Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          П.Ч-д холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Ө.Б       

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.П

Шүүгдэгч                                                         П.Ч

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Чад холбогдох 1912002260190 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн  05-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Ч

 

Шүүгдэгч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас П.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч П.Ч-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чыг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чад оногдуулсан  5.400 / таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч П.Чын өмгөөлөгч С.П, Г.Э бид Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх П.Чыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

П.Ч нь Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагч нарт 300.000 төгрөгийн урамшуулал олгохдоо тухайн онд сахилгын шийтгэлтэй байсан хүмүүст олгохгүй гэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэснийг мэдээгүй байсан.

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэл, тус Тамгын газрын даргын гарын үсэгтэй “...Засгийн газрын 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичгийг эбл сүлжээгээр илгээсэн байдаг боловч уг албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Т.У сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ирсэн, явсан бичиг бүртгэх дэвтэрт бүртгэгдээгүй, хэн нэгэнд хүлээлгэн өгөөгүй байдлаас харагдана.

Гэтэл анхан шатны шүүх П.Чад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас илгээсэн албан бичгийг тухайн өдрөө Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн гэсэн гэрч Т.Уийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Т.У нь сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд тухайн байгууллагад ирсэн бичгийг “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, албан тушаалтнаас хийсэн цохолтын дагуу холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хариутай бичиг бол хариу явсан эсэхэд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан юм.

Гэсэн атлаа албан бичгийг бүртгэж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөөгүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч Т.Уийн мэдүүлэгт үндэслэн П.Чад гэм буруу тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулсныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй юм.

Харин П.Ч нь сахилгын арга хэмжээтэй төрийн албан хаагч нарт урамшуулал олгохгүй гэдгийг мэдэх ёстой байсан боловч үүнийг мэдээгүй байгаа буруутай гэж үзвэл энэ байдал нь түүнийг албан тушаалын үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан гэж үзэх нөхцөлийг бий болгож болох боломжтой юм.

Эдгээр байдлаас үзвэл П.Чын үйлдсэн гэх гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн гэм буруу тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. Иймд П.Чад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор П.Чыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнээд үзэхэд П.Ч нь ажлаас халагдсан, мөн сахилгын шийтгэлтэй албан тушаалтнуудад төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь зөв байна. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч П.Ч нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж урамшууллыг нэр бүхий таван хүнд олгосон. Урамшууллыг ямар хүмүүст олгодог вэ гэхээр тухайн жилд үр дүнтэй ажилласан хүмүүст олгохоор тогтоолд дурдагдсан байна. Гэтэл П.Ч нь тогтоолыг зөрчиж ажлаас халагдсан болон сахилгын шийтгэл хүлээсэн хүмүүст урамшууллыг олгосон. П.Ч нь тухайн тогтоолыг мэдээгүй, хүлээж аваагүй гэдэг боловч тухайн зүйлийг мэдээгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ер нь анхан шатны шүүх нь хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь П.Чад холбогдох үйлдлийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж зүйлчилсэн бол буруу болох байсан. Харин П.Чын үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж зүйлчилсэн нь зөв болсон гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бод эрх, үүргийг танилцуулаагүй талаарх тайлбарыг хэлж байна. Х.Бод эрх, үүргийг бол танилцуулсан. Х.Б надтай хамт анхан шатны шүүх хуралдаанд 05 дугаар сард орсон. Тэгээд Х.Б бид хоёр хэргийн материалтай хамт танилцсан байдаг. Энэ шүүх хуралдаан дээр Х.Бод эрх, үүргийг нь танилцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сая хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Засгийн газрын тогтоолыг мэдээгүй байх нь хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй гэж байна. Мэдээгүй байгаа нь хариуцлагаас мултрахгүй байж болно. Харин зүйлчлэлийн хувьд авч үзэхэд энэ хүн мэдэх ёстой юм аа мэдээгүй байгаа нь энэ зүйлчлэлийн хувьд тохирохгүй юм гэж үзэж байна. П.Чын хувьд албан тушаалдаа хайнга хандсан гэсэн асуудал гарч ирээд байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэг удаа шүүх хуралд ирсэн. Гэхдээ эрх, үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зурсан зүйл байдаггүй юм. Тийм болохоор би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаагүй гэдэг асуудлыг дурдаж хэлж байгаа юм. Миний хувьд П.Ч гэдэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зүйлчлээд байгаа зүйлчлэлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай бүрэн дүүрэн, эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс П.Чад холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. П.Ч нь үнэхээр мэдэх ёстой байсан уу гэвэл мэдэх ёстой байсан. Тухайн суманд энэ бичиг ирсэн тухай төрийн албан хаагч нар цөмөөрөө мэдээгүй талаараа гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. Тэр бичиг бүртгэх дэвтэр гэдэг чинь стандарт шаардлага хангасан бүртгэлийн дэвтэр юм. Тэр бичиг бүртгэх дэвтрээр дамжиж ирсэн, явсан бичгүүд холбогдох эзэндээ очиж байдаг. Гэтэл энэ бичгийн хувьд ерөөсөө бүртгэгдээгүй байгаа шүү гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Үнэхээр мэдэх ёстой байсан уу гэвэл мэдэх ёстой байсан. Гэхдээ мэдээгүйгээр энэ олгосон үйлдэл нь ажил албан тушаалын байдалдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгааг харуулж байгаа болохоос биш, харин бусдад давуу байдал олгоод байгаа асуудлыг харуулаагүй юм гэдгийг нэмж тайлбарлаж байна. Иймд П.Чад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Чыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэлэх боломжтой, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар   шүүгдэгч П.Чад холбогдох хэрэг тогтоогдсон гэж дүгнэн,  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүх эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгч П.Чад торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирчээ.

.                                                                      

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э нар  Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэл, тус Тамгын газрын даргын гарын үсэгтэй “...Засгийн газрын 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичгийг эбл сүлжээгээр илгээсэн байдаг боловч уг албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Т.У сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгөөгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч Т.Уийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

Монгол Улсын Их Хурлын оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагддад 300.000 төгрөгийн урамшуулах олгохоор тогтоосон байх ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар дээрх урамшууллыг сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгасан байна.

 

Энэ дагуу Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар хавсралтанд заасан  19 ажилтанд тус бүр 300.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

 

Ингэхдээ сахилгын арга хэмжээ авагдсан болон ажлаас халагдсан нэр бүхий 5 ажилтанд урамшуулал олгосон байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Т.Уийн мэдүүлгээр Архангай аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн1427 дугаартай “Төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу гэсэн  албан бичгийг Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Чад хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байх  тул П.Чыг төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг сахилгын арга хэмжээ авагдсан албан хаагчдад олгохгүй гэдгийг мэдээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                      Н.Э