Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2020/00006

 

Э.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00038 дугаар шийдвэртэй, Э.Э нэхэмжлэлтэй Б.З холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний гүйцэтгэлд 1 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э /онлайнаар/, хариуцагч Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Э надтай 2019 оны 05 дугаар сарын эхээр Говьсүмбэр аймгаас Б З утсаар ярьж сонголтоо илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцож, түүний төрсөн дүү Б М зөвшөөрөл, хүсэлтээр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн Б.М хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Э Э миний бие Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, шүүхэд төлөөлөх эрхийн 1461 дүгээр үнэмлэхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно” гэж заасны дагуу Б.З надад утсаар хүсэлт, сонголтоо илэрхийлж, харилцан тохиролцсон болно. Б.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ анхан шатны шүүхээр 20 жилийн хорих ял шийтгэгдсэн, хэрэг нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шанты шүүхэд 2 дахь удаагаа буцаад, өөрөө тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байсан. Гэрээний дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дахь удаагийн шүүх хуралдаанд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өмгөөлөгчөөр оролцож, шүүхээс Б.М 6 жилийн хорих ял оногдуулж, өмгөөлөгч миний тухайд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үздэг. Б.З миний ХААН банкны 55379104898 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш хагас жил гаруй хугацаа өнгөрөөд байхад Б.З нь өмгөөллийн хөлсний үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нөхрийн цалин буухаар өгнө, долоо хоногийн дараа, төдийд, өдийд өгнө гэх мэтээр хугацаа заах, сүүлдээ Улаанбаатар хотод байгаа дүүгийнхээ өмчлөлийн газрыг заруулаад өгье, эцэстээ газрынх нь гэрчилгээг танд өгье, та зараад мөнгөө ав, гэхчлэн өгөхгүй байх элдвийн шалтаг зааж байснаа 11 дүгээр сар гараад утсаа авахаа больж, бүр ямар ч холбоогүй болсон. Түүний нөхөр Б гэдэг хүнтэй 11 дүгээр сарын 08-ны өдөр ярихад даруй өгнө гээд түүнээс хойш мөн утсаа авахаа больсон. Ийнхүү дээрх байдлаар итгэлийг эвдэж янз бүрийн шалтаг тоочиж, сүүлдээ утсаа авахгүй, холбоо тасраад, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч, гэрээний нөхцлийн дагуу алданги тооцогдож байгаа болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож, байгуулсан гэрээний нөхцлийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хоногт 0,5 хувийн алданги тооцож иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар алдангийг гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэлд нийт 1 900 000 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б овогтой З нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын түвшин доогуур, үр хүүхэд минь оюутан, өвчтэй ээжийгээ асардаг. Гэр бүлийн дотор байнгын ажилтай хүнгүй амьдардаг. Яг одоогоор бэлэн мөнгө гаргаад өгөх боломжгүй, өндөр настай, өвчтэй ээжийнхээ тэтгэврийг 2 дугаар сард зээл авахуулаад өгөх боломж байна. Би өөрөө нөхөр Б 300 000 төгрөгийг авч өгсөн. Харин алданги болох 900 000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй тул үндсэн мөнгө болох 1 000 000 төгрөгийг өгнө гэжээ.

Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнээс 1 000 000 төгрөг нь гүйцэтгээгүй үүрэг, 900 000 төгрөг нь алданги байгаа. Би энэ хүнтэй 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Яаж гэрээ байгуулсан гэхээр энэ хүн анх над руу яриад манай дүү Б.М хэрэгт холбогдсон байгаа, та эрх зүйн туслалцаа үзүүлж өгөөч гэсэн. Би хүлээн зөвшөөрсөн, би энэ хүнд ямар нэгэн амлалт өгөөгүй, боломжоороо оролцъё гэж хэлсэн. Ингээд анхан шатны шүүхээр шийдэгдсэн, уг нь 20 жилийн ялтай байснаас 6 жилийн хорих ялтай гарсан. Үүнээс харахад би гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Энэ хүн анх надтай 1 300 000 төгрөгийн гэрээ байгуулаад, 300 000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 1 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би гэрээ хийхдээ 10 хоногийн дараа төлбөр тооцоогоо хийхээр гэрээ хийсэн. Гэхдээ энэ хүн гарын үсэг зураагүй, дүү Б.М гэрээ хийсэн. Үүнээс 180 хоногийн алданги тооцсон. Тэгээд нийт 1 900 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 400 000 төгрөг хасаад, 1 500 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа гэжээ.

Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би танд анх үлдэгдэл 1 000 000 төгрөгийг манай ах, дүү нар өгнө гэж хэлсэн. Гэтэл та над руу залгаад танай ах, дүү нар мөнгөө өгөхгүй байна гэсэн. Тэгэхээр би ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад өгье, та тэр болтол намайг хүлээж байгаач гэхэд, та намайг хүлээж чадахгүй, би чамайг Говьсүмбэр аймгийн шүүхэд өгнө мөн цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд энэ хүн манайд цагдаа дагуулаад ирсэн, тэгэхээр нь би танд өргүй, тухайн үед манай ах, дүү нар төлнө гэж хэлсэн. Тэгээд би ээжийг тань руу яриулсан. Ээж  танд 02 дугаар сарын 01-нд тэтгэвэр бууна,  тэгээд өгье гэхэд нь тэр болтол хүлээж чадахгүй гэж хэлсэн байсан. Надад гэрээ байгуулсан талаар хэлээгүй, би хэрэв 10 хоногийн дотор төлөөгүй бол алданги төлдөг гэсэн бол төлөх байсан, би гэрээ байгуулаагүй, дүүдээ өмгөөлөгч л сонгож өгсөн. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй, 1 000 000 төгрөгийг бол төлнө, Э.Э нь манай дүүг өмгөөлсөн, өмгөөлөгчдөө баярлаж байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.З гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э олгож, алданги 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Э нь давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00038 дугаар шийдвэр

Шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа заалт, үндэслэл:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Б.З, гэрч Б.М нар гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох байтал гэрээнд Э.Э, Б.М гарын үсэг зурсан байдаг” гэж хуулийг буруу тайлбарласан, мөн “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэж хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн шүүхэд цуглуулж гаргаж өгсөн нотлох баримтуудыг дутуу үнэлж, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ...-ийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно” гэж заасны дагуу Б.З надтай утсаар ярьж илэрхийлсэн хүсэлт, сонголтыг хүлээн зөвшөөрч, Б.З хууль зүйн туслалцааны хөлсийг хариуцна гэж харилцан тохиролцсон болно. Тиймээс Б.З нь төрсөн эгчийн хувьд хуулийн дагуу сонголт хийснийг гэрээнд тусгаж, харин хууль зүйн туслалцааны үйлчлүүлэгч нь Б.М тул түүнтэй гэрээ байгуулсан.

            Б.М нь өөрийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэгтээ миний төрсөн эгч Б.З хууль зүйн туслалцааны хөлсийг хариуцахаар тохиролцсон гэж тайлбарласан, мэдүүлсэн тул Б.З иргэний хариуцагч гэж үзсэн.

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан.

Б.З анх утсаар ярихад түүний сонголт, Б.М хүсэлтийг нэхэмжлэгч би хүлээн авснаа зөвшөөрч илэрхийлсэн тул Б.З гарын үсэг зураагүй ч гэрээ хийгдсэн гэж үзэх хуулийн бүрэн үндэслэлтэй. Ийнхүү Б.З нь утсаар надтай ярихдаа хөлс төлбөрийг саадгүй төлнө, хариуцна гэж анхнаасаа тохиролцсон атлаа 6 сар гаруй хугацаанд үүргийг гүйцэтгээгүй учраас гэрээнд зааснаар алданги нэхэмжилсэн.

            Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн заалт Б.М шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгээр хангагдсан болно. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанчлан алданги тооцохоор гэрээнд тусгаснаар шаардах эрх, Б.М миний төрсөн эгч Б.З хууль зүйн туслалцааны хөлсийг хариуцахаар тохиролцсон гэсэн тайлбар, мэдүүлгээр хариуцагчийн “... надад гэрээ байгуулсан талаар болон ... алданги тооцдог гэж хэлээгүй, хэрэв тийм байсан бол бид хугацаанд нь төлөх байсан гэх” шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, анхан шатны шүүхийн “... алданги 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэсэн дүгнэлт бүрэн үгүйсгэгдэж байгаа болно.

            Дээрхи үндэслэлүүдээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00038 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.     

ХЯНАВАЛ :

             Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

             Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.З холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авах хөлсний үлдэгдэл 1 000 000 төгрөг, алданги 900 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны үед алдангийг хуульд нийцүүлэн 500 000 төгрөг болгон багасгажээ.

             Хариуцагч Б.З нь дүүдээ Э.Э өмгөөлөгчийг сонгож өгсөн нь үнэн, алданги тооцдог талаар надад хэлээгүй, өмгөөллийн хөлсний үлэгдэл 1 000 000 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Хэргээс үзэхэд  нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Б.М байгуулсан байх боловч хөлсийг нь түүний эгч Б.З төлнө гэж тохиролцсоны дагуу хариуцагчаар Б.З сонгож, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3–д “ хариуцагч гэж ... үүргээ биелүүлээгүй,  эсхүл зохих ёсоор биелүүлээгүй  гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг  хэлнэ “ гэж заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “садангийн хүн” гэж ...төрсөн ах, эгч, ...-г ойлгоно гэж,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-р зүйлийн 1-д ...өмгөөлөгчөө өөрөө сонгоно, 2-д ...зөвшөөрснөөр,эсхүл хүссэнээр ... төрөл,садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно гэж тус тус заасан байна.

Хариуцагч Б.З нь Б.М төрсөн эгчийн хувьд түүний зөвшөөрөл, хүсэлтийн дагуу өмгөөлөгч Э.Э уулзаж, түүнийг сонгосон нь хуульд нийцсэн. 

           Улмаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Б.М гарын үсэг зурсан ч гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт Б.З нэр давхар дурьдагдсан, хариуцагч  нь гэрээ байгуулсныг үгүйсгээгүй, гэрээний үлдэгдэл хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, мөн талууд урьдчилан тохиролцсон, хөлс төлөх зэргийн талаар тохирсон бөгөөд  энэ нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх тул энэ үндэслэлээр талуудын хоорондох маргааныг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-н “ гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтөй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй “ гэж заасан ба энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон  тул  энэ хүрээнд талуудын гэрээ нь хуульд нийцсэн  байна.

Харин анхан шатны шүүх алданги тооцох талаар гэрээнд тусгагдсан талаар хариуцагч мэдээгүй гэх ба үүнийг үгүйсгэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй, түүнийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр алдангид нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу байна.

 Иймд алдангийг хариуцагчаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.З гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул алданги 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА

                      ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ