Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0800/З |
Дугаар | 128/ШШ2024/0141 |
Огноо | 2024-02-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын *******
Хариуцагч: Цагдаагийн Ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, Х.*******
Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Х.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан “Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах”-аар маргасан.
2.Нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/6868 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах хугацаа олгон, бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, дээрх захирамжид зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирүүлээгүй байх тул шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/7085 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2023/7348 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7636 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх хугацаанд үүссэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эсэх тухай и-монголиа дээр харагдах нь хууль бус бөгөөд тус хуулийн 78.2-т ялгүйд тооцох тодорхой хугацаа заасны дараа ялгүй болж байгаа бөгөөд энэ нь 2 дахь гэмт хэргээ үйлдвэл эхнийхийг нь ялгүй тооцно гэх утга үг өгүүлбэр нэг ч байдаггүй билээ. Тиймээс энэ хуулийг тайлбарлуулсан дээд шүүхийн тогтоол, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлт зэргийг хавсаргасан байхад шүүгч чи хуульч биш эдийн засаг ч биз дээ гэх зүйл шүүх хурлын үеэр ярьж шүүгчээс татгалзах хүсэлтээр хойшилсон. Энэ удаагийн шүүх хуралд миний бие мөн адил хойшлуулах хүсэлт гаргаж байна. 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл төрийн албаны тусгай шалгалт өгч нойргүй олон хоног бэлдсэний эцэст Үндэсний статистикийн хороонд тэнцэж тушаал гарсан юм. Гэвч үүний араас цагаан сарын бэлтгэл ажил, ээждээ ууц авч хуйхлах, чануулах утуулах, бэлтгэл болон авлагын асуудал иргэний шүүхүүдээр явах гээд давхцаж, стресст өртөх, дархлаа муудаж эмчид үзүүлэх шаардлагатай болсон байна. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, хэвтэж эмчлүүлэх ажил эдгээр амралтын өдрүүдэд хийгдсэн бөгөөд үргэлжлээд 13, 14-ний өдөр эмчилгээнд шинжилгээ хийлгэх, хэвтэж эмчлүүлэх, гам барих шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Эрүүл мэндийн шалтгаанаар амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж авсан гэдэг. Өнөөдрийн шүүхэд гаргасан хүсэлтээс үзэхээр эмчлүүлсэн эмчилгээндээ гам барих ёстой гэж байна. Хэргийн оролцогч ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Гэхдээ хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох үүрэг нь өөрсдөд нь байдаг. Эмнэлгийн картын урд талын нүүрээс хавсаргаад хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн байна. Яг ямар эмчилгээ хийлгэсэн, тэр эмчилгээндээ заавал гам барих шаардлагатай юу, эмчийн заалттай юу гэх баримт байхгүй учраас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд хэргийн оролцогчид шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах тохиолдлыг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 91.3-т Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана гэж заасан. Энэ хурал зөвхөн нэхэмжлэгчээс шалтгаалаад 5-6 удаа хойшилж байна. Шүүх байгууллагаас энэ хүний хүндэтгэн үзэх шалтгаануудыг тухай бүрд нь авч үзээд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь хангалттай эдлүүлж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмнөх шүүх хуралдааныг хүртэл эмнэлгийн хагалгааны бичигтэй хойшлуулсан. Гам барих шалтгаанаар нотлох баримтгүй хүсэлт ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар нэхэмжлэлийг буцааж өгнө үү.” гэв.
5.Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “А.******* миний бие *******-д эдийн засагч, *******д бэлтгэл офицерийн сургалтад дэслэгч цолтой. Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллах хүсэлтээ 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гэвч А.******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 100.1-д заасны дагуу 1 жил 3 сар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн тул ажилд авах боломжгүй хэмээжээ. 2002 оны Эрүүгийн хуульд 78 дугаар зүйлд ялтай байдал гэдэгт: 78.2. Дор дурдсан этгээд дараах тохиолдолд ялгүй болно:, 78.2.2 хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй гэж заажээ. А.******* миний бие нь хөнгөн гэмт хэрэг шинээр үйлдээгүй мөн хуулийн 12.1. Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. гэсэн тул 2002 оны Эрүүгийн хууль нь А.******* миний эрх зүйн байдлыг дээрдүүлж 78.2.2-т зааснаар ял шийтгэлгүй болсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн Ерөнхий газарт И-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгаж өгнө үү.”
гэжээ.
6.Цагдаагийн Ерөнхий газраас шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн А.*******гийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Цагдаагийн байгууллагад Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 /Гэмт хэрэг, Зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах/, 61 дүгээр зүйл /Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/195 тушаалаар батлагдсан “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хуваарилах, хүлээн авах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам", Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 :-ы 12 дугаар сарын 14-ний *******, 177 тоот хамтарсан тушаалаар баталсан “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх хурам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох /код 706/ журам”-ын дагуу эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн цахим мэдээллийн болон архивын санг бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дээрх зохицуулалтын дагуу цагдаагийн байгууллагад лавлагаа олгох эрх олгогдсон.
Цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас иргэн А.******* нь дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан тухай мэдээлэл бүртгэгдсэн нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтад зааснаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ялгүй болсон буюу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
Мөн Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 464/А-111 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үүссэн баримт бичгийн хадгалах хугацааны жагсаалт”-д зааснаар ял шийтгэгдсэн /Эрүүгийн хариуцлага хүлээсэн/ тухай мэдээлэл, тэмдэглэл, картыг 70 жил хадгалахаар заасан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт "Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно.” гэж заасан ба өөрөөр хэлбэл цагдаагийн албанд ажиллах иргэн нь хууль хяналтын байгууллагад огт шалгагдаж байгаагүй, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор шийтгэл хүлээж байгаагүй байх шаардлага тавигддаг.
Иймд А.*******гийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тодорхой төрлийн сангуудыг эрхэлж, бусад байгууллага болон иргэдэд лавлагаа мэдээлэл гаргах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь ял шийтгүүлсэн этгээдийн сан байдаг. Төрийн тусгай байгууллага буюу цагдаа, тагнуул, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагад болон МУ-ын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа этгээдүүдийн ял эдэлж байсан эсэх, ялтай байдлыг гаргаж өгөх зориулалтай сан юм. Цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу хөтөлж, тодорхой журмаар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн сангаас үзэхэд нэхэмжлэгч А.******* нь дүүргийн шүүхийн 2017.05.31-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан тарчлаах гэсэн зүйл ангиар 1 жил 3 сарын хорих ял оногдуулсан, мөн хугацаагаар хянан харгалзсан талаар мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 464-А/111 дүгээр хамтарсан тушаалаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны жагсаалтад ял шийтгэгдсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээллийг олон жил хадгалахаар зохицуулсан байдаг. Ийм учраас санд байгаа мэдээллийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар шууд байхгүй болгох боломж байхгүй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа өөрөө архивын журмын дагуу устаж үгүй болно. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж байгаа шаардлага цагдаагийн байгууллагатай үүссэн харилцаанаас үзэхэд Цагдаагийн байгууллага буюу Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрүүгийн мөрдөгчөөр ажиллахаар хүсэлт гаргасан байдаг.
Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно гэж заасан. Гол тусгайлсан шаардлага нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлага байгаа. Цагдаагийн албанд орж ажиллах гэж байгаа иргэн огт хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй, шүүхээр орж байгаагүй, ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй, бүх үйл ажиллагаа нь цэвэр байх ёстой гэх шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч өөрөө тайлбарлахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал буюу ял шийтгэгдсэн этгээд гэж зохицуулалт тусгайлан байсан зохицуулалт. Ял шийтгэгдсэн этгээд үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөний төрлөөс хамаараад тодорхой хугацаа өнгөрсний дараа ялгүйд тооцогдох буюу нийгэмд гэм хоргүй этгээд болсон гэж шүүхийн тогтоол гарч шийдвэрлэгддэг байсан. Энэ хуулийг тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд ялгүй болох, нийгэмд учруулсан аюул нь буурсан гэдэг ойлголтыг би огт ял шийтгүүлж байгаагүй гэх цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор болон И-монголиа сан надад гаргаж өгөх ёстой гэж хоёр өөр ойлголтыг нэг ойлголтоор тайлбарлаж нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 7 дугаар сард батлагдаж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд ялтай байдал буюу нийгмийн хор аюулын хэм хэмжээг тодорхойлсон ойлголтыг хүчингүй болгосон. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн гэмт хэрэг тус бүрдээ ял шийтгүүлэх зохицуулалт байгаа учраас ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг хүндрүүлж оногдуулах ойлголт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд байхгүй болсон учраас энэ хүн дээр ялтай байдал гэсэн ойлголт нь цэвэр ял шийтгүүлж байгаагүй гэдэг ойлголтоос өөр ойлголт юм.
И-монголиа цахим системээс гарч ирдэг. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тодорхойлолт дээр Хууль зүй дотоод хэргийн сайдын журмаар энэ хүмүүсийн ялгүй байдал гэх хугацаа өнгөрсөнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хүлээгээгүй гэх лавлагаа өгдөг. Нэхэмжлэгчийн 2017 оны асуудал лавлагаагаар яагаад гарч ирээд байна гэхээр тагнуул, цагдаагийн байгууллага, эсхүл гадаадын элчин сайдын яаманд улсыг төлөөлөөд ажиллах гэж байгаа хүмүүсийн лавлагааг бүтэн түүхээр нь шалгуулахаар энэ хүний асуудлууд гарч ирээд байгаа юм. Илүү өндөр шаардлага тавигддаг дээр ялтай байсан гэх мэдээлэл гарч ирнэ.
Улсын дээд шүүхийн тайлбарууд өгсөн. 2012 оны Сонгуулийн тухай хуульд ял шийтгэлгүй гэдгийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарууд байна. Энэ нь нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлагдсан тайлбар биш. Хэрвээ асуудлыг тайлбарлахаар байсан бол Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасан ял шийтгэл эдэлж байгаагүй гэдэг ухагдахууныг тайлбарлах ёстой байсан. Улсын Дээд шүүх нь энэ ухагдахууныг тайлбарлах шаардлагагүй хууль нэг мөр тусгасан гэх албан бичгээ өгсөн байна. Одоо 2012 оны Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсон. 2020 оны Сонгуулийн тухай хууль, 2021 оны Ерөнхийлөгчийн тухай хууль гээд өөр хуулиуд үйлчилж байгаа. Иймд энэ Сонгуулийн тухай хуульд заасан ял шийтгэлгүй гэдгийг тайлбарласан ухагдахуун нь өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийн 66.2-т заасан хуулийн заалтыг тайлбарласан тайлбар биш гэдгийг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзана уу.
Иймд А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******гаас Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан:
2.1.Миний бие ад эдийн засагч, *******д бэлтгэл офицерийн сургалтад дэслэгч цолтой. Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллах хүсэлтээ 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гэвч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 100.1-д заасны дагуу 1 жил 3 сар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн тул ажилд авах боломжгүй гэх хариу өгсөн.
2.2.Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ял шийтгэлгүй ял шийтгэлгүй болсон байгаа тул И-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулах.
3.Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр А.******* “... дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан тухай мэдээлэл бүртгэгдсэн нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэрэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ялгүй болсон буюу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” гэх мэдээллийг ирүүлсэн.
4.Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т “гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах;”, 61 дүгээр зүйлд “Цагдаагийн байгууллага дараахь тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн үйл ажиллагаандаа ашиглана:” 61.1.2.”ял шийтгүүлсэн хүний талаар;” гэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/195 дугаар тушаалаар батлагдсан Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмын 3.2-т “Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн...талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтална.” гэж,
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Архивын Ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 464/А-111 дугаар хамтарсан тушаалын 149 дүгээрт “ял шийтгэлийн тухай тэмдэглэл, карт” нь 70 жилийн хугацаанд хадгалагдахаар тус тус журамлажээ.
5.Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно.” гэж заасан.
6.Гэтэл нэхэмжлэгч А.*******д дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэл тогтоолоор 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан тухай мэдээлэл бүртгэгдсэн нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “ялгүй” болсон гэх нөхцөл байдал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасан “ял шийтгүүлж байгаагүй” гэх шаардлагыг хангаагүй.
7.Нэхэмжлэгч А.*******гийн гаргасан “...2002 оны Эрүүгийн хууль нь А.******* миний эрх зүйн байдлыг дээрдүүлж 78.2.2-т зааснаар ялгүй болсон байгаа тул Цагдаагийн Ерөнхий газарт И-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
8.Тодруулбал, нэхэмжлэгч А.*******д шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ”ялгүй” болсон гэх нөхцөл байдал нь “ял шийтгүүлж байгаагүй” гэх ойлголтоос өөр болохыг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 12-т “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ.” гэснээс тодорхой харагдаж байна.
9.Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Архивын Ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 464/А-111 дугаар хамтарсан тушаалын ял шийтгэлийн тухай тэмдэглэл, карт нь 70 жилийн хугацаанд хадгалагдахаар заасан зохицуулалтын дагуу мэдээллийн санд байгаа мэдээллийг өөрчлөх эрх Цагдаагийн ерөнхий газарт олгогдоогүй.
10.Иймд нэхэмжлэгч А.*******гаас Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдаж, нэхэмжлэгч А.*******гийн хүсэлт, татгалзлыг үндэслэн нийт 6 удаа хойшилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.*******гийн Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН