Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/04088

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г аймаг, *** хаягт оршин суух, Х овогт М.Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, *** тоотод оршин суух, Э овогт Э.Л /РД:*********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 33 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Н******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул тэдний зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч Э.Л*******д холбогдуулан гэм хорын хохиролд 33 480 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Л.Б******* би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт  шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсаны улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Бусдад зодуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага шалган Энхболдын Л******* үйлдсэн болохыг тогтоон түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Энхболдын Л******* нь М.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 5 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, 1 150 000 төгрөг М.Б*******д төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Э.Л******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1 150 000 төгрөг төлсөн боловч М.Б*******ын эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарлын улмаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдаж, ажил хийгээгүй, цалин хөлсөө бүтэн авах боломжгүй болсон. Мөн эмчилгээний зардалд Тэргэл дент шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлэн нийт 25 200 000 төгрөг төлсөн. М.Б******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх гэмтлийн улмаас хугарсан ясаа бороолж идгэтэл бэхэлгээ хийж ярихад хүндрэлтэй байсан учир өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарч өмгөөлөгч авч, хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Э.Л*******гээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01, 02 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийн зөрүү 5 280 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, эмчилгээний зардал 25 200 000 төгрөг, нийт 33 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эмчилгээгээ хийлгэсний дараа баримт гаргаж өгнө гэсэн. Би мөнгөгүй байгаа учраас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа. Мөнгөө аваад эмчилгээгээ хийлгэж, шүднийхээ хадаасыг авахуулмаар байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Цалингаа бэлэн бэлэн бусаар авдаг байсан. Хувийн компанид менежер хийдэг байсан. Өмгөөлөгчийн хөлсөө өөр хүнээр хийлгэж байсан, тиймээс өөрөөр гаргаж өгөх баримт байхгүй байгаа юм гэв. 

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж өгсөн. М.Б*******ын эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарлын улмаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдаж ажилгүй байсан цалин хөлсөө нэхэмжлэл дээрээ дурдсан байна. М.Б******* хувийн компанид менежерээр ажилладаг байсан гэх тодорхойлолт байгаа боловч нийгмийн даатгал төлдөг байсан баримт, хөдөлмөрийн гэрээ, цалингаа дансаар авдаг байсан баримтууд хавтаст хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр хохирогч ажилгүй байсан талаараа дурдсан боловч энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн үйл явдал болох үед нэхэмжлэгч ажил хийдэг байсан гэж тогтоогдохгүй байна. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргэл дент шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлэхтэй холбоотой гарах зардал 25 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хавтаст хэргийн 9 дүгээр талд үзлэг хийсэн их эмч н.Б*******ын үзлэгийн тайлбарт сувгийн эмчилгээ, тулгуур эдийн эмчилгээ, гоо сайхны буюу өнгө сэргээх эмчилгээ хийх талаар дурдсан байдаг. Мөн хавтаст хэргийн 10-12 дугаар талд ирээдүйд хийгдэх шүдний эмчилгээний зардлын талаар дурдсан байдаг. Энэ зардал нь бодитоор гарсан зардал биш. Нэхэмжлэгч хийгдэх шаардлагатай эмчилгээгээ хийлгээд баримтын дагуу нэхэмжлэх ёстой байсан. Ямар ч баримтгүйгээр ирээдүйд хийлгэх эмчилгээтэй холбоотой 25 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн шүдний эмнэлгийн тариф илүү үнэтэй байгаа. М.Б******* нь Д.Т******* гэх өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 3 000 000 төгрөгөөр байгуулсан гэсэн. Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч авах эрхтэй талаар дурдсан боловч заавал өмгөөлөгч авах талаар үүрэг болгосон зохицуулалт байхгүй. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь Д.Т******* гэх өмгөөлөгчтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж өмгөөлөгчгүйгээр оролцож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс өмгөөлөгчийн хөлс гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримт байхгүй байна. Иргэний хэрэгт өмгөөлөгч авч оролцоно гэсэн байдлаар энэ нэхэмжлэлийг гаргасан байна. Гэхдээ өмгөөлөгчид хөлс төлсөн гэх баримт харагдахгүй байна. Ирээдүйд гарах зардал нэхэмжилсэн байна. Гэтэл энэ нь өндөр дүнтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Б.Д*******д олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 тоот шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16047 тоот шинжээчийн дүгнэлт, Тэргэл дент шүдний эмнэлгийн үзлэгийн тайлбар, Т шүдний эмнэлгийн шүдэлбэр, сувгийн эмчилгээ, эмчилгээний баримт, эмчийн тэмдэглэл, Ш ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тодорхойлолт, Д.Т*******, М.Б******* нарын Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т шүдний эмнэлгийн үзлэгийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/11290 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хэргийн 3-18-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Б.Б*******т олгосон итгэмжлэл, Д.М*******, Б.Б******* нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар /хэргийн 26, 44, 51, 56-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Б*******ын хариуцагч Э.Л*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 5 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 27 780 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Э.Л*******д зодуулсаны улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан тул  эрүүл мэндэд учирсан хохиролд буюу эмчилгээний зардалд 25 200 000 төгрөг, 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01, 02 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийн зөрүү 5 280 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 33 480 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. 

3.Хариуцагч Э.Л******* нь нэхэмжлэгч ажил хийдэг байсан талаарх баримтгүй,  өмгөөллийн хөлсийг төлсөн талаарх баримтгүй байх тул зөвшөөрөхгүй, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтгүй, уг эмчилгээгээ хийлгээгүй байгаа тул эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн 25 200 000 төгрөг нь бодит зардал биш, ирээдүйд гарах зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн хэт өндрөөр тооцож, үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хариуцагч Э.Л******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө үүрийн 04-05 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Файр баарны гадна нэхэмжлэгч М.Б*******тай үл ойлголцож, маргалдсаны улмаас түүний биед эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэтгэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16047 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх эсэх талаар байна, гэм хор учруулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

6.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдаж, ажил хийгээгүй, цалин хөлсөө бүтэн авах боломжгүй болсон тул 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01, 02 дугаар сарын дундаж цалин хөлсний зөрүүнд 5 280 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөг, гэмтлийн улмаас эрүүгээ хадуулсан байгаа тул эмчилгээний зардалд 25 200 000 төгрөг, нийт 33 480 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Т шүдний эмнэлгийн баримт, Ш ХХК-ийн тодорхойлолт, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь эмчилгээг хийлгээгүй, бодитоор зардал гараагүй байхад ирээдүйд гарах зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн эмчилгээний зардал нь хэт өндөр, ажиллаж байсан талаар болон өмгөөллийн хөлсийг төлсөн талаарх баримт байхгүй гэж мэтгэлцсэн.

 

8.Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдаж, ажил хийгээгүй, цалин хөлсөө бүтэн авах боломжгүй болсон гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, хэрэгт авагдсан Ш ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдоно гэсэн боловч цалинг олгосон талаарх болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх баримтгүй, мөн өмгөөллийн хөлсөнд 3 000 000 төгрөгийг төлсөн гэж Э.Т******* өмгөөлөгчтэй байгуулсан Өмгөөлөл, хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн байх бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгчөөр Э.Т******* оролцсон байгаа боловч өмгөөллийн хөлсийг төлсөн талаарх баримтгүй, уг 3 000 000 төгрөгийг өөр хүн төлсөн гэж нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарласан.

8.1.Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний зөрүүнд 5 280 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

9.Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас эмчилгээний зардал буюу эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардалд 13 шүдний циркон бүрээс 19 500 000 төгрөг, тулгуур эдийн эмчилгээ 10 хоног 1 000 000 төгрөг, үүдэн шүд 4 удаа ирэх 2 700 000 төгрөг, араа шүд 4 удаа ирэх 2 000 000 төгрөг, нийт 25 200 000 төгрөгийг гаргуулахаар Т шүдний эмнэлгийн баримтыг ирүүлсэн бөгөөд эмчилгээний мөнгөгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадаагүй, эрүүгээ хадуулсан хадаасаа авч чадаагүй байгаа гэсэн.

9.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг зардал нь бодит зардал биш, эмчилгээгээ хийлгээгүй байж зардлыг нэхэмжилсэн, уг эмчилгээ нь зайлшгүй хийгдэх эмчилгээ гэдэг нь эргэлзээтэй, мөн зах зээлийн үнээс хэт өндөр тогтоогдсон гэж маргасан боловч дээрх эмчилгээ нь бусад эмнэлэгт ямар үнийн дүн, үнэлгээтэй хийгддэг эсэх талаарх баримтгүй байна.

 

9.2.Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16047 тоот шинжээчийн дүгнэлтэд “...1.М.Б*******ын биед эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардлыг төлөх тул гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

9.3.Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Т шүдний эмнэлгийн баримтад дурдсан эмчилгээний зардлаас 13 шүдний циркон бүрээс хийх 19 500 000 төгрөгийг зайлшгүй зардал гэж үзэхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул эмчилгээний баримтаас тулгуур эдийн эмчилгээ 1 000 000 төгрөг, үүдэн шүд 4 удаа ирэх 2 700 000 төгрөг, араа шүд 4 удаа ирэх 2 000 000 төгрөг, нийт 5 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.Иймд хариуцагч Э.Л*******гээс гэмтлийн улмаас эмчилгээний зайлшгүй зардалд 5 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27 780 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

             

11.Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Н*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зааснаар нэхэмжлэгч М.Б******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Э.Л*******гээс 106 150 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э.Л*******гээс гэм хорын хохиролд 5 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 780 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Б******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Э.Л*******гээс 106 150 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                               

  

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

                                    ШҮҮГЧИД                               Б.МӨНХЖАРГАЛ

                                                            

                                                                                     Ц.ОЮУНБИЛЭГ