Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/03928

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

  Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Э.О /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Н.Э /РД:********/,

  Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт Д.Б /РД:*********/,

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Н.Б /РД:*********/ нарт холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******,

Хариуцагч Д.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*******,

Хариуцагч Н.Э*******ын өмгөөлөгч Б.У*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Н.Э*******, Д.Б******* нарт холбогдуулан үл  хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х дүүрэг нэхмэлийн шарын болон тухайн орчны хуучин байрнууд дахин төлөвлөлтөд орох болж оршин суугч өмчлөгч нартай 2019 оноос эхлэн "Ф*******" ХХК төлөөлөгч нар гэрээ байгуулж байсан билээ. Энэхүү дахин төлөвлөлтөд орсон ны тоотыг нэхэмжлэгч миний болон манай нөхөр Н.Б*******, хүү Б.Э******* нарын 3 хүн өмчилдөг байсан бөгөөд нөхөр Н.Б*******ыг 2019 онд БНСУ-руу ажил хийхээр явах хүртэлх хугацаанд бид 3 амьдарч байгаад гадагшаа явах болсноор уг орон сууцаа түрээслүүлэн хүү бид хоёр ээж аавындаа амьдрахаар болж нүүсэн. 2021 оны 5 дугаар сарын эхээр манай нөхрийн эгч болох Н.Э******* холбогдож танай байр дахин төлөвлөлтөд орсон, дахин төлөвлөлт хийх компанитай яаралтай гэрээ хийх хэрэгтэй байна, хэдхэн айл үлдсэн, чи ажил ихтэй байгаа бол эгч нь хөөцөлдөөд өгий эгчдээ итгэмжлэл хийгээд өгчих, би Б*******тай яриад итгэмжлэл авчихъя гэж ярилцаж тохиролцсон. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эгч Н.Э******* холбогдож "Х дүүрэгт байрлах нотариатын газар яаралтай хүрээд ир итгэмжлэлийг чинь бэлэн болгосон ирээд гарын үсэг зурах хэрэгтэй байна" гэж дуудсны дагуу очиж итгэмжлэл дээр гарын үсэг зурсан. Гэтэл 7 сарын эхээр эгч болох Н.Э******* нь бидний өмнөөс Ф******* ХХК-тай дахин төлөвлөлтийн гэрээ байгуулж өгөх биш өөр хүнд бидний өмчлөлийн орон сууцыг зарах гэж байгаа тухай мэдэж 2021 оны 7 дугаар сарын 06-нд тухайн итгэмжлэлээ цуцлуулахаар итгэмжлэл гэрчлүүлсэн нотариатын газар очиж цуцлуулж хүчингүй болгуулсан билээ. Итгэмжлэлээ цуцлуулсан даруй Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж өргөдлөө мөн нотариатаар гэрчлүүлж Улсын бүртгэлийн хэлтсийн хариуцсан Улсын бүртгэгч М.Отэй уулзан өргөдлөө өгтөл Н.Э******* нь Дээрх орон сууцыг бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулж гэрээгээ бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хандсан байсан. Энэ тухай Улсын бүртгэгч М.Од хэлж энэ бүртгэлийг хүчингүй болгоод ахин бид гурвын нэр дээр шинэ гэрчилгээг 2021 оны 8 сарын 18-ны өдрөөр гаргаж өгсөн. Үүний дараа 2021 оны 7 сарын 07-ны өдөр эгч Н.Э******* холбогдож "нэг хүний нэр дээр байгаад Ф******* компанитай гэрээ байгуулбал илүү хялбар байсан юм, та гурвыг дахин дахин дуудаж гарын үсэг зуруулах гэж төвөг удахгүйшд Улсын бүртгэлд өгсөн итгэмжлэл цуцалсан тухай өргөдлөө авчих гэхэд нь би байраа бусдад зарах гэж итгэмжлэл өгөөгүй учир боломжгүй ээ гэснээр бидний яриа дуусгавар болсон билээ. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэгч М.О нь Н.Э*******, Б.Б******* бид гурвыг дуудаж өмнө хийсэн бүртгэлийг хүчингүй болгосон шинэ гэрчилгээг хуучин өмчлөгч нарын нэр дээр дахин гаргасан талаар танилцуулж, Н.Э*******ад буцаагдсан баримт бичгийг хүлээлгэн өгч биднээр гарын үсэг зуруулсан юм. Гэтэл эгч Н.Э******* заза одоо та гурвын нэр дээр гэрчилгээ чинь байгаа болохоор дахин төлөвлөлтийн гэрээг та 3-н нэр дээр байгуулж бэлдье, дуудахаар ирж гарын үсгээ зураарай гэж хэлээд гэрчилгээг авч явсан билээ. Гэтэл эгч Н.Э******* нь өмнө итгэмжлэлийг хүчингүй болгосон, орон сууцаа бусдад худалдан борлуулах хүсэл зориг байхгүй гэдгийг мэдсээр байж уг итгэмжлэлийг дахин ашиглан 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн нөхөр Б.Б*******гийн нэр дээр бидний хөрөнгийг шилжүүлэн авсан байна. Иймд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Б******* 2019 онд Солонгос явсан. Надад банкнаас 20 000 000 төгрөгийн зээл аваад өгсөн зүйл байхгүй. Өөрийн эгчийн ажиллуулдаг байсан газрыг би үргэлжлүүлээд ажиллуулсан. 2019 оноос хойш 1 жилийн хугацаанд хүү бид хоёртой холбоотой байж байгаад түүнээс хойш ямар ч холбоогүй болсон. Гэр бүлтэй болсон. Э.О******* өөрөө сална гэчихээд одоо энэ байрнаас хувь авъя гэсэн мэт ярьж байна. Гэрлэлтийн хувьд Н.Б******* надад гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй бас хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй гэж бичээрэй гэж хэлсэн. Шүүхээс тогтоосон тэтгэмж олигтой мөнгө олдохгүй. Хоёр талаасаа хүүхдийнхээ хэрэгцээг хангая гэж хэлсэн. Үүний дагуу би тайлбараа өмчийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж өгч байсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш 3 жилийн хугацаанд ямар ч мөнгө өгч байгаагүй. Итгэмжлэл огт цуцлах талаар мэдэгдэж байгаагүй гээд байгаа. Эдгээр хүмүүст тэгээд хэлчихсэн байгаа. Тэрнээс биш энэ хүн Н.Э******* биш болсон процессыг бүгдийг нь мэдэхгүй. Н.Э*******ын хэлсэн үгийг л дамжуулж байгаа хүн гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Э*******ын өмгөөлөгч тайлбартаа бүрдүүлбэр дутуу байсан гэсэн асуудлаар Улсын бүртгэлээс буцсан гэж тайлбарлаж байна. Өмнө нь бүртгүүлэх гээд өгөхөд бүрдүүлбэр нь дутуу байгаад буцсан эсэх асуудлыг мэдэхгүй. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгдөг үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг дагуу буцаасан. Тэр нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Гэр бүл цуцлуулахад маргаангүй гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Тухайн үед энэ байрны маргаан хөндөгдсөн зүйл байхгүй. Уг байр нь 3 хүний өмчлөл дээрээ байж л байсан. Хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна. Хууль зүйн үндэслэл нь төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж хэлцэл хийсэн байна. Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэг дээр заасан байгаа. Мөн хуулийн 67.3 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлээ хүчингүй болгосон, 67.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар итгэмжлэлийг хүчингүй болсныг мэдсэн боловч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон талаараа Иргэний хуулийн 67.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарт шууд мэдэгдсэн. Тиймээс хүчингүй болгосон итгэмжлэлээр гэрээ байгуулсан тул уг худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

2.Хариуцагч Н.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий орон сууц нь манай эцэг эхээс өв залгамжлагдан ирсэн гал голомт маань байсан бөгөөд бид ярилцан тохиролцож дүүтэй маань ханилан сууж, цаашдын хамтран амьдралаа тууштай үргэлжлүүлнэ хэмээн итгэж уг байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр 2015 оны 03 сарын 25-ны өдөр бүртгүүлж байсан. Э.О*******, Н.Б******* нар эрлэлтээ цуцлуулахаасаа өмнө эд хөрөнгийн асуудлаа харилцан тохиролцож бэлнээр болон дансаар хүүд болон өөртөө ногдох хэмжээний мөнгөн төлбөрийг авсан бөгөөд үүнийгээ шүүхийн ажиллагаанд ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй хэмээн илэрхийлж, улмаар дүү болоод бидний эцэг эхээс өвлөгдөж ирсэн өв залгамжлуулсан орон сууцнаас ямар нэгэн байдлаар хувь хөрөнгө ногдуулж авахгүй, өмчлэх эрхийн гэрчилгээнээс өөрийн болон хүүгийн нэрийг хасуулж, өөрсдөө дураар захиран зарцуулах эрхийг нээлттэй орхиж өгнө гэж тохиролцсон юм. Хэрэгт авагдсан итгэмжлэлийг Монгол хэлээр үйлдэж, төлөөлүүлэгч болох Э.О*******д, Б.Э*******ын хууль ёсны төлөөлөгч болох ээж Э.О*******д гэж тусгайлан итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг тайлбарлаж өгсөний эцэст тэрээр, ойлгож танилцлаа, миний хүсэл зоригт бүрэн нийцсэн байна хэмээн гарын үсэгээ зурж, нотариатч Б.Б энэхүү үйлдлийг нь үнэн зөвийг гэрчилснээр 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 0615 бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл байсан тул нотариатч худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, уг гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэгч Э.О*******ын нэхэмжлэлийн үндэслэл болоод ямар нэгэн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Хариуцагч Н.Э*******ын өмгөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага бодит байдалд нийцдэггүй. Улсын бүртгэлээс буцаагдсан нь итгэмжлэл цуцалсантай хамааралгүй. Хүүхдийн төрсний гэрчилгээг хавсаргаагүй байна гэх бүрдүүлбэрийн шалтгаанаар Улсын бүртгэлээс мэдүүлэг буцаагдсан. Итгэмжлэл цуцалсантай холбоотой гэх баримт байхгүй. Маргаад байгаа орон сууц анхнаасаа Н.Б*******, Н.Э******* нарын эцэг эхээс өвлөгдөж ирсэн байр байсан. 2015 онд н.О*******, Н.Б******* нар гэрлэлтээ батлуулсан. Улмаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дээрээ нэрээ нэмж бүртгүүлсэн. Гэрлэлтээ цуцлуулахаасаа өмнө тохиролцоод орон сууцнаас ямар нэгэн хувь хүртэхгүй гэсэн. Учир нь н.О******* нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гээд 20 000 000 төгрөг, мөн машин худалдан авах гээд 000 000 төгрөгийг тус тус Н.Б*******аас хүлээн авсан. Н.Б******* тухайн үед Солонгос улсад байсан болохоор итгэмжлэл ирэх нь ойлгомжтой байсан. н.О******* нь нотариат дээр дуудсан үед нь ирэх боломжгүй байсан болохоор би бас итгэмжлэл өгье гэсэн хүсэл зоригоо илэрхийлээд итгэмжлэлээ өгсөн. Хүчин төгөлдөр итгэмжлэлийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ хэлцэл хуулийн дагуу хийгдсэн. Хуульд тавигдах бүх хэлбэрийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Хуралдаан дээр 56.1.8 дахь хэсэг гэж тодруулж байна. Өмнөх хуралдаан дээр 57, 58, 59 дүгээр зүйлүүдийг дурдаж тайлбарлаж байсан. Худалдах, худалдан авах гэрээг хуулийн аль шаардлагаар хүчингүй болгуулах гээд байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд аливаа этгээдийн байгуулсан хэлцэл нь хууль зөрчсөн буюу анхнаасаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа гэрээнийхээ үр дагаврыг л нэхэмжлэлийн шаардлагаар шаардах ёстой. Гэтэл юу шаардаад хүсээд байгаа нь тодорхойгүй, энэ талаар өмнөх хуралдаан дээр биднээс болон шүүхээс асууж байсан боловч өнөөг хүртэл тодорхойлоогүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.О*******, Б.Э******* нараас 2021 оны 05 сарын 25-ны өдөр Н.Эад бүртгэлийн 0615 дугаар бүхий итгэмжлэлээр, Н.Б*******аас 2021 оны 06 сарын -ны өдрийн итгэмжлэлээр Н.Э*******ад орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох баримт бичиг хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг 6 сарын хугацаанд олгосон. Дээрх итгэмжлэлийн дагуу Э.О*******, Б.Э*******, Н.Б******* нарыг төлөөлж, Н.Э******* нь 2021 оны 08 сарын 20-ны өдөр 0 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээг тэдгээрийн олгосон эрх хэмжээний хүрээнд, хүчинтэй хугацааны дотор буюу 2021 оны 08 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн байгууллага дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б******* намайг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Уг өмчлөх эрх шилжих дээрх бүхий л хугацаанд Э.О******* итгэмжлэлээ хүчингүй болгоогүй байсан ба Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5-д заасан төлөөлөл дуусгавар болсон. Төлөөлөл дуусгавар болсоны дараа гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Э.О******* нь итгэмжлэлээ хүчингүй болгосон тухайгаа өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.1.Хариуцагч Д.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Б*******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хуулийн үндэслэл байхгүй байна. н.О*******, н.Э******* нараас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 0615 дугаар итгэмжлэлийг, Н.Б*******аас 2021 оны 6 дугаар сарын -ны өдрийн итгэмжлэлийг Н.Э*******ад Х дүүргийн , , тоот орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтыг хүлээн авах төлбөр тооцоо хүлээн авах улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүр эрхийг 6 сарын хугацаатай олгосон. Дээрх итгэмжлэлийн үндсэн дээр Н.Э******* 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хүчинтэй хугацааны дотор байгуулсан. Хуулийн хүчин төгөлдөр гэрээг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэл баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б*******г бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч итгэмжлэлээ хүчингүй болгоогүй ба Иргэний хуулийн 67.2 дахь хэсэг, 67.2.5 дахь хэсэгт заасан төлөөлөл дуусгавар болсны дараа гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй. Тиймээс гэрээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрлэлт цуцлуулсан асуудал дээр эд хөрөнгийн маргаан байхгүй гээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Улсын бүртгэл хуульд заасан шаардлагуудыг үндэслээд Б.Б*******г бүртгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байна. Итгэмжлэлийг нэхэмжлэгч анхнаасаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн. Хариуцагч талд мэтгэлцэх боломжгүй байна. Өмнөх хуралдаан дээр ноцтой төөрөгдөл, хууран мэхлэх гэж байсан бол өнөөдөр 56.1.8 гэж тайлбарлаж байна гэв.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Учир нь энэ талаар нэхэмжлэгч нь өөрөө мэдэж, хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс түүнд мэдэгдэхгүйгээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн зүйл байхгүй. Би Солонгос улс явахаасаа өмнө Хаан банкнаас зээл аваад 20 000 000 төгрөг өгсөн. Үүнийг Э.О******* өөрөө төлнө гэсэн. Гэтэл Э.О******* энэ мөнгөө буцаан төлж чадахааргүй болсон. Энэ мөнгийг хүргэн ахаасаа зээлсэн. Энэ орон сууцыг хүргэн ахын нэр дээр шилжүүлэх талаар Э.О*******тай харилцан ярилцаж байсан. Гэрлэлтээ цуцлуулах юм бол би 0 төгрөг ч булаацалдахгүй сална гэсэн. Гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаангүй гэж салсан. 2021 онд Э.О******* уул уурхайн компанид ажилладаг байсан. Би очиж чадахгүй, хэрвээ хотод байвал очоод гарын үсэг зурж чадна гэж байсан. Эгчтэй уулзаад нотариат ороод итгэмжлэл байгуулаад худалдах, худалдан авах гэрээн дээр өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан байсан гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.О*******, Б.Э******* нараас Э.О*******д олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ү-207 дугаартай Н.Б*******, Э.О*******, Б.Э******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Б*******аас Н.Э*******ад олгосон итгэмжлэл, Э.О*******, Б.Э******* нараас Э.О*******д олгосон итгэмжлэл, Э.О*******ын гараар бичсэн өргөдөл, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн 2022.06.17-ны өдрийн итгэмжлэл, Э.О*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Э.О*******, Б.Г******* нарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Э*******, Э.О******* нарын 5622072767 тоот дансны хуулга /хэргийн 3-12, 17-18, 1-5-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Н.Э*******аас Б.У*******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 96-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Д.Б*******гаас Монголын нотариатчдын танхимын 2023.05.19-ний өдрийн 418 тоот бичиг, 2023.05.11-ний өдрийн 392 тоот албан бичиг, 2023.05.04-ний өдрийн Хүсэлтийн хариу гэх албан бичиг, бүртгэлийн дэвтрийн хуулбар, Э.О*******, Б.Э******* нараас Э.О*******д олгосон итгэмжлэл, Э.О*******ын гараар бичсэн өргөдлийн хуулбар, Н.Б*******ын дансны хуулга, Ч.Т*******д олгосон итгэмжлэл /хэргийн 116-121, 124-126, 170, р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-207 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, хариуцагч Н.Э*******ын хүсэлтээр Баянгол, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрчээр М.Оийг дуудаж асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Д.Б*******гаас 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны нөхцөл сайжруулах, барилга захиалгын гэрээ, Ү-207 дугаартай Д.Б*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х цогцолбор хотхон С блок гэх танилцуулга, хавсралт, Монголын нотариатчдын танхимаас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0615 дугаар Э.О*******, Б.Э******* нараас Н.Э*******ад олгосон итгэмжлэлтэй холбоотой Э.О*******ын гаргасан хүсэлт, уг итгэмжлэлийг хэдийд цуцласан талаар ямар бүртгэл хийгдсэн талаарх баримтуудыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х дүүрэг, , , тоот хаягт байрлах, 12мкв талбай бүхий, Ү-207 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой гомдол гаргаж байсан эсэх талаарх баримт /хэргийн 28-50, 65-69, 87-89, 113-115, 144-169, 183-202-р хуудас/-уудыг бүрдүүлсэн байна.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Н.Э*******ад орон сууцыг дахин төлөвлөлтөд ороход гэрээ байгуулах эрхийг олгож, итгэмжлэлийг олгосон боловч орон сууцыг худалдан борлуулах гэж байсан тул итгэмжлэлээ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ дахин гаргуулж авсан байхад өмнөх хүчингүй болгосон итгэмжлэлийг үндэслэн орон сууцаа бусдад худалдан борлуулах хүсэл зориг байхгүй гэдгийг мэдсээр байж 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, хүчингүй болсон итгэмжлэлийг үндэслэн байгуулсан тул 2021 оны 8 дугаар 20-ны өдрийн Н.Э*******, Д.Б******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч Н.Э******* нь маргаан бүхий орон сууц нь манай эцэг эхээс өв залгамжлагдан ирсэн гал голомт маань байсан бөгөөд орон сууцыг дүү Н.Б*******ын өмчлөлд шилжүүлж, дүү маань Э.О*******тай ханилан сууж гэрлэлтээ батлуулсан учраас хамтран өмчлөгчөөр түүнийг болон хүү Б.Э*******ыг бүртгүүлсэн, Н.Б*******, Э.О******* нар нь гэрлэлтээ цуцлуулахдаа эцэг эхээс өвлөн ирсэн орон сууцнаас Э.О******* нь өөрийн болон хүүгийнхээ нэрийг хасуулна гэж харилцан тохиролцож, өөрийн хүсэл зоригийн дагуу итгэмжлэл өгсөн, хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, итгэмжлэл хүчингүй болгосон талаар өнөөг хүртэл мэдэгдээгүй байсан гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Д.Б******* нь Э.О*******, Б.Э******* нараас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Н.Э*******ад, 2021 оны 6 дугаар сарын -ны өдөр Н.Б*******аас Н.Э*******ад олгосон итгэмжлэлийн дагуу Э.О*******, Б.Э*******, Н.Б******* нарыг төлөөлж Н.Э******* нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, хууль ёсоор орон сууцны өмчлөлийг шилжүүлж авсан, итгэмжлэл нь хүчингүй болоогүй, хүчингүй болгосон талаар өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй гэсэн.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б******* нь маргаан бүхий орон сууц нь ээжийн маань Ээрмэлийн үйлдвэрт насаараа ажиллаж өмчилж авсан байр бөгөөд аав, ээж хоёр бурхан болж өв залгамжлалаар миний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн, эхнэр, хүүхдээ уг орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд Э.О******* нь уг орон сууцыг голж амьдарч байгаагүй, гэрлэлтээ цуцлуулахдаа 20 000 000 төгрөгийн зээл авч өгсөн боловч төлөөгүй тул хүргэн ах Б*******гаас 400 000 төгрөгийн автомашин, зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг зээлж, байрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна гэсэн.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн бүртгэлийн №0615 дугаартай итгэмжлэлээр Монгол улсын Иргэний хуулийн 62,64 дүгээр заасныг үндэслэн төлөөлүүлэгч Э.О*******, Б.Э*******ыг төлөөлж эх Э.О******* нар нь төлөөлөгч Н.Э*******ад Нийслэлийн Х дүүргийн , , тоот 12 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг энэхүү итгэмжлэлийн дагуу дээрхи хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгож, олгосон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар тохиролцож, энэхүү итгэмжлэлийг олгож буй Э.О*******, Б.Э******* бид итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд миний хүсэл зоригт бүрэн нийцсэн гэж гарын үсгээ зуржээ.

 

6.2.Мөн 2021 оны 6 дугаар сарын -ны өдрийн итгэмжлэлээр Н.Б******* нь Улаанбаатар хот Х дүүрэг , - тоот хаягт орших 000398765, Ү207 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 12 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө орон сууцыг энэхүү итгэмжлэлийн дагуу дээрх хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтыг хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Н.Э*******ад олгосон байна.

 

6.3.Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг худалдагч Э.О*******, Б.Э******* нарыг төлөөлж Н.Э*******, Н.Б*******ыг төлөөлж Н.Э*******, худалдан авагч Д.Б******* нар байгуулж, Х дүүргийн , , тоот 12 м.кв 1 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг дансаар 2021 оны 8 дугаар сарын 20-нд төлбөрийг бүрэн төлж дууссан гэж харилцан тохиролцжээ.

 

            7.Талуудын маргааны зүйл нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг цуцласан, хүчингүй болгосон эсэх талаар байна, уг итгэмжлэлийг нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон талаар маргаагүй байна.

 

            8.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Э*******ад олгосон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цуцласан байхад 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болгосон итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд энэ нь нотариатч Б.Бгийн тодорхойлолт, Улсын бүртгэлд гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосноор тогтоогдоно гэсэн.

8.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох бөгөөд мөн зүйлийн 56.1.8-д заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ.

Уг зүйл, хэсэгт заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэжээ.

 

8.2.Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д “хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй”, 67.2.2-д “төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон бол төлөөлөл дуусгавар болно” гэж заажээ.

            8.3.Нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон болох нь нотариатын цахим бүртгэлд “...0615 2021-05-25 Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэл, цуцласан Б.Б, Х дүүрэг, эрхгүй” гэсэн бүртгэл, 2022 оны 6 дугаар сары 17-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн “Итгэмжлэл цуцласан тухай” албан бичиг, Улсын бүртгэлийн газарт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээр нотлогдоно гэсэн.

8.4.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн “...2021-07-06-ны төлөөлүүлэгч Э.О*******, Б.Э******* нар нь хүсэлт гаргасны дагуу дугаартай нотариатч Б.Б би дээрх итгэмжлэлийг цуцлаж, 117 тоот үйлдэл /гарын үсгийн баталгаа/ хийсэн юм. Энэхүү нотариатын үйлдэл нь цахим үйлдлийн систем дээр уг итгэмжлэлийг цуцалсан бөгөөд итгэмжлэл цуцласан төлөв дээр байгаа нь үнэн болно” гэжээ.

            8.5.Мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2021.07.06-нд Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах нь гэсэн баримтад “...миний бие Эрдэнэцолмон овогтой О******* нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн бие болон өөрийн хүү болох Б.Э*******ыг төлөөлөн өөрсдийн эзэмшлийн ХУД-ийн ны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын тоот улсын бүртгэлийн Ү27, 00 дугаартай 12 м.кв байрыг Н.Э*******ад итгэмжлэл хийлгүүлэн хүлээлгэн өгсөн бөгөөд бидний хооронд маргаантай асуудал үүссэн тул хүүгийнхээ өмнөөс болон өөрийн хийсэн итгэмжлэлийг цуцлах тул дээрх байрыг арилжих, бэлэглэх, худалдах гэрээг улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг хүсэж байна” гэжээ.

           

            9.Хариуцагчаас итгэмжлэлийг цуцласан талаар мэдэгдээгүй, улсын бүртгэлд итгэмжлэл цуцласан биш бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн учраас материал буцсан, мөн итгэмжлэлийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахад цуцлаагүй, хүчин төгөлдөр байсан болох нь Нотариатдын танхимын албан бичгээр нотлогдоно, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахдаа харилцан тохиролцсон гэж мэтгэлцсэн.

9.1.Хэрэгт хариуцагч нараас ирүүлсэн Монголын Нотариатчдын танхимын 2023.05.19-ний өдрийн 418 дугаартай албан бичигт “...Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б /тамганы дугаар / нь өөрийн гэрчилсэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 615 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 32 минутад цуцласан бүртгэл хийгдсэн байна” гэсэн байх бөгөөд Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хүсэлтийн хариуд “...Э.О******* нь 2021-07-06-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасныг гарын үсгийн бүртгэлийн 117 дугаарт бүртгэж гэрчилсэн бөгөөд энэхүү хүсэлтээ улсын бүртгэлд бүртгүүлэх, итгэмжлэлийг хоёр тал өөрсдийн биеэр яаралтай ирж цуцлуулахыг зөвлөсөн. Энэхүү хүсэлтийн дагуу дээрхи итгэмжлэлийг 2021-07-06-ны өдөр цуцалсан төлөвт оруулсан бөгөөд нотариатын цахим архивийг хөтлөхтэй холбоотой архивалсаны дараа дахин цуцлагдсан төлөв оруулсан бөгөөд 2023-05-04-ний өдрийн байдлаар цуцласан төлөвтэй байгаа болно” гэсэн байх бөгөөд нотариатын бүртгэлийн дэвтрийн 117-д “...2021.07.06 Э.О******* УБХ-т хүсэлт, Ү-27 гэрчилгээ шилжүүлэхгүй байх тухай” гэжээ.

 

.Зохигч талуудын ирүүлсэн баримтаар итгэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цуцласан эсэх талаар маргасан бөгөөд шүүхээс тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүй тул Нотариатын танхимаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хууль ёсны байх зарчмыг хангахаар баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг 2023 оны дугаар сарын -ны өдрийн 764 дугаартай Монголын Нотариачдын танхимаас ирүүлсэн албан бичигт “...2021.05.25-ны өдрийн 615 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг төлөөлүүлэгч Э.О*******, Б.Э******* нарын хүсэлтээр Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б /тамганы дугаар / нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 32 минутад цуцласан төлөвт шилжүүлсэн байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Мөн уг албан бичигт нэхэмжлэгч Э.О*******ын Монголын нотариатчдын танхимд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын -ний өдрийн Монголын нотариатчдын танхимд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтээ буцаан авах хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн хариуцагчид олгосон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цуцласан гэх тайлбар нь нотлогдохгүй байна гэж үзэв.

 

11.Хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-207 дугаартай Х дүүргийн , ны тоот хаягт байршилтай орон сууц нь анх 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Б*******, Н.Э*******, Ж.Э нарын өмчлөлд бүртгэгдэж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 3 дугаар сарын хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр иргэн Н.Б*******ын өмчлөлд, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Б.Э*******, Э.О******* нар нэмэгдэж, 3 иргэний өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

11.1.2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Н.Б*******, Э.О*******, Б.Э******* нарын өмчлөлд  Нийслэлийн Х дүүргийн , , тоот хаягт байршилтай 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-207дугаарт дахин бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

 

11.2.Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.2.15-ны өдрийн 276 дугаар албан бичигт “...эрхийн улсын бүртгэлийн Ү-207 дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн үндэслэлээр мэдүүлэг гаргаж 2021 оны 8 дугаар сары 18-ны өдөр дахин авсан байх бөгөөд холбогдох баримтуудын хуулбарыг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.

            11.3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт өмчлөгч Э.О*******ын “...4.Бүртгүүлэх эрхийн төрөл болон бүртгүүлэх хүсэлт /тодорхой бичих/ хуучин гэрчилгээг хувийн маргааны улмаас гэмтээсэн тул өмнөх гэрчилгээг шинээр гаргуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргах нь 2021.08.18-ны өдрийн Э.О*******ын хүсэлтэд “...хувийн маргааны улмаас хуучин гэрчилгээг гэмтээсэн тул дахин шинээр гэрчилгээг Э.О*******, Н.Б*******, Б.Э******* нарын нэр  гаргаж өгнө үү” гэсэн байх бөгөөд гэрч М.О мэдүүлэхдээ “...албан ёсоор өргөдөл өгөөгүй, ном журмаараа бол бичиг хэргээр дамжаад даргаар цохогдоод ирэх ёстой” гэсэн байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагчид олгосон итгэмжлэлээ 2021 оны 7 дугаар сарын 06-нд цуцлах талаар өргөдөл гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

11.4.Мөн 2023 оны дугаар сарын 09-ний өдрийн 5/9164 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичигт 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан Э.О*******ын гомдол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.09.13 1/7661 дугаар Э.О*******д өгсөн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бгийн итгэмжлэл цуцласан тухай , Э.О*******ын Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах нь гэсэн баримтыг ирүүлсэн байх бөгөөд уг баримтаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан “Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах нь” гэсэн өргөдөл нь авагдаагүй байна.

 

12.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид итгэмжлэлийг олгосон байх бөгөөд хуулийн 62.4-д “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар итгэмжлэлд “...дээрхи хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг” төлөөлөгчид олгосон байх тул нэхэмжлэгчийн зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            12.1.Мөн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00072 дугаар шийдвэрээр Н.Б*******ын нэхэмжлэлтэй Э.О*******д холбогдох гэрлэлт  цуцлуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Э*******ыг эх Э.О*******ын асрамжид үлдээж, хүү Б.Э*******т сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Н.Б*******аар тэжээн тэтгүүлж, хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэжээ.

           

12.2.Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч буюу гуравдагч этгээдэд шууд, эсхүл тэдэнд хүргэх боломжтой албан ёсны мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, итгэмжлэлийг цуцлаж, хүчингүй болгож, дуусгавар болгож байгаа талаараа хариуцагч нарт мэдэгдсэн талаарх баримтгүй байх тул мөн хуулийн 67.6-д “итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”  гэж зааснаар хариуцагч Э.О*******ын хариуцагч Д.Б*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, итгэмжлэл хүчин төгөлдөр байхад итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.  

 

            13.Иймд нэхэмжлэгч Э.О*******ын хариуцагч Н.Э*******, Д.Б******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О*******ын хариуцагч Н.Э*******, Д.Б******* нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН