Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2020/00005

 

Н.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2020/00027 дугаар шийдвэртэй, Н.А нэхэмжлэлтэй А.У холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч А.У, түүний өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.У 2005 онд танилцаж, үерхэж байгаад 2006 оноос нэг гэрт орж хамт амьдрах болсон. 2007 оны 12 дугаар сарын 01-нд охин У.Э, 2014 оны 06 дугаар сарын 12-нд хүү У.Т нар төрсөн. А.У 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарснаар хойш удаагүй А.У зан байдлын хувьд харилцахад төвөгтэй, өөрт нь таарч тохирох таалагдах зүйл байхгүй, байнга гоочилж, бусдыг буруушааж, муулсан, гутаан доромжлох, хэлэх хэлэхгүй үг хэлж, дайрч давших, байнгын хэрүүл маргаан үүсгэх, мөн гар хүрч зоддог байсан. Түүний ааш авирыг тэсэж тэсвэрлэхэд бэрх маш хэцүү хэдий ч 10 гаруй жил шүд зуун амьдралаа нуураахгүй, үр хүүхдээ бодож, ааш авирыг тэвчиж, өдий хүрсэн. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, хааяахан хэрэглэдэг мөртлөө эрүүл байж, согтуу хүнээс доор аашилж, авирладаг, зан байдлын хувьд А.У харилцахад маш төвөгтэй, тогтворгүй ааш араншинтай. Би муухай аашилж авирлаж, зоддог зэрэг түүнийг тэсвэрлэхэд бэрх ааш авирын талаар ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд дотны хүмүүсээс нууж явдаг байсан. 2017 онд А.У намайг тэлээгээр зодож, гэмтэл учруулснаар Цагдаагийн байгууллагад хандсан. А.У гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг тогтоож, шүүхээр хянан шийдвэрлэж, гэм буруутай гэж үзсэн. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх гэж байхад маш их ухаарч ойлгосон, миний буруу буруугаа хүлээж байна, дахин гэр бүл, үр хүүхдээ зовоохгүй, амлаж байна гэж байсан боловч бахь байдгаараа хардаж зовоох, таних, танихгүй хүнтэй холбож хардах, умайн хүзүүний хавдараа авахуулж, эмчлүүлсэн өвчний байдлаар минь хүртэл хүний ой тойнд багтахгүй байнга /одоо ч тэр/ идээ бээрээ гэх мэт үгээр гутаан доромжилж байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтооход түүний талаар хэлсэн ярьж, мэдүүлсэн болгон үнэн. Гагцхүү түүний гуйлтаар бодит байдлыг гуйвуулж, үнэхээр засрах болов уу гэж итгэж байсан итгэлийг дахин А.У мохоосон. Үүнээс хойш дахин, дахин давтагдаж олон нийтийн өмнө, гэртээ үр хүүхдийнхээ өмнө гутаан доромжилж, зодох нь хэвээр байсан учир түүний ааш авирыг тэвчихэд бэрх байсан учир арга буюу ах, дүү нар ээжийгээ бараадаж, 2019 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Цуг хамт амьдрахгүй байхад хүртэл одоо хэр нь сэтгэлийн маш их түгшүүртэй, айдастай амьдарч байна. Байнга хэл амаар гутаан доромжилж, дээрэлхэн, хүү охин хоёрыг маань явуулахгүй, ээжтэй нь уулзуулахгүй, бичиг баримтыг ч өгөхгүй байгаа. Эх хүний хувьд хүүхдүүддээ маш их санаа зовж байна. А.У тогтворгүй ааш авир, ээжтэй нь харилцдаг харилцаанаас болж, бага насны охин Э хүртэл нөлөөлж сэтгэлзүйн хувьд тогтворгүй, уур уцаар ихтэй болж цаашид өсч торниж байгаа, өсвөр насны шилжилтийн насны охин хүүхэд сэтгэл зүйн хувьд өөрчлөлт орохвий гэхээс маш их айж байна. А.У хүүхдийг маань ч уулзуулахгүй, хязгаарлах учир эхийн хайр, халамжийг үзүүлж чадахгүй байна. Хүүг минь одоо болтол цэцэрлэгт явуулахгүй гэртээ хорьж ажилтай, ээлжтэй үедээ ажил дээрээ хонуулах зэргээр зутрааж, ядрааж байгаад гомдолтой байна. Хүү, охин 2 маань хоолтой, хоолгүй хайр, халамжгүй өсч хүмүүжиж байна. Охин У.Э гэр бүлийн маргаандаа оруулж, ээжийгээ гомдоох үг зааж өгөх, охиныхоо өмнөөс мессэж зурвас явуулах зэргээр хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хууль бус зохисгүй арга хэрэглэж байгаад А.У маш их гомдож байгаа. Эвлэрүүлэн зуучлалд хандахад эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгч уулзалт зохион байгуулсан боловч эвлэрэх биш улам асуудал хурцдаж, түүний эрхшээлээр хүүхдүүдтэйгээ уулзах боломжгүй, хязгаарлагдмал хэвээр, түүний доромжлолд гутаагдаж, худал гүтгэлгэнд гүтгэгдсээр байсан. А.У зан төлөв байдлын хувьд харилцахад маш их төвөгтэй хүн, хэнтэй яаж харьцахаа мэдэх төдийгүй, ялгаварлаж ялгаж харьцана, бусдад өөрийгөө өрөвдүүлэх гэж уйлах, санаашрах мэт янз бүрийн ааш авир гаргаж жүжиглэдэг. Үүнийгээ бусдад итгүүлэх гэж оролддог, тогтворгүй зан ааш араншинтай харьцахад маш төвөгтэй хүн. А.У цоо эрүүл хүн гэхэд би эргэлздэг төдийгүй, үр хүүхдээ бодсондоо ямар хүнтэй олон жил ханилж, засрах байх гэж итгэж найдаж явсандаа харамсаж байна. 2019 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байх хугацаанд А.У миний өмсөж байсан хувцас хэрэглэлийг өгөөгүйгээс өвөл болоход би өмсөх хувцасгүй арга буюу гадуур хувцас, гутал худалдан авч өмссөн, мөн өөрийн цалингийн лизингээр авсан эд хогшлоо авъя гэхэд өгөөгүй зэрэг хүнийг яаж дарамталж, хохироож болохыг бүхий л талаар харуулж үзүүлж байгаа. Иймд, А.У цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтийг албан ёсоор цуцлуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч А.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Н.А 2006 онд танилцаж 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин У.Э маань төрсөн. Энэ үед би Зараагийн 15 тоотод эгчтэй хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулсан. 2008 онд би элэгний өвчин тусаж, мөн жаахан охин минь өвдөж, мөнгөний асуудал үүсгэж, хэцүүхэн болж байхад хадам ээж Л одоо хүүхдээ аваад тусдаа гар, гуйлгачин минь, зулбасагаа аваад зайл, арчаагүй новш гэж хэлэх, хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь арга буюу хүүхдээ өвөртлөөд ажлын газрын эгч Т очоод 7 хонож байх хооронд одоо амьдарч байгаа байраа янзалж, ороод бидний амьдрал аз жаргал, инээд хөөрөөр миний 200 мянган төгрөгөөр болж байсан. 2014 оны 06 дугаар сарын 12-нд дахин надад хүү төрүүлж өгсөн. Эхнэртэй маш их баярлаж, ам бүл маань нэмэгдэж сайхан байсан. Би гэдэг хүн ажлаасаа гэрлүүгээ их яардаг. Гэтэл миний эхнэр Н.А нь ажилд ормоор байна, би гэртээ суух хэцүү юм гээд байхаар нь өөрөө мэд гэж хэлсэн. Эхнэр Н.А маань 2015 онд Дашваанжилд ажилд орсон, цалин мөнгө идэж уух маань болж л байсан. Гэтэл сүүлдээ эхнэр маань архи ууж ирэх, гэртээ хонож өнжихөө больж эхэлсэн. Хүмүүс надад танай эхнэр чинь ажлынхаа хүнтэй явалдаад байгаа юм биш үү гэхэд нь би өөрөө хараагүй юмандаа итгэхгүй гэсэн. Гэтэл 2016-2017 оны хооронд ажлын газрынхаа хүндтэй явалддаг нь тодорхой болсон тул би 2017 оны 09 дүгээр сарын 06-нд гар хүрч, гэр бүл хүчирхийллийн дагуу шалгуулж хэрэгсэхгүй болсон. Гэтэл эхнэр Н.А маань 2017 оны 12 дугаар сарын 26-нд Дашваанжилын шинэ жилээр Ц хамт бусармаг үйлдэл хийсэн зургийг эхнэр нь үзүүлэхэд нь, за би уучлал гуйлгая, дахиж ийм юм болохгүй байхаа гээд явуулсан. Эхнэр Н.А асуухад үнэн, би согтуу байсан, дахиж ийм юм хийхгүй, намайг бодооч гэхээр нь би уучлаад 2 хүүхдийхээ ирээдүйн амьдралыг бодоод уучилсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл мөрдөнд байх хугацаанд 2 хүүхдийг минь их зовоож байсан. Мөн эгч Н.А нь биений юм ирсэн дотоожоо угаалгаж байсан. Их айдастай байдаг, дахиж Хонхорт очихгүй, тантай баймаар байна гэж уйлж байхад, эхнэр Н.А миний буруу, уучлаарай одоо хэдүүлээ сайхан амьдаръя тэгэх үү гэсэн. Энэ мөчөөс хойш бидний амьдрал муу муухай бүхэн үүгээр дууссан шүү, одоо чи бид хоёр хүүхдүүдийнхээ төлөө л бүхнээ зориулах юм шүү дээ гэж хэлээд бүгдийг уучилж амьдралаа сайхан болгож байхад, миний хань Н.А би машин авмаар байна. Надад чи хамтрагч болоод өгөөч гээд 2018 оны 11 дүгээр сард гуйсан. Машинаар яах юм бэ болоод байна шүү дээ гэтэл, би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөж байя л даа гээд байхаар нь хамтрагчаар гарын үсэг зурж, ХААН банк ХХК-иас мөнгийг нь авч өгсөн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 20-23 ны хооронд Улаанбаатар хот машин авахаар явсан. Ингэхдээ дээрх алдаа нь давтагдсан. Миний болон өөрийнх нь утсанд мессеж ирсэн. Чиний ээж миний хадам ээжтэй нь чиний ах миний нөхөрийн найз, эгч нартай чинь би найз чи 2 амьдрал үймүүлж яах гээд байгаа юм нөхөрт чинь хэллээ гэж бичиж байсан. 11 дүгээр сарын 23-нд хотоос ирэхэд нь үзүүлэхэд Н эхнэр л байна гээд уурлаад, би ер нь явлаа, ингэж амьдрахгүй гээд яваад өгсөн. Үр хүүхдээ бодоод гуйж авчирдаг байлаа, ааш авир нь улам л эвдэрсэн, чамайг дарамталбал шүүх, цагдаа миний талд, чи ганцаараа үлдэнэ, гуйлгачин, хөгшин зөнөг гэж доромжилдог байсан. Би энэ бүгдийг нь уучилж тэвчдэг байсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй юмсан, үр хүүхдүүдээ өнчирүүлэхгүй шүү, ганц олдох амьдрал гэж боддог байсан. 2019 оны 02 дугаар сард ээж маань бурхан болсон сэтгэлийн гүн хямралтай байхад чи ээжийгээ үхэхэд ингэж, дуулж байсан биздээ гэх мэтээр өө хайж, доромжилж, хонож өнжих нь багассан тул арга буюу чи өөрөө л мэддээ гэхэд чи хөөсөн шүү гээд 2019 оны 04 дүгээр сард ээж эгч рүүгээ явсан. 2019 оны 04 дүгээр сарын 01, 2019 оны 06 дугаар сарын 01, 2019 оны 06 дугаар сарын 12-нд хүүгийн маань төрсөн өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 01, 2019 оны 12 дугаар сарын 01-нд охины минь төрсөн өдөр, 2019 оны 12 дугаар сарын 31 гэх баяруудад утсаар хүрээд ирээч гэхээр наад гэрт чинь очихгүй, утаатай, угаартай гэрт гээд орилж хашгирч загнасан. Утсаа авахаас хүртэл залхаж, хүүхдээ яриулдаг байхад хүртэл загнаж дарамтлах нь арай л байна лээ. Энэ амьдралыг бүтэн байлгах гэж удаа дараалан очиж уулзахад, маажиж малтаж, салаавч өгөх, хэлэхгүй муухай үгээр доромжилдог, би энэ бүгдийг нь уучилдаг. Хоёр сайхан үрээ өнчирүүлэхгүй, энэ амьдралыг хэвийн байлгахын тулд би эхнэр Н.А салахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Бид хоёр хамтран амьдрах боломжгүй, ойлголцохгүй болсон. Бид 2 шүүх, цагдаагийн асуудлаас болж, А.У надад гар хүрснээс хойш дахин энэ хүнтэй ойлголцох ямар ч боломжгүй болсон. Би ээжтэйгээ хамт амьдрах болсон. Эхэндээ хүүхдүүдийг минь аваад гэрийн гадаа ирээд утасдаж, гараад ир гэж хэлдэг байсан. Тэгэхэд ээж уурлаж, 2 хүүхэд минь ирж байна. Яагаад гэртээ орж ирэхгүй, гадаа уулзуулна гэдэг юм гэж уурладаг байсан. Би хүүхдээс авсан санал, асуулга зэрэг зүйлийг ойлгохгүй байна. Мөн хэрэгт авагдсан сургуулиас гаргасан тодорхойлолт, нийгмийн ажилтнаас авсан тодорхойлолт зэргийг гайхаж байна. Би сургуулиас тодорхойлолт авах гээд очиход захирал нь та 2 юу болж байна гэж асуухад нь би бид 2 дахин нийлэх боломжгүй, 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна гэтэл, харин тиймээ хүүхдүүд тань зутарч байна. Хүүхдүүдээ хурдан аваарай гэж хэлж байсан хүн өнөөдөр маш сонин тодорхойлолт гаргаж өгсөн байна. Бид хамт амьдраад 13 жил болсон. Охин минь 13 настай, хүү минь 5 настай. Анх надад гар хүрснээс болоод цагдаад гомдол гаргаж байсан. Би У байнгын дарамтыг тэвчихгүй болсон ба 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Одоо манай 13 настай охин намайг та хүнтэй явалдаж байгаа биз дээ гэж утсаар ярьж байна. Надтай хамт байхаараа шал өөр, яг өөрийнхөөрөө жоохон хүүхэд шиг байдаг. Утсаар ярихдаа намайг юм асуухад цаашаа асууж хариулт өгдөг. Хэрэгт өгсөн мэдүүлэгтээ миний охин аавтайгаа хамт байхдаа жаргалтай байдаг, ээж намайг зоддог, очихоор хоол өгдөггүй гэж мэдүүлсэн байна. Тэгэхдээ ааваас нь аваад гэртээ оруулахаар ээждээ хайртай, ээжийгээ санасан гээд 00-ын өрөө хүртэл оруулахгүй араас зууралддаг. Хүү минь мөөмөө идээд надаас салдаггүй. Тэгээд аав дээрээ очихоороо би танд дургүй, тантай хамт баймааргүй байна. Миний аав таныг зодоогүй гэж уурлаж дайрдаг. Одоо 13 настай хүүхэд ийм зүйл хэлэх ёсгүй. Хүүхдийн сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлж байна. Тиймээс би хүүхдүүдээ өөр дээрээ авч, хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзмаар байна. Хүүхдүүд минь над дээр ирж хоночихоод утас дуугарахаар сандраад аав ирчихсэн байна гээд сандардаг. Ээж минь хүртэл хүүхдийг яаж ийм болгож чадаж байна гэж гайхаж байсан. Би хүүхдүүдээ хүнээс дутаахгүй, өөрөө авч явж чадна. Миний хүү манай цэцэрлэгт явдаг байсан. Энэ жил явуулаагүй. Би У төрсөн эгч Боловсролын газрын дарга З уулзаж, бид 2 муудалцаж болно. Цаана нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж хэлсэн. Мөн би цэцэрлэгийнх нь багштай уулзаж хүүхдийн судалгаа авдаг байж миний хүүхдийг яагаад хамруулахгүй байгаа вэ? гэхэд эцэг нь өгөхгүй гэж хэлсэн гэсэн. Би гэртээ хальт очиход хаалга нь хаалттай байхаар нь орж харахад хүүхдүүдийг минь цоожилсон байсан. Би одоо гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна гэжээ.

           Хариуцагч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин үнэнийг хэлсэн. Би энэ хүнтэй хамт амьдрах гэж зөндөө олон удаа гуйсан. Яагаад хүүхдүүд минь ээж дээрээ очихгүй гэдэг вэ? гэдгийг тайлбарлая гээд миний хүүхдүүд урьд нь ээж дээрээ очдог байсан. 2019 оны 08 дугаар сарын 23-нд би хүүхдүүдээ ээж дээр нь очиж хонуулсан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 45 минутад миний охин над руу яаралтай ирээрэй гэсэн. Би юу болсон юм бол гээд очиход хүүхдүүд минь уйлж байсан. Би  хаалгыг нь чанга тогшин онгойлгуулж гэрт нь ороход охиныг минь буланд зогсоогоод, хүүг минь нөгөө буланд гарын нь өргүүлээд сур шиг юмаар аав руугаа явах гэлээ гэж ээж, эгчтэйгээ нийлж зодож байсан. Дараа нь дахин охиныгоо ээжтэйгээ ойр байг гэж бодон хамт хонуулахад энэ үйлдэл давтагдсан. Ээждээ 2 удаа зодуулаад охин минь өөрөө 09 дүгээр сарын 04-нд бие нь хөх няц болоод 108 дугаарт дуудлага өгсөн. Би өөрөө хүүхдийн минь бичсэн захиа энэ байна гээд эд мөрийн баримтыг нь үзүүлсэн. Би аргагүй эрхэнд нийгмийн ажилтанд 3 удаа хандахад тус ажилтан манайд 7 удаа ирсэн. Хүүхэд эхийн дарангуйлалд байна гэж нийгмийн ажилтан хэлсэн. Би 2017 онд уг хэргийг үйлдэхдээ миний хань Дашваанжил компанид ажиллаж байсан. Тэгэхдээ Ц гэх залуутай учирсан. Түүний эхнэр нь надад 2016 оны 12 дугаар сарын 28-нд бичлэг та 2-ын хүзүүгээ нөх няц болгож шимсэн бичлэг үзүүлсэн. Түүнийг хараад би аргагүйн эрхэнд чамд гар хүрч 1 удаа алгадсан. Түүнээс болоод би 2 сар хоригдсон. Би мөрдөнд сууж байхдаа амьдралаа бүтэн болгох гэж, миний эхнэр буруугүй гэж, хэлээд амьдралаа авч явсан. Мөн би жижүүрийн албаны дарга хийдэг. Намайг сургуулиас яаралтай дуудаж жижүүрүүд ажлаа хийхгүй байна, та өөрөө ирж гарын үсэг зурна уу? гэхэд нь би очиж гарын үсэг зураад, гэртээ буцаж ирэхэд орондоо хэвтэж байсан хүүхдүүдийг минь босгож, ахтайгаа хамт дарамталж байсан. Намайг хараад би хувцсаа авах гэж ирсэн. Хүүхдүүдээ 1 үнсье гэж, үнсээд нэг куртик аваад гарсан. Мөн миний хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байгаа. Би хүү Т 2019 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл цэцэрлэгт явуулсан. Дараа нь 09 дүгээр сараас миний хүү цэцэрлэгтээ явахгүй гэсэн. Би үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цэцэрлэгээс нь цуглуулъя гэж бодож байснаа ханиа гомдоогоод яахав, ажил дээр нь миний ханийн нэр нь муудна гэж бодоод нотлох баримт гаргуулаагүй. Миний хүүг өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой авах гээд ирэхэд өрөөнөөсөө гаргаж өгдөг. Хүүхдүүдийн үдийн унтлагын цаг болоход миний хүүг өөрийнхөө өрөөнд оруулаад гаргадаггүй гэсэн. Сумын захиргааны хүнээс очиж бичиг гаргуулахдаа өөрөө довтолж байгаад тэр бичгийг гаргуулчихаад тэр хүн өнөөдөр өөрөө буруутан болсон. Энэ хорвоод хүн болгон алдаа гаргадаг. Би ханиа нэг удаа өөрийнхөө энэ үйлдлийг ухаараад эргэж ирэх болов уу гэж их харсан. Одоо би хууль шүүхийн өмнө өөрөө гэм хийсэн хүн шиг ичиж байна. Үр хүүхдээ сураар зодож байхдаа хөхөөрөө хурайлж байсан уу? гэж асуумаар байна. Бид 3 танай ах, эгч нарын тань дарамтаас айхдаа машиндаа хонодог байсан. Түүнээс биш би хүүхдийнхээ эрхийг зөрчөөгүй. Өнөөдөр 108 дугаарын утас, цагдаагийн алба хаагч нар ажиллаагүй. Би гомдолтой байна. Надад торгуулийн арга хэмжээ аваад өгнө үү? гэж хүсэлт гаргаснаас болж өөрөө хүүхдээ дарангуйлагч, эхнэрээ дарангуйлагч болоод зогсож байна. Бидний хамтдаа амьдарсан 13 жилийн амьдралаа сүйрүүлэх гэж байгаагаа яагаад ухаардаггүй юм бэ? мөн намайг нотлох баримтгүй зүйл хэллээ гэсэн. Би нотлох баримт цуглуулбал миний нэр төр болоод миний хүүхдүүдийн нэр төр гутна. 2016 оны 12 дугаар сарын 29-нд чамаас яаж байгаа юм бэ? миний хань гэхэд уучлаарай миний буруу гэж хэлэх байх гэж бодтол, миний өөдөөс хэрүүл хийгээд явсан. Тэгээд би одоо гайгүй болж, амьдрал минь хэвийн болно гэж бодож байтал чи 2018 оны 11 дүгээр сард машин авахдаа надаар сонгуулахгүй тэр хүнээрээ сонгуулж авсан. Түүний эхнэр нь миний охин руу залгаж муу, муухай үг хэлж байсан. Түүнийгээ яагаад ойлгохгүй байгаа юм бэ? надад миний охины ээжтэйгээ ярьсан нотлох баримт машинд байна. Сая авч ирэх гэж байгаад орхисон байна. Миний хүүхдүүд ааваа би ээж дээр дахин очиж зодуулмааргүй байна. Дахиж ээжийн байранд очмооргүй байна. Зөвхөн гэртээ ээжтэйгээ, аавтайгаа хамт амьдармаар байна гэж ярьж байна. Одоо бид хэн хэнийхээ буруугаа ойлголцож дахин бие биедээ ганцхан удаа итгэсэн бол амьдрал минь өөр болох байсан юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 хүнийг би тодорхой мэднэ. Анх 2003 онд Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн Цагдаагийн байгууллагад ахлах мөрдөн байцаагчаар шилжиж ирж байсан. А манай эхнэртэй хамт ажиллаж байсан. Энэ 2 хөөрхөн ааштай хүүхдүүд байсан. Би яагаад өнөөдөр амьдрал нь ийм болсныг ойлгохгүй байна. Үр хүүхдээ бодоод, цаашдын амьдралаа бодоод эвлэрэх хэрэгтэй гэж бодож байна. 13 настай охин нь шилжилтийн насан дээрээ байна. Одоохондоо янз бүрийн ааш зан гаргана. Одоо эмэгтэй хүүхдийн сэтгэлд маш их хэцүү байгаа. Цаашдаа янз бүрийн зүйлээс болж сэтгэл санаа нь янз бүр болох боломжтой. Тиймээс тийм зүйл битгий болоосой гэж бодож байна. Цаашдаа эвлэрч амьдрах хэрэгтэй. Хариуцагч нь гэртээ галалгаатай ч сайхан амьдарч байна. А ээжтэйгээ 2 өрөө байранд 7-8 хүн одоо амьдарч байхад нэмж 2 хүүхэд очвол багтахгүй болно. Тиймээс шүүх энэрэнгүй байдал гаргаж, энэ 2 хүнд хэн хэнд нь эвлэрэх боломжтой хугацаа олгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Н А /РД: /, А овогт А У /РД: / нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Э, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү У.Т нарыг эцэг А.У асрамжид үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгаж,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эх Н.А энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эцэг А.У саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг ... -д даалгаж,

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139 035 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар .. 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ... болохыг мэдэгдэж, ... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2020/00027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ...хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдох боловч Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.2.1-26.1.4, 26.3-д заасан үүргээ зөрчөөгүй, эцэг байх үүргээ биелүүлдэг болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн захирал Б.Ц, У.Э ангийн багш Б.Я, нийгмийн ажилтан Х.М нарын тодорхойлолт, У.Э, У.Т нараас авсан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/120, А/178 дугаар тушаалын гуравдугаар хавсралт болох хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт ХХ-01, Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт ХХ-02, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, маягт ХХ-03, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, сэтгэл судлаач Д.Л У.Э уулзсан сэтгэл зүйн тэмдэглэл, тус сургуулийн нийгмийн ажилтан Х.М У.Э уулзсан тэмдэглэл, хүүхдийн санал, хүүхдийн зурсан зураг зэргээр тогтоогдож байна гэжээ.

           1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт бүхий тодорхойлолтууд нь    

-Э багш Б.Я тодорхойлолт /гарын үсгийн баталгаа байхгүй Б.Я гарын үсэг мөн эсэх нь үнэмшил бүхий биш/

- Захирал Б.Ц тодорхойлолт /огноо байхгүй тус сургуулиас тодорхойлолт хэзээ гарсан нь ойлгомжгүй/

- Нийгмийн ажилтан Х.М тодорхойлолт /2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бичсэн бусад нотлох баримтуудтайгаа цаг хугацааны хувьд тохирохгүй/

- Сэтгэл судлаач Д.Л /12 дугаар сарын 08-ны өдөр/ У.Э уулзсан сэтгэл зүйн тэмдэглэл /Чойр 0005 кодтой үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн уулзалтын дүгнэлт гэжээ, уг сэтгэл зүйн дүгнэлт нь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/74 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягтын” дагуу хийгдээгүй мөн сэтгэл зүйч Д.Л нь Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх тодорхойгүй байна/

- Нийгмийн ажилтан М охин Э ярилцсан гэх тэмдэглэл хх-75-р тал 11 дүгээр сарын 12, хх-77-р талд 11 дүгээр сарын 4 гэсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй, тэмдэглэлд дурьдсан зүйлүүдийг 13 настай хүүхэд ярьсан гэх үнэмшил үл төрөхүйцээр бичигдсэн.

2. Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын 2.7-д заасны дагуу:

- Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт ХХ-01

- Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн мягт хх-02

- Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, маягт хх-03

- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хх-04 зэрэг маягтуудаар нөхцөл байдлын үнэлгээг хийдээ:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/120, А/178 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан нөхцөл байдлын үнэлгээ журмын

  • 1.4. Нөхцөл байдлын үнэлгээг ... нийгмийн ажилтан ... хийнэ.
  • 2.3. Нөхцөл байдлын үнэлгээг мэдээлэл авснаас хойш яаралтай үед нэн даруй, бусад нөхцөлд 72 цагийн дотор хийнэ.
  • 2.4 Нөхцөл байдлын үнэлгээг хийхэд ... үнэлгээнд хамтарсан багийн 2-оос доошгүй хүн оролцоно.
  • 2.9. Хоёр ба түүнээс дээш хохирогч байвал нөхцөл байдлын үнэлгээг хохирогч тус бүрт хийнэ.  

      -   2.14. Нөхцөл байдлын үнэлгээнд тэмдэглэл, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг бусад нотлох баримтыг хавсарган он, сар, өдөр, хуудас бүрт гарын үсэг зурна гэсэн заалтуудыг зөрчиж нөхцөл байдлын үнэлгээ үйлдсэн.

Мөн миний бие нь дээрхи тодорхойлолт, нөхцөл байдлын үнэлгээ зэрэгт дурьдсан шиг охин Э, хүү Т хүчирхийлж байсан удаагүй энэ бүхнийг хариуцагчийн худал үг, гүтгэлэг гэж үзэж байна.

Сургуулийн нийгмийн ажилтан М охин Э хийсэн ярилцлагад хх-75-р талд “Аав ээжийн үнэнг мэдсэн болохоор дургүй байдаг, хүнтэй явсныг мэдсэн болохоор, тэрнээс болж аав 1 удаа ээжийг алгадаж байсан тэгээд аав 2018 онд 2 сар гаран шоронд байсан” гэсэн бол хх-24-р талд “...тэгсэн ээж нь одоо таксинд суугаад очиж байна гэсэн юм билээ. Тэгээд А гэртээ ирээгүй байхад манай хашааны гадаа 44-44 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркын автомашин зогсож байсан, тэгээд би уг автомашины жолоочтой хардаж гар хүрсэн нь үнэн. Би тэгэхдээ яг тэр автомашинд А байсан үгүйг хараагүй” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд аав нь мэдээгүй үйл явцыг охин минь мэдсэн мэтээр ярьснаас үзэхэд аав нь охин Э хүүхдийн нас сэтгэхүйд үл тохирох үг зааж хэлүүлсэн гэж үзэхээр байна. Мөн миний охин өөрийн биенд ахадсан, өөрөө ч учир зүйг үл ойлгох зүйл ярьж байгаад хариуцагч У буруутай гэж үзэж байна.

Хариуцагч У нь миний асрамжинд хоёр хүүхдээ өгөхгүй гэж элдэв гүтгэлэг зохиож “миний биеийг хүчирхийлэгч, ээж нь хүчирхийлсэнээс хүү нь цэцэрлэгт явдаггүй, элдэв бусармаг явдалтай гэж шилжилтийн насны эмэгтэй хүүхдэд итгэл үнэмшил төрүүлж, ээжийгээ үзэн ядах сэтгэхүйгээр хүмүүжүүлж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, “хэргийн оролцогчоос ... хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалтад нийцээгүй байх тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2020/00027 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.А миний охин У.Э, хүү У.Т нарыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ  :

Нэхэмжлэгч нь  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч  Н.А нь  хариуцагч А.У  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  зохигчид  маргажээ.

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-5/, У.Э, У.Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа/хх-6,7/,  Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр  сургуулийн тодорхойлолт/хх-10/ зэрэг нотлох баримтууд болон зохигчдын маргаангүй тайлбар зэргээр зохигч нар 2006 оноос хамт амьдарч байгаад 2007 онд иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин У.Э, 2014 оны 06 сарын 12-ны өдөр хүү У.Т нар нь төрсөн, охин У.Э нь ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, хүү У.Т нь бага насны буюу 05 настай болох нь тогтоогдож байна.

Мөн гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч талууд эргэн эвлэрэх боломжгүй болсон учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх “тэмдэглэл” /хх-8/ хэрэгт авагдсан байх ба энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг  зөрчөөгүй.

 13 настай охин У.Э нь  хэний асрамжид байх талаарх саналыг авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасантай  нийцсэн.

  Түүнчлэн хэргийн 22 дугаар талд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоол авагдсан байх ба үүнээс үзвэл :  хариуцагч А.У 2017 онд /удаа дараа/  гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н.А байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,  улмаар Н.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон,  харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  өөрөөр хэлбэл,  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймээс шүүх,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр  гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Харин  шүүх, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны зарим шаардлагыг буюу хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг үнэлж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж  давж заалдах шатны шүүх  үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч буюу зохигч нь шүүхэд гаргасан  шаардлага ба үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтаа өөрөө нотлох, гаргаж өгөх,  цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч тал нь хуульд заасан үүргийнхээ дагуу  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн хэдий боловч эдгээр нь дараах зөрчилтэй байна. Үүнд:

 

1.Хэргийн 75-77 дугаар талд авагдсан нийгмийн ажилтан гэх Х.М,  У.Э нарын ярилцсан гэх тэмдэглэл, 78 дугаар талд авагдсан он мэдэгдэхгүй, XII/18 19 Чойр 0005 кодтой “үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн уулзалт дүгнэлт”  гэх гараар бичсэн бичгийн баримт /сэтгэл судлаач Д.Лхагвадорж гэсэн/ зэрэг нь “хуулбар”  байх боловч  хариуцагч А.У ажилладаг байгууллага болох Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль  “хуулбар үнэн”  гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан  байхад  шүүх үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл,арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэсэн,

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн  дээр хэрэгжүүлнэ”, 6.5-д “зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэсэн заалтууд нь  хэргийн оролцогчид  тэгш эрхтэй болохыг,  

Хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д  “зохигчийн  шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх”-ыг,

           Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” болохыг тус тус хуульчлан зохицуулсан.

Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаа боловч дээрх баримтуудыг  давж заалдах шатны шүүхээс  магадлалын үндэслэл болгоогүй бөгөөд харин  хэрэгт цугларсан бусад баримтын хүрээнд хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

2. Хэргийн 79-82 дугаар талд Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ/2020.01.31/, 86-87, 91-93 дугаар талд Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт ХХ-03/2020.01.31/ зэрэг баримтууд авагдсан байх ба эдгээр үнэлгээний маягтуудаас үзэхэд  үнэлгээ хийсэн үйл ажиллагаанд  авга эгч  А.З гэгчийг  оролцуулсан  байна.   

Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын хамтарсан 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/1201, А/178 дугаар тушаалын 1 дүгээр  хавсралтаар батлагдсан “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын 2.11-н “нөхцөл байдлын үнэлгээг 7 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нас, сэтгэхүйн онцлогт тохируулан харилцан ярилцаж, хэрэв хүүхэд 7 нас хүрээгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүдийг байлцуулан үнэлгээг хийх, хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүчирхийлэл үйлдсэн болон хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй бол гэр бүлийн бусад гишүүд, мэргэжилтэн, хөндлөнгийн хүнийг байлцуулан хийнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. 

Учир  нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”гэр бүлийн гишүүн” гэж  гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн ... хүүхэд болон төрөл, садангийн хүнийг  ойлгоно гэж,

Хуулийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд А.З гэгч нь гэрлэгчидтэй хамт амьдардаггүй бол түүнийг тухайн гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй, харин  дээрх үнэлгээ хийсэн үйл ажиллагааны бичгийн баримтад “авга эгч” гэсэн байх тул хариуцагч А.У төрсөн эгч буюу У.Э, У.Т нарын авга эгч өөрөөр хэлбэл тэрээр гэрлэгчийн “садангийн хүн”-д хамаарч байна.

Иймээс Гэр бүлийн нөхцөл байдлын болон Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ  хийх үйл ажиллагаанд  А.З гэгчийг оролцуулсан байгаа нь дээр дурдсан “нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-г зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

3.Хэргийн  83, 84 дүгээр талд авагдсан “Хүүхдийн эрх,хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт” Маягт ХХ01/2020.01.31/-т зөрчил гаргагчийн талаарх мэдээлэл хэсэгт Н.А, нас 5, эрэгтэй, ажлын газар 1-р цэцэрлэг ня-бо, хүүхдийн ээж гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй, энэ нь “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын 2.7-д заасан маягтын дагуу буюу журмын 2.7.1-2.7.3-д заасан багц маягтын бүтцэд заасан асуулгын дагуу хийгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

 

4.Хэрэгт Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ Маягт хх04/хх-79-82/,  Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт. Маягт хх01/хх-83/,  маягт хх 02/хх-84-85/, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт хх03/хх-86-87, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт. Маягт хх 01, 02/хх-88-90/,хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ Маягт хх03/хх-91-93/, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт Маягт хх01, 02/хх-94- 96/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ Маягт хх 03/хх-97-99/  зэрэг баримтуудад мэдээлэл, зөрчлийг бүртгэсэн огноо 2020 оны 01 дүгээр сарын 31-н гэсэн байх тул  шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу  шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх  явцад дээрх баримтууд хөтлөгдсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ   2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хийгдсэн байх ба дахин хийх хугацааг 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр гэж тэмдэглэсэн.

Мөн хариуцагч А.У нь шүүх хуралдаанд : “ ...хүүхдүүдийг  ээж нь  2019 оны 08 сарын 29-ны өдөр зодсон,  охин өөрөө 09 дүгээр сарын 04-нд 108-д дуудлага өгсөн, өөрөө  нийгмийн ажилтанд 3 удаа хандсан, тус ажилтан нь гэрт нь 7 удаа ирсэн, хүүхэд эхийн дарангуйлд байна гэж хэлсэн ...” гэсэн агуулга бүхий тайлбар/хх-62/-ыг гаргасан байх ба 2019 онд болсон асуудалд  2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр үнэлгээ, дүгнэлт хийлгэсэн, энэ нь  “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын 2.3-н “ нөхцөл байдлын үнэлгээг мэдээлэл авснаас хойш яаралтай үед нэн даруй, бусад нөхцөлд 72 цагийн дотор хийнэ” гэснийг зөрчсөн  байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж,

Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчлан зохицуулсан.

 

Гэтэл анхан шатны шүүх нь  хариуцагч талын  татгалзлын үндэслэл болгож гаргаж өгсөн  дээр дурдсан бичгийн баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр авагдсан  эсэх, хуульд заасан шаардлагыг хангасан  эсэхийг  анхаарч нягтлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,40.2-т заасан журмын дагуу үнэлэлгүйгээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд үндэслэл болгосон  нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болсон.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд ...эцэг , эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.

Түүнчлэн хэрэгт  авагдсан У.Э анги удирдсан багш гэх Б.Я /хх-52/, бага ангийн багш гэх Ж.Т /хх-53/нарын  тодорхойлолтод  хариуцагч А.У нь охин У.Э хичээл сурлага, хүмүүжил болон  урлаг, спортын авъяас зэрэгт нь байнга анхаарч , суралцах нөхцөл бололцоогоор сайн хангаж  анхаарал тавьдаг  гэжээ.

 

Иймээс хэргийн  болон дээр дурдсан нөхцөл байдлууд, зохигчдын тайлбар,  хүүхдүүдийн насны байдал, гэрлэгч нарын хэн аль нь хүүхдүүдээ өөрсдийн асрамжид авах хүсэлт шаардлага гаргаж байгаа, хүү У.Т нь бага насны буюу 05 настай, охин У.Э нь 13 настай, 7-р ангид сурдаг, тэрээр  аавтайгаа байх талаар саналаа илэрхийлсэн, түүний нас, төлөвшлийн байдал  зэргийг харгалзан 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Э нь эцэг А.У нь, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү У.Т нь эх Н.А нь асрамжид тус тус үлдээж, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх хэдий ч  хүүхдүүдийг нэг нэгээр нь эцэг, эхийнх нь тус бүрийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн  тул  хэн алинаас нь тэтгэлэг гаргуулалгүй шийдвэрлэв. Хэрэв зохигч нар хүсвэл хэн алинаасаа тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрх нь  нээлттэй.

 

Түүнчлэн зохигч нарт  эд хөрөнгийн маргаан бий эсэх талаар анхан шатны шүүх тодруулж  шийдвэрт тусгаагүй  нь буруу байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба  харин  талууд эд хөрөнгийн маргаанаа жич   нэхэмжлэл  гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй .  

Харин Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “хүүхэд ...эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, ... эрхтэй”.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар “эцэг,эх нь хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, ... “ зэрэг үүрэгтэй ба  эцэг, эх тусдаа амьдах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг  зохигч нар анхаарах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86129 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2020/00027 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,14.7-д  зааснаар  2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Э эцэг А.У, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү У.Т Н.А асрамжид тус тус үлдээсүгэй” гэж, 

 тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...эх Н.А ...” гэснийг хасаж, “... энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд зохигч нар хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдсүгэй” гэж,

 тогтоох хэсгийн 5 дахь заалт болгон  “Зохигч нар хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх болон талууд эд хөрөнгийн талаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэж нэмж,

 

 тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 6 гэж, 6 дахь заалтыг 7 гэж, 7дахь заалтыг  8 гэж, 8 дахь заалтыг  9 гэж, 9 дэх заалтыг 10 гэж тус тус дугаарлан өөрчилж,  шийдвэрийн 1,6,7,8,9,10  дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

  2. ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  86129  төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

                          Х.БАЙГАЛМАА