Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00713

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00713

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00283 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын хариуцагч УБТЗ ХНН холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Т.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Анх 2009 онд Улаанбаатар Төмөр замд ажилд орсон. Улмаар 2019 оны 5 дугаар сараас урсгал засварын мастерын ажлаа хүлээлгэн өгөөд цэцэрлэгийн гадна болон дотор заслын ажил хийх болсон. Гадна засварын ажлыг хугацаанд нь хийх боломжгүй болоод ажилчид хайж байх үед н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарыг танилцуулж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаа эхлүүл гэдэг чиглэл хүлээн авсан. Ажлаа 2019 оны 8 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгсөн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард орсон борооноор н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарын хийсэн гадна фасадны оохор урссан. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарын дутуу ажлын гүйцэтгэлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Д.Алтаннямд хариуцуулж, алдагдлыг цалингаасаа төлөхгүй бол ажлаас хална гэж бичиг бичүүлж авч 2019 оны 10 дугаар сард ажлаас халсан. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Т.Энхбаатар нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.А-ыг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ажил хариуцах хүнийг сонгох тушаалаар мастерын ажилд түр томилсон.Гэтэл тэрээр ажил хариуцах хугацаандаа өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж,Бат-Эрдэнэ,Түмэндэлгэр нартай амаар тохирч ажил хийлгэсэн ба уг ажил нь гүйцэтгэлийн чанар муу байснаас байгууллагад 3 574 800 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар 2019 оны 10 дугаар сард ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.А-ыг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн шугам зам хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 449 130 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УБТЗ ХНН даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 136 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.А  нь Улаанбаатар төмөр замын Барилга засал, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн анги /одоогийн Барилга ашиглалт үйлчилгээний 2-р анги-НГЧ-2/-д 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс урсгал засварын мастер, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өөрийн хүсэлтээр зам шугам хариуцсан ажилтнаар тус тус ажилласан. Тус ангийн орлогч даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн "Ажил хариуцагчийг томилох тухай" Б-161 дугаар тушаалаар урсгал засварын мастер Ж.Алтанзулыг эзгүй байх үед нь түүнийг мастераар мөн өдрөөс түр хугацаагаар томилон ажиллуулсан. Д.А нь урсгал засварын ажилд газар дээр нь хяналт тавьж, ажилтан бүрт өдөр тутамд ажлын даалгавар тодорхой өгч, ажил дууссаны дараа хүлээн авах, гүйцэтгэх ажилбарыг нэг бүрчлэн зааж өгөх, хүлээн авах, хяналт тавьж ажиллах ёстой байсан. Гэтэл тэрээр ажил хариуцагч мастераар ажиллах хугацаандаа зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн найз болох Ц.Бат-Эрдэнэ, Ц.Түмэндэлгэр нартай амаар тохирч гадна фасадны засварын ажил гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэгч Ц.Бат-Эрдэнэ, Ц.Түмэндэлгэр нар нь ажлаа хангалтгүй гүйцэтгэсний улмаас байгууллагад /улаан болон шар охар 1200 кг/ нийт 3 874 500 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирол учруулахад тухайн үед урсгал засварын мастерээр ажиллаж байсан Д.А-ын хариуцлагагүй үйлдэл шууд нөлөөлсөн. Тэд "бид охараар хийж үзээгүй" гэж хэлсээр байхад Д.А  нь "Би өөрөө заагаад өгнө" гээд шохойгоор будах ёстой /гадна фасад засвар орохоос өмнө шохой байсан/ байхад охараар хийлгэсний улмаас гадна фасадны засварын ажил чанаргүй хийгдэж, улмаар бороо орж дээврээс ус урсахад гадна фасадны будаг урсаж, дахин засварын ажил гүйцэтгэхээр болж, үргүй зардал гаргаж, байгууллагад хохирол учруулсан. Тэрээр "технологийн алдаа, орц найрлаганаас болж, фасадны охар урссан" гэж хэлсэн байдаг бөгөөд ийнхүү дутагдлаа өөрөө хүлээн зөвшөөрч, төлбөрийн актад гарын үсэг зурсан, түүний гэм буруутай эс үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 09/01 тоот төлбөрийн акт, мөн бараа материал хүлээн авалтын 2019-08-27-ны өдрийн 329 тоот болон 2019-09-02-ны өдрийн 357 тоот баримт, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр түүний гаргасан хүсэлт, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн болон 10 дугаар сарын 3-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог. Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн даргаас 2 удаа шуурхай хурлыг удирдан хийж, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн тус хурлаар Д.А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж дүгнэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Ийнхүү тус ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б-224 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн "Ирээдүй" цэцэрлэгийн гадна фасадны ажлыг хийх явцдаа технологийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, өөрийн буруугаас материалын үргүй зардал гаргасан" гэсэн үндэслэлээр Д.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн сарын 3-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь халсан. Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалт болон "Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан" ноцтой зөрчил гаргасан. Д.А-ын нэг сарын дундаж цалин хөлс нь 1 572 080 төгрөг болно. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт " ...материалын үргүй зардал гарсан асуудал нь нэхэмжлэгчийн шууд буруутай үйл ажиллагаатай, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ технологийн дагуу хэрэгжүүлээгүйтэй холбоотой болох нь тогтоогдоогүй, тухайн материалын зардал нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй илүү хамааралтай, тус гэрээг нэхэмжлэгч эрх мэдлээ хэтрүүлж байгуулсан гэж үзэх боломжгүй ... нэхэмжлэгч гэрээний нэг талыг санал болгосон байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй" гэжээ. Зохигчдын тайлбар болон Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн болон 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд "Их засвар дээр хүн хүч байхгүй тул урсгал засвараас оруулж /хүн авч/ ажиллуулсан" талаар, мөн "Ирээдүй" цэцэрлэгийн гадна фасад нь засвар хийхээс өмнө нь шохой байсан. Шохой байсныг хэний ч шийдвэргүйгээр шохойгоор будах ёстой байхад Д.А "дур мэдэн, охар болгож өөрчилсөн", цэцэрлэгийн эрхлэгч өөрт нь охар байгаа гээд тэрнийг авч хийсэн" гэснээр, үүнийгээ Д.А тайлбарлахдаа "хямд төсвөөр хийх гэсэн" гэж тайлбарласнаар, Ирээдүй цэцэрлэгийн ажил хугацаандаа хийгдээгүй, хийсэн ажил нь чанаргүй хийгдсэн, бороо орж, дээврээс ус урсахад гадна фасадны охар урссан, дахин гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэх болсон талаар" тус тус тодорхой тусгагдсан, хэрэгт нотлох баримт ч хангалттай цугларсан, шүүх хуралдаан дээр ч энэ талаар тодорхой яригдсан.Д.А нь ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирлоо нэхэмжилсэн. Гэвч уг ажилгүйдлийн тэтгэмжийн ямар хэмжээний хохирол нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй. Уг маргааныг шүүх тодруулаагүй, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайд ч тодорхой бус ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, эсхүл өөрчилсөн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч УБТЗ ХНН холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Д.А нь Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн шугам зам хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад тус ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б-224 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас халагдсан.

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон шалтгаанаа хариуцагч Д.А нь урсгал засварын ажлын даалгавар тодорхой өгөх, ажлыг хүлээн авах, ажилбарыг нэг бүрчлэн зааварлах, хяналт тавих ёстой. Дур мэдэн өөрийн найз болох Ц.Бат-Эрдэнэ, Ц.Түмэндэлгэр нартай амаар тохирч гадна фасадны засварын ажил гүйцэтгүүлж, ажил гүйцэтгэгч нарын ажлын үр дүнд доголдол илэрсэн. Нийт доголдлыг засварлах зардлын хэмжээ 3 874 500 төгрөг буюу Д.А-ын нэг сарын дундаж цалин хөлс 1 572 080 төгрөгөөс давсан гэж тодорхойлжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь иргэн Ц.Бат-Эрдэнэ, Ц.Түмэндэлгэр нартай иргэний эрх зүйн гэрээ байгуулсан, гэрээг тус байгууллагын удирдах албан тушаалтан батламжилсан үйл баримт тогтоогдсон. Гэрээний үүргийн биелэлтийг зөвхөн гэрээний талаас шаардах юм. Иргэний эрх зүйн гэрээний нэг талын гүйцэтгэсэн ажлын үр дүнд илэрсэн гэх доголдлыг шууд ажилтны гэм буруутай холбон тайлбарлаж хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д заасан "ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан" ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болно.

Дээрх Ц.Бат-Эрдэнэ, Ц.Түмэндэлгэр нарын ажлын хөлсийг хариуцагч бүрэн төлсөн, доголдлыг арилгахыг дээрх иргэдээс шаардсан боловч доголдлыг арилгаагүй гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн нэрлэн зааж, үндэслэл болгож буй хөдөлмөрийн гэрээний 5.3.9 дэх заалт нь ажилтны буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хохирол учруулсан байхыг шаардаж байх бөгөөд иргэний эрх зүйн гэрээний оролцогчийн гэм буруутай гэх үйлдлийг ажилтанд шууд хариуцуулсан нь буруу юм.

Ноцтой зөрчил гэх үйлдэлд ажилтны шууд буруутай үйлдэл гэм буруу тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд дээрх шаардлагаа дэмжээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчилсөн гэж үзнэ. Мөн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцоолол Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалд нийцжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул энэ талаар ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 102 136 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД