Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г.З /РД:/

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ц нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.З, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/1083/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Г.З нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Цгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан бүтээгдэхүүний загварын патентыг хуудас, ******* брэнд нь патентыг дуурайлган хийж, худалдан борлуулж байна гэх зөрчилд ******* дугаар шийтгэлийн хуудсаар Г.Зг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч Г.З эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Гомдол гаргагч Г.З шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. Байцаагч Б.Ц хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Мэдээлэл авах нэрээр дуудаж мэдүүлэг авахдаа гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт захирангуй, буруутгасан, удирдах, хөтлөх асуултаар мэдүүлэг авсан гэж бодож байна. Хэдийгээр оюуны өмчийн патент эзэмшигч талдаа үйлчлэх нь зүй ёс боловч энэ асуудалд хоёр талыг зөв ойлголцуулах, ямар үндэслэлээр буруутгаж байгааг сайтар нягталсан эсэхэд эргэлзэж байна.

3.2. Мөн 3 ширхэг малгай хийсэн ба 1 нь манай гэрт хүүхэд өмсөж байна, нөгөөг нь нэгэн захиалагчдаа гоё үнэтэй гутал захиалсан юм чинь гээд бэлэг болгож өгсөн гэхдээ өнгө хэлбэр дүрсийг өөрсдөө ярилцаж байгаад л хийсэн, үлдсэн нэгийг манай нэг сурагч /Гар урлалын чиглэлээр сурдаг оюутан охин/ дадлагын ажилд зориулан хийсэн. Зургуудыг нь пэйж дээрээ пост оруулсан, нэг хүн миний загвар шүү гээд бичээд эхэлсэн, эхлээд учраа олох гээд олж чадаагүй, тэгээд дахиж харьцаагүй, тэрнээс хойш дахин нэг ч эвэртэй малгай хийгээгүй.

3.3. Мөн иймэрхүү загварын малгайнууд гадаад болон дотоодын интернэт орчинд зөндөө байдаг тул энд тэнд харж байсан нь ой санамжид буусан ч байгаа байх. Үнэндээ ашиг олоод патент эзэмшигчийг хохироогоод байсан юм байхгүй. Миний дансны хуулгыг шүүгээд үзсэн ч болно. Зээл, зээлийн хүү, цалин, ажлын байрны түрээс, бараа материал гээд бүх төлбөрүүд төлөхийн өмнө ихэнхдээ хэн нэгнээс түр зээлж аваад төлбөрүүдээ төлдөг нь ч тодорхой харагдана. Ийм үед 500, 000 төгрөгийн торгууль төлөх нь үнэхээр хүнд байна. Үүсээд буй асуудалд үнэхээр харамсаж байгаа бөгөөд энэ чиглэлээрээ ажиллах, зүтгэх, ихийг хийх урам зориг тэвчээр минь алдуурч байна. Иймд эрхэм хэрэг шийдвэрлэх та бүхэн энэ асуудлыг аль болох зөвөөр болон зөөлнөөр шийдэж, торгох шийтгэх зүйлгүйгээр хоёр талыг ойлголцуулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэв.

4. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Иргэн Б.Б*******, С.О******* нараас 2023 оны 09 сарын 27-ны өдөр гаргасан бүтээгдэхүүний загварын патентыг хуудас, ******* нь манай патентыг дуурайлган хийж, худалдан борлуулж байна гэх гомдолд 2302000317 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Г.Зд Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

4.2. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотой "Эсгий малгай" (18 хувилбартай) бүтээгдэхүүний загварын патент эзэмшигч нь Б.Б*******, С.О******* бөгөөд патентын онцгой эрхийн хугацаа 2037 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр хүртэл эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

4.3. Дээрх бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчдийн патентыг Г.З зөвшөөрөлгүй хуудсанд байршуулсан нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй ашигласан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.4. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.Згийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Оюуны өмчийн газарт иргэн Б.Б*******, С.О******* нараас гаргасан ******* фэйсбүүк хуудас, ******* нь манай бүтээгдэхүүний загварын патентийг дуурайлган хийж борлуулж байна... гэх гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Зг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүний загварыг дуурайлган хийж худалдсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

2.1. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг; гэж ойлгохоор, 3.1.15-д "патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг; гэж ойлгохоор, 47 дугаар зүйлийн 47.2-т Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно., 47.3-т Дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно: 47.3.1.патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах; гэж тус тус заасан.

2.2. Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд Патентын тухай хууль зөрчих зөрчлийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 1-д Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж хуульчилсан байна.

2.3. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/******* тоот тушаалаар Б.Б*******, С.О******* нарт эсгий малгай /18 хувилбартай/ бүтээгдэхүүний загварын патентыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотой, 2037 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар олгожээ.

2.4. Энэхүү патентаар хамгаалагдсан 18 хувилбар бүхий эсгий малгайны хоёр эвэрт, дөрвөн эвэрт, таван эвэрт хувилбарыг Б.З нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийж фейсбүүк хуудсанд байршуулж, худалдсан болох нь Оюуны өмчийн газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт, Б.Згийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, фейсбүүк хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар тогтоогдож байна.

2.5. Тодруулбал, Оюуны өмчийн газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд ...Патент бүхий 2 эвэртэй эсгий малгайны хувьд мэдүүлэгт хавсаргахдаа ягаан өнгөөр урлаж зургаар илэрхийлсэн боловч мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод олон өнгөөр хийх боломжтойг дурдсан бөгөөд гадаад хэлбэр хийцийн хувьд бүхэлд нь өвч үзвэл их бие, түүн дээр гаргасан 2 эвэр зэрэг гадаад харагдах байдлаараа ижил төсөөтэй. Патент бүхий 4 эвэртэй эсгий малгайны хувьд мэдүүлэгт хавсаргахдаа хөх өнгөөр урлаж зургаар илэрхийлсэн боловч мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод олон өнгөөр хийх боломжтойг дурдсан бөгөөд гадаад хэлбэр хийцийн хувьд бүхэлд нь авч үзвэл их бие, түүн дээр гаргасан 4 эвэр зэрэг гадаад харагдах байдлаараа ижил төсөөтэй. Патент бүхий таван эвэртэй эсгий малгайны хувьд мэдүүлэгт хавсаргахдаа босоо судалд олон тод өнгөөр урлаж зургаар илэрхийлсэн боловч мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод олон өнгөөр хийх боломжтойг дурдсан бөгөөд гадаад хэлбэр хийцийн хувьд бүхэлд нь авч үзвэл их бие, түүн дээр гаргасан 5 эвэр зэрэг гадаад харагдах байдлаараа ижил төсөөтэй. ...Дээрхи харьцуулалтаар илэрч буй шинжүүдийг дүгнэж үзээд тухайн бүтээгдэхүүнүүд бүгд эсгийгээр хийгдсэн, эсгий малгайнуудын өнгөний шийдлүүд харилцан адилгүй байгаа хэдий ч гадаад хэлбэр, хийцлэлийн хувьд ижилхэн ялангуяа Патент бүхий бүтээгдэхүүний загварын хагас бөмбөрцөг хэлбэрийн их бие дээр малгайны орой хэсэгт тэнцүү зайнаас хоёр тийш налуу, үзүүр рүүгээ нарийссан эвэр гаргаж зохиомжилсон бүтээгдэхүүний загварын ерөнхий концепци буюу гол үзэл баримтлалыг хуулбарласан шинжтэй, Монгол Улсын Патентын тухай хуулийн дагуу олгосон патент бүхий бүтээгдэхүүний загварын эзэмшигчийн эрхийг зөрчсөн хэмээн үзэх үндэслэлтэй... гэж дүгнэжээ.

2.6. Мөн зөрчилд холбогдогч Б.З нь цэнхэр 2 эвэртэй малгайг 50000 төгрөгөөр зарсан, 10000 төгрөгийн ашиг олсон талаараа мэдүүлсэн байна.

2.7. Иймд Б.З нь патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийж, худалдсан зөрчил гаргасан, энэ зөрчил нь Патентын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан патентын эрхийн зөрчилд тооцохгүй үйлдэлд хамаарахгүй байх тул эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; гэж зааснаар шинжээч томилон дүгнэлт гаргуулж, фейсбүүк хуудсанд үзлэг хийж, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

2.8. Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл; 1.2. баривчлах шийтгэл, 1.3. эрх хасах шийтгэл гэж заасан.

2.9. Зөрчилд холбогдогч нь зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуульд заасан шийтгэлийг оногдуулах хуулийн заалттай тул гомдол гаргагчаас 2 талыг хооронд нь ойлголцуулах, сануулах шийтгэл хүлээлгэж болох байсан... гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.

2.10. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна. гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан нь патент эзэмшигчээс гаргасан гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийг дуудан ирүүлж, мэдүүлэг авах чиг үүрэгтэй, энэ ажиллагааны хүрээнд зөрчилд холбогдсон Б.Зг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуудан ирүүлж, эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байна.

2.11. Харин мэдүүлэг авахдаа холбогдогчтой зүй бусаар харилцсан бол эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар тухайн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.15, 47 дугаар зүйлийн 47.2 заасныг тус тус баримтлан Б.Згаас Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Цд холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ