Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00712

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00712

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-тай 2014 онд танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд мөнгөтэй холбоотой асуудлууд гарч, Б.Б  нь залилж ах дүү нартайгаа нийлж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг авахаар хэл ам хийх болсон. Байнгын хэрүүл тэмцэлтэй, зан харьцааны хувьд таарамжгүй байсан ба 2017 оноос хойш нэхэмжлэгч 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдрах болсон. Гэрлэлтийг цуцалж, хүү Б.Дэлгэрсайхан, охин Б.Номундарь нарыг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж, үрчилсэн эцэг Б.Б-аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Б-тай 2014 онд танилцах үед Б.Дэлгэрсайхан, Б.Номуундарь гэдэг хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. Хоёр хүүхдийн эцэг н.Нямжаргал тухайн үед салсан байсан. Ө.Б  нь Австрали улсад суралцахаар явах болж гэр бүлийн хүмүүс хамт дагаж явах боломжтой болсон. Хоёулаа гэрлэлтээ бүртгүүлээд Австрали улсад ажиллаж, сурч болох юм гэж ярилцаад хамгийн гол нь виз гаргуулахын тулд хоёр хүүхдийг өөрөөрөө овоглох хэрэгтэй болсон. Баримт бичгийг бүрдүүлж хоёр хүүхдийг нь үрчилж авч өөрөөрөө овоглоод Австралийн визэд орсон ч банкны баталгаа шаардлага хангаагүйн улмаас виз гараагүй. Ө.Б-тай хамт амьдарч байгаагүй, гэр бүл салахыг зөвшөөрч байна, Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхдийн эцэг нь н.Нямжаргал гэдэг хүн байдаг. Би хүүхдийг үрчилж аваагүй. Тухайн үед Ө.Баяржаргалын ятгалгаар үрчлэх хүсэлт гаргаж, өөрөөрөө овоглосон. Б.Дэлгэрсайхан, Б.Номуундарь гэдэг хоёр хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Б надтай гэрлэж, хоёр хүүхдийг маань хамтдаа өсгөж, харж халамжилна гэж хэлж гэрлэлтээ батлуулсан. Хэдийгээр Б.Б-ын төрсөн хүүхдүүд биш ч, үрчилж авсан эцэг хүний хувьд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Б.Б-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч Бөх заан овогт Ө.Б Хариад овогт Б.Б.нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүү Б.Дэлгэрсайхан, охин Б.Номундарь нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Б.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 93,009 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ө.Б-тай гэр бүл болохдоо түүний 2 хүүхдийг өөрийн нэр дээр шилжүүлж, үрчлэн авсан нь тухайн үед дараа нь үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн мэдэхгүй, Ө.Б-ын ятгалгад орсон. Ө.Б-тай гэр бүл болж, түүний хүүхдүүд болох Б.Дэлгэрсайхан, Б.Номундарь нарыг нэр дээрээ шилжүүлж авсан нь нэг талдаа Ө.Б-ын хүүхдүүдийг ашиглан Австрали улс руу виз гарахад ашиглах зорилготой байсан. Өөрийн хүүхдүүд шиг харж хандаж эцэг хүний ёсоор үнэн сэтгэлээр үрчилж аваагүй гэдгээ анхан шатны шүүх дээр тайлбарласаар байтал шүүх энэ байдалд үнэлэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах хэсгийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Б.Б-Т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үрчлэлт хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талууд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн хэдий ч хүүхдийн үрчлэлт хуулийн дагуу явагдсан эсэхэд маргаантай байна. Мөн талууд хүүхдүүдийн төрсөн эцэг нь н.Нямжаргал гэдэг хүн байдаг тухай тайлбарлажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцохоос гадна шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэжээ.

 

Австрали улс руу явах виз гаргуулах зорилгоор 2 хүүхдийг үрчилж авсан талаар хариуцагч тайлбарлажээ. /хх 21-28, 30-31/

 

Хариуцагч хүүхдүүдийг үрчлэн авах хүсэл зорилготой байсан эсэх, хүүхдүүд төрсөн эцгээсээ тэтгэлэг авдаг эсэхийг тодруулах нь тухайн хэрэгт ач холбогдолтой байжээ.

Нэхэмжлэгч хүүхдүүдийн эцгээс албан ёсоор хүүхдийн тэтгэлэг авдаг эсэх, өмнөх гэрлэлтээ захиргааны журмаар болон шүүхийн журмаар цуцалсан эсэх, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай.

 

Мөн хэргийн 12 дугаар хуудасны баримтаас гэрлэгчид зөвхөн гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид ханджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан заалтаас үзэхэд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болохоор заасан. Талууд хүүхдийн тэтгэлгийн асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид хандахад хуулиар хориглосон заалт байхгүй юм.

 

Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтоохоор байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх, саналыг авахад өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, иргэдийн төлөөлөгчдийн аль нэгийг байлцуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай эсэхийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн шүүхийн шийдвэрийн хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах хэсгийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД