Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч П.Ст холбогдох 1730000570047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн харьяат, 1975 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй,  ам бүл 1, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, П.С,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч П.С нь 2017.08.18-ны орой өөрийн хүү болох С.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би согтуу гэртээ байж байхад манай хүү орж ирсэн. Манай хүү цагдаа дээр хэрэгт шалгагдаж байсан. Хүү орж ирчихээд гарах гэхээр нь уур хүрээд зодсон гэв.  

 

- Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 1-ны орой П.С нь Тыг зодсон гэхээр нь би Мөнххаан суманд очиход нэг нүд нь хөхөрсөн, үүдэн нэг шүд нь хугарсан байсан. Тэгээд бие нь эвгүй байна гэхээр нь Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхэд тархины хорт хавдартай байна гэж оношлогдсон. Тэгээд 2017 оны 09 сарын 1-ний өдөр 3 дугаар эмнэлэгт хагалгаанд ороод зүрх нь дийлэхгүй нас барсан. Эмчилгээний болон холбогдох зардал 1.500.000 төгрөг гарсныг П.Саас гаргуулах хүсэлтэй байна. Талийгаач хүү маань амьд байхдаа аавыг цагдаагаас салгаж авах хэрэгтэй гэж хэлснийг нь биелүүлэх хэрэгтэй гэж бодож байна... гэх мэдүүлэг / хх-н 7-8 х /, 

 

          - Насанд хүрээгүй гэрч С.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ...8 сарын 18-ны орой 20 цагийн үед өвөөгийнд очиход аав согтуу байсан. Тэгээд бие эвгүй байсан болохоор эм уух гээд гарсан чинь аав намайг чи хулгай хийхээр гарах гэж байна уу гээд босож ирээд намайг боосныг санаж байна. Тэгээд ухаан санаа орж гараад аав намайг зодож байсныг санаж байна. Тэгээд миний шүд хугарсан, доод уруул дотор талдаа урагдсан, хүзүү боогдсон улаан шархтай , одоо толгой эргэж, хүзүү хөдөлж болохгүй хүндүүр байна... гэх мэдүүлэг,/ хх-н 13-14 х / 

 

- Гэрч Ж.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Т хулгайн хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа гээд С нь дагаж явдаг болсон юм. Тэгсэн С нь гаднаас согтуу орж ирээд хүүгээ хулгай хийж нэр хүнд унагалаа гээд үглээд байсан. Тэгсэн Т нь надад толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгсөн байсныг хөргөгч дээр тавьчихсан байсан юм тэрийгээ аваад гарах гэтэл С гарч хулгай хийх гэж байна уу гээд хүүгээ зодсон... гэх мэдүүлэг,/ хх-н 15-16 х / 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 309 дугаартай дүгнэлтэд: 1.С.Тын биед тархины эдийн няцрал, нүүрний болон зүүн чихний ар хэсэг, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт, дээд үүдэн 1 шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-24 х/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-2/

 

- П.Сын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт/хх- 52 / 

 

- Хохирогч Г.Эийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт/хх- 51 / 

 

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 5/36 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол  /хх-53/ 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.09.25-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хх-н 35 х /

 

- П.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 34 х /

 

- П.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

                     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу П.С гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч П.С 2017.08.18-ны оройн 20.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Онц сур”-ын задгайд өөрийн гэртээ хүү С.Тыг зодож эрүүл мэндэд нь “тархины эдийн няцрал, нүүрний болон зүүн чихний ар хэсэг, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт, дээд үүдэн 1 шүдний хугарал “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Сын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Э, гэрч С.Т, Ж.Д нарын мэдүүлэгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

П.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч П.С нь согтуурсан үедээ өөрийн хүү С.Тыг “ гадуур гарлаа, хулгай хийх гэж байна уу” хэмээн ямарч шалтгаангүйгээр цохиж, зодсон болох нь түүний “2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би согтуу гэртээ байж байхад манай хүү орж ирсэн. Манай хүү цагдаа дээр хэрэгт шалгагдаж байсан. Хүү орж ирчихээд гарах гэхээр нь уур хүрээд зодсон “ гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эын “ 2017 оны 08 сарын 1-ны орой П.С нь Тыг зодсон гэхээр нь би Мөнххаан суманд очиход нэг нүд нь хөхөрсөн, үүдэн нэг шүд нь хугарсан байсан. Тэгээд бие нь эвгүй байна гэхээр нь Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхэд тархины хорт хавдартай байна гэж оношлогдсон. Тэгээд 2017 оны 09 сарын 1-ний өдөр 3 дугаар эмнэлэгт хагалгаанд ороод зүрх нь дийлэхгүй нас барсан” гэх, гэрч Ж.Дгийн “ Т хулгайн хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа гээд С нь дагаж явдаг болсон юм. Тэгсэн С нь гаднаас согтуу орж ирээд хүүгээ хулгай хийж нэр хүнд унагалаа гээд үглээд байсан. Тэгсэн Т нь надад толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгсөн байсныг хөргөгч дээр тавьчихсан байсан юм тэрийгээ аваад гарах гэтэл С гарч хулгай хийх гэж байна уу гээд хүүгээ зодсон” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

П.С нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч П.Ст холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

П.С гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Шүүгдэгч П.Сын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдолгүй гэсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч П.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохиролд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч П.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Ялтан П.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохиролд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  4. Ялтан П.Ст шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН