Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Р.О-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Н.Э

                        Шүүгдэгч                                                          Р.О

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Од холбогдох 2112000380194 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 49-09 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Р.О

 

Шүүгдэгч Р.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 49-05 тоотод байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Р.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ... гэж заасан байна.

Шүүгдэгч Р.О-ийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас ямар хэмжээний орлого олсныг тогтоох нь зүйтэй.

Мөрдөгчийн Р.О-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн гэмт хэргийн улмаас олсон орлогыг нотлох боломжгүй юм.

Мөн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй бол прокурорт буцаахаар заасан, шүүх хуралдаанд талууд шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэж олсон орлогын талаар дурдаагүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт   “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”-г яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал хураахаар Эрүүгийн хуульд хуульчилсан байгаа тул тусгай мэдлэг бүхий шинжээч томилж гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоох нь зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.О-д холбогдох 2112000380194 эрүүгийн дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Р.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор болон яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би эрүүгийн 2112000380194 дугаартай Р.Од холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/1001 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүхээс “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ... гэж заасан байна.

Шүүгдэгч Р.О-ийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас ямар хэмжээний орлого олсныг тогтоох нь зүйтэй.

Мөрдөгчийн Р.О-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн гэмт хэргийн улмаас олсон орлогыг нотлох боломжгүй юм.

Мөн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй бол прокурорт буцаахаар заасан, шүүх хуралдаанд талууд шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэж олсон орлогын талаар дурдаагүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт   “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”-г яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал хураахаар Эрүүгийн хуульд хуульчилсан байгаа тул тусгай мэдлэг бүхий шинжээч томилж гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоох нь зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөгчөөс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагч Р.О-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5057071286 дугаартай депозит дансны хуулганд үзлэг хийхэд яллагдагч Р.О нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд үзлэгт яллагдагчийн ХААН банк дахь 5057071286 дугаартай депозит дансанд орсон орлого болон зарлагын гүйлгээг салгаж Р.О нь гэмт хэргийн улмаас 4.025.500 төгрөгийн орлого олсон болохыг тогтоосон. Мөн шүүгдэгч Р.О нь уг ажиллагаатай танилцаж, өөрийн үйлдлийн улмаас олсон орлогыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос гаргасан ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 4.025.500 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох... саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Р.О-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5057071286  дугаартай депозит дансны хуулганд үзлэг хийж, орлого, зарлага зэргийг тогтоож, хэчнээн төгрөгийн зөрүү гарч буйг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээч томилох шаардлагагүй байна.

2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй бол прокурорт буцаахаар заасан гэж дүгнэсэн боловч тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан яг аль заалт хангагдаагүй учраас хэргийг прокурорт буцааж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Уг хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдал хангагдсан. Мөн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”-г тэмдэглэх хэсэгт тусгахаар заасан байхад гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тусгаагүй гэж заасан нь ойлгомжгүй, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Р.О-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 4.025.500 төгрөгийг тусгаагүй гэж байгаа бол үүнийг яллах дүгнэлтэд тусгах шаардлагагүй, энэ нь яллах дүгнэлтэд тусгавал зохих хохирол, хор уршигт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдалд хамаарахгүй ойлголт юм.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/1001 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорууд оролцоно гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон энэ шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудад үндэслэн дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Иймд уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх...ийг шүүх хянах үүрэгтэй талаар хуульчилсан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүнээс үүсэх үр дагаврыг ойлгоогүй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудалд шүүгдэгч маргаантай, хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэд дээрх асуудлын талаар тусгаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй юм.

 

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульд заасан хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах нь үндэслэлтэй байна.

 

 

  Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Д.Б