Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 121

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар

Хохирогч О.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч П.Гд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000840072 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн харьяат,1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай,эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 2, улсаас авсан гавъяа шагнал үгүй, П.Г

           

Холбогдсон хэргийн талаар

 

           Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, сумын төвд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд О.Этай маргалдан түүний хэвлийн тус газар нь өшиглөн биед нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, гэмтлийн дараах нарийн гэдэсний цооролт, хэвлийн гялтан тас” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 сарын 17-ны өдөр би хөдөө явах гэж байгаад Э ахтай таарсан. Э ах Ооёо гэдэг айлд шараа тайлна гээд сууж байсан. Э ах намайг хөдөө очоод хөрзөн гишгээд өг гэхээр нь хамт явсан. Э ах 2 ширхэг Сэрүүн пиво аваад уучихаад явна гээд Эрдэнэтөгс гэдэг айлд очиж уусан. Тэгээд явах гэтэл Э ах би явахаа болилоо гэсэн. Би мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл миний мотоциклийн дугуй хагарсан байсан. Би Э ахыг 10000 төгрөг өгчих шинэ олгой хаймар аваад дугуйгаа нөхчихөөд явъя гэхэд Э ах “Би явахаа болилоо хийсэн бензинээ авна ” гээд байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаад зууралдаад би Э ахыг тавиулах гэж 1 удаа өшиглөсөн. Тэгээд дугуйгаа нөхүүлэх гээд яваад өгсөн. Дугуйгаа нөхүүлчихээд буцаад ирэхэд Э ахыг шалчигнаж шалчигнаж, хэрүүл хийж хийж гэр рүүгээ хүргүүлсэн гэж хэлсэн гэв. 

 

        - Хохирогч О.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би биеийн байдал эмнэлэгт боолгож байгаа. Намайг хот руу явж аппаратанд харуул гэсэн. Би  хот руу явах зардал байхгүй үзүүлж чадахгүй байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Г эмийн санд 450.000 төгрөг өгсөн байсан. Би эмнэлгээс гараад аймаг руу явж эмчлүүл гэхээр нь би Гд хэлэхэд Г-ын ээж нь надад 300.000 төгрөг өгсөн. Би хот руу явж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа учраас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Г-ын ээж, дүү хоёр нь надад 1.000.000 төгрөг өгье гэж орж ирсэн. Дараа нь шүүх хурал нь болох гээд байна гарын үсэг зураад өг гэж орж ирсэн. Би гарын үсэг зурах үгүйгээ мэдэхгүй байна. 4-5 хоногийн өмнө надад мал өгье гээд орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Би хот руу эмчилгээнд явъя гэхээр нэг төгрөг ч байхгүй явж чадахгүй байна. Би хүний асаргаанд гэрээсээ гарч чадахгүй, цоорхой гэдэстэй л байгаа. Би хэргийн материалтай танилцсан. Би хань, дүү хоёроо дагуулж явахгүй бол явж чадахгүй. Сэтгэл байвал эмчилгээний зардал өгмөөр л байна. Би өөрөө мөнгө төгрөг байхгүй учраас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна гэв.

 

        - Хохирогч О.Эы мөрдөн байцаалтанд өгсөн:... Г гэнэт уурлаад тэнд байсан хүрзийг бариад цохих гээд цохиж чадалгүй газар цохиж хүрзнийх нь ишийг хугалсан. Тэгээд намайг эргэж харах хооронд гэдэс рүү өшиглөж би газар унасан. Тэгээд намайг тэнд хаяад мотоциклоо унаад яваад өгсөн. Г эмчилгээний зардал гээд 450.000 төгрөг  өгсөн. Одоо надад 5.000.000 төгрөг өгвөл гомдолгүй гэж хэлж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 х /

 

- Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Г манай нөхрийг зодсоноос болж нарийн гэдэс нь тасраад эмнэлэгт хагалгаанд орсон. Уг нь манай нөхөр гадуур хар ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм. Одоо ажил хийхгүй болохоор манай амьдрал их хүнд болоод байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22 х /  

 

- Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн...манай хүргэн ах Гтай мотоциклтой сундалчихсан ирээд нэг удаа, 2 литрийн сэрүүн нэртэй 1 ширхэг пиво, 05. Граммын Ерөөл архитай ирсэн. Тэгээд архи пивоо тэр хоёр хувааж уугаад явах гэсэн чинь Г-ын мотоциклийн арын дугуй хагарчихсан байсан. Тэгсэн Г 10.000 төгрөг өгчих шинэ олгой авч тавиад хөдөө явъя гэтэл тэгвэл би хийсэн бензинээ авна, чамтай хөдөө явахгүй гээд тэр хоёр маргалдсан. Тэгсэн миний шавар зуурч байсан хүрзийг аваад цохих гэхээр нь би хүрзийг нь аваад чулуудсан. Тэгсэн Г намайг очиж амжаагүй байхад Эы гэдэс рүү нь өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х /

 

- Гэрч Ш.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г Э хоёр хоорондоо маргаад байх шиг байснаа Г нь хүрз аваад бариад Эыг цохиж чадалгүй иш нь хугарсан. Тэгтэл Эы мөрнөөс татаж шиг болсноо гэдэс рүү нь өшиглөх шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25 х /

 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 349 дугаар дүгнэлтэнд: 

1. О.Эы биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, гэмтлийн дараах нарийн гэдэсний цоорол, хэвлийн гялтан тас бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. 

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ / хх-н 22 х / зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, сумын төвийн Хонхорын байранд үл ялих зүйлээр О.Этай маргаан үүсгэн, улмаар түүний хэвлийн тус газар нь өшиглөн эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, гэмтлийн дараах нарийн гэдэсний цооролт, хэвлийн гялтан тас” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Э, гэрч Б.Э, Ш.Н, Ц.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 349 дугаар дүгнэлтэнд, 326 дугаатай Өвчний түүх /хх 23- 31/, О.Эы хохирлын баримт / хх- 63, 66/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

П.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч П.Г, хохирогч О.Э нар нь хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “ мотоциклийн дугуйны олгой авах, мотоцикльд хийсэн шатахуунаа буцаан авах ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан, П.Г нь О.Эы гэдсэн тус газар өшиглөж гэмтэл учруулсан нь гэрч Б.Эийн “архи пивоо тэр хоёр хувааж уугаад явах гэсэн чинь Г-ын мотоциклийн арын дугуй хагарчихсан байсан. Тэгсэн Г 10.000 төгрөг өгчих шинэ олгой авч тавиад хөдөө явъя гэтэл тэгвэл би хийсэн бензинээ авна, чамтай хөдөө явахгүй гээд тэр хоёр маргалдсан. Тэгсэн миний шавар зуурч байсан хүрзийг аваад цохих гэхээр нь би хүрзийг нь аваад чулуудсан. Тэгсэн Г намайг очиж амжаагүй байхад Эы гэдэс рүү нь өшиглөөд авсан “ гэх, гэрч Ш.Нын “Г Э хоёр хоорондоо маргаад байх шиг байснаа Г нь хүрз аваад бариад Эыг цохиж чадалгүй иш нь хугарсан. Тэгтэл Эы мөрнөөс татаж шиг болсноо гэдэс рүү нь өшиглөх шиг болсон “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

         П.Г гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн гэдсэн тус газар санаатай өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч П.Гд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүхээс шүүгдэгч П.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, эрүүгийн  хариуцлага хүлээлгэнэ.    

 

  П.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардалд 1.100.700 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

        Шүүгдэгч П.Г-ын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч О.Эд учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах хорих ялын хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Г-ын зүгээс хохирогч О.Эы эмчилгээний зардалд эхний удаад 450.000 төгрөг, дараа 210.700 төгрөгийг эмнэлгийн сувилагчид өгсөн, мөн О.Эд өөрт нь 300.000 төгрөг, дүү Зоригоод нь 160.000 төгрөг, нийт 1.100.700 төгрөгийг нөхөн төлсөн байх ба түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн байна гэж үзлээ. 

Хохирогч О.Э цаашид гарах эмчилгээний зардалд нийт 5.000.000 төгрөг нэхэмжлэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба уг нэхэмжлэлийн тодорхой тооцоог шууд гаргах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээлээ. 

Учир нь шүүгдэгч П.Г-ын үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон, тэрээр бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ шаардлагатай байгаагаа “ Би хот руу эмчилгээнд явъя гэхээр нэг төгрөг ч байхгүй явж чадахгүй,  хүний асаргаанд гэрээсээ гарч чадахгүй, цоорхой гэдэстэй л байгаа. Би хань, дүү хоёроо дагуулж явахгүй бол явж чадахгүй, өөрөө мөнгө төгрөг байхгүй учраас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна “ гэж мэдүүлсэн байгааг дурдая.  

 

Шүүгдэгч П.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатигин овгийн Пүрэвжавын Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг  1 / нэг/ жил 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Гд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

           6. Шүүгдэгч П.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогчид 1.100.700 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН