Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, Ерөнхий шүүгч С.Сэржмядаг, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч: С.Баттогтох, Г.Энхтайван, О.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Хохирогч Ц.Дуламханд

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваа, Г.Лхам

Шүүгдэгч: Б.Отгонцэнгэл нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Отгонцэнгэлд холбогдох 201712000071 тоот хэргийг 2017 оны 8 сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1988.01.24-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл -1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 5-р хороо 38-6 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн нарангийн 4-91 тоотод оршин сууж байсан гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:КД88012410/ Дух овогт Батсүхийн Отгонцэнгэл нь хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Отгонцэнгэл нь 2017 оны 4 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр баг “Шар хошуу” гэх газарт гэртээ  өөрийн ахын хүү болох  Б.Бямбадалайг хутгалж, амь насыг нь хохироосон болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэрч Б.Мөнхбатын: 2017.04.16-ны шөнө аав Баасандашийнд унтаж байхад 03 цагийн үед байх Б.Отгонцэнгэл аавынд ирээд унтсан. Би 2017.04.16-ны өдрийн 07 цаг гэж босоод гэрээс гараад харж байхад голын зүүн талд хар өнгийн машин байгаа харагдсан. Тэгэхэд Б.Отгонцэнгэл босоод Ж.Дэлгэрбямба гэдэг айлд очно гээд ярихаар нь мотоциклио өгөөд явуулсан. Тэрнээс хойш мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-40/
  • Гэрч Ж.Дэлгэрбямбын “2017.04.16-ны өдөр 8 цагийн үед төл малаа тавьж байхад Б.Отгонцэнгэл ирээд гэрийнхэнтэйгээ муудалцаад машиныг нь унаж явж байгаад голын цаана орхиод голоор явган гарч ирээд Баасандаш ахынд хоноод өглөө мотоциклийг нь гуйж унаад явж байсан чинь унтарчихлаа, асахгүй байна. Намайг А.Түвшинжаргалынхаар оруулаад С.Чулуунсүхийн гэрт хүргээд өг гэсэн. Тэгээд хүргэж өгөх гээд явж байхад Б.Отгонцэнгэл Б.Бямбадалайтай таарахгүй байна. Миний үгийг тоохгүй, ахаа гэж хүндлэхгүй, бид 2 өчигдөр шөнө архи ууж байгаад муудалцаад бид 2 зодолдсон. Б.Бямбадалайг зодчихоод гараад ирлээ. Б.Баярсайхан ахаас айгаад машиныг унаж явж байгаад голын цаана орхисон гэсэн. Тэгээд А.Түвшинжаргалын гэрт очиход эхнэр нь юм угаагаад жаахан хүүхэдтэй байж байсан. Бид 2-т цай унд өгөөд 0,75 литрийн архи гаргаж өгсөн. Тэр архийг уугаад дуусч байхад А.Түвшинжаргал ирсэн. Тэгээд юм ярьж сууж байхад Б.Отгонцэнгэл Б.Бямбадалайтай муудалцсан гэж хэлсэн. Тэгээд гадаа машиныг нь үзээд зогсож байхад А.Түвшинжаргал надад Б.Отгонцэнгэл Б.Бямбадалайг болиочихсон, алсан юм шиг байна, одоо өөрт нь хэлэх үү гэхээр нь би одоохондоо дуулгаад хэрэггүй аяар нь байлгая, хэлчих юм бол зугтах, эсхүл амиа хорлож мэднэ гэж яриад эвээр байлгаж байгаад С.Чулуунсүхийнд очие гээд очиход С.Чулуунсүхийнд хүн байгаагүй. Тэгж байхад С.Чулуунсүх машинтайгаа ирсэн.  Тэгээд Б.Отгонцэнгэлийг орхиод явсан. Б.Отгонцэнгэлийн толгойноос цус гарсан бололтой хатсан байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-33/
  • Гэрч А.Түвшинжаргалын: Малд яваад ирэхэд Б.Отгонцэнгэл, Дэлгэр 2 ирчихсэн сууж байсан. Намайг ирэхэд 0,75 литрийн Амуу буудай нэртэй архи бараг дуусч байсан. Тэгээд байж байхад Золзаяа утсаар яриад Б.Отгонцэнгэлийн гэрт ажил явдал болсон. Б.Отгонцэнгэлд хэлээд өг гэхээр нь би хэлж чадаагүй. Дэлгэр тэр 2 С.Чулуунсүхийнд очно гээд Б.Отгонцэнгэл мотоцикль бариад явсан. Тэр хоёрыг хөдөлж явахаас өмнө би Дэлгэрт ганцааранд нь Б.Отгонцэнгэлийн гэрт ажил явдал гарсан байна. Цаашаа ийш тийшээ яваад хэрэггүй гэж хэлсэн. Б.Отгонцэнгэл дүү Б.Бямбадалайтай муудалцаад гээд ярианы дунд хэлж байсан гэх мэдүүлэг /хх-30/
  • Гэрч С.Чулуунсүхийн: Би 2017.04.16-ны өдөр гэртээ байхад Б.Отгонцэнгэл А.Түвшинжаргалын утсаар залгаад танайд очлоо гэж хэлсэн. Би тэр үед усанд явах гэж байсан болохоор усаа авахаар худаг явсан. Худагаас буцаж явахдаа Эвийхүү эгчийнд очиход Б.Отгонцэнгэл, Ж.Дэлгэрбямба 2 гараад ирсэн. Тэгээд Ж.Дэлгэрбямба мотоциклио унаад яваад өгсөн. Би Б.Отгонцэнгэлийг аваад явах замдаа адуу мал ярьж явсан. Гэртээ 14 цаг өнгөрч байхад ирсэн. Ишгэнд тариа хийх зуур Б.Отгонцэнгэлтэй ярьж байхад Б.Отгонцэнгэл нь Б.Бямбадалай надаас архи нэхээд байхаар нэг шил архи өгөөд гадаа гарч уу гээд гаргасан. Тэгээд намайг хэвтэж байхад эргэж орж ирээд Б.Бямбадалай толгой руу архины шилээр цохьсон. Тэгэхээр нь би босоод зодчихоод ирлээ гэж ярьсан. Б.Отгонцэнгэл толгой руу заагаад энэ лүү Б.Бямбадалай цохьсон гэж заасан. Надаас Б.Бямбадалай архи нэхээд байхаар нь би нэг шил архи өгсөн, тэгээд архиа уучихаад миний толгой руу архины шилээр цохьсон гэж ярьсан . Тэгээд гэрт орж ирээд хоол идээд гэрт нэг шил архи задалж уугаад сууж байхад Сайхан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч орж ирээд Б.Отгонцэнгэлийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-41-43/
  • Хэсгийн төлөөлөгч М.Бат-Эрдэнэ илтгэх хуудсандаа: 2017.04.16-ны өдөр 07 цаг 43 минутанд Сайхан-Овоо сумын төвөөс урагш 35 км-т “Шар хошуу” гэх газар хүн нас барсан байна гэж дуудлага хүлээн авч …биечилсэн сурвалжлага хийхэд Батсүхийн Отгонцэнгэл гэгч дээрхи гэмт хэргийг үйлдэж, хэргийн газраас Тоёота Надиа маркийн хар өнгийн 61-04 ДУА дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан байж болзошгүй талаар мэдээлэл авч шалгахад Онгийн голын зүүн талд хэргийн газраас 10 орчим км-т дээрх тээврийн хэрэгслийг орхисон нь тогтоогдсон. Онгийн голыг гатлан баруун талаар нутагладаг айлуудаар явж асуухад Б.Отгонцэнгэл нь н.Баасандаш гэх айлд хоноод мотоцикль унаж явсан, бензин нь дуусахаар Жаргал гэх айлын ойролцоо мотоциклийг нь орхиж Жаргалынд очсон. Жаргалын хүү Дэлгэр гэгчээр мотоцикльтой хүргүүлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1-р багийн нутаг Мандал-Овоо сумын нутгаас хойш 60 км-т “Шар хад” гэх газарт нутагладаг иргэн С.Чулуунсүхийнд очсон байхад нь олж тогтоон баривчилсан гэх. /1-р х.х-159/
  • Гэрч Б.Баярсайханы /хохирогч Б.Бямбадалайгийн эцэг/: Би 2017.04.16-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад Шар хошууны бууцан дээр мотоцикльтойгоо очиход гэрийн гадаа машин байгаагүй. Гэрийн үүдэнд газар шороон дээр хутга даалин хэвтэж байсан. Би гэрийн хаалгыг нээгээд ортол гэрийн үүдэнд төмөр банн дотор миний хүү цээж хэсэг нь фудболкатай дээшээ харчихсан сууж байсан. Хамаг бие нь хөшчихсөн нас барсан байсан. Би биед нь хүрч үзсэн юм. Тэгээд би шоконд ороод хэсэг манараад гэрээс гараад мотоциклио унаад яаж харьсанаа мэдэхгүй. Эхнэрээ дуудсан. Тэр гэрт Б.Отгонцэнгэл байгаагүй ” гэжээ /хх-48-49/
  • Гэрч Б.Мэндсайханы /Б.Отгонцэнгэлийн төрсөн ах, хохирогч Б.Бямбадалайгийн авга ах/:  2017.04.16-ны өдөр 7 цаг өнгөрч байхад төрсөн дүү Б.Баярсайхан утсаар залгаад болохоо байжээ гээд хурдан ир гээд орилоод байсан. Тэгээд би мотоциклио унаад Б.Баярсайханыд очиход Б.Баярсайхан миний хүүг Б.Отгонцэнгэл алчихаад явсан байна гэж хэлээд та нэг Б.Отгонцэнгэлийн гэрт очоод үзээд өгөөч гэхээр нь Б.Отгонцэнгэлийн гэрт очиход гэрийн хаалга онгорхой гэрийн үүдэнд төмөр банн дотор талийгаач Б.Бямбадалай дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь гүрээн дээр нь хуруугаараа дарж үзэхэд судас цохилохгүй, толгойг нь өргөж үзэхэд хөшсөн байдалтай байсан. Бас талийгаачийн хувцас нь цус болсон урагдсан байсан гэх мэдүүлэг /хх-34-35/
  • Гэрч Ц.Мөнхбаярын /хохирогч Б.Бямбадалайгийн нагац ах/: 2017.04.16-ны өдөр 8 цаг өнгөрч байхад гэртээ байхад төрсөн дүү Саранхүү утсаар залгаад Б.Бямбадалайг нас барсан гэж хэлэхээр мотоциклио унаад Б.Баярсайханыд очсон. Дараа нь Б.Отгонцэнгэлийн гэрт очиход гэрийн хаалга онгорхой, гэрийн үүдэнд төмөр банн дотор талийгаач Б.Бямбадалай дээшээ харсан гэдийсэн байдалтай хэвтэж байсан. Бас талийгаачийн хүзүүн дээр нь хөхөрсөн харагдсан. Гэрийн гадна талд хаалганы зүүн урд талд шаргал иштэй хутга, даалин байгаа харагдсан гэх мэдүүлэг /1-р х.х-36-37/
  • Хохирогчийн төлөөлөгч Ц.Дуламхандын /хохирогч Б.Бямбадалайгийн эх/: 2017.04.16-ны өдрийн 06 цагийн үед ямаагаа эргүүлж явахдаа Шар хошуу гэх газар байх Б.Отгонцэнгэлийн гэр лүү нь дурандаж хартал ойр хавьд нь манай машин харагдахгүй байсан. Тэгсэн удалгүй манай нөхөр Б.Баярсайхан мотоцикльтой давхиад ирэхээр нь манай машин харагдахгүй байна гэж хэлэхэд Б.Баярсайхан үзээд ирье гээд давхиад явсан. Удалгүй Б.Баярсайхан эргэж ирээд гэрийн гадаа орилоод дэвхцээд байсан. Гэрт орж ирээд Б.Баярсайхан би хүүгүй болсон. Б.Отгонцэнгэл миний хүүг алсан, гэрийн гадна цустай хутга байна гээд орилоод байсан. Нөхөр маань төрсөн ах Б.Мэндсайхан луу утсаар залгаж яриад ах нь ирээд Шар хошуу гэх газар очиж ирээд Б.Бямбадалайг нас барсан нь үнэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг   /1-р х.х 21-22/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р х.х 4-6, 7-10/
  • Шинжээчийн 2017.05.08-ны өдрийн 170100031 тоот дүгнэлтэд: Б.Бямбадалайн цогцост цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжинд зүүн талын 3-р хавирганы түвшинд өвчүүний голын шугамаас 4.5 см зайд цээжний хөндий нэвтэрсэн, зүрхний зүүн ховдлын урд дээд хэсэгт 2 хавтаст хавхлагын дээгүүр зүүн тосгуурын хөндий рүү нэвтэрч, зүүн тосгуурын арын ханыг хатгаж үнхэлцэг хальсийг хатгасан шарх, зүүн уушигны доод дэлбэнгийн урд гялтан доор цус хуралт, цээжний хөндийдөх сул цус 1400 мл. Үнхэлцэгийн хөндийд 150 мл бүлэнжсэн цус, баруун чихний дэлбэн, зүүн эгэмний дээд хэсэгт, зүүн мөрний урд хэсэгт арьс өнгөт зүсэгдсэн. Цээжинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хурсан, баруун дээд 1-р шүдний баруун ирмэг хугарсан, нуруунд цус хурсан. Хүзүүний ар хэсэгт араас урагш, доош ташуу 12 см урт 0.2 см өргөн дарагдлын ором. Эрүүний дор,  баруун эгэмний дотор, баруун мөрний урд зулгарсан, духны зүүн хажууд цус хурсан,  зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон баруун чихний дэлбэн,  зүүн эгэмний дээд хэсэгт,  зүүн мөрний урд хэсэгт арьс өнгөц зүсэгдсэн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүссэн байх боломжтой байна. Цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр,  хүзүүнд үүссэн дарагдлын ором нь хүзүүг уяа даавуугаар дарсантай холбоотой үүснэ. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах байдлаар үүссэн. Бусад жижиг хэмжээний зүсэгдсэн гэмтлүүд тус бүрдээ нэг удаагийн үйлчиллээр үүссэн байна. Талийгаачийн цусанд 3.7 промилли спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач А/II/ бүлгийн цустай байна. Б.Бямбадалай нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин илрээгүй болно гэжээ /хх-83-85/,
  • Шинжээч эмч мэдүүлэгтээ: Б.Бямбадалайгийн биед хүзүү, шүд, зовхи, чих хавирга зэрэгт шарх зулгарсан, цус хурсан, зүсэгдсэн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн шинэ гэмтлүүд юм. Цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болох үед үүссэн гэмтэл.  цус хурсан, зулгаралт, шүдний эмтэрсэн хугарал зэрэг нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Харин арьсны өнгөц зүсэгдсэн болон цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ гэжээ.  /хх-179-180/
  • Шинжээчийн 2017.04.21-ний өдрийн 4023 тоот дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бямбадалай 19/эр гэж хаягласан цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли спиртийн агууламж илэрсэн гэжээ. /хх-89/
  • Шинжээчийн 2017.09.27-ны өдрийн 170100031 тоот дүгнэлтэд “Б.Бямбадалайн цусанд 3.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь хүнд зэргийн согтолт болно. Ийм зэргийн согтолттой хүн нь сэтгэцийн хувьд хөөрлийн байдалд орсон өөрийнхөө үйлдэл, хөдөлгөөнд хяналт тавих чадваргүй байна. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч үйл хөдлөл хийгээд / биеэ хамгаалах, бусадтай зодолдох/ байх боломжтой гэжээ.
  •  

Эдгээр баримтаар шүүгдэгч Б.Отгонцэнгэл нь 2017 оны 4 сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн төрсөн ахын хүү болох Б.Бямбадалайг хутгалж, амь насыг нь хохироосон болох нь нотлогдож байх тул хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Отгонцэнгэл нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 2017 оны 4 сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.07.06-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1-р х.х-186/ нь буруу байна. Учир нь: Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг зарчимтай. Прокурор дээр дурьдсан тогтоолдоо хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй ба “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хууль буцаан хэрэглэсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй[1] байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийг прокурор анхаарах шаардлагатай байна.

 

Шүүх бүрэлдэхүүн 2017.07.01-нээс дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ” гэсэн заалтыг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй харьцуулан шалгахад  хорих ялын доод хэмжээ “арваас” гэснийг  “найман жилээс” гэж хөнгөрүлэн заасан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Отгонцэнгэлийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Отгонцэнгэл нь гэмт хэрэг үйлдэх үедээ архидан согтуурсан гэж мэдүүлдэг ба хохирогч Б.Бямбадалай нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн 101000031 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Харин Б.Отгонцэнгэл нь тухайн үед согтуурсан байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

Түүнчлэн хохирогч Б.Бямбадалайгийн ар гэр, эмэг эх, төрөл садангаас нь шүүхэд ирүүлсэн өргөдөлд “миний хүүг эрүүл газаргүй зодож, хоолойг олон удаа боосон, урьдаас төлөвлөж ам насыг нь хохироосон, өөрийнхөө бах таваа хангаж, тавлаж доромжилж хөнөөсөн” гэх асуудлыг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шалгаж үзлээ. Шинжээчийн 170100031 тоот дүгнэлтээр хохирогч Б.Бямбадалайгийн бие махбодид “Цээжинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хурсан, баруун дээд 1-р шүдний баруун ирмэг хугарсан, нуруунд цус хурсан. Хүзүүний ар хэсэгт араас урагш, доош ташуу 12 см урт 0.2 см өргөн дарагдлын ором. Эрүүний дор, баруун эгэмний дотор, баруун мөрний урд зулгарсан, духны зүүн хажууд цус хурсан, зөөлөн эдийн гэмтэл” учирсан нь тогтоогдож байна.  Мөн тухайн дүгнэлтээр хохирогч Б.Бямбадалай нь цээжний хөндий рүү хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах байдлаар үүссэн шархны улмаас нас барсан, үхэлд хүргэх өөр өвчин эмгэг илрээгүй болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч талын өргөдөлд дурьдсан үйл баримт нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

Мөн Б.Отгонцэнгэлийн бие махбодид “духанд шарх, зүүн хонгоны дээд хэсэгт зулгарсан гэмтэл”  учирсан болох нь шинжээчийн 170200122 тоот дүгнэлтээр тогтоогддог боловч тухайн гэмтлийг хохирогч Б.Бямбадалай учруулсан гэдгийг нотлох баримт шүүгдэгч Б.Отгонцэнгэлийн мэдүүлгээс өөр баримт байхгүй, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй … бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Отгонцэнгэл нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Бямбадалайгийн өв залгамжлагч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Б.Отгонцэнгэлийн санаатай үйлдлийн улмаас 20 настай Б.Бямбадалайгийн амь нас хохирсон нь үнэн бодитой, илэрхий үйл баримт бөгөөд хүний амь нас хохирсноос үүдэн гарсан хор уршиг нь хэзээ ч сэргээгдэхгүй буюу нөхөн арилашгүй зүйл юм.

 

Хохирогч Б.Бямбадалайгийн эцэг, эх, төрөл саданд сэтгэл санааны хохирол учирсан нь тодорхой байгаа боловч сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжилж байгааг нотлох баримт хангалтгүй цугларсан байна. Гэмт хэргийн хохирогч нь давхар иргэний нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээдгийн хувьд гэм хорын төлбөрийг нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар холбогдох нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа цуглуулж жичдээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч талаас бодитой гарсан зардал гэх нийт 12330100 төгрөгийн баримт гаргаж өгснийг шалгаж үзээд дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

  • Оршуулгын зардал-5086000 төгрөг, ажил явдал болон мөрдөн байцаалт, шүүхэд ирэхэд зарцуулсан бензин, шатахуун, түлш-1223300 төгрөг, нийт 6309300 төгрөгийг зайлшгүй зардалд тооцлоо. Үүнээс шүүгдэгчээс бэлнээр хүлээлгэж өгсөн 1 сая төгрөгийг хасч тооцож, 5309300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
  • Хоног хураах болон шашны зан үйлтэй холбогдон гарсан зардал, ажлын хөлс, өмгөөлөгчөөс авсан хууль зүйн туслалцааны хөлс нь зайлшгүй зардалд хамаарахгүй тул 2668300 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Үүнд: 2-р хавтаст хэргийн 1, 9, 11, 13, 14, 15, 18, 20 дугаар хуудсанд байгаа баримтууд хамаарч байгаа болно.
  • Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргын тамга бүхий тодорхойлолтод /2-р х.х-26/ заасан 3200000 төгрөгийн зардлыг нотлох баримт хангалтгүй /малын үнэлгээ байхгүй г.м/, мөн Монхими ХХК-д тушаасан 152500 төгрөгийн баримт /2-р х.х-22, 23/ нь хэрэгт хамааралтай гарсан зардал мөн эсэх нь тодорхойгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Отгонцэнгэлд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь харгалзан хорих ял эдлэх зэрэглэлийг хөнгөрүүлэхээр тогтов.

 

Хэргийн газраас оргон зайлсан сэжигтэн Б.Отгонцэнгэлийг эрэн сурвалжлах хойшлуулшгүй ажиллагаа явуулж,  2017.04.16-ны өдөр баривчлан саатуулсан нь хэсгийн төлөөлөгч М.Бат-Эрдэнийн илтгэх хуудас /хх-159/, тус шүүхийн шүүгчийн 2017.04.17-ны өдрийн 10 дугаар захирамж /хх-95/,  Б.Отгонцэнгэлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул 2017 оны 4 сарын 16-наас 8 сарын 16-ны өдрийг хүртэл баривчлагдаж, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Дух овогт Батсүхийн Отгонцэнгэлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Дух овогт Батсүхийн Отгонцэнгэлд 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 199 дугаар зүйлийн 199.2-т зааснаар шүүгдэгч Б.Отгонцэнгэлд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  
  4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонцэнгэлийн баривчлагдаж, цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэгэн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Дух овогт Батсүхийн Отгонцэнгэлээс 5309300 /таван сая гурван зуун есөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Дуламхандад олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх 2668300 /хоёр сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 3352500 /гурван сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Ц.Дуламхандын сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Ц.Дуламханд нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Отгонцэнгэлээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.    
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг баримтлан хураагдаж ирсэн бурханыг улаан өнгийн утасны хамт, хохирогч Ц.Дуламхандад эгүүлэн олгож, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга, архины шил-2 ширхэг, шилний хагархай, цамц, бүтээлэгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, баримтыг Б.Отгонцэнгэлд холбогдох 201712000071 тоот хэрэгт хавсаргасугай.  
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонцэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Дундговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Шүүгдэгч Б.Отгонцэнгэлийг цагдан хорьсон талаар 2 цагийн дотор гэр бүлийнх нь 18 насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгчид нь мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай. 

                                     ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

                                              ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН

 


[1] Төрийн мэдээлэл 2016.05.25 ¹21 /930/