Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 66

 

 

Эрдэнэжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/000183 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПЙ85011364, Бодооч овогт Буянжаргалын Эрдэнэжаргалын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПБ63071972, Баакаа овогт Бүлээхэний Дамиранжавт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэжаргал, хариуцагч Б.Дамиранжав, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,505,400 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Эрдэнэжаргал миний бие хариуцагч Б.Дамиранжаваас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,465,400 төгрөгийн хохирол арилгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн дээр эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадваргүй байсан 6 сарын хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцож 1,920,000 төгрөг, Ховд аймаг руу эмчилгээнд явсан зардал болох 120,000 төгрөг нийт 3,505,400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр цэцэрлэгээс хоёр ач хүүгээ аваад гэр лүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн 02-62 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал 80-07 ХОҮ автомашины жолооч Б.Батсайхан согтуугаар машин жолоодож гэрэл дохио шилжүүлэхгүйгээр намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгалд ороод, гэрэл дохиогоо өгөөд ар талд нь 1 метр хүрэхгүй зайтай явж байтал гэнэт хурдтай зүүн тийш эргэх гэрэл дохио өгөхгүйгээр орж ирж надад ямар ч самбаачлах боломжгүйгээр замын эсрэг урсгалд орж ирсэн.Ослын газрын дүгнэлтээр бид 2-ыг хоёуланг нь буруутай гэж үзсэн байсан. Хүн тээвэрлэхдээ зориулалтын суудалд суудлын бүс зүүсэн хүн тээвэрлэх ёстой байдаг боловч бид 2 энэ дүрмийг аль аль нь зөрчсөн суудлын бүс зүүгээгүйн улмаас Б.Батсайханы эхнэр гэмтэл авсан. Мөн гүйцэж түрүүлэх үйлдэл эхэлсэн тохиолдолд гүйцэгдэж байгаа машин саад болохгүй байх ёстой байдаг. Энэ дүрмийг Б.Батсайхан зөрчсөн. Би Б.Батсайханы эхнэрийн эмчилгээний зардлыг төлсөн. Хүний эрүүл мэнд эрхэм гэдэг утгаар би эрүүл мэндийн хохирлыг ямар нэгэн маргаангүй төлсөн. Б.Эрдэнэжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00183 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Дамиранжаваас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,592,912 /хоёр сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун арван хоёр/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 912,488 /есөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Б.Дамиранжаваас улсын тэмдэгтийн хураамжид 56,437 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн давж заалдах гомдлын утга: Б.Эрдэнэжаргал нөхөр нь согтуу байхад өөрийн төрсөн дүү Б.Ган-Эрдэнэтэйгээ очиж ажил дээрээс нь авчихаад согтуу нөхрөөрөө машин бариулж, өөрөө суудлын даруулгаа хийгээгүй, мөн бага насны хүүхэд тэвэрч урьд суудал дээр сууж явсныг хуулийн байгууллага тогтоосон байдаг. Б.Эрдэнэжаргалын урьд нь шүүхэд гаргаж өгсөн материал доторх мөнгөний баримтууд нь шаардлага хангахгүй баримтууд их байсан бөгөөд миний бие нь хүний эрүүл мэнд эрхэм гэдэг утгаар нь өөрийн сэтгэлээр илүү мөнгө төлсөн. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00183 дугаартай шүүхийн шийдвэрээр 2,592,912 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг   шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.465.400 төгрөг  гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2.040.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 3.505.400 төгрөг нэхэмжилжээ.    /хх-ийн 68 дугаар тал/

Нэхэмжлэгч нь би Б.Дамиранжаваас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.465.400 төгрөг, 2019 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадваргүй байсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцож 1.920.000 төгрөг Ховд руу эмчилгээнд явсан зардал 120.000 төгрөг нийт 2.040.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь “...тухайн осол гарсан өдөр Б.Эрдэнэжаргалын  нөхөр Б.Батсайхан ажлын цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний холбогдох дүрэм журам зөрчсөн буруутай үйлдэл байгаа. өөрөө суудлын даруулгаа хийгээгүй, мөн бага насны хүүхэд тэвэрч урьд суудал дээр сууж явсныг хуулийн байгууллага тогтоосон, Б.Эрдэнэжаргалд Улаанбаатар явж эмчилгээ хийгэсэн гэх албан ёсны баримтууд байхгүй байна.Мөн хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар, хэдий хугацаагаар алдсан эсэхийг хөдөлмөр магадлалын комиссын шийдвэрээр тогтоох ёстой. Ийм шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байгаа.Тухайн үед хохиролд 1.030.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

Хариуцагч Б.Дамиранжав нь 2018 оны 12 дугаар сарын 14-нийй өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 02-62 УНЛ улсын дугаартай    “Mazda Atenza” автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1,23.8,13.1,13.2б дахь заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж 80-07 ХОҮ улсын дугаартай “Toyta Yitz” маркийн автомашиныг мөргөж зорчигч Б.Эрдэнэжаргалын  биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч нь тухайн үед хүний эрүүл мэнд эрхэм гэдэг утгаар эрүүл мэндийн  хохирлыг ямар нэгэн маргаангүй төлсөн,   Б.Эрдэнэжаргал миний машинд зорчиж яваагүй, нөхөр Б.Батсайханыхаа машинд сууж явсан, түүний нөхөр нь ажлын цагаар согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож гэрэл дохио шилжүүлэхгүйгээр намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгалд ороод,гэрэл дохиогоо өгөөд ард нь  1 метр хүрэхгүй зайтай явж байхад гэнэт хурдтай зүүн гар тийш  эргэсэн, араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхэд ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно гэх болон замын хөдөлгөөний дүрмийн 3.4,3.7, 23.8,13.2г, 13.3д,3.3в  заалтууд зөрчсөн Б.Батсайханы буруутай үйлдэл  байгаа, мөн түүний машинд огт хамгаалах бүс байхгүй байсан, Б.Эрдэнэжаргал нь хамгаалах бус хэрэглээгүй байсан гэж маргадаг бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснааар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс,түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 497,505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын  хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хуульчилсан байна.

Дээрх хуульд зааснаар хариуцагч  Б.Дамиранжав  нь өөрийн гэм буруутай үйлдлийн  улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдаж,баруун талын эгэм ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хагалгааны шарх, баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал  гэмтэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул    хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед гэм хорын хохиролд 1.465.400 төгрөг өгснийг зөвшөөрдөг бөгөөд хариуцагчийг  урд нь түүнд учирсан гэм хорын хохирлыг хариуцан бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй байна.

             Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, холбогдох хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 2.592.912 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, зарим  хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй  болжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй бөгөөд энэ нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж үзлээ.

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар  хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56500 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00183 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зкүйлийн 60.1.-д  зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 56500 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                         

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                          ШҮҮГЧИД                                               Б.ДАМБА

                                                                       

                                                                                         Н.ТУЯА