| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2017/0115/э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 107
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нид холбогдох эрүүгийн 1730000780078 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, А.Н.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Н нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 40 километрт засмал зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд 07-00 УБП улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” , 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Дын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Э гэдэг найзтайгаа Сүхбаатар аймаг руу ирсэн. Бид хоёрын уулзах хүн Дорнод аймаг руу явсан байсан учраас хүлээж байгаад уулзчихаад 1 дэх өдөр хот руу явах гэж байтал таньдаг хүн маань хоёр хүн аваад яваач гэж гуйсан. Би тэр хүмүүсээс зардал мөнгө аваагүй. А аавыгаа тохитой аваад явчихмаар байна гэсэн учраас хажуудаа суулгаад бүсийг нь бүслүүлж нуруун доор нь юм ивж өгөөд авч явсан. Гэтэл Мөнххаан сум өнгөрөөд машины хүрд ажиллахгүй болж осол гарсан. Тэгээд Улаанбаатар хот, Мөнххаан сумын аль ойрхон руу нь авч явна гээд Мөнххаан сум руу явсан. Сүхбаатар аймгаас түргэний машин ирсэн. Маргааш нь Улаанбаатар хот руу авч явсан. Эмнэлэгт байхад нь би байнга эргэж тойрч эм тариа авч өгч, эмнэлгийн зардал өгч байсан. Настай хүн байсан болохоор нас барсан. Тэгээд оршуулгын бүх зардлыг өгсөн. Мөн хуралд орохын өмнө бэлэн 8 000 000 төгрөг өгсөн. Нийт 16 500 000 төгрөг өгсөн гэж бодож байна. Би өөрөө хүнд туслах гэж байгаад ийм зүйлд орсон. Гэм буруугаа маш сайн ойлгож гэмшиж байна гэв.
- Хохирогч Д.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би аавыгаа сувилалд авч явах гээд Улаанбаатар хот явах унаа хайгаад найзаасаа асуусан чинь Нийг явна гэж хэлсэн. Тэгээд аавыгаа тухтай явуулах гээд Нийн машины урд талын суудал дээр суулгаж би арын суудалд Эын хамт суусан. Бид нар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас баруун хойд зүгт 40 орчим километрт явж байтал гэнэт л замын баруун гар талд байх хамгаалалтын шон мөргөсөн. Энэ үед жолооч автомашиныг зогсоох гэж тормос дарж өөрөө хойшоо гэдийж байсан. Ингээд машин зогсолгүй замын хажуу руу 4-5 удаа эргэж онхолдсон. Машин зогссоны дараа би гарч аав дээр очиж машинаас буулгаж өвөр дээрээ авсан. Нүүрнээс нь цус гарч байхаар нь давуугаар дарж цусыг нь тогтоосон. Түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хот руу явж Гэмтэл Согог Судлалын төвд аав маань эмчлүүлж байгаад 2017 оны 09-р сарын 17-ны өдөр нас барсан. Маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, оршуулгын зардалд бэлэн мөнгө өгч байсан. Буяны ажлаас хойш хоног хурааж байхад 3 900 000 төгрөг өгсөн” ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
-Хохирогч Д.Э Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017 оны 10-р сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтэндээ: Миний бие жолооч А.Нид гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй. Манай ар гэрт сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлсэн нь үнэн болно. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. А.Ноос 8 000 000 төгрөг бэлнээр авсан нь үнэн. Шүүх хуралд суухгүй гэжээ. /хх-ийн 72-р хуудас /
-Гэрч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн “... Машиныг Н жолоодож явсан бөгөөд би арын суудалд баруун гар талд сууж явсан. Өндөр настай эрэгтэй хүн урд талын суудалд сууж явсан юм. Засмал зам дээр явж байхад гэнэт машин онхолдсон юунаас болсоныг мэдэхгүй байна. Миний зүүн нүд хөхөрсөн өөр ямар нэг гэмтэл бэртэл байхгүй. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оын 10 дугаар сарын 06-ны өдрийн 1846 дугаартай задлан шинжилгээ хийсэн дүгнэлт: 1.Талийгаачид хүзүүний 4-5 дугаар нугаламын салалт, арын сэртэнгийн хугарал, нугасны цус хуралт, баруун талын олон хавирганы хугарал, хоёр уушигны няцралт, хүзүү цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3.Уушиг нь эрс хавагнаж үхэлд хүргэжээ. 4. Шинжилгээгээр тархи судасны өвчин, тараагуур судасны хатуурал, зүрхний титэм судасны нарийсалт өвчтэй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтээр:
1.07-00 УБП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баритуудыг шинжпэн судлахад жолооч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” , 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Жолооч А.Н нь замын нөхцөлд хурдыг тохируулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүй, мөн аюул саад би болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 4. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/
-Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25-р хуудас/
-Нийт 1 398 700 төгрөгийн хохирлын баримт / хх-ийн 55-56-р хуудас/
-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-60-р хуудас.
-Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн
-48-р хуудас
-А.Нийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66-р хуудас
- А.Нийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Н нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 40 километрт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Приус-20 маркийн 07-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч С.Дын амь нас хохироосон болох нь шүүгдэгч А.Нийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Э, гэрч Д.Э нарын мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1846 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 347 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 18 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н нь ертөнцийн зүгээр Мөнххаан сумын төвөөс баруун хойд зүгт 40 километрт засмал зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Приус 20 маркийн 07-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” , 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу дахь шонг мөргөж хохирогч С.Дын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч А.Нид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Нийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Нийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Эад оршуулгын зардал төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Аагаагийн Нийг авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Эад оршуулгын зардал төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА