Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Х.Мөнхбаатар

Иргэдийн төлөөлөгч Ц.Сумьяа, Ж.Оюунханд, Б.Үүрцайх

Хохирогч Б.Урансайхан

Хохирогчийн  өмгөөлөгч Д.Сумьяа

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ч.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 201612000179 тоот  хэргийг  2017 оны  06 сарын 22-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 3 сарын 18-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  4-р баг, Хашаат гэх газар нутаглах, урьд ял шийтгүүлж  байгаагүй, хэрэг  хариуцах чадвартай Бартаг  овгийн Чимэдцэрэнгийн Баатарсүрэн /РД:ЗД61031810/

 

  Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн нутаг Хөх хад гэх газар өөрийн гэртээ Д.Тайванжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан зодож улмаар данхраадны төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглан толгойн тус газар нь цохиж танхайран санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ч.Баатарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2016 оны 10 сарын 23-ны өдөр би Түвшингийнх гэдэг айлд үрсэнд очсон. Эргээд гэртээ ирсэн. Ж.Бүдсүрэнг Ц.Түвшинбаяр хүргэж өгсөн. Дараа нь талийгаач эхнэртэйгээ ирсэн. Ц.Түвшинбаяр явсан. Манайд хоол идэж байгаад 2.5 литрийн савлагаатай монгол архи гаргаж өгсөн. Ууж дуусаад талийгаач надаас архи  байна уу гэхээр архи байхгүй гэсэн. Бид маргаж,  ноцолдоод би талийгаачийг нэг удаа цохьсон, талийгаач намайг тийрч хамраас цус гаргасан.  Бид хоёрыг салгасны  дараа нь талийгаач намайг ална гээд хутга тэнийлгээд гарсан. Би цусаа тогтоогоод байж байтал талийгаач “гараад ир эвлэрнэ” гэсэн. Гэрт манай эхнэр,  талийгаачийн эхнэр хоёр байсан. Би гарч очоод гадаа хүйтэн байна, машинд сууя  гэсэн.  Намайг машины тэнд очиход ална гээд далайхаар нь хутгалах гэж байна гэж айгаад ил байсан төмрийг авч талийгаачийн гар луу нь  цохих санаатай цохьсон чинь толгойд нь оносон. Тэр хүн газар дээрээ унасан. Тэгээд талийгаачийн эхнэр, манай эхнэр, Дунгаамаа 3 гарч  ирсэн. Талийгаачийг мотоцикльд эхнэр нь сундлаад явсан. Би гэрт орсон байсан. Ийм хэрэг хийсэндээ их гомдож байна...” гэв.

   2. Хохирогч Б.Урансайхан шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 сарын 23-ны шөнө манай ээж Дунагаа утсаар залгаад Тайванжаргал ах чинь хүнд зодуулчихлаа түргэн, цагдаад яаралтай мэдэгд гэсэн. Тэгээд эмнэлэг  дээр очиж хэлээд цагдаад мэдэгдсэн ба өөрөө суманд үлдээд түргэн явуулсан. Тэгээд шөнө 02 цагийн үед очиход манай ах эмнэлэгт ухаангүй байдалтай байсан. Эмч Маналтай уулзахад тархиндаа гэмтэлтэй биеийн  байдал муу байна  гэсэн. Аймагт мэдэгдсэн гэж хэлж байсан, тэгээд 2016 оны 10 сарын 24-ний 20 цаг 35 минутанд манай ах Тайванжаргал нас барсан. Гомдолтой байна. Одоо эхнэр 4 хүүхэд нь өнчирч үлдсэн, энэ хүн манай ахыг төмрөөр цохиогүй бол ийм зүйл болохгүй байсан. Одоо ар гэр эхнэр хүүхдийг нь тэтгэх хүн алга. Би Тайванжаргалын төрсөн эмэгтэй дүү нь байгаа юм. Оршуулгатай холбогдон гарсан бүх зардал 5.050.000 төгрөг төлсөн. Одоо сэтгэл санааны хохирол болон 4 хүүхдийн  тэтгэмж 100 сая төгрөг  нэхэмжилж байна...” гэв.

3. Гэрч Ё.Отгонтуяагийн /талийгаач Д.Тайванжаргалын эхнэр/  “... Би Ч.Баатарсүрэнгийн  эхнэр Ё.Пүрэвсүрэнгийн төрсөн дүү нь болохоор талийгаачийн төрсөн дүү Б.Урансайханыг хохирогчоор оролцуулсан юм... 2016.10.23-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр Тайванжаргал бид хоёр  манай саахалт айл болох  Баатарсүрэнгийнд очиход Баатарсүрэн түүний эхнэр Пүрэвсүрэн, манай хадам аав Будсүрэн, хадам ээж Дунагаа, манай нөхрийн дүү Энхболд нар  байсан. Бид 2 ороод хоол цай идээд сууцгаасан. Бид 2-ыг ороход тэр 4 ундааны савтай монгол архи уугаад сууж байсан.Тэгээд тэр архийг хувааж ууж сууж байгаад манай нөхөр би архи уухгүй гэж хэлтэл Баатарсүрэн голоод байгаа бол гаргаад цацчихгүй юу гэсэн....Тэр үед Будсүрэн, Тайванжаргал 2 ах дүү нараа ярьтал Баатарсүрэн босч ирээд удам судар ярих гээд байна уу, амжихгүй шүү гэсэн. Хариуд нь Тайванжаргал та одоо юу ярих гээд байгаа юм гэтэл ах нь нэг гарчихаад ирье гээд гарсан. Тэгтэл машины хаалга дуугарсан. Тэгээд орж ирэхдээ урт төмөр бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би булааж аваад Пүрэвсүрэн  эгчид өгсөн.  Тэгтэл тэр 2 барилцаж аваад манай нөхрийн  хоолойг  боогоод нүүрлүү нь нэг удаа мөргөөд орны хойд талаар давхралдаж унаад дээрээс нь нэг удаа Баатарсүрэн нүүрлүү нь цохисон. Эхлээд Баатарсүрэн  ах цохиж зодсон. Тэгээд бид нар салгасан. Тэр үед талийгаач гэрээс гарахаар нь би араас нь гарсан. Тэгэхэд гэрийн  гадаа талийгаач нөхөр  маань гартаа хутга барьчихсан  байхаар нь булааж авах гэтэл гараас нь тэр хутга  газар ойчихоор нь  би авсан юм. Тэр үед Пүрэвсүрэн гэрийн  гадаа гарчихсан үүдэнд зогсож байсан. Тэгээд би гэр  лүү буцаад орсон юм. Гэрийн гадаа талийгаач  байж  байгаад хаалгаар шагайгаад “Баатарсүрэн  ах гараад ир, эр хүн шиг эв зүйгээ  ольё” гэж хэлсэн чинь Баатарсүрэн болохоор “ би ч эвлэрдэг хүн биш дээ” гээд гэрээс гарсан. Гэрийн гадаа тэр хоёроос өөр хүн байгаагүй. Гэрийн  зүүн талд пид гээд чимээ  гарахаар нь ээж Дунгаамаа бид хоёр гэрээс гартал талийгаач гэрийн  зүүн талд  машины урд талд газар ойччихсон байсан. Баатарсүрэн болохоор  цохисон гэх төмрөө машин дотор хийчихээд гэр лүүгээ орчихсон ” гэх  мэдүүлэг  /1-р х.х-46-51,  193, 2-р х.х-117-рт/

4.Гэрч Ё.Пүрэвсүрэнгийн /шүүгдэгчийн  эхнэр/ “...2016.10.23-ны өдөр нөхрийн хамт Түвшин гэх айлын үрсэнд очсон. Тэнд байж байгаад 20 цагийн үед гэртээ нөхөр Баатарсүрэнгийн  хамт ирсэн. Ирэхэд Будсүрэн түрүүлээд Түвшингээр хүргүүлээд гэрт ирээд хүлээж байсан. Тэгээд гэрт ороод хоол цай хийгээд байж байхад Тайванжаргал эхнэр Отгонтуяагийн  хамт араас гэрт ирсэн. Тэгтэл мөн Дунагаа, Энхболд нар морьтой ирсэн. Тэгээд гэрт хоол хийж байхад манай нөхөр 2 литрийн савтай монгол архи гаргаад ууцгаасан. Тэгтэл гэнэт Тайванжаргал, Баатарсүрэн 2 муудалцаж эхэлсэн. Яг ямар зүйлээс болж муудалцсаныг мэдэхгүй байна. Тэгтэл манай нөхөр Баатарсүрэн ах нь дүүгээсээ айгаад байна шүү гэж хэлээд биеэ засах гээд гарсан. Гараад орж ирэхдээ урт төмөр бариад ороод ирсэн.  Тэр үед Отгонтуяа төмрийг булааж аваад надад өгсөн. Би төмрийг гэрээс зүүн  хойш гаргаад хаясан. Тэгтэл тэр 2 босоод зууралдаж аваад орны хойд талаар хоёулаа газарт унасан. Унахад Тайванжаргал доод талд нь Баатарсүрэн дээд талд нь 2 биенийгээ боосон байдалтай унасан. Тэгэхэд доод талаас Тайванжаргал манай нөхрийг нүүрлүү нь өшиглөсөн, хариуд нь манай нөхөр нүдрүү нь нэг удаа цохисон. Тэр үед Отгонтуяа бид 2 салгасан.Тэгээд Тайванжаргал, Баатарсүрэн 2 гэрийн хоёр талд орон дээр сууцгаасан. Би гэрийн  гадаа хутга  гаргаж байхыг нь хараагүй. Тухайн үед би гэрийн үүдэнд босгоны хажууд зогсож байсан юм. Талийгаач Тайванжаргал өөрөө авгай хутга авчихлаа. Баатарсүрэн ах гараад ир гээд хаалгаар  дуудаад байсан юм. Тэгэхэд Баатарсүрэн учраа олохгүй ээ гэж хэлсэн. Тэгж байгаад Баатарсүрэн гараад очсон. Бид нар гэрт байсан. Тэгтэл гэрийн зүүн талд түгхийсэн чимээ гарсан ба Отгонтуяа, Дунагаа бид 3 гараад очиход Тайванжаргал гадаа унасан  байдалтай, Баатарсүрэн машины хажуу талд зогсож байсан. Би гэрийн  гадаа хутга  гаргаж  байхыг  нь хараагүй. Би гэрийн гадаа хутгыг нь эхнэр Отгонтуяа нь газар ойчихоор нь булааж авсан гэж  хэлээгүй ” гэх  мэдүүлэг..” /1-р х.х-40-44, 2-р х.х-122-рт/

5. Гэрч Ц.Дунгаамаагийн /талийгаач Д.Тайванжаргалын эх/  ” ... Миний албан ёсны нэрийг  Цэрэнбаатарын Дунгаамаа гэдэг. Манай сумын иргэд намайг Дунагаа гэж дууддаг юм....Хоол, цай идээд сууцгааж байтал Тайванжаргал, Баатарсүрэн 2 гэнэт муудалцаж эхэлсэн. Баатарсүрэн миний архийг голлоо гээд талийгаач хүүг минь хэл амаар дайраад байсан. Тэгээд талийгаач хүү минь болохоор би харьлаа архи уухгүй гээд хэлсэн чинь Ч.Баатарсүрэн чи миний юмыг голлоо, ах дүү нараа мэдэхгүй байж хүний өөдөөс томроод гэж хэлээд мөн “чамайг алчихна шүү” гэж хэлээд Ч.Баатарсүрэн миний хүүг заамдаж аваад гараараа нүдрүү нь цохиод авсан. Тайванжаргал өөдөөс нь барих гээд барьж авч чадаагүй юм. Тэгээд миний хүүг багалзуурдаад гэрийн баруун талд байх орны араар чихээд гараараа толгой руу нь их олон удаа цохих шиг болсон. Тэгээд зүүн талын нүдийг нь хавтгасан байсан. Талийгаач хүү минь Баатарсүрэнг цохиод байхаар нь хөлөөрөө хальт нэг өшиглөсөн юм. Миний хүү доор нь орчихсон байсан, харин Баатарсүрэн дээр нь гарчихсан зодож байсан.  Тэр 2-ыг салгах гээд байхад дийлдэхгүй байсан юм. Тэгж байгаад нэг салгаад гэрийн 2 талд орон дээр хоёуланг нь хориод байсан. Ч.Баатарсүрэн гаднаас нэг богино төмөр бариад гэрт ороод ирэхэд нь талийгаачийн  эхнэр Отгонтуяа тэр төмрийг булаагаад авсан.  Тэгээд талийгаач гэрийн  гадаа гараад хоорондоо эвлэрье гэхэд Ч.Баатарсүрэн болохоор чамайг алж байж сална гэсэн. Тэгээд Баатарсүрэн гэрээс гараад гэрийн зүүн талд машиныхаа тэнд талийгаачийг төмрөөр цохих шиг болсон. Тэр үед гэрт байхад гэрийн зүүн талд пид хийх чимээ гараад явчихсан. Тэгэхээр нь бид нар гартал миний хүү гэрийн зүүн талд машины хажууд газар ухаан алдсан  хэвтэж байсан. Гэрийн гадаа талийгаач хүү, Баатарсүрэн нараас өөр хүн байгаагүй. Миний хүүг Ч.Баатарсүрэн  толгой руу нь богино төмрөөр цохиж зодсоноос болж миний хүү эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барсан. ...би талийгаачийг карманаасаа хутга гаргаж ирснийг хараагүй. Ч.Баатарсүрэнгийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг  / 1-р х.х- 25-30, 2-р х.х-114-рт/

6. Гэрч Ж.Бүдсүрэнгийн /талийгаач Д.Тайванжаргалын эцэг/: “2016.10.23-ны өдөр манай саахалт айл Түвшингийх үрсэлсэн юм. Тэнд найрлаж байгаад би Түвшингээр Баатарсүрэнгийд хүргүүлсэн юм. Баатарсүрэн, Пүрэвсүрэн  бид нар байж байтал араас Тайванжаргал, Отгонтуяа 2 ирсэн. Мөн араас нь манай хөгшин Дунагаа хүү Энхболдтой хамт морьтой ирсэн. Тэгээд тэр айлд хоол унд идсэн, мөн Баатарсүрэн 2 литрийн хүрэн өнгийн савтай монгол архи гаргаж ирсэн. Хүү минь болохоор би харилаа архи уухгүй гээд хэлсэн чинь Ч.Баатарсүрэн чи миний юмыг голлоо, ах дүү нараа мэдэхгүй байж хүний өөдөөс томроод гэж хэлсэн, мөн хүүг маань алчихна шүү гээд хэлсэн. Нэг мэдэхэд Ч.Баатарсүрэн миний хүүг  заамдаж аваад гараараа нүдрүү цохиод авсан юм.  Тайванжаргал болохоор өөдөөс нь барих гээд барьж авч чадаагүй юм. Тэгээд миний хүүг багалзуурдаад гэрийн  баруун талд байх орны араар  чихээд гараараа толгой руу нь цохиод байсан.  Талийгаач хүү минь Ч.Баатарсүрэнг цохиод байхаар нь хальт хөлөөрөө нэг өшиглөсөн юм. Тэгээд муудалцаж байгаад Тайванжаргал эхэлж гараад араас нь Баатарсүрэн учраа олно гээд гарах шиг болсон. Тэгээд удалгүй Баатарсүрэн Тайванжаргалыг цохиод унагалаа гээд л бөөн  юм болоод байх шиг байсан.  Би хараа, хөл, гар муутай болохоор гэрээс гараагүй. Баатарсүрэн, Тайванжаргал нар гэрийн гадаа хоёулаа байсан. Би талийгаачийг карманаасаа хутга гаргаж ирснийг хараагүй...” гэх мэдүүлэг /1-р х.х- 31- 35, 2-р х.х-112-113/

7. Гэрч М.Маналын /эмч/“... 2016.10.23-ны өдөр жижүүр эмчийн  үүрэг гүйцэтгэж байхад сумаас урагш ууланд согтуу 2 хүн зодолдоод нэг нь толгойруу нь төмрөөр цохичихлоо гэх дуудлага ирсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн айлд очиход өвчтөн Тайванжаргал баруун орон дээр хэвтсэн, ухаангүй, цочирооход хариу урвалтай, хүүхэн хараа нэг талд үзэх боломжгүй хавдартай, нөгөө талд гэрлийн  урвалтай, амин үзүүлэлт тогтвортой, зүрх хэм алдагдалттай байдалтай байсан. Тэгээд өвчин намдаах аналгин болон кокорбоксилаза 0.5-аар 0,2 мл-тэй шингэлээд судсаар хийгээд болгоомжтой өргөөд эмнэлэгт авчираад үзлэгээ хийгээд өвчтөний түүх нээгээд яаралтай эм тариа хийгээд Аймгийн мэс замлын Энхзоригтоос зөвлөгөө авсан. Тэгээд гэмтлийн эмч мэдрэлийн эмч нарт дуудлага өгсөн. Эмч нар 2016.10.24-ний шөнө  05 цагийн үед ирээд эмч нар үзлэгээ хийгээд яаралтайгаар хагалгаа хийх шаардлагатай болоод аймгаас мэс заслын баг  дуудсан. Тэгээд 11 цагийн орчим хагалгаанд ороод 13 цагийн орчимд хагалгаа дуусгаад эмч нар зөвлөгөө эмчилгээгээ зөвлөөд буцсан. Тэгээд зөвлөсөн эмчилгээг тасралтгүй хийж тогтмол хянасан. Тэгээд 18 цаг 30 минутанд гэнэт сатурацин нь унаад 45 хувьд хүрсэн. Тэгээд чагнахад зүрх сонсогдохгүй, амьсгал мэдрээгүй, тэгээд шууд сэхээн амьдруулах үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд 19 цаг 54 минутанд өвчтөн нас барж, сэхээн амьдруулалтыг зогсоогоод 20 цаг 30 минутын үед ар гэрийнхэнд нь хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р х.х-37-38/

8. Гэрч Ц.Батбилэгийн /мэс заслын эмч/“...2016.10.23-наас 24-нд шилжих шөнө 3 цаг 20 минутанд дуудлага аваад Дэлгэрхангай сумруу яваад шөнө 5 цаг өнгөрч байхад суман дээр нь Эрүүл мэндийн  төвд очсон  юм. Тэгээд эмнэлгийн нэг тасагт ороход орон дээр нь их бие нь дээшээ харсан толгойгоо хажуу талаар нь харуулж хэвтсэн нэг эрэгтэй залуу хэвтэж байсан. Тухайн  хүн  нь ямар нэгэн ухаан байхгүй, орчиндоо харьцаагүй, үе үе гараа бага зэрэг татдаг  хүн байсан. Тэр хүнийг толгойруугаа төмөр турбагаар цохиулсан гэж эмч нар нь хэлсэн.  Мөн эхнэр, ээж нь гэх эмэгтэй хүмүүс ч тэгж хэлсэн.  Тэгээд биед нь үзлэг хийхэд: зүүн нүдний зовхи хацар,  чамархай орчимдоо хавдартай, зовхи нь хөхөрсөн, зүүн  чамархай хэсэгтээ зулгарсан шархтай,  эрэгтэй хүн  байсан. Би мэдрэлийн эмч Т.Бямбацэрэнтэй зөвлөлдөөд тархины дарагдал чөлөөлөх хагалгааг яаралтай хийх, эмийн  эмчилгээг эрчимтэйгээр үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн юм. Тэгээд аймгаас хагалгааны баг  дуудсан.  Хагалгааны баг  9 цаг гээд суманд ирсэн. Тэгээд өвчтөнтэйгөө танилцаад хагалгааны бэлтгэл ажил хангаад 11 цаг гээд шууд хагалгаанд орсон. Хагалгаанд орж байхад тухайн хүний зүүн чамархайд мэс заслын шарх үүсгэж хуйхыг гавал яснаас хөндийрүүлэн сөхөхөд чамархай яс дотогш цөмөрсөн  байсан.  Цөмөрхий ясыг нь нааш сугалан авахад цөмөрхий доороос хар хүрэн өнгийн нөж түрж гарсан нөжийг  цэвэрлэн тархины хатуу хальсан дээрх 2 судаснаас цус гарч байсныг түлх аргаар тогтоон  хатуу хальсаа үнэлэхэд тэр хэсэгтээ няцралттай улаан хүрэн  өнгийн  чинэрэлтгүй байсан.  Тэгээд хяналтын гуурс тавиад шархыг үечилж хаасан  юм. Тэр хүн тэр өдрийн орой 19 цагийн үед нас барсан гэж сүүлд сонссон юм. Тэр хүнийг Тайванжаргал гэж байсан, эрэгтэй, 38 настай хүн байсан. Тэр хүн хүнд зодуулаад тархиндаа гэмтэл авсан гэсэн. Хэн зодсоныг мэдэхгүй. Миний зүгээс хагалгаа хийж тархины дарагдлыг чөлөөлөх хагалгаа хийсэн юм. Тэр хагалгааг  хийгээгүй бол тэр хүн амьд гарахгүй байсан  юм. Тухайн хүн ямар нэгэн  зүйл хэлэхгүй, ухаангүй байж байгаад нас барсан гэж байсан. Намайг хагалгаа хийгээд явсан хойно орой нас барсан гэсэн...” гэх мэдүүлэг  /1-р х.х- 54-55/

9. Шинжээчийн 2016.11.28-ны өдрийн 160100047 тоот дүгнэлтэнд: “Шүүх эмнэлгийн  задлан шинжилгээний  онош хэсэгт 1.Үндсэн гэмтэл, эмгэг өвчин:  Гавал тархины  битүү гэтэл, зүүн чамархайн  ясны цөмөрсөн  хугарал, гавлын  зүүн талын  урд хонхорын дунд хэсгээс баруун талын урд хонхорын ар хана хүрсэн шугаман хугарал, хатуу хальсан  дээрх цус хуралт /60 мг/, Тархины  зүүн талын тал бөмбөлөгийн  чамархай, суурь хэсгийн  эдийн няцрал. 2.Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Тархи уушигны хаван, тархины  хажуугийн  болон  гүүр, уртавтар  тархийг  хамарсан  төвийн  гаралтай цус хомсорлын цус харвалт. Зовхины цус хуралт, нүдний  алимны эвэрлэгийн цус харвалт, хацрын зөөлөн эдийн гэмтэл, хөнгөн зэргийн согтолт гэжээ.

Тус шинжээчийн  дүгнэлтийн  дүгнэлт хэсэгт : 1,2. Д.Тайванжаргалын цогцост онош хэсэгт  бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  нэг  удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачийн цогцосноос авсан цусанд 0.7% спиртийн  агууламж  илэрсэн  нь хөнгөн зэргийн  согтолт болно. 5.Тухайн гэмтэл нь  амь насанд аюултай гэмтэл болно. 6. Бусдад төмрөөр цохиулсан гэх цаг хугацаанд үүссэн  байх  боломжтой. 7.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх  архаг  хууч өвчин тогтоогдсонгүй. 8.Талийгаач  нь гавал тархины  битүү гэмтлийн улмаас  нас баржээ. 9.Д.Тайванжаргалын цогцосноос авсан  цус нь BIII  бүлгийн  харьяалалтай байна гэжээ.

10. Хэрэгт авагдсан  бусад бичгийн  болон  эд  мөрийн  баримт зэргийг шинжлэн  судлав.

 

Хэрэгт авагдсан  болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуульд /2002 оны/ заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь 2016.10.23-ны  өдөр 21 цагийн  орчим  Дундговь  аймгийн  Дэлгэрхангай  сумын  2-р багийн  нутаг “Хөх хад” гэх  газарт байрлах өөрийн  гэртээ архи уухгүй, голлоо гэх үл ялих зүйлээр  шалтаглан Д.Тайванжаргалтай маргалдан улмаар зодолдож, данхраадны иш төмрөөр толгойн тус газар нь цохьсон, талийгаач Д.Тайванжаргал нь шүүгдэгч Ч.Баатарсүрэнд толгойн  тус газраа  цохиулсанаас  хойш эмнэлгийн тусламж авсан  боловч 2017.10.24-ний  өдрийн 20 цагийн орчим нас  барсан  болох нь хохирогч Б.Урансайхан, гэрч Ё.Отгонтуяа, Ц.Батбилэг, М.Манал нарын мэдүүлгээр  тогтоогдож  байна.

Шүүгдэгч  Ч.Баатарсүрэнгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  /2002 оны/ 91 дүгээр  зүйлийн  91.2.2 дахь  хэсэгт  заасан  буюу танхайн сэдэлтээр  хүнийг  санаатай алах гэмт  хэргийн шинжийг бүрэн  агуулсан  байх тул шүүгдэгч Ч.Баатарсүрэнд ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ч.Баатарсүрэн шүүх хуралдаанд “...Машинд суух гээд явж байгаад намайг машины хаалга онгойлготол талийгаач ална  гээд  гараа  далайгаад ирэхээр нь  хутгатай байгаа  байх  гэж бодоод шалан дээр байсан данхраадны ишийг аваад цохьсон. Тухайн үед хутгатай байгаа байх гэж бодсон... ” гэсэн  мэдүүлгийг өгч байх боловч  энэ  нь гэрч Ё.Пүрэвсүрэнгийн “...Тухайн үед би гэрийн  үүдэнд босгоны хажууд зогсож байсан юм. Талийгаач Тайванжаргал өөрөө авгай хутга  авчихлаа. Баатарсүрэн ах гараад ир гээд хаалгаар  дуудаад байсан юм ...” гэх  мэдүүлэг /2-р х.х-120-122/ , гэрч Ё.Отгонтуяагийн “...Талийгаач гэрээс гараад явахаар нь би араас нь гарсан  юм. Тэгсэн гэрийн  гадаа  талийгаач  нөхөр  маань хутга  барьчихсан байхаар  нь булааж  авах гэтэл гараас нь  хутга  газар ойчихоор нь би авсан юм. Тэр  үед Пүрэвсүрэн гэрийн  гадаа  гарчихсан  үүдэнд зогсож байсан. Тэгээд би гэр рүү буцаад орсон. Гэрийн  гадаа  талийгаач  байж  байгаад хаалгаар  шагайгаад  Баатарсүрэн  ах гараад ир, эр хүн шиг  эв зүйгээ ольё гэсэн чинь Баатарсүрэн  ах  болохоор би эвлэрдэг хүн  биш дээ  гээд гэрээс гарсан... ” гэх  мэдүүлэг /2-р х.х-н 117-118/,  “талийгаач Д.Тайванжаргал толгойн тус газраа төмрөөр  цохиулаад унасан гэх  газар нь тээврийн  хэрэгслээс 2 метр, 50 см зайтай байв”  гэсэн хэрэг  учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1-р х.х- 5-7рт/ ” зэргээр шүүгдэгчийн  дээрхи  мэдүүлэг, тайлбар  үгүйсгэгдэж  байна. Өөрөөр хэлбэл талийгаач Д.Тайванжаргал нь шүүгдэгч Ч.Баатарсүрэнд эхнэр хутга авчихсан гэж хэлж байсан, талийгаач Д.Тайванжаргалын хутгыг түүний эхнэр Ё.Отгонтуяа авсан  болох нь гэрч Ё.Пүрэвсүрэн, Ё.Отгонтуяа нарын дээрхи мэдүүлгээр нотлогдож байх ба гэрийн  гадаа талийгаач Д.Тайванжаргал нь шүүгдэгч Ч.Баатарсүрэн рүү дайрсан, довтолсон нь  шүүгдэгчийн мэдүүлгээс  өөр баримтаар нотлогдохгүй байна.

 Мөн шүүгдэгч Ч.Баатарсүрэн  нь талийгаач Д.Тайванжаргалтай  гэрт маргалдаж, зодолдсоны дараа гэрээс  гарч  төмөр  авч  гэрт  орж  ирсэнийг  гэрч Ё.Отгонтуяа булааж авсан, үүнээс хойш дахин гэрээс гарч машинаасаа төмөр авч цохьсон зэрэг үйл баримтууд гэрч Ё.Отгонтуяа, Ц.Дунгаамаа, Ж.Бүдсүрэн, Ё.Пүрэвсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн  өмгөөлөгчийн “Ч.Баатарсүрэн нь нөхцөл байдлыг  андуурсан нь эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

2017.07.01-ний  өдрөөс  эхлэн хүчин  төгөлдөр  мөрдөгдөж  эхэлсэн  Эрүүгийн  хуулийн 10.1 дүгээр зүйлд   хүнийг  санаатай  алах гэмт хэргийн заалтаас  “танхайн  сэдэлтээр  хүнийг  санаатай  алах”  гэсэн  2002 оны Эрүүгийн  хуульд байсан хүндрүүлэх нөхцлийг  хасчээ.

Эрүүгийн хуулийн /2015 оны/  1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”  гэж заасан тул Ч.Баатарсүрэнд Эрүүгийн  хуулийн /2002 оны/ 91 дүгээр  зүйлийн  91.2.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн   зүйлчлэлийг  шинэ  Эрүүгийн  хуулийн  10.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэг   болгон  өөрчлөх  байдлаар шинэ  Эрүүгийн  хуулийг буцаан хэрэглэх нь Ч.Баатарсүрэнгийн  эрх  зүйн  байдлыг дээрдүүлсэн, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна.

 Иймд шүүгдэгч Ч.Баатарсүрэнг бусдыг санаатай  алах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутай  байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь хохирогчид 5.050.000 төгрөгийг  бэлнээр өгсөн болох нь хэрэгт авагдсан  хохирлын  мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн  мэдүүлгээр тогтоогдож байх  ба хохирогч Б.Урансайхан  шүүх  хуралдаанд “оршуулгатай холбоотой  гарсан  зардал  төлөгдсөн” гэсэн  тайлбарыг  гаргаж  байна. 

Хохирогч Б.Урансайхан нь  шүүгдэгчээс 4 хүүхдийн  тэжээгчээ  алдсаны  тэтгэмж,  сэтгэл  санааны хохирол 100 сая төгрөг  гаргуулахаар нэхэмжилжээ.

Талийгаач Д.Тайванжаргалын насанд хүрээгүй  4 хүүхэд  нь сард 210.000 төгрөгийн  тэжээгчээ алдсаны тэтгэмж  авдаг, уг тэтгэмжийг 2017 оны 1 сараас эхлэн авсан  болох  нь 2-р хавтаст хэргийн  49-р хуудсанд авагдсан дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Талийгаач нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 171 толгой бог  малтай, мал аж ахуй эрхлэн амьдарч байсан  болох нь Дэлгэрхангай сумын Засаг даргын 2017.3.17-ны өдрийн 50, мөн сумын 2-р багийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн 2/2 тоот албан бичиг болон гэрч Ё.Отгонтуяагийн  мэдүүлгээр нотлогдож  байх тул цалин орлогыг тодорхойлох боломжгүй  гэж үзэж түүний сарын  цалин  хөлс, түүнтэй  адилтгах  орлогыг  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр  буюу 240.000 төгрөгөөр  тооцох нь  зүйтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч тал тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй тул  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч Ч.Баатарсүрэнгээс гаргуулж олгохоор шийдвэрлээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ  алдсаны тэтгэмжийн  зөрүүг шүүгдэгч Ч.Баатарсүрэнгээс  гаргаж  олгохдоо дараах  байдлаар  олгох нь зүйтэй байна.

  1. Талийгаачийн  эхнэр Ё.Отгонтуяагийн  нэр дээр нээсэн  тэтгэврийн  дэвтрээр 2017 оны 1 сараас  эхлэн  сард 210.000 төгрөгийн  тэтгэвэр авсан  байх  тул нэг  сарын зөрүүг 30.000 төгрөгөөр  тооцож 2017 оны 7 сарыг дуусталхи  буюу 7 сарын тэтгэмжийн зөрүү 210.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, ,
  2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тухайн үеийн эдийн засаг, амьжиргааны түвшингээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг тул 2017.08.01-ний өдрөөс хойш тухайн үеийн хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээнээс тухайн үеийн  тэжээгчээ алдсаны тэтгэврийг  хассантай тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр Ч.Баатарсүрэнгээс гаргуулан талийгаачийн отгон хүүхэд буюу 2008.07.04-нд төрсөн охин Тайванжаргалын Мөнхжаргалыг 16 нас /суралцаж  байгаа бол 18 нас/ хүртэл нь хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Ё.Отгонтуяад олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Урансайхан нь шүүгдэгчээс  сэтгэл  санааны  хохиролд 100 сая  төгрөг  гаргуулахаар   нэхэмжилжээ.  Иргэний хуулийн 230 дугаар  зүйлийн  230.1 дэх  хэсэгт  зааснаар  хохирогч нь  өөрт  учирсан  эдийн  бус  гэм  хорыг  арилгуулахаар  шаардах  эрхтэй боловч   хохирогч  нь   өөрт  учирсан  эдийн  бус  гэм  хорын  хохирлоо  хэрхэн  үнэлсэн нь  тодорхойгүй,  хохирол нь баримтаар  нотлогдохгүй  байх  тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй  орхиж  цаашид нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь хохирогч талд  оршуулгатай холбогдон гарсан  зардлыг  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар  зүйлийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Баатарсүрэнд  Эрүүгийн  хуулийн  10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан  хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хуулийн 5.6 дугаар зүйлийн  2-т “Нээлттэй, хаалттай хорих  байгууллагын нөхцөлийг  хуулиар  тогтооно” гэж,  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай хуулийн 199 дүгээр  зүйлийн  199.2 дахь хэсэгт  “хаалттай хорих  ангийн  тусгай зэрэглэлд...6 жил түүнээс дээш хугацаагаар хорих  ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ” гэж  заасан тул шүүгдэгч  Ч.Баатарсүрэнд оногдуулсан  8 жилийн хугацаагаар хорих  ялыг хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь 2016 оны 10 сарын 26-ны  өдрөөс  эхлэн  өнөөдрийг  хүртэл цагдан  хоригдсон 265 хоногийн хугацааг  хорих  ял эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42 см урттай, данхраадны иш гэх улаан хүрэн  өнгийн будагтай төмөр , нийслэл нэртэй 2.5 литрийн пивоны сав ,  цус мэт  зүйлээр бохирлогдсон саарал өнгийн, хагас ханцуйтай пудволк, цагаан өнгийн  гар нүүрийн алчуур зэргийг цаашид ашиглах боломжгүй, нэхэмжилсэн хүнгүй тул  шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хүрэн өнгийн  иштэй эвхдэг хутга  /нийт 21 см урттай,  ажлын хэсэг  9 см, бариул хэсэг нь 12 см/-г  эзэмшигч Ё.Отгонтуяад буцаан олгох нь зүйтэй гэж  үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Баатарсүрэнгийн  150 тооны  бог малыг  мөрдөн  байцаагчийн  2016.12.22-ны  өдрийн  тогтоолоор битүүмжилсэн  ба шүүгдэгч  нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан  бүх зардлыг  төлсөн  байдлыг харгалзан  мөрдөн байцаагчийн эд хөрөнгө  битүүмжлэх тогтоолыг  хүчингүй  болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1.Шүүгдэгч Бартаг  овогт  Чимэдцэрэнгийн  Баатарсүрэнг хүнийг алах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн  /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Дундговь аймгийн  Прокурорын газрын  орлогч прокуророос шүүгдэгч Ч.Баатарсүрэнд Эрүүгийн  хуулийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн  91.2.2 дахь хэсэгт  зааснаар  ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатарсүрэнд 8 /найм/ жилийн  хугацаагаар хорих  ял  оногдуулж шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 2, Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн  199.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баатарсүрэнд оногдуулсан 8 жилийн  хугацаагаар  хорих  ялыг  хаалттай  хорих  ангийн  тусгай зэрэглэлд эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн  хуулийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Баатарсүрэнгийн  энэ  хэргийн  улмаас цагдан  хоригдсон 265 хоногийг хорих  ял эдэлсэн  хугацаанд нь  оруулан  тооцсугай.

6.Шүүгдэгч Ч.Баатарсүрэн  нь талийгаач Д.Тайванжаргалыг  оршуулахтай холбогдон гарсан  5.050.000 төгрөгийг хохирогчид төлсөн  ба хохирогч  оршуулгатай холбогдон гарсан зардал  бүрэн  төлөгдсөн гэсэн болохыг  тус тус дурдсугай.

7.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баатарсүрэнгээс 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн  эхнэр Ёндонсүрэнгийн  Отгонтуяад олгож, 2008.07.04-нд төрсөн  охин  Баян  овогт Тайванжаргалын Мөнхжаргалыг 16 нас /суралцаж  байгаа бол 18 нас/ хүртэл 2017.08.01-ээс хойш тухайн үеийн хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээнээс тухайн үеийн тэжээгчээ алдсаны  тэтгэврийг хассантай тэнцэх хэмжээний төлбөрийг  сар бүр Ч.Баатарсүрэнгээс гаргуулж, Т.Мөнхжаргалын хууль ёсны төлөөлөгч Ё.Отгонтуяад олгосугай.

8. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэтгэмж 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар Ч.Баатарсүрэнгээс нэхэмжлэх  эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар  энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.5 литрийн хуванцар сав, данхраадны иш гэх төмөр, цус мэт зүйлээр бохирлогдсон  алчуур, футволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн  Тамгын газарт шилжүүлж,  баримтыг 201612000179 тоот хэрэгт хавсаргаж, эвхдэг хутгыг Ё.Отгонтуяад буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баатарсүрэнгийн  өмчлөлийн 150 бог  мал битүүмжилсэн 2016.12.22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баатарсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                             С.СЭРЖМЯДАГ

 

     ШҮҮГЧИД                                             Л.ОДОНЧИМЭГ

 

                                                               Г.МӨНХБАТ