Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Т.Г*******, хариуцагч М.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2024/0113/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

1.1. Нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн үйл баримт:

2.1 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Л*******оос ирүүлсэн ...УСУГ-ын 0238 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлбэ голд бохирдсон цас мөсөө асгаад байна... гэх гомдлын дагуу Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ыг Сэлбэ голд бохир мөс асгасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасны дагуу 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Гомдол гаргагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. Иргэн н.Л******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн байгаль орчны газарт хандаж "Сэлбэ голын ойролцоо хүмүүс байнга хог хаягдал хаяж байна" гэх гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч М.Н******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь заалтаар шалгахдаа зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох ажиллагааг хийлгүйгээр манай байгууллагад торгуулийн шийтгэл бичиж хууль бус үйлдэл гаргасан.

3.2. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагын 02-38 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа түр зогсолт хийж дугуйгаа нөхөх зорилгоор 87, 99 дүгээр ус түгээх байрнаас ачсан ундны хөлдсөн цэвэр усыг түр буулгаж байхад иргэн н.Л******* нь гэрэл зургийг нь зөвшөөрөлгүй авч байгаль орчны улсын байцаагч М.Н*******т баримтаар өгсөн байна.

3.3. Тухайн өдөр ажил гүйцэтгэх тээврийн хэрэгслийн хүрэлцээ муу байсан тул засварын ажилд гаргадаг 02-38 УБМ улсын дугаартай крантай "Бонго" маркийн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар мөс зөөх ажилд хуваарилсан байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн дугуй хагарч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон учраас ачиж явсан мөсийг 98-30 УБА улсын дугаартай ачааны автомашинд шилжүүлэн ачиж "Цагаан даваа"-ны төвлөрсөн хог хаягдал хаях цэгт хүргэж буулгасан нь 3480 килограмм мөс буулгасан гэрэл зураг болон баримтаар нотлогддог.

3.4 Байгаль орчны байцаагч М.Н******* нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх тухай мэдэгдсэний дагуу Хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Э*******, Шугамаар ус хангах албаны инженер Т.Г******* нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон хариуг хүргүүлсэн.

3.5 Томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газарт очиж гомдлын талаар тодруулж, хог хаягдал асгаагүй талаарх тайлбараа 13 хуудас нотлох баримтыг өгсөн боловч М.Н******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр утсаар "Зөрчлийн хэрэг нээсэн ирж шийтгэлийн хуудсаа аваад торгуулиа төлөөд ир" гэж мэдэгдсэний дагуу очиж уулзахад хэргийн материалтай танилцуулж зөрчлийн хэрэг нээсэн тогтоол зэргийг үзүүлэлгүйгээр ******* дугаар шийтгэлийн хуудас бичиж өгсөн байна.

3.6 Байгаль орчны улсын байцаагч М.Н******* нь тухайн хэргийг хянахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох ажиллагааг хийгээгүй, шалгагдаж буй хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, прокурорын тогтоолтой танилцуулаагүй, урьдчилан ******* дугаар шийтгэлийн хуудас бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

3.7 Иймд Нийслэлийн байгаль орчны улсын байцаагч М.Н*******ийн ******* дугаар шийтгэлийн хуудас, манай байгууллагад оногдуулсан зөрчлийн шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Хариуцагч хяналтын улсын байцаагч М.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Л*******оос ирүүлсэн "Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хайлааст голын бэлчирт зам цэвэрлэсэн давстай, бодистой бохир цасаа Сэлбэ гол дотор асгаад байна. Шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийн дагуу 2402000004 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Ус сувгийн Удирдах газрын 02- 38 УБМ улсын дугаартай Бонго маркийн автомашин нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ гол дагуу цас мөс асгасан нь гэрч Д.Л*******ийн тайлбар мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээр тогтоогдсон тул 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 1000 нэгж буюу 1,000,000/нэг сая/ төгрөгийн торгуулийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

4.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийхэд Ус сувгийн Удирдах газрын 02-38 УБМ улсын дугаартай Бонго маркийн автомашины асгасан гэх цас мөс ачигдаагүй байсан. Гэрэл зургаар баримтжуулсан/

4.4. Гэрчийн мэдүүлснээр тус тээврийн хэрэгслийн жолооч болон хамт байсан 3 иргэн энэ бол хог биш цас мөс учраас манайх тухайн газарт байнга асгадаг гэсэн тайлбар өгсөн байсан. /Гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа/

4.5. УСУГ-аас ирүүлсэн баримтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 02- 38 УБМ улсын дугаартай Бонго маркийн автомашины ачиж байсан цас мөсийг 98- 30 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэлгэн ачиж Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хаясан гэх боловч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийхэд асгасан цас мөс ачигдаагүй байсан нь гэрэл зургаар нотлогдож байна.

4.6. УСУГ-ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон тус газрын Шугамаар хангах албаны инженер Т.Г*******аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тайлбар мэдүүлэг авахдаа илэрсэн зөрчил болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах талаар хэлсэн, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол гарсан, прокурорын газраас авчирч амжаагүй байгаа талаар хэлсэн байгаа. Энэ нь холбогдогчийн гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбар мэдүүлэгт тусгагдсан байгаа.

4.7. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос тайлбар мэдүүлэг авахдаа тус газрын 02-38 УБМ улсын дугаартай Бонго маркийн автомашины цас мөс асгаж буй гэрэл зураг, хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зураг зэргээ танилцуулсан, мөн энэхүү илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах талаар хэлж танилцуулсан байгаа. /2402000004 дугаартай Зөрчлийн хэргийн материалын 11-14 дүгээр хуудсанд тодорхой байгаа/

4.8. Нэхэмжлэлд УСУГ нь тухай өдөр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлбэ голын сав газарт асгасан цас мөсөө сэлгэн ачиж Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хаясан гэх боловч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийхэд тухайн цас мөс ачигдаагүй байсан. /Сэлбэ голын сав дагуу асгасан цас мөсийг 98-30 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хаясан гэж байгаа боловч хог хаясан тухай тасалбарт лаг шавар, ахуйн хог хаягдал хаясан гэсэн байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ улсын байцаагч М.Н******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь заалтаар шалгахдаа зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох ажиллагааг хийлгүйгээр манай байгууллагад торгуулийн шийтгэл бичиж хууль бус үйлдэл гаргасан. ...тухайн тээврийн хэрэгслийн дугуй хагарч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон учраас ачиж явсан мөсийг 98-30 УБА улсын дугаартай ачааны автомашинд шилжүүлэн ачиж "Цагаан даваа"-ны төвлөрсөн хог хаягдал хаях цэгт хүргэж буулгасан нь 3480 килограмм мөс буулгасан гэрэл зураг болон баримтаар нотлогддог...хэргийн материалтай танилцуулаагүй... гэж маргажээ.

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд Усны тухай хуулийг зөрчих зөрчлүүдийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 8-д Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж,

4. Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."хог хаягдал" гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг; гэж тус тус заажээ.

5. Хуулийн эдгээр заалтаар усны сан бүхий газарт хог хаягдал хаясан зөрчил тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

6..Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, иргэн Д.Л*******оос 0238 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бохир цас мөс хаясан талаар гомдлыг фото зургийн хамт ирүүлсэн байна. Гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нь зөрчлийн хэрэг нээж, Ус сувгийн удирдах газарт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар хууль ёсны төлөөлөгч томилон ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсний дагуу тус газраас шугамаар ус хангах албан инженер Т.Г*******, Хууль, эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Э******* нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.

7. Эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******аас мэдүүлэг авсан байна.

8. Уг мэдүүлэгт ...Энэ дагуу 02-38 УБМ улсын дугаартай Бонго маркийн машин цас мөс ачиж явахдаа тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй хагарч диск нь эргээд эвдрэл гарсан тул Сэлбэ голын гүүрний доод талд аюулгүй байдлаа ханган зогсож авто бааздаа дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 98-30 УБА улсын дугаартай Пронтер маркийн бага оврын асуусны машин ирж 02-38 УБМ дугаартай машины асгасан байсан хөлдсөн ундны цэвэр усыг сэлгэж 98-30 УБА улсын дугаартай бага оврын асуусны машинд ачиж Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт аваачиж асгасан. Нийт 3480кг мөс буулгасан. Үүнийг хог хаягдлын гэрээ болон тухайн өдөр орсон тасалбар, төлбөрийн нэгдсэн тайлан зэрэг баримтаар нотлогдоно Манай байгууллага нь ус түгээх байрнаас гарсан мөсийг Цагаан даваа, Улаан чулуутын хогийн цэгтэй гэрээ байгуулан тогтмол асгадаг бөгөөд Сэлбэ голын ай сав газарт хог хаягдал хаяагүй болно. гэж мэдүүлж, фото зураг, хог тээврийн авто машины дэлгэрэнгүй тайлан, тасалбар, хог хаягдал хаях гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

9. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх мэдүүлгийн дагуу цас мөсөө цэвэрлэсэн, буцаан ачсан эсэхэд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийж, буцаан ачиж цэвэрлээгүй нь фото зургаар тогтоогдсон гэж үзсэн, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр Д.Л*******оос мэдүүлэг авсан байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн шийтгэл оногдуулсан байна.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж тус тус хуульчлан заажээ.

11. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй.

12. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь усны сан бүхий газарт хог хаягдал хаясан эсэх зөрчлийг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж зөрчил нь тогтоогдсон эсэхийг шалган шийдвэрлэх шаардлагатай байхад нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус, энэ талаарх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.

13. Тодруулбал, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цас мөсийг түр буулгасан, шилжүүлэн ачсан, хогийн цэгт хаясан гэх мэдүүлэг гарган холбогдох баримтыг өгсөн байхад эрх бүхий албан тушаалтан нь энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй, холбогдох газраас энэ талаар тодруулаагүй, үзлэг хийж фото зургаар баримтжуулсан гэх боловч уг фото зурагт өмнө нь ямар хог хаягдал байсан, дараа нь ямар байгаа гэдгийг харьцуулан судлах боломжгүй буюу Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн машинаас буулгасан цас мөс мөн болох нь нотлогдохгүй байна.

14. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараах эрхтэй: ...2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; 2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх; 2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах; гэж холбогдогчийн эдлэх эрхийг хуульчлан заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцсаны үндсэн дээр хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаагүй болох нь тэдгээрийн тайлбар, хэргийн материалтай танилцуулсан баримтыг үйлдээгүй зэргээр тогтоогдож байна.

15. Иймд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 8-д заасан зөрчлийг гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын гомдлын шаардлагыг хангаж, Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, гомдол гаргагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ