Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогч Б.Нарангуа

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Н.Оюунгэрэлд холбогдох эрүүгийн 1722000170033 тоот  хэргийг  2017 оны  11 сарын 01-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машин механикжуулалт мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 1-8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Адуучин овгийн Норовын Оюунгэрэл гэв.

           

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 10-12 тоотод иргэн Б.Нарангуатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Оюунгэрэл шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Даваадоржийн хамт, хамт ажилладаг Пүрэвсүрэн ахын гэрт очсон. Тэднийд манай ажлын Нарангуа,Пүрэвсүрэн, Төмөртулга, Батбаатар, Мөнхсайхан нар архи уугаад сууцгааж байсан, нөхөр бид хоёр тэдэнтэй нийлж хамт архи уусан.  Пүрэвсүрэн  ах надад архи өгөхөд нь би уухгүй гэж амсаад өгөхөд Нарангуа хажуунаас янхан хүүхэн архи уудаг ш дээ гэж хэлэхээр нь миний дүү тэгж болохгүй ш дээ гэхэд Нарангуа босч ирээд намайг нэг удаа алгадчихаад гэрээс гараад явахаар нь би гэрт байсан архины шилийг  авч араас нь гараад Нарангуаг шилээр толгойруу нь нэг удаа цохичихоод шилээ шидчихээд гэр рүү орсон. Тэгтэл араас Нарангуа цусаа гойжуулаад ороод ирэхээр нь би яасан юм бэ миний дүү гэж асуухад та наймайг  шилээр цохичихлоо гэж хэлсэн тэгэхэд нь би эгч нь уурандаа цохичихжээ уучлаарай гэж хэлсэн.Би тухайн үед Нарангуаг алгадаад авахаар нь уурлаж түүнийг  шилээр цохисон юм. Нарангуаг алгадахад хацар бага зэрэг халуу оргиж байсан, гэмтэл учраагүй. Нарангуа намайг нэг л алгадсан өөрөөр зодож, цохисон асуудал байхгүй. Маргаан  болох үед манай нөхөр Даваадорж, Нарангуа бид 2-ыг маргалдахаас өмнө явчихсан байсан.Хамт байсан Мөнхсайхан эгч гайгүй байсан, бусад нь нилээн согтсон  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

3. Хохирогч Б.Нарангуа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрт байж байсан чинь манай ажлын Төмөртулга Пүүжээ ахынд байна, Мөөгий эгч эмнэлгээс гарчихсан зам анги руу явах гэж байна хүрээд ир гээд утасдаад байсан. Тэгээд гэрт нь ирээд байж байсан. Даваа ах, Оюунгэрэл эгч хоёрыг дуудсан. Тэгээд манай ажлынхан пиво авчихсан, архи ууцгаасан. Тэгээд Пүүжээ ах Оюунгэрэл эгчид архи өгсөн, уудаггүй гэсэн. Тэгээд би Оюунгэрэл эгчид юм хэлсэн юм билээ. Тэгээд гадаа зогсож байтал Оюунгэрэл эгч архины шилээр цохихыг мэдээгүй, одоо толгой өвдөөд байгаа. Гомдол саналгүй. Оюунгэрэл эгч 200.000 төгрөг өгье гэсэн гэв.  

4. Гэрч Д.Төмөртулгын: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвсүрэнгийн гэрт Нарангуа, Батбаатар, Мөнхсайхан, Даваадорж, Оюунгэрэл нар архи, пиво уусан. Би тэнд сууж байгаад гэртээ харьсан. Намайг гэртээ харьсаны дараа Нарангуаг Оюунгэрэл шилээр цохисон  асуудал болсон  байна.  Би яг тухайн үед байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Намайг байхад Нарангуа Оюунгэрэл 2 зодолдож цохилцсон  асуудал байхгүй. Гэрт байхад маргалдах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-16/

5. Гэрч О.Мөнхсайханы: “....2017 оны 6 дугаар сарын 29-ний орой манайд Даваадорж, Оюунгэрэл, Нарангуа, Батбаатар нар манай гэрт ирж архи, пиво ууж сууцгаасан. Би нөхөр Пүрэвсүрэнгийн хамт гэртээ байсан. Бид нар ууцгаагаад сууж байтал Даваадорж, Оюунгэрэл, Нарангуа, Батбаатар нар манайхаас явахаар болсон. Би гэртээ хэвтээд үлдсэн. Эргээд Нарангуагийн толгойноос цус гарсан орж ирсэн. Оюунгэрэл хамт гэрт орж ирсэн. Нарангуа гэрт орж ирэхдээ Оюунгэрэл толгой хагалчлаа гэж орж ирсэн. Би Нарангуагийн толгойг нь цэвэрлэж өгөөд явуулсан. Би архи уугаагүй. Жаахан пиво уусан. Гэхдээ би тухайн үед эрүүл байсан. Нарангуа, Оюунгэрэл 2 архи, пиво уусан согтуу байсан. Ухаанаа алдатлаа уугаагүй, юу болж байгааг мэдэхтэйгээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

6. Гэрч Х.Батбаатарын: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвсүрэнгийн гэрт Даваадорж, Төмөртулга, Мөнхсайхан, Нарангуа, Оюунгэрэл бид нар архи пиво ууцгаасан. Архи, пиво уугаад байж байхад Оюунгэрэл, Нарангуа 2 маргалдаад гэрээс гараад явсан.  Нарангуа гэрт эргэж орж ирээд толгой нь хагарсан  цус гарсан  орж ирсэн. Нарангуа Оюунгэрэлд толгойгоо хаглуулчихлаа гэж орж ирсэн. Мөнхсайхан толгойнынх нь цусыг цэвэрлэсэн. Би гэрлүүгээ Нарангуаг  авч явсан. Гэртээ очоод түргэн тусламж дуудсан. Би архи уусан байсан, их согтуу байгаагүй. Нарангуа Оюунгэрэл 2 гэрт маргалдаад гарсан, зодолдсон  асуудал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

7. Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт Нарангуа, Баттулга, Батбаатар, Мөнхсайхан, Даваадорж, Оюунгэрэл нартай хамт архи пиво уусан. Би 18 цагийн  үед гадаа зогсож байсан  чинь Нарангуа гэрээс гарч ирж намайг хүргээд өгчих гээд яриад байж байсан  юм. Би 00-руу очиж биеэ засаж байсан чинь шилний хагарч байгаа чимээ гарсан, би харсан чинь Нарангуа доош суучихсан Оюунгэрэл гэр рүү орж байсан юм. Очтол Нарангуагийн дух хэсгээс цус гоожиж байсан. Би яасан бэ гэж асуухад Оюунгэрэл намайг шилээр цохичихлоо гэж хэлээд бид хоёр гэррүү орсон. Манай эхнэр Мөнхсайхан Нарангуагийн цусыг цэвэрлэж боож өгсөн. Би гадаа хагарсан шил түүгээд хогийн савруу очиж хийсэн юм. Бид нар 6-уулаа байсан. Гэрийн гадаа эхлээд Нарангуа бид хоёр байсан. Дараа нь Оюунгэрэл гарч ирсэн юм байна лээ. Гэрт энэ хоёр муудалцсан байсан юм. Тэрнээс болоод Нарангуа намайг  хүргээд өг гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь Оюунгэрэл архины шилээр цохисон байсан. Бид нарын  ууж байсан “Цагаан архи” нэртэй шилээр цохисон байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

8.2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 201700198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Б.Нарангуагийн биед духанд шарх, зовхинд зулгаралт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  • Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Духны шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  • Зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26/

9.Хэрэгт авагдсан  бусад бичгийн баримт зэргийг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.Оюунгэрэл нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 10-12 тоот хашаанд иргэн Б.Нарангуатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохисон  үйл явдал болсон  болох  нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Оюунгэрэлийн  дээрхи  үйлдлийн  улмаас  хохирогч Б.Нарангуагийн  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол учирсан болох нь шинжээчийн 201700198 дугаартай дүгнэлтээр тогтоогдож  байна.

 Тухайн үйл  явдал нь 2017 оны 6 сарын  29-ний  өдөр буюу 2002 онд  батлагдсан  Эрүүгийн  хууль  хүчин төгөлдөр үйлчилж байх  цаг хугацаанд үйлдэгдсэн  ба 2015 онд  батлагдсан  Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр  зүйлийн  1 дэх  хэсэгт “ гэмт хэрэг  үйлдсэн  этгээдийн  эрх  зүйн  байдлыг  дээрдүүлсэн  хуулийг буцаан  хэрэглэнэ”  гэж  заажээ.

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь анх удаа хөнгөн  гэмт хэрэг  үйлдсэн  боловч  учруулсан  хохирлоо төлөөгүй байх  тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн  эрх  зүйн  байдлыг  дээрдүүлсэн  шинэ  хуулийг буцаан  хэрэглэсэн  нь  үндэслэлтэй  байна  гэж  үзлээ. 

Иймд шүүгдэгч Н.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгч Н.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Оюунгэрэлд торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь  улирлын чанартай  ажил  эрхэлдэг  болох нь  Сайнцагаан  сумын  5 дугаар багийн  засаг  даргын 2017 оны 10 сарын 30-ны  өдрийн  114 дугаартай албан  бичгээр  нотлогдож байх  тул түүнд оногдуулсан  торгох  ялыг  5 сарын  хугацаанд  хэсэгчилэн  төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Нарангуа нь хохирлын талаар баримт нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Н.Оюунгэрэл нь гэм хорын  хохирол 200,000 төгрөг нөхөн  төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Адуучин овгийн Норовын Оюунгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунгэрэлд дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Оюунгэрэлд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Н.Оюунгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  5. Хохирогч Б.Нарангуа нь хохирлын талаар баримт нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Н.Оюунгэрэл нь гэм хорын
  6. хохирол 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг нөхөн  төлөхөө илэрхийлсэн  болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оюунгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай. 
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ