Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0150

 

2024 02 20 128/ШШ2024/0150

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т******* цай ХХК /РД:/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Г,

Гуравдагч этгээд: З.О,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №0079832 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг хүчингүй болгож, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Т******* цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б*******туяа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Т******* цай ХХК нь Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Гд холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №0079832 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг хүчингүй болгож, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тархины шидэж цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор маргасан.

 

2.Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Г нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн З.Оээс Оюуны өмчийн газарт гаргасан Т ХХК фейсбүүк фэйж хэрэглэгч нь Т******* барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж, бараа бүтээгдэхүүн худалдаалан хэрэглэгчийг төөрөгдүүлж оруулж байна гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

 

Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Г нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079832 дугаар шийтгэлийн хуудсаар Т******* цай ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

 

3.Гомдол гаргагч Т******* цай ХХК нь тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2023/9668 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

4.Гомдлын үндэслэл:

Иргэн Х.Б******* 2022 оны 12 сард Т******* цай ХХК-ийг үүсгэн байгуулах хүсэлтээ Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан журмын дагуу гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон. Гэтэл манай компани өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байхад иргэн З.Оээс Оюуны өмчийн газарт 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан. Тухайн гомдолд ... би 2022 оны 10 дугаар сарын 31-нд барааны тэмдэг авах хүсэлтээ гаргаж шийдвэрлэгдсэнээр Т******* гэх нэрийг өөрийн эзэмшилдээ авсан албан ёсны эзэмшигч ... гэтэл манай тэмдгийг Т******* цай нэрээр хуурамч цай хийж хэрэглэгчдийг залилж байна. Иймд энэхүү компанид хуулийн дагуу арга хэмжээ авна уу гэх агуулгатай гомдлыг хариуцагч хүлээн авч, зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д зааснаар Т******* барааны тэмдгийг Т******* цай ХХК гэх фейсбүүк пэйж хаягаас зөвшөөрөлгүй ашиглан барааны тэмдэгтэй бүтээгдэхүүн худалдаалж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэх асуудлыг шалгаад Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 13.1.2-т заасныг зөрчсөн болох нь үзлэг, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. ... Зөрчлийн тухай хуулийн 8.5.1-д заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №0079832 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн.

Маргаан бүхий Шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан бөгөөд дараах үндэслэлээр Шийтгэл оногдуулсан хуудсыг эс зөвшөөрч байна.

1. Манай компани иргэн З.Оийн эзэмшлийн Т******* гэх барааны тэмдгийг ашиглаагүй бөгөөд Т******* цай гэх хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2. Иргэн З.Оийн эзэмшдэг Т******* гэх барааны тэмдэг нь Т******* цай ХХК-ийг үүсгэн байгуулагдсаны дараа олгосон байгааг хяналтын байцаагч анхаарч үзээгүй.

3. Нэхэмжлэгч иргэн З.Оийн эзэмшлийн Т******* гэх барааны тэмдгийг Монгол Улсын хууль, олон улсын гэрээг зөрчиж олгосон гэж үзэж, Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гарган хянуулж байгааг анхаарч үзээгүй, шийдэгдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. /одоогоор маргаан таслах зөвлөлийн шийдвэр гараагүй/

4.Хэрэглэвэл зохих хууль, олон улсын гэрээг хэрэглээгүй.

Иймээс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №0079832 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг хүчингүй болгож, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Т******* цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Т******* цай ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Гд холбогдох маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий шийтгэлийн хуудас болох 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг нэхэмжлэгчид оногдуулах үндэслэлгүй, учир нь Улсын бүртгэлийн байгууллагын оноосон нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага бол 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №007932 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг хүчингүй болгож 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Т******* Цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь иргэн Х.Б******* нь 2022 оны 12 дугаар сард Т******* цай ХХК-ийг үүсгэн байгуулах хүсэлтээ Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон. Манай компани нь чиг үүргийнхээ хүрээнд, үйл ажиллагаагаа явуулж Хятад улсаас албан ёсны эрхтэй цайг импортлон оруулж ирдэг. Хятад компанитай албан ёсны гэрээгээ байгуулаад, импортлон оруулж ирж байгаа. Гэтэл байгууллагын оноосон нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж байгаа компанид шийтгэл оногдуулж, т******* гэдэг барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүй ашиглаад байна гэх гомдлыг иргэн З.Оээс Оюуны өмчийн газарт 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргадаг. Тухайн гомдолд би т******* гэх барааны тэмдэгтийг эзэмшдэг. Гэтэл т******* гэдэг барааны тэмдэгтийг т******* цай компани нь зөвшөөрөлгүй ашиглаж, үйл ажиллагаагаа явуулаад фейсбүүк хуудаст зар тавьж, иргэдийг төөрөгдөлд оруулаад байна гэсэн агуулгатай гомдлыг Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын газарт гаргаснаар зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт явагдсан. Энэ хяналт шалгалтын үр дагаварт Зөрчлийн тухай хуулийн 8.5.1-д заасны дагуу Барааны тэмдэгтийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3 сая төгрөгөөр хуулийн этгээдийг торгож, үйл ажиллагаа болон фейсбүүкийн нэр чиглэлээ өөрчлөхийг даалгасан шийдвэр гарсан.

Тухайн шийдвэр нь манай компанид оногдуулах ёсгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу компани, хуулийн этгээд нь өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна гэж заасны дагуу энэхүү нэршлийн доор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл компанийн нэршлээр үйл ажиллагаагаа явуулж, тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө компанийн нэрийн доор, Хятад компанийн лац, лого, барааны тэмдэгтийг огт өөрчлөөгүй хэвээр нь ашигладаг. Зөвхөн Т******* цай ХХК албан ёсны импортлогч гэсэн шошгыг нааж зардаг. Энэ нь зөрчил оногдуулах үндэслэл гэж үзэхгүй байна. Мөн манай Монгол Улс аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцод нэгдэн орсон. Тухайн конвенцын 8 дугаар зүйлд Аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдэгтийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсвэл бүртгэхгүйгээр хамгаална гэж заасан байгаа. Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т, Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 2.2.2-т Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж зааснаар Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенц нь Монгол Улсад хуулийн дагуу хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тийм болохоор энэ хуулийн этгээдийн нэршлийн дор үйл ажиллагаагаа явуулж, албан ёсны эрхтэйгээр тухайн цайг борлуулж байгаа нь хуулийн этгээдийг барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

6.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Оюуны өмчийн газарт иргэн З.Оээс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Т******* ЦАЙ ХХК гэх фейсбүүк пэйж хэрэглэгч нь миний онцгой эрх эзэмшдэг 40-0027679 улсын бүртгэлийн дугаартай Т******* барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглан, бараа бүтээгдэхүүн худалдаалж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэх бүртгэлийн 267/74 дугаартай гомдлыг гаргасан.

З.Оээс гаргасан гомдлын дагуу 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн сан дахь https://publish.ipom.mn сайтаар орж, цахим орчинд үзлэг хийхэд 40-0027679 улсын бүртгэлийн дугаартай Т******* барааны тэмдгийг бараа үйлчилгээний 5 /эмчилгээний цай, эмчилгээний зориулалттай ургамлын цай/, 30 /цай, ургамлын цай/, 35 /худалдаа/ гэсэн 3 ангилалд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноотой З******* овогтой О эзэмшиж байсан.

Тухайн барааны тэмдгийн эрх эзэмшигч нь З.О тул цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 8 дугаар сарын .21-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлэн 2302000256 дугаар авсан байдаг.

Тухайн зөрчлийн хэрэгтэй Т ХХК гэх фейсбүүк пэйж хэрэглэгч буюу Т******* цай ХХК-ийн захирал Х.Б******* нь танилцаж, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр холбогдогчийн мэдүүлэг өгсөн бөгөөд зөрчлийн хэрэгт холбогдох тайлбараа 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгнө гээд эрх, үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан.

Т******* цай ХХК-ийн захирал Х.Б******* нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор тайлбараа гаргаж өгөөгүй, харин Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2302000256 дугаартай Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол-д 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1373 дугаартай тогтоолоор тухайн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрт Х.Б******* нь гомдол гаргаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгайлан хуульчилсан.

Мөн холбогдогч Х.Б******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, оролцогчид нөлөөлөхгүй байх, Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. үүргүүдтэй танилцаж гарын үсэг зурсан, тайлбар мэдүүлэг нэмэлтээр авахаар удаа дараа дуудсан ч ирээгүй.

Иймд гомдол гаргагч З.Оээс гаргаж өгсөн холбогдогчийн Т ХХК гэх фейсбүүк пэйж https://www.facebook.com/profile.php?id= 100090134977911-д цахимд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр "Т******* барааны тэмдгийг ашиглаж байгаа эсэхийг шалгахад Т ХХК (Tarkhinii shidet tsai) нэртэй фейсбүүк пэйжийг 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн 253 хүнд таалагдсан, 447 дагагчтай, тухайн фейсбүүк хуудсанд 2023 оны 02 дугаар сарын 06, 2023 оны 02 дугаар сарын 11, 2023 оны 02 дугаар сарын 12, 2023 оны 02 дугаар сарын 18, 2023 оны 3 дугаар сарын 09, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Т******* хамгаалагдсан барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг нийтэд байршуулан, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа нь тогтоогдсон. Тус үзлэгийн тэмдэглэл болон илэрц зургийг зөрчлийн хэрэгт хавсаргасан.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг; тус хуулийн 3.1.7-д барааны тэмдэг эзэмшигч гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг; ойлгоно гэж заасан. Тус хуулийн 13 дугаар зүйлд 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол; 13.1.2-д барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; 13.1.3-д барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол; 13.1.4-д барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно; гэж хуульчилсан.

Зөрчлийн хэргийн холбогдогч Т******* цай ХХК-ийн гүйцэтгэх захирал Х******* Б******* /РД:*******/ нь Т******* цай нэрээр барааны тэмдэг авахаар Оюуны өмчийн газарт материал өгч байсан ч хүлээж аваагүй гэж Нийслэлийн прокурорт гаргасан гомдолдоо дурдсан тул тухайн асуудал хариуцсан үйлдвэрийн өмчийн газраас лавлагаа гаргуулахад аливаа барааны тэмдэг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагүй хариу ирүүлсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа нийт 58 хүртэл хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг бөгөөд тухайн хугацаа тасалдах, зогсоох боломжгүй тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул Т******* цай ХХК-д торгох шийтгэл оногдуулсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх; хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд бусдын эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж бүтээгдэхүүн худалдаалж буй постыг фейсбүүкээс устгах, Т******* цай ХХК-ийн үйл ажиллагаанд эмчилгээний цай, ургамлын цай, худалдаа зориулалтаар цаашид Т******* барааны тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж даалгавар бичсэн нь хуульд заасан ажиллагаа болно.

Иймд Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах болон Т******* цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус болохыг тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

 

7.Гуравдагч этгээд З.О шүүхэд гаргасан тайлбартаа:

З******* овогтой О миний бие Т******* цай болон тархины шид гэх Оюуны өмчийн хуулийн дагуу эзэмшдэг тул оюуны өмч дээр манайхыг хуулбарлан иргэдийг залилсан Т******* ХХК-тай маргаан үүсэж, хуулийн дагуу манайд шийдэгдсэн. Анх манайх 2021 онд оруулж ирж, энэхүү бүтээгдэхүүнийг олонд хүргэсэн бүх зүйлээ баримтаар хавсаргасан тул эрүүл мэндийн шалтгаанаар маргаашийн буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Т******* цай ХХК-иас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, мөн өдрийн Т******* цай ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

2.1.Манай компани иргэн З.Оийн эзэмшдэг Т******* гэх барааны тэмдгийг ашиглаагүй бөгөөд Т******* цай ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2.2.З.Оийн эзэмшдэг Т******* гэх барааны тэмдэг нь Т******* цай ХХК-ийг үүсгэн байгуулагдсаны дараа олгосон байгааг хяналтын байцаагч анхаарч үзээгүй.

2.3.Хэрэглэвэл зохих хууль, олон улсын гэрээг хэрэглээгүй.

3.Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч З.Оийн гомдлын дагуу Т******* цай ХХК нь Т******* барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй ашиглаж, бусдад худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгавраар Т******* барааны тэмдгийг Т******* цай ХХК-ийн үйл ажиллагаанд эмчилгээний цай, ургамлын цай, худалдаа зориулалтаар ашиглахгүй байхыг даалгажээ.

4. Гуравдагч этгээд З.О нь улсын бүртгэлийн 40-0027679 дугаар бүхий Ангилал 5: эмчилгээний цай, эмчилгээний зориулалттай ургамлын цай, ангилал 30 цай ургамлын цай, ангилал 35 худалдаа гэсэн зориулалтаар Т******* гэсэн барааны тэмдгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноотой эзэмшдэг.

5. Нэхэмжлэгч нь Т******* цай ХХК-ийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, Т******* цай ХХК нэртэй Facebook хуудсыг 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нээж, Т******* цай нэртэй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг байршуулсан бөгөөд Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр ...Т******* цай ХХК болон иргэний Х.Б******* нь аливаа барааны тэмдэг бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй... гэх үйл баримт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогджээ.

6. Нэхэмжлэгчээс Т******* цай ХХК-ийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байхад З.Оийн эзэмшдэг Т******* гэх барааны тэмдгийг Т******* цай ХХК-ийг үүсгэн байгуулагдсаны дараа олгосон гэж маргах боловч З.Оийн Т******* 40-0027679 дугаар барааны тэмдгийг Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон боловч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноогоор бүртгэгдсэн.

7. Оюуны өмчийн тухай хуулийн 7.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна:, 7.1.4.барааны тэмдэг; 7.2.Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж,

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана., 12 дугаар зүйлийн 12.1.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ., 12.2.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ., 12.3.Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:, 12.3.5.бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;, 13.1.Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:, 13.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол, 13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; гэж заажээ.

8. Эдгээр нөхцөл байдлыг дүгнэхэд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаар шийтгэлийн хуудсаар Т******* цай ХХК нь З.Оийн Т******* барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасныг тогтоож, торгох шийтгэл ногдуулж, мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгавраар Т******* барааны тэмдгийг Т******* цай ХХК-ийн үйл ажиллагаанд эмчилгээний цай, ургамлын цай, худалдааны зориулалтаар ашиглахгүй байхыг даалгасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалт болон Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д нийцсэн байна.

9. Иймд Т******* цай ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т******* цай ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын улмаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, энэхүү захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргаагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Оюуны өмчийн тухай хуулийн 7.1, 7.1.4, 7.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.3.5, 13.1, 13.1.1, 13.1.2, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Т******* цай ХХК-иас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0079832 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар  Т******* цай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН