярьсан нь тогтоогддог” гэж, “хохирогч Ж.Х 2018 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 18 тооны адуугаа алдсан болох нь тогтоогдсон, адуугаа алдаагүй, эсхүл өөр цаг хугацаанд адуу алдсан байх магадлалтай талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй” гэж зөв дүгнэсэн, гэрч Л.Б мэдүүлэг өгөхөөс татгалзсан, шүүх түүний мэдүүлгийг  нотлох баримтаар үнэлээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй, шүүх хуралдаанд гэрч А.Б-ийг оролцуулах хүсэлтээсээ өмгөөлөгч Э.М татгалзсан талаар тэмдэглэлд тусгагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил гараагүй байх тул дээрх үндэслэлүүдээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М, Т.О нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т, Г.Э нар гэрч Ж.Д-ийг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан ч гэрч Ж.Д нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байхад давж заалдах шатны шүүхэд гэрчээр оролцуулах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

             Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч А.О нь 53 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Н.Э