Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2024/00764

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2024/00764

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00471/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин байгаа, *******, ******* овогт ******* ийн ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, , ******* овогт ын холбогдох,

3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2022 оны 2-р сард нь надад байсан цахилгаан лантууг 3500 000 төгрөгөөр худалдан авахаар болж хэд хэд ажиллуулж үзсэний дараа бүрэн ажиллагаатай токарийн машинаар солих санал тавьж тохиролцоод цахилгаан лантууг шалгаж үзээд кранаар өргөж авч явсан. Буцаагаад токарийн машин авчирч өгөөд ажиллуулж үзэхэд ажиллагаагүй, эвдэрхий байсан. Нэг удаа хүнтэй ирж засах гэж оролдоод ажиллуулж чадаагүй явсан түүнээс хойш нь асуудалгүй засаж өгнө гэсэн боловч утсаа авахаа байж алга болж өдий хугацаа боллоо. Хааяа тааралдахаараа өө асуудалгүй засаж өгнөө л гэдэг. Хамгийн сүүлд 2023 оны 11-р сард зах дээр таараад нэхсэн өгнө гэсэн. Иймд намайг залилсан гэж үзэж 3,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* тэй 2021 оны 05 сард анх 3,500,000 төгрөгийн наймаа хийсэн. 2024 оны 04 сард ******* шүүхээр надаас 3,500,000 төгрөг нэхэмжилсэн. Бид хоорондоо тохиролцож Д. миний бие Ц.*******д 3,000,000 төгрөг өгөхөөр болж 2,500,000 төгрөгийг Ц. ******* д өгсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг Д. би 2024 оны 06 сарын 07-ны өдөр Ц. ******* д өгч өөрийн токарийн машинаа буцаан авах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. ******* нь хариуцагч Д. т холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 3,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба үлдэгдэл 500,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 07-ны өдөр төлж токарийн машиныг буцаан авахаар тайлбар гаргасантай нэхэмжлэгч танилцан уг нөхцөлийг зөвшөөрч тайлбарт гарын үсэг зуран талууд эвлэрсэн байна.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ц. ******* гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д. т холбогдох 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Д. 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба үлдэгдэл 500,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 07-ны өдөр төлж токарийн машиныг нэхэмжлэгч Ц. ******* гээс буцаан авахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эвлэрсэн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 38,950 төгрөгийг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 42,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц. ******* д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА