Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/04070

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хдүүрэг, ** тоотод оршин суух, Ха овогт Р.Ц /РД:*********/-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Т овогт Ч.С /РД:*********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4 888 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.Ц******* нь хариуцагч Ч.С*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4 888 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.С*******той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Х******* дүүрэг, ******* хороо, *******, *******, тоот 70.63 мкв 3 өрөө орон сууцыг 236 610 500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 70 983 150 төгрөгийг дансанд байршуулан, үлдэх 165 627 350 төгрөгийг Хаан банкны ипотекийн зээлээр төлөхөөр гэрээнд тусгасан. Түүнчлэн гэрээнд заасан орон сууцны үнээс гадна дагалдах тавилгыг үнэлэн нийт төлөх төлбөрийг 300 000 000 төгрөг байхаар тохирсон байдаг. Улмаар орон сууцны ипотекийн зээлийг миний бие хөөцөлдөж зээлийг гаргуулж өгсөн бөгөөд Хаан банкнаас 2022  оны 12 дугаар сарын 30-ны өдөр ипотекийн зээлд 150 000 000 төгрөг олгож уг мөнгө орон сууцны төлбөр миний данс шилжин орсноор манай компанийн зээлд татагдсан. Харин үлдэх төлбөрийг хариуцагч Ч.С******* нь өнөөдрийн хүртэл төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа сануулж, шаардаж байсан бөгөөд төлбөрийн талаар харилцан тохиролцохоор эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч, үл тоож ирэхгүй байсаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Хариуцагч Ч.С******* нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, цаашид биелүүлэх эсэх нь тодорхойгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзах талаар урьдчилан мэдэгдсээр байхад үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ авахгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор ипотекийн зээлээр шилжин ирсэн 150 000 000 төгрөгийг буцаан Хаан банкид төлж гэрээний зүйл болох орон сууцыг барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй болно. Түүнчлэн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэж дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар болох 4 733 000 төгрөг, нотариатын зардал 135 000 төгрөг, нийт 4 888 000 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг Р.Ц*******ий өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 4 888 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ асуудал дээр бол маргахгүй. Худалдах худалдан авах гэрээгээр Р.Ц*******ий өмчлөлийн орон сууцыг худалдахаар тохиролцсон гэрээг 236 610 500 төгрөгөөр тохиролцсон боловч энэ нь түрүүнд дурдсан талууд төрөл садангийн холбоотой гэх үндэслэлээр тавилга эд хогшлуудыг 70 000 000 төгрөгөөр үнэлэхээр амаар тохиролцон бичгийн гэрээ байгуулагдаагүй. Нийт 300 000 0000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулахаар аман байдлаар тохирсон байдаг. Ингээд худалдах худалдан авах гэрээгээ бичгээр байгуулахдаа 236 000 000 төгрөгөөр байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийн 165 000 000 төгрөгийг зээлээр, 70 000 000 төгрөг өгөхөөр тохирсон боловч 150 000 000 төгрөг нь хариуцагч нэхэмжлэгч Р.Ц*******ий компанийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хариуцагчид дотоодын мэдээллийг нь гаргаж өгснөөр Хаан банкны ипотекийн зээлээр төлсөн байдаг. Улмаар урьдчилгаа төлбөр буюу 86 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж дансны хуулгаа гаргаж өгч байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгө байгаа. Энэ орон сууцыг худалдаж авахад хариуцагчийн зүгээс нэг ч төгрөг гаргаагүй. 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгч дэмжлэг туслалцаа үзүүлж байж зээл гаргаж өгсөн. Урьдчилгаа 86 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хөдөлмөрөө цуглуулж бий болгосон урьдчилгаа төлбөр биш. Яагаад гэхээр үүнийг нэхэмжлэгч өөрөө талуудын харилцааг үндэслээд банкинд баримт бүрдүүлэх үүднээс Р.Ц******* шилжүүлж өгсөн байдаг. Яагаад шууд энэ мөнгийг Р.Ц*******д шилжүүлээгүй юм гэхээр банк урьдчилгаа мөнгө хэрхэн бүрдүүлсэн, ямар үйл ажиллагаар яаж бүрдүүлснээ нотол гэдэг шаардлага тавьдаг. Үүнтэй холбоотойгоор Р.Ц******* шууд Ч.С******* руу мөнгө шилжүүлэх боломжгүй учраас өөрийн ажилтан буюу компанийн хамтран ажиллагч н.Н гэх хүнрүү энэ мөнгийг шилжүүлсэн байдаг. Улмаар Ч.С******* урьдчилгаагаа бүрдүүлэхийн тулд эхнэрийн өмчлөлд байдаг 1060 дугаартай машиныг н.Нд худалдаж байна гэж гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг н.Нд төлсөн. Гэхдээ н.Н ямар төлбөр төлж байна вэ гэхээр Р.Ц*******ий өгсөн мөнгийг н.Од худалдах худалдан авах гэрээ байгуулж машин зарсан нэрийдлээр шилжүүлсэн байдаг. н.О нь энэ мөнгийг нөхөр Ч.С*******доо шилжүүлээд урьдчилгаа төлбөрийг банкинд ингэж бүрдүүлсэн байдаг. Ч.С******* өөрөө ашиг олохоороо урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн гэдэг нь бодитоор ерөөсөө магадлагдахгүй. Дансны баримтаар энэ нь тогтоогддог. Ийм учраас худалдах худалдан авах гэрээний үүргээ хариуцагч яг бодитоор биелүүлээгүй. Хэдийгээр дансны хуулгаар 236 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ нь өөрөө бодитой урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж өгөөгүй. Иймээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Энэ талаар гэрээ байгуулагдсанаас хойш олон удаа уулзаж тайлбарыг нь гаргаж байсан төлбөрөө нөхөн төлөх талаар тохиролцон үлдэгдэл тавилга эд хогшилоо үнэлсэн төлбөрөө хэрхэн яаж барагдуулах талаар удаа дараа уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Улмаар талуудын маргаан үүсэж шүүхэд хандсан. Энэний өмнө ч гэсэн шүүх хуралдаанаар эвлэрүүлэн зуучлалд манайх хандаад та нар миний шилжүүлсэн 80 000 000 төгрөг, дээрээс нь тавилга эд хогшилыг тодорхой хэмжээнд үнэлээд тохиролцъё гэдэг шаардлагыг гаргаад эвлэрүүлэн зуучид хандсан боловч Ч.С******* эвлэрүүлэн зуучлалд ирээгүй, эвлэрэхгүй гэдэг байр суурьтай байсан. Иймээс худалдан авагч нь өөрөө үнийг төлөх үүрэгтэй үнийг дансны хуулгаар мөнгө шилжүүлснээрээ өөрөө төлсөн гэж үзэхгүй тухайн үйлдэл маань бодитой хэрэгжсэн байх ёстой хэдийгээр Р.Ц*******ий дансанд мөнгө орж байгаа боловч энэ нь баруун карманаасаа аваад зүүн кармандаа хийж байгаатай ялгаагүй юм болоод байна. Ийм учраас гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдан худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээнээс үүдэлтэй үл хөдлөх хөрөнгө худалдсан татвар болон нотариатын татвар тооцсон байгаа энэ төлбөрүүдийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Гэхдээ хариуцагч үйл баримтыг сайн мэдэхгүй учраас төлөөлөгч нь буруу ярьж байна. Тодорхой хэмжээний цахилгаан бараа, ор, гал тогооны тавилга болон унтлагын өрөөний тавилга, зэрэг нэлээн хэдэн тавилга тухайн үед тохиролцоод аман байдлаар тохиролцоод өнгөрсөн. Бичгийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. 236 000 000 төгрөгийн энэ байр борлуулалтын үнэ нь 4 100 000-аас 4 800 000 төгрөгийн ханштай. Гэтэл 236 000 000 төгрөгөөр 70 м.кв байрыг худалдсан буюу 3 500 000 төгрөгөөр л талууд хямдхан тохирчихсон. Зах зээлийн ханш нь 4 000 000 байсан учраас доошлуулаад тавилгаа нэмээд 300 000 000 төгрөгөөр тооцъё гэдэг тохиролцоог дараа нь хийсэн байгаа. Талуудын хооронд хувийн харилцаа байсан энэ нөхцөл байдлын үүднээс гэрээний хувьд ийм гэрээ байгуулагдсан. Төлбөрийн хувьд бол угаасаа энэ төлбөрийг хариуцагч төлөөгүй, нэхэмжлэгчээс өөрөөс нь авчихаад буцаагаад өөрт нь өгч байгаа чинь өөрөө төлбөрөө өгч байна гэсэн ойлголт бол биш. Тиймээс талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцааж өмчлөлдөө шилжүүлэн авч, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 4 888 0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ч.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.С******* болон Р.Ц******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд тус гэрээгээр Нийслэлийн Х******* дүүргийн , , тоот, 70.63 м.кв, 3 өрөө орон сууцыг 236 610 500 00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиолцсон. Тус гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч Ч.С******* нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 236 610 500  00 төгрөгийг Р.Ц*******ий эзэмшлийн Хаан банкин дахь 500, 5037399299 тоот данснуудад тус тус шилжүүлж үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус үл хөдлөх хөрөнгийг 300 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэж гэрээгээр тохиролцоогүй, илтэд худал нөхцөл байдлыг дурьдан ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Ц******* болон Ч.С******* нар 2022 оны 12 сарын дугаар 02-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 236 610 500 төгрөгөөр маргаан бүхий 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Гэрээнд заагдсан журмын дагуу 236 000 000 төгрөгийг Р.Ц*******ий Хаан банкны 2 данс руу шилжүүлсэн. Энэ талаар хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан байгаа. Үүнээс харахад хариуцагч Ч.С******* нь гэрээнд заагдсан орон сууцны үнийг буюу 236 610 500 төгрөгийг бүрэн төлсөн, үүргээ гүйцэтгэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дурдаад байгаа тавилгаа 70 000 000 төгрөгөөр үнэлсэн гээд байгаа, гэтэл энэ талаар гэрээндээ дурьдаагүй, хариуцагчийн хувьд бол 70 000 000 төгрөгөөр үнэлсэн зүйл байхгүй, ийм үнэтэй тавилга, эд хогшил байгаагүй гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар дагалдах тавилга гэж бас дурдсан байсан. Одоогийн зах зээлийн ханшаар ямар ч тавилга 70 000 000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Р.Ц******* нь хүнээр яриулж ипотекийн зээлийг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа. Р.Ц******* гэдэг хүн ипотекийн зээлийг гаргаж өгдөг субьект биш. Хуулийнхаа дагуу баримтаа бүрдүүлээд зээл гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс Ч.С*******ид 80 000 000 төгрөгийг өөрөө өгөөд буцаагаад авсан гэдэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 25 дугаар зүйлийн 25.2.2 болон 38.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлч нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан энэ талаар нотлох баримт байхгүй. Р.С*******ийн хувьд бол энэ 80 000 000 төгрөгийг Р.Ц*******ээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэсэн нь бодитой хэрэгжсэн байх ёстой гээд яриад байгаа, гэтэл данснаас данс руу орсон мөнгийг нотлох баримтаар гаргаад өгч байгаа энэ үйлдэл өөрөө бодитой. Ч.С*******, Р.Ц******* нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ нь хүчин төгөлдөр хэлцэл. Гэрээнд зааснаар үнийг тохиролцсон. Гэтэл энэ гэрээ хамаатан садан эсвэл төрөл садны холбоотой гэдгээр хүчин төгөлдөр бус болох эсвэл татгалзаж байгаа татгалзал нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр яриад байгаа тэр 80 000 000 төгрөгийг төлсөнтэй холбоотойгоор уг мөнгийг төлөөч гэдэг үйл явдал байгаагүй, уг мөнгийг төлөөгүй гэж үзээд өмнө нь хариуцагчаас шаардаж байгаагүй, шаардаж байсан үйл байдал ерөөсөө байхгүй. Хэрэв уг мөнгийг төлөөгүй буюу үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн бол шаардлага тавих байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэлт тайлбарт байрны үнэтэй холбоотой асуудал хөндөж яриад байна. Бид бүхэн ковид буюу цар тахалтай холбоотойгоор 2022 болон 2023 оны байрны үнэлгээнд өөрчлөлт орсон, талаар мэдэж байгаа. Орон сууц гэрээ байгуулах үед зах зээлийн үнэ ямар байсан яг өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зах зээлийн үнэ ямар байгаа гэдэг зөрүүнээс үүдэлтэйгээр энэ нэхэмжлэлийн шаардлага яваад байгаа юм. Учир нь орон сууцыг арай хямд өгсөн байна гээд үнээ нэмж 300 000 000 төгрөгөөр тооцно гээд тавилгын үнэ гээд байна. Гэтэл тухайн үед гэрээндээ орон сууцны үнийг харилцан тохиролцоод тухайн үнийг нь төлсөн байхад орон сууцаа хямд зарсан гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Хэрэв уг мөнгийг дутуу төлсөн гэж үзэж байгаа бол гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, гэрээнээс татгалзаад орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлнэ гээд байгааг зөвшөөрөхгүй.Гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг зөвшөөрөхгүй, манай тал гэрээнээс татгалзаагүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №2656 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №00124 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан баримт, М.Г*******т олгосон итгэмжлэл, дансны хуулга /хэргийн  2-5, 22-24-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас хариу тайлбар, А.Ц*******т олгосон итгэмжлэл, дансны хуулга /хэргийн 14-17-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.С*******ийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг болон дагалдах тавилгыг үнэлэн нийт 300 000 000 төгрөгөөр тохирсон байхад гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаашид биелүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт 4 733 000 төгрөг, нотариатын зардалд 135 000 төгрөг, нийт 4 888 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 3.Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Ц*******тэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 236 610 500 төгрөгийг төлсөн, дагалдах тавилгыг үнэлэн тооцоогүй, гэрээний үнийг 300 000 000 төгрөг гэж тохиролцоогүй тул үүргээ биелүүлээгүй гэж гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, гэрээнээс татгалзаагүй учир учирсан хохирол нэхэмжилсэн нь зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 4.1.Нэхэмжлэгч Р.Ц******* нь хариуцагч Ч.С*******той 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №2656 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Р.Ц******* нь улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай, Х******* дүүрэг, ******* хороо, /17080/, байр, тоотод байрлалтай, 70.63м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авагч Ч.С*******ид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь урьдчилгаа 70 893 150 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дансанд байршуулах, үлдэх 165 627 350 төгрөгийг Хаан банкны ипотекийн 6 хувийн зээлээр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах талаар байна, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжсэн талаар маргаагүй байна.

6.Зохигч талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №2656 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь маргаагүй, гэрээний зүйл болох Х******* дүүргийн ******* хороо, /17080/, тоотод 70,63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх нь нэхэмжлэгч Р.Ц*******ээс хариуцагч Ч.С*******ид шилжсэн талаар хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

7.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, цаашид биелүүлэх эсэх нь тодорхойгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзах талаар урьдчилан мэдэгдсээр байхад үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй, 80 000 000 төгрөгийг төлөхгүй байх тул гэрээний 4.6-д зааснаар гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авч, учирсан хохирол зардлаа нэхэмжилж байна гэсэн.

7.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагчид удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөх, гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн гэх боловч тайлбараа нотолсон баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон талаарх баримтгүй байна.  

7.2.Талуудын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д “энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй” гэж заажээ.

 

8.Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг дагалдах тавилгын хамт 300 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх боловч хэрэгт авагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-т “үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 236 610 500 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, 3.2-т “урьдчилгаа 70 893 150 төгрөгийг 2022.12.05-нд Ч.С*******ийн Хаан банк 59 тоот дансанд байршуулах. Үлдэх 165 627 350 төгрөгийг Хаан банкны ипотекийн 6 хувийн зээлээр бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов. Төлбөрийг Р.Ц*******ий Хаан банк 500 тоот дансанд шилжүүлэн өгөх” гэж харилцан тохиролцжээ.

 8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь орон сууцны дагалдах тавилгыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн зүйл байхгүй, зах зээлийн ханшаар ямар ч тавилга 70 000 000 төгрөгөөр үнэлэгдэхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай өөрийн өмчлөлийн орон сууцны дагалдах тавилгаа 70 000 000 төгрөгөөр үнэлж, орон сууцыг нийт 300 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч гэрээ байгуулах үед ямар, ямар тавилга шилжүүлсэн эсэх, орон сууцны дагалдах тавилгын үнэ нь 70 000 000 төгрөг болох эсэх талаарх баримтгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул орон сууцны үнийг 300 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

9.Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцны үнэ болох 236 610 500 төгрөгийг бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан дансны баримтаар тогтоогдоно гэсэн бөгөөд хариуцагчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 86 610 500 төгрөгийн зарлага “байрны урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150 000 000 төгрөгийн зарлага “С******* байрны үлдэгдэл төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжсэн болох нь тогтоогдож байна.

9.2.Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 150 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй боловч 80 000 000 төгрөгийг нь бодитоор төлөөгүй, уг мөнгийг дансанд шилжүүлсэн боловч орон сууцны үнэд төлөгдсөн гэж үзэхгүй, дээрх 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эхнэр Н.Оы нагац эгч учраас урьдчилгаа 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн данснаас П.Нд шилжүүлж, П.Н нь Н.Од машинаа худалдсан гэж уг мөнгийг шилжүүлсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн П.Нгийн болон нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдоно гэсэн.

9.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч Р.Ц*******ий Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орлого 70 000 000 төгрөг, “V6 зарав, Ээгий, П ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зарлага 80 000 000 төгрөг “Ц*******ээс шилжүүлэг, Н П” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд мөн Худалдаа хөгжлийн банкны П.Нгийн дансны хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 26-нд зарлага 20 000 000 төгрөг “RX машины үнэ Н О”, 2022 оны 12 дугаар сарын 26-нд зарлага 60 000 000 төгрөг “RX машины үнэ Н О” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжсэн болох нь тогтоогдож байна.

 

9.4.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж орон сууцны үнэ болох 236 610 500 төгрөгнөөс 80 000 000 төгрөгийг бодитоор төлөөгүй, өөрөө төлсөн тул гэрээнээс татгалзаж байна гэсэн боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагчид энэ талаар мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон талаарх баримтгүй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзах буюу цуцлах боломжгүй бөгөөд гэрээний үүрэгт нийт 156 510 500 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч нь маргаагүй атлаа 80 000 000 төгрөгийг төлөөгүй гэж гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт 4 733 000 төгрөг, нотариатын зардалд 135 000 төгрөг, нийт 4 888 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан, мөн хохирол учирсан, зардал гарсан талаарх баримтыг ирүүлээгүй болно.

11.Иймд нэхэмжлэгч Р.Ц*******ий хариуцагч Ч.С*******ид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4 888 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Р.Ц*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 362 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Ц*******ий хариуцагч Ч.С*******ид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4 888 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Ц*******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 362 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН