| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01125/И |
| Дугаар | 183/ШШ2023/03136 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/03136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоот байрлах, М******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоот оршин суух, Бовогт С.Ц /РД*******/,
Хариуцагч: С дүүрэг, ** тоот оршин суух, Б овогт Б.А /РД:*********/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Н.О*******,
Хариуцагч С.Ц*******,
Хариуцагч С.Ц*******гийн өмгөөлөгч У.Т*******,
Хариуцагч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч С.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.М******* ХХК нь гоо сайханы бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд гүйцэтгэх захирал Г.Д******* миний бие Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Bellа”s c хэмээх дэлгүүрийн С.Ц******* гэгчтэй хамтран ажиллахаар тохиролцож 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 20 998 587 төгрөгний бараа, мөн 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3 752 293 төгрөгний гоо сайханы барааг хүлээлгэн өгсөн. Ингэхдээ бид тухайн барааг зараад олсон мөнгөний 20 хувийг тухайн дэлгүүрийн С.Ц******* авах, үлдсэн 80 хувийг Г.Д******* би авахаар харилцан тохиролцсон. С.Ц*******д барааг хүлээлгэн өгөхөөс өмнө Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах гэж очиход гэрээний загварыг миний цахим хаягруу явуулсан, би тухайн үед нь өөрийнх нь хажууд сууж байгаад Хамтран ажиллах гэрээтэй танилцаад тус гэрээнд санал, өөрчлөлт оруулан гэрээгээ байгуулая гэхэд гадуур ажилтай болчихлоо, хоёулаа бараагаа хүлээлцэхдээ гэрээгээ байгуулая гэж хэлээд гараад явсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бараа тоолон өгч хүлээлцэхдээ гэрээгээ байгуулая гэсэн боловч засвар хийж байна юун гэрээ байгуулах манатай байна, компьютер хураалттай байна, дараа больё гэж мөн л хойшлуулсан. Миний бие С.Ц*******гээс удаа дараа Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулахыг шаардсан боловч ярих болгонд би ажил дээрээ очоогүй байна, гадуур явж байна гэх мэт шалтаг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Анх гэрээгээр тохиролцохдоо зарагдсан барааны нийт үнийн дүнгийн 80 хувийг өгч байхаар тохиролцсон боловч бараа хүлээлгэж өгсөн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зарагдсан барааны мөнгөнөөс надад оногдох хувийг огт өгөөгүй. 2021 оны 3 дугаар сарын байдлаар нийт 7 318 989 төгрөгний бараа зарагдсан байхад надад оногдох хувь болох 5 855 191 төгрөгийг өгөхгүй мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 20-ны үед С.Ц*******гээс дахин мөнгөө нэхэхэд манайх татан буугдаж байна, чи ирж бараагаа ав гэсэн. Тиймээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С.Ц******* рүү залгахад утасаа аваагүй тул би “маргааш 10:00 цагт очвол болох уу? Таныг байлцуулан бараагаа тоолж хүлээн авмаар байна” гэж утсаар мессэж бичихэд “Би байх шаардлагагүй хүн байлгаж байя” гэж хариу ирсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн биеэр очиж тооллого хийж үлдэгдэл бараагаа буцаан авсан. С.Ц*******г төлөөлөн Ч.М гэх түүний ажилтан барааг тоолж хүлээлгэн өгсөн. /Бараа хүлээлцэх үеийн фото зураг бичлэг бий/. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно хэмээн заасан байдаг. Дээрх үйл баримтаас харвал С.Ц******* бидний хооронд Хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан тул С.Ц******* нь уг гэрээний үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм. Мөн миний бие 2020 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргахад уг хэрэг нь иргэний эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж иргэд хооронд хийгдсэн хэлцэл байна хэмээн үзэж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол гаргасан. Уг тогтоолд гомдол гаргагч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсан байна. Иймд С.Ц*******, Б.А******* нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч М******* ХХК нь гоо сайхны худалдааны чиглэлээр сүүлийн 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Д******* нь Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг B дэлгүүрийн эзэн С.Ц*******, Б.А******* нартай хамтран ажиллахаар тохиролцсон. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20 988 587 төгрөгний бараа мөн 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3 752 293 төгрөг, нийтдээ 24 750 880 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч С.Ц*******гийн үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрт хүлээлгэн өгсөн. Барааг хүлээлгэн өгөхдөө талууд барааг зараад олсон мөнгөний 20 хувийг тухайн дэлгүүрийн эзэн С.Ц******* авна үлдсэн 80 хувийг н.Д******* авахаар тохиролцсон. Гэрээг бичгээр байгуулья гэсэн боловч хариуцагч нар завгүй, ажилтай байна гээд бичгээр байгуулж чадаагүй. 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мөнгөө авъя гэхэд өгөхгүй байсан учраас бараагаа буцаан авахаар очсон. 2021 оны 3 дугаар сарын байдлаар М******* ХХК-ийн хүлээлгэн өгсөн бараанаас 7 318 989 төгрөгийн бараа зарагдсан байсан. Үүн дээр талууд тооцоо нийлээд нэхэмжлэгч өөрт ногдох 5 855 191 төгрөгөө авъя гэхэд өгөхгүй байсан. Хариуцагч С.Ц*******гээс дахин мөнгөө нэхэхэд манайх татан буугдаж байна ирж бараагаа ав гэсэн байдаг учраас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр н.Д******* өөрийн биеэр очиж тооллого хийн бараагаа буцаан авсан. Буцаан авахдаа үлдэгдэл 17 431 891 төгрөгийн барааг хүлээн авсан. Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан. Талуудын хэн аль нь өөрсдийнхөө хүсэл зоригийг илэрхийлээд нэхэмжлэгч тухайн дэлгүүрт бараагаа хүлээлгэн өгсөн. Тухайн барааг зарж ашиг олж хуваахаар болсон. Энэ асуудлаас болж маргаан үүссэн. Тиймээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр уг мөнгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан. Гэрээгээ бичгээр байгуулъя гэсэн ч С.Ц******* удаа дараа зайлсхийснээр гэрээ байгуулж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн хуулийн 40.2 дахь хэсэгт нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан. Талууд гэрээг бичгээр байгуулаагүй ч гэсэн тохиролцоонд хүрээд хариуцагч тухайн барааг хүлээн авсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг нь харагдаж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас хамтран ажиллах явцад үүссэн ашиг болох 5 855 191 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ гэв.
2.Хариуцагч С.Ц******* шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би үсчний салонтой байсан. Анх манай нэг үсчин B гэх хүнийг авчирч байсан. Тэр үед B гэх хүнийг анх харж байсан. Би нүүр будалтын чиглэлийн ажил хийдэггүй. B гэх хүнтэй танилцсанаас хойш манай салоноор хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан. Нэг удаа салон дээр үсээ янзлуулж байхад нь тааралдсан. Тэр үед надад би нүүр будалтын артист маш олон дагагчтай. Манай салон корона гараад хаагдсан. Тавилгаа тавих газар байхгүй байна танд агуулах маягаар юмаа тавьчих газар байна уу гэсэн. Тэр үед би зоорины давхрын блокоороо байгаа байрандаа юмаа оруулахыг зөвшөөрч түлхүүрээ өгсөн. Тэр байрны 2 давхарт миний гэр байдаг. Хэд хоногийн дараа ороход цэвэрлээд гоё болгоод онлайн хичээл орж байна гээд сууж байсан. 2 сар гаруй хугацаанд л энэ бүх үйл явдал өрнөсөн. B гэх хүнд өөрийнхөө байрыг түрээсэлж байгаагүй. Хамтран ажиллаж байгаагүй. Би нүүр буддаггүй, гоо сайхны бараа зардаггүй. н.Д******* гэх хүнийг харж байгаагүй биш харж байсан. B өөр газар түрээслээд энэ байрнаас надад хэлэлгүйгээр өөрийнхөө зүйлсийг бага багаар авч явсаар байгаад дэлгүүрийг нь ажиллуулж байсан ажилчдаа бараа бүтээгдэхүүнтэйгээ орхиод явсан. Тэр бараа бүтээгдэхүүнийг нь ажилчдад нь өгөөд явуулсан. Би хэн нэгний бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан зүйл байхгүй. Зараад мөнгийг нь авсан зүйл байхгүй. Энэ байр минийх байснаараа өнөөдөр энд хариуцагчаар татагдаад зогсож байна. Хэдэн төгрөгөөр зарахыг нь ч би мэдэхгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
2.1.Хариуцагч С.Ц*******гийн өмгөөлөгч У.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн нэхэмжлэгч, нөгөө хариуцагч нар үгсэн хуйвалдсан гэж харагдаж байна. Тухайн байрны дээд талд нь зөвхөн С.Ц******* амьдраад доод талд нь С.Ц*******гийн агуулах байсан зүйл байхгүй. 4 давхар орон сууц байсан. С.Ц******* гоо сайхны чиглэл гэхээс илүү хувьцааны чиглэлээр ажилладаг хүн. Хэрвээ С.Ц******* гэх хүн энэ бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан бол Б.Д гэх хүнийг ******* сурвалжлуулах хүсэлт гаргах шаардлагагүй байсан. Б.Д гэх хүнийг ажиллуулж байсан гэх С.Ц******* хаягийг нь мэдэхгүй байгаа. Гэтэл гэнэт нэхэмжлэгч талаас хаягийг нь утастай нь гаргаж ирсэн. Б.Дтай ганцхан удаа барааг хүлээлгэн өгөөд гарын үсэг зуралцаж байсан бол яахаараа Б.Дын хаяг нэхэмжлэгчээс гарж ирж байна вэ. Ч.М болон Б.Д гэх хүмүүсийг Б.А******* өөрөө дагуулж ирээд байгаа. B өөрөө тэр барааг зараад маркетинг хийгээд байгаа. Хүлээлгэн өгөөд байгаа баримт дээр хүртэл В гэх дэлгүүрт хүлээлгэн өгөөд байгаа. Хэрвээ С.Ц******* зарах гээд байгаа бол С.Ц*******д хүлээлгэн өгөх байсан. Дэлгүүрийн нэр ч өөр байх байсан. Хариуцагчийг бид нар тодорхойлоогүй. Нэхэмжлэгч Б.А*******ыг хариуцагчаар татсан. Тэгсэн мөртлөө юу шаардаад байгаагаа хэлж чадахгүй байна. Б.А*******ыг хариуцагчаар татсан М******* ХХК нь Б.А*******аараа маркетинг хийлгээд байгаа. Ийм илэрхий худал зүйл яриад байгаа. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгсөн. Б.Д гэх хүнээр гарын үсэг зуруулсан баримт өгсөн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Б.Д нь гарын үсэг зураагүй нь тогтоогдсон. Хамтран ажиллана гэдэг нь ашиг алдагдлаа хамтран хариуцна гэсэн ойлголт. Ашгаа алдагдлаа яаж тооцож гаргаж байна вэ. Энэ харилцааг харахад М******* ХХК нь Б.А*******д бараагаа өгөөд заруулж байгаа харагдаж байна. С.Ц*******тэй хамтран ажиллахаар тохиролцсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг шаардаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа, мөн үндэслэл нь юу вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 2 хариуцагч татаад хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаагаа мэдэхгүй байна гэв.
3.Хариуцагч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: B буюу Б.А******* гэх хүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй. С.Ц******* гэх хүний байранд сар гаран тавилгуудаа тавиад ажилласан. Хариуцагч бараа зардаг хүн биш. Сошиал маркетинг, нүүр будалт сургалт явуулдаг хүн. С.Ц*******гийн байранд байгаагийн хувьд зарж байгаа барааг нь сурталчилж өгсөн. Хүмүүс С.Ц******* гэх хүнээс бараагаа авч байсан. Түүнээс биш барааг хүлээн аваад зараад ашиг олсон зүйл байхгүй. Энэ асуудалд хамаагүй. С.Ц******* бараа зарна, Б.А******* барааг сурталчилж өгөх тохиролцоотой орсон байсан. С.Ц*******, Б.А******* нар муудалцаад дотор нь байсан бүх зүйлийг түгжээд өгөөгүй. Заримыг нь одоо ч өгөөгүй байгаа. Тиймээс нүүгээд явсан. М******* ХХК-иас Б.А******* нэг ч бараа авч зараагүй. Зөвхөн барааг нь сурталчилж өгсөн. Б.А*******ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байсан. М******* ХХК, С.Ц******* нар хамтран ажиллаж байсан нь Б.А*******тай хамааралгүй. С.Ц******* гэх хүний зарж байсан барааг сурталчилж байсан нь үнэн. Гэхдээ М******* ХХК болон С.Ц******* нараас ямар нэгэн бараа авч зараагүй. Нэр нь л B болохоос биш С.Ц*******гийн дэлгүүр байсан. Тэнд Б.А******* зөвхөн нүүр будалт, гоо сайхны сурталчилгаа л хийж байсан. Нэхэмжлэлийн шаардлага Б.А*******тай огт хамааралгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны баримт, зарлагын баримтууд, тооцооны баримт, B c дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааг тоолж хүлээлцсэн 2020 оны тооллого хийсэн баримт, гар утасны мессеж, и-мейлээр бичсэн зурвас, Г.Мд олгосон итгэмжлэл, Г.Г*******т олгосон итгэмжлэл, Э.Т*******баярт олгосон итгэмжлэл, Н.О*******д олгосон итгэмжлэл /хэргийн 3-50, 57, 60, 98, 188, 207-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч С.Ц*******гээс У.Т*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 58-59-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Б.А*******аас Н.Б*******д олгосон итгэмжлэл /хэргийн 84-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагч С.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр B, B Q, Make up artict b гэх фэйсбүүкийн нүүр хуудсанд үзлэг хийж тэмдэглэлийг хавсаргасан, гэрчээр Ч.М, Б.Ц*******ням, Б.Д нарыг дуудаж авсан мэдүүлэг, гэрч Б.Дын гарын үсгийн шинжээчийн дүгнэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 72-77, 87-91, 119-122, 174-183, 197-201-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.мммм
2.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч С.Ц*******, Б.А******* нартай хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаас олсон ашгийг хуваахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй 7 318 989 төгрөгний бараа зарагдсан байхад ашиг орлогоо хуваагаагүй учир хамтран ажиллах гэрээний үүрэгт буюу өөрт ногдох ашиг 5 855 191 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь С.Ц******* нь нэхэмжлэгч М******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахаар тохиролцоогүй, бараа хүлээн авч байгаагүй, хариуцагч Б.А*******д өөрийн байрныхаа доод талын подволыг түр хугацаагаар ашиглуулсан, үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг ажилчдад нь хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Б.А******* нь сошиал маркетинг, нүүр будалт сургалт явуулдаг бөгөөд М******* ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хариуцагч С.Ц*******гийн байрын доод подвалыг агуулахын зориулалтаар ашиглаж байхдаа хариуцагч С.Ц*******гийн зарж байгаа барааг нь сурталчилж өгөхөөр тохиролцсон, ашиг олсон зүйл байхгүй гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хэрэгт авагдсан баримтаар “В”s c дэлгүүрт хүлээлгэн өгсөн бараа 2020.05.04” гэсэн баримтаар 224 ширхэг нэр төрлийн гоо сайхны барааг нэгж үнэ 7 194 235 төгрөг, зарах нийт үнэ 26 627 753 төгрөг, Бд суутгах 1 611 865 төгрөг, Дд төлөх нэгж үнэ 5 582 370 төгрөг, нийт үнэ 20 998 587 төгрөг, хүлээлгэн өгсөн Г.Д*******, хүлээн авсан Д гэж гарын үсэг зурсан, мөн 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр В”s c shop гэсэн зарлагын баримтаар 3 752 293 төгрөгний гоо сайханы барааг хүлээлгэн өгсөн Д*******, хүлээн авагч Д гэж гарын үсэг зурагдсан, В”s c дэлгүүрт хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааг тоолж хүлээлцсэн 2020.08.07-ны өдрийн тооллогын баримтаар хүлээлгэн өгсөн Ч.М, хүлээн авсан Д******* гэж гарын үсэг зурагджээ.
6.Талууд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэлийг хариуцах этгээд буюу хариуцагч мөн эсэх талаар маргаж байна.
7.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заажээ.
7.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон тул гэрээ амаар байгуулагдсан, гэрээний зүйл болох гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг хариуцагч С.Ц*******д хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.А******* уг бараа бүтээгдэхүүнийг сурталчлан худалдан борлуулж, ашиг олсон болох нь “B c дэлгүүрт хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааны тооцоо, тооцоонд хамрах хугацаа 2020.05.04-2020.08.07” гэсэн баримтаар нотлогдож байгаа тул зарагдсан бараанаас нэхэмжлэгчид ногдох ашиг 5 855 191 төгрөгийг гаргуулна гэсэн.
7.2.Хариуцагч С.Ц******* нь нэхэмжлэгч болон хариуцагч Б.А******* нартай хамтран ажиллахаар харилцан тохиролцоогүй, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ашиг олох талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй, өөрийн өмчлөлийн орон сууцны подвалийг хариуцагч Б.А*******д агуулахын зориулалтаар ашиглуулсан, подвалд үлдсэн байсан бараа бүтээгдэхүүнийг нь буцаан өгсөн гэж маргасан.
7.3.Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгч, хариуцагч С.Ц******* нартай хамтран ажиллах талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгчийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүрэг хүлээгээгүй, С.Ц*******гийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байсан гэж мэтгэлцсэн.
8.Хариуцагч С.Ц******* нь хариуцагч Б.А*******тай хамтран ажиллаагүй, зөвхөн өөрийн өмчлөлийн подвалийг түрээслэж байсан гэж тайлбарласан боловч үүнийг нотлосон баримтгүй, мөн хариуцагч Б.А******* нь бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулаагүй, зөвхөн хариуцагч С.Ц*******гийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байсан гэж маргадаг боловч хэрэгт авагдсан B c дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтад B salon-ыг төлөөлж Д, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн B c дэлгүүрт хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааг хүлээлцсэн баримтад B c-ийг төлөөлж Ч.М гэж гарын үсэг зурагдсан, хариуцагч Б.А******* нь B c гоо сайханы салоныг ажиллуулж байсан болох нь Make up artict b гэх фэйсбүүкийн нүүр хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзэв.
8.1.Учир нь гэрч Б.Ц*******нямын “...2020 оны 6 дугаар сард В болон Ц******* нар нь надад хамтран ажиллах санал тавьсан. Тус санал нь Зайсанд байрлах охид бүсгүйчүүд буюу эмэгтэй хүмүүст зориулсан гоо сайхны цогц үйлчилгээний газар нээж байгаа, үүн дээр тайлан тооцоо, бараа бүтээгдэхүүн их байгаа учраас нягтлан хэрэгтэй байгаа, чи хэзээнээс ажиллаж эхлэх боломжтой байна гэж асууж байсан. Анх тухайн газарт ажилд ороод бараа бүтээгдэхүүнийг нь хүлээж авахад тус газрын нээлтийн үйл ажиллагаа болж байсан болохоор хөд ихтэй байсан. Уулзалт болон бараа бүтээгдэхүүн хүлээж авах ажлыг н.Ц******* эгч хүлээж авч байсан. B гэх газрыг Б буюу н.А******* өөрөө ажиллуудаг байсан, нүүр будалтын салон болон гоо сайхны зөвлөгөө сургалт, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр хоёрын ярианаас сонсоход рекламны үйл ажиллагааг Б хариуцаад бусад дотоод үйл ажиллагааг н.Ц******* хариуцна гэж хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Мын “...үзлэг хийсэн фэйсбүүк хаяг Б нь А******* мөн, тус салон нь нүүр будах сургалт болон бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг байсан, ажиллаж байсан салоны гаднах хаяг нь B Q гэх хаягтай байсан болохоор хүнд ярихдаа ч Бэллэ салонд ажиллаж байгаа гэж ярьдаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Ц******* гэх хүн бараа бүтээгдэхүүүн хүлээж авч байсныг хараагүй. Байрны эзэн гэдгээр нь н.Ц******* эгчийг мэднэ” гэх мэдүүлэг,
гэрч Б.Дын “...Зайсангийн Б чойс дэлгүүрт баристагаар орсон бөгөөд засвар хийж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхой ажил хийгээгүй. Дэлгүүр нээлтээ хийсний дараа худалдааны зөвлөх хийсэн. 2-3 сар ажилласан, дэлгүүрийн албан ёсны нээлт болохоос өмнө гарсан байсан. Хэргийн 14-17 дахь талд байгаа бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтад гарын үсгээ зурсан, миний гарын үсэг мөн. Намайг бараа тоолж авах үед Ц******* байдаг байсан. Хоёр давхарт байдаг байсан, Бараа ирчихлээ гэхээр тоолоод авчих гарын үсгээ зурчих гэдэг байсан. Дэлгүүрт бараа зарагдаж байсан С.Ц*******, А******* нарыг цуг ажиллаж байгааг мэддэг байсан. Олон ширхэгтэй бараа ирсэн болохоор намайг тоол гээд, цөөхөн ширхэгтэй барааг өөрөө багцаар нь тоолдог байсан, 18 талд байгаа бараа хүлээн авсан баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш. Длын Д******* эгчийн барааг С.Ц******* эгч худалдаж авсан гэж ойлгож байна. С.Ц******* гэдэг хүний газар ажиллаж байсан. Б.А******* сурталчилгаа маркетинг хийдэг байсан” гэх мэдүүлэгээр хариуцагч нар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж, бүтээгдэхүүний сурталчилгаа хийх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байсан гэж дүгнэсэн болно.
8.2.Хариуцагч С.Ц*******гийн өмгөөлөгч нь Б.Дын мэдүүлэг нь эргэлзээтэй, бараа хүлээн авах баримтад зурсан гарын үсэг нь түүнийх биш гэсэн бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 2185 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр “шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “зарлагын баримт” гэх хаяглалтай баримтын доод хэсэгт “хүлээн авагч” гэсний ард зурагдсан 1 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Дын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй” гэжээ.
8.3.Гэвч гэрч Б.Д нь хэргийн 14-17 дахь хуудсанд авагдсан зарлагын баримтуудад гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн, 18 дахь хуудсанд зурагдсан гарын үсгийг өөрийнх биш гэж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн боловч хэргийн 29-35 дахь талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар B c дэлгүүрт барааг хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн өмгөөлөгчийн барааг хүлээлгэн өгсөн эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
9.Нэхэмжлэгч М******* ХХК нь “B c дэлгүүрт хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааны тооцоо, тооцоонд хамрах хугацаа 2020.05.04-2020.08.07” гэсэн баримтаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 860 ширхэг 26 597 653 төгрөгний үнэ бүхий барааг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 11 ширхэг 366 500 төгрөгний үнэ бүхий барааг, нийт 1047 ширхэг, 31 016 646 төгрөгний бараа хүлээлгэн өгсөн, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 774 ширхэг 23 697 657 төгрөгний барааг буцаан хүлээн авсан, 2020 оны 5 дугаар сарын 04-ноос 2020 оны 8 дугаар сарын 07-ны хооронд 273 ширхэг бараа 7 318 989 төгрөгөөр зарагдсан, үүнээс Дд буюу нэхэмжлэгчид ногдох ашиг нь 5 855 191 төгрөг болно гэж тайлбарласан.
9.1.Хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн хүлээн авсан баримт, зарлагын баримт болон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байгаа боловч уг бараа бүтээгдэхүүнийг хамтран ажиллах гэрээний дагуу буюу хариуцагч нартай барааг худалдан борлуулж, 20 хувийг нь С.Ц******* авах, 80 хувийг нь нэхэмжлэгч өөрөө авахаар харилцан тохиролцсон, ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар хамтын үйл ажиллагаа байсан болохыг баримтаар нотлоогүй гэж үзэв.
9.2.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “B c дэлгүүрт хүлээлгэн өгсөн д гоо сайхны барааны тооцоо, тооцоонд хамрах хугацаа 2020.05.04-2020.08.07” гэсэн баримтаар хариуцагч нар нь 7 318 989 төгрөгний орлого олсон буюу бараа бүтээгдэхүүн худалдан борлуулагдсан байгаа тул ашиг 5 855 191 төгрөг болох нь нотлогдоно гэсэн боловч уг баримтын тооцоог нэхэмжлэгч нь гаргасан тул талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, мөн уг бараа нь хэдэн төгрөгөөр зарагдсан эсэх талаар санхүүгийн баримтыг буюу падааныг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлээгүй, буцаан хүлээлгэн өгсөн бараанаас уг 7 318 989 төгрөгний бараа худалдан борлуулагдсан эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.
9.3.Иймд нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус баримт нь нэг талын тооцоолол хийсэн баримт байх тул зохигч талууд ашиг хуваарилахаар буюу борлуулагдсан бараанаас 20 хувь, 80 хувиар ашиг хуваахаар хариуцагч нартай харилцан тохиролцсон, хамтран ажилласан буюу хамтын үйл ажиллагаа байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
10.Иймд нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч С.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч С.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 855 191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН