Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШЗ2024/04024

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШЗ2024/04024

Дархан-Уул аймаг

  

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хэргийн индекс: 135/2024/00792/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ТНС-н байранд оршин байгаа, *******, ******* ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******* тоотод оршин суух, ******* ХХК, *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******* тоотод оршин суух, Ө. *******, *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ийн , нарт холбогдох

1,686,080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дэлгүүртээ авсан барааны төлбөрөө төлөхгүй 2 жил гаран болж байна. Дэлгүүрээ зараад өгнө гэсэн боловч бас өгсөнгүй. Яасан юу болов гээд уулзтал банкны өрөө даруулаад зөрүү нь Өргөө баг хороолол, байр, тоот авсан. Үүнийг зараад өгнө гэсэн боловч бас л байраа зарсан сурагтай. Утас авахгүй мессеж л ирэх юм. Иймд ******* ХХК, Ө. *******, А. нараас авах 1,686,080 төгрөгийг яаралтай шийдэж өгнө үү. Би А. г олон жилийн өмнөөс таньдаг учир итгэж бараа өгсөн юм. Надаас гуйж бараа авсан юм. Иймд хариуцагч нараас 1,686,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, Ө. *******, А. нарт холбогдох 1,686,080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаяг, холбоо барих утасны дугаарыг Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******* тоотод оршин байгаа утас: 96653848, 99095101 гэж ирүүлжээ.

Хариуцагч ******* ХХК, Ө. *******, А. нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар нэхэмжлэл дурдсан дугааруудад удаа дараа залгахад холбогдох боломжгүй гэх хариуг өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д ...нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэсний дагуу нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******* тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг бичиг хүргэгчээр хүргүүлэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Засаг даргаас уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолт өгсөн байна.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШЗ2024/03272 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хүлээн авч, хариуцагч ******* ХХК, Ө. *******, А. нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож, түүнийг шүүхэд ирүүлэх ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасан боловч хариуцагчийг шүүхэд ирүүлээгүй ба шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлан ажиллахад оршин суугаа газар нь тогтоогдохгүй байна гэх хариуг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Т.Төрбат 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд илтгэх хуудсаар ирүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн илтгэх хуудсыг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

Тус шүүхийн шүүгчийн захирамжид заасан хугацаа дууссан, хариуцагч нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан үндэслэлээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, Ө. *******, А. нарт холбогдох 1,686,080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК, Ө. *******, А. нарын оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, Ө. *******, А. нарт холбогдох 1,686,080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                           Д.АЛТАНТУЯА