Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю.Л /РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ тоот захирамжийн Ю.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай захирамжаар дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нээлттэй цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч Ю.Л оролцож ялагчаар тодорсон, үүний дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон дуудлага худалдааны ялагч Ю.Л нар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2 дугаар Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

2.2. Улмаар Ю.Лид Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 10,200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг олгосон байна.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 39 дугээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ю.Лийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр Ю.Лид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг мэдэгдсэн.

2.5. Улмаар Ю.Лоос 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр ... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул таны гомдлыг ханган шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй болохыг мэдэгдье гэх хариуг өгчээ.

2.6. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Ю.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэгч Ю Л миний бие 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/8772 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбар гаргаж байна. XT Иргэн Ю Л /РД:*******/ миний бие 2020 оны 6 сарын 25-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан газрын дуудлага худалдаагаар Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эрхийн бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ******* дугаар бүхий 10.200 мкв газрыг худалдан авч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглахаар худалдан авсан.

3.2. Тус газрыг худалдан авсны дараагаар Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын зургийн дагуу цэгийг нь зааж тэмдэгжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. Миний бие газрын цэг тэмдэг тэмдэглэгээний нарийвчилсан солбилцолыг мэдэхгүй байсан учраас Газар зохион байгуулалтын албанаас хэлсний дагуу тэмдэглэгээг хийж өгөхийг хүлээсэн, бөгөөд энэ тухай удаа дараа хэлж шаардаж байсан боловч одоо хүртэл манай газрын цэг тэмдэгийг тавьж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Төрийн байгууллагын ажил үүргээ биелүүлээгүйгээс миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан иргэний газар эзэмших эрхийг зөрчсөн.

3.3. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь иргэн миний газар эзэмших, ашиглах эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний дуудлага худалдаагаар авсан газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд маш их гомдолтой байна.

3.4. Иймд Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 10200 мкв газрын гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 сарын 07-ны өдрийн А/ тоот тушаалын В.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Иргэн Ю.Л нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлсэн.

4.2. Нэхэмжлэгч Ю.Л нь дээрх эзэмшлийн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байх тул Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

4.3. Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны Өдрийн 01******* дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний Өдрийн *******4 дүгээр нийтлэлд сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтлүүлсэн.

4.4. Нэгж талбарын хил, заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай актыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан байна.

4.5. Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ю.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/******* тоот захирамжаар нэхэмжлэгч Ю.Лид Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10,200 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэж Ю.Лийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгчээс ... Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын зургийн дагуу цэгийг нь зааж тэмдэгжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. Миний бие газрын цэг тэмдэглэгээний нарийвчилсан солбилцолыг мэдэхгүй байсан учраас Газар зохион байгуулалтын албанаас хэлсний дагуу тэмдэглэгээг хийж өгөхийг хүлээсэн бөгөөд энэ тухай удаа дараа хэлж шаардаж байсан боловч одоо хүртэл манай газрын цэг тэмдгийг тавьж өгөөгүй өнөөдрийг хүрсэн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...сонсох ажиллагаа хийгээгүй, газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг 0 гэж бичсэн учраас газрын төлбөр төлөөгүй, төлбөр төлөх талаар нэхэмжлэл ирж байгаагүй... зэрэг үндэслэлээр маргасан.

4. Шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэв.

5. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд,

5.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, ... газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, ...газарт төлбөр ногдуулна., 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно. гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ...35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж тус тус зааснаар эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр хүлээн авсан этгээд нь газрын төлбөр бүрэн төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан хуульчилсан.

5.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн акт /1х-96 хуудас/-аас үзэхэд 2020-2023 онд газрын төлбөрт нийт 237,150 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч нь огт газрын төлбөр төлөөгүй байна.

5.3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд газрын төлбөрийг 0 гэж, хариуцагчаас ирүүлсэн гэрээнд газрын төлбөр /жилээр/ 25500 гэж тэмдэглэжээ.

5.4. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гэрээнд төлбөр төлөх талаар заагаагүй, төлбөр төлөх нэхэмжлэл ирээгүй гэх шалтгаанаар тухайн газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

5.5. Иймд нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүсэж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-52 тал/ авснаас хойш 2020-2023 онд газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзлээ.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд,

6.1. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.

6.2. Нэхэмжлэгчээс ... газрын цэг тэмдэг тэмдэглэгээний нарийвчилсан солбилцолыг мэдэхгүй байсан учраас Газар зохион байгуулалтын албанаас хэлсний дагуу тэмдэглэгээг хийж өгөхийг хүлээсэн, бөгөөд энэ тухай удаа дараа хэлж шаардаж байсан боловч одоо хүртэл манай газрын цэг тэмдэгийг тавьж өгөөгүй өнөөдрийг хүрсэн, ...хэрэгт авагдсан нэгж талбарын хил, заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай акт дээрх гарын үсэг нь хуурамч, уг актыг огт мэдээгүй... гэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.3. Учир нь, нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/******* дугаар захирамжийн дагуу зарласан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд орж, ялагч болсноор маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болж, гэрээ байгуулж, гэрчилгээ авсан.

6.4. Хариуцагчаас энэхүү дуудлага худалдааг зохион байгуулахдаа 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ГБМЗХ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, төлөвлөлтийн хязгаарын схем зураг-аар маргаан бүхий газрын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон төлөвлөж, байршлыг зааж нийтэд нээлттэй дуудлага худалдааг явуулсан болох нь хэрэгт авагдсан мэдээллийн сангийн зураг /хх-73 тал/, төлөвлөлтийн хязгаарын схем зураг /хх-95 тал/ зэргээр тогтоогдож байна.

6.5. Иймд нэхэмжлэгч нь тухайн газрын байршлыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд Газрын албаны мэргэжилтэн нь газрын байршлын цэг тэмдгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, бичгээр хүсэлтээ гаргах зэргээр энэ асуудлаа шийдүүлээгүй, ингэж хүсэл зоригоо илэрхийлж байсан талаар баримт гарган маргаагүй бөгөөд захиргааны байгууллага газрын байршлыг зааж өгөөгүй үндэслэлээр газраа ашиглахгүй байх нь хүндэтгэх үзэх шалтгаан болохгүй юм.

7. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэгж талбарын хил, заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай акт, фото зураг /1х-98, 99 хуудас/-ыг нотлох баримтаар гарган нэхэмжлэгчид маргаан бүхий газрын эргэлтийн цэг, тэмдэгтийг хүлээлгэн өгсөн гэж маргасан боловч нэхэмжлэгчээс уг актад гарын үсэг зураагүй, гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гарган маргасан.

8.Хавтаст хэргийн 98 дахь хуудаст авагдсан уг актад зурсан Ю.Лийн гарын үсэг нь түүний Газрын албанд гаргасан өргөдөл /хх-60 тал/, шүүхэд ирүүлсэн итгэмжлэл /хх-5 тал/-д зурсан гарын үсгээс энгийн хүний нүдээр харахад илт өөр байх бөгөөд үүнд мэргэжлийн шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд ийнхүү нэгж талбарын хил, заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай актад нэхэмжлэгч Ю.Л нь гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байх тул шүүхээс уг актыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0******* албан бичиг /хх-47 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Өдрийн сонин-д нийтлүүлсэн зэргээр сонсох ажиллагааг хийсэн гэх боловч албан бичгийг нэхэмжлэгчид ямар хаягаар хүргүүлсэн болохоо нотолж маргаагүй.

10. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан.

11. Маргаан бүхий актаар зөвхөн нэхэмжлэгч Ю.Лийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн нь буруу боловч сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй зөрчлийг үгүйсгэхгүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

12. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Лийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ тоот захирамжийн Ю.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ