Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Хохирогч Д.Батсугир

Шүүгдэгч О.Дугар нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн О.Дугарт холбогдох эрүүгийн 1722000640032 тоот  хэргийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 сарын  01-ний  өдөр Дундговь  аймгийн  Сайнцагаан  суманд төрсөн, 25  настай, эрэгтэй, тусгай  дунд боловсролтой, барилгын  өргөн  мэргэжилтэй, Дундговь аймаг  дахь 278-р цэргийн ангид  харуул ажилтай,  ам  бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг  Аривжихын 10-05 тоотод оршин  суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Түмэн овгийн Отгончулуугийн Дугар /РД:ЗК92010114/

            Шүүгдэгч О.Дугар нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын 4 дүгээр  багийн  Гурван  тойром гэх  газарт иргэн  Д.Батсугиртай хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч О.Дугар  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Манай хадам  аав Отгонбаатартай  маргалдаад байхаар салгаад цааш нь аваад явж байхад  Сугир ах намайг мангасдаж түлхээд чи яах гээд байгаа юм бэ гээд цохиод авсан.  Би тэгэхээр нь зөрүүлээд цохиод авсан.  Би хохирогчийн баруун нүднийх нь  тэнд нэг удаа гараараа цохьсон. Миний  цохьсон  үйлдлээс болж гэмтэл учирсан  гэдгийг   хүлээн  зөвшөөрч  байна. Би сүүлд нь уучлалт гуйсан. Хохиролын талаархи баримт  ирүүлээгүй  байгаа  учраас  хохирол  төлөөгүй ..” гэв.

2. Хохирогч Д.Батсугир шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...2017 оны 9 сарын 10-ны өдөр би Отгонбаатарын гэрт ээж, эхнэртэйгээ хамт очсон. Ээжид нь “танайх зунжингаа л  өвөлжөөн дээр байлаа, ингэж арай болохгүй шүү дээ,  жаахан урагшаа гараад бууж болохгүй юм уу” гэж хэлсэн. Эднийх нүүдэл сэлгэхдээ 100 метр хүрэхгүй газар нүүсэн. Тэгж хэлчихээд гэрээс гараад  Отгонбаатарт “одоо намар болж байна, нүүж болохгүй юм уу” гээд малын бэлчээрийн талаар  хэлж байхад О.Дугар дундуур орж ирээд над руу дайраад байсан юм. Би чамтай ярих юм байхгүй,  ахтай чинь юм ярьж байна гэхэд намайг хажуунаас цохьсон. Би энэ хүнийг цохиогүй, цохих үндэслэл ч байхгүй. Би эмчилгээний  зардал нэхэмжилнэ  гэж  өмнө  нь  мэдүүлж байсан  боловч  одоо нэхэмжлэхгүй. Гомдол  санал  байхгүй. Хуулийн  дагуу шийдвэрлэж  өгнө үү...” гэв.

3. Гэрч М.Лхамсүрэнгийн: “ 2017 оны 9-р сарйн 10-ны өдөр Сайнцагаан  сумын  1-р багт байх гэртээ очсон юм. Үдээс хойш 16 цагийн  үед Батсугир зэлэн дээр ирж манай хойд аав Отгонбаатарт хандаж танайх манай бэлчээр дээр буулаа гэж агсан тавиад байсан. Тэгээд хойд аав Отгонбаатарыг  дагуулж яваад цохиж зодоод байсан чинь Дуйнхорзав салгаад зогсож байсан. Тэгтэл манай нөхөр Дугар зэлэн  дээрээс очоод хоёр тийш болгож Батсугирыг машинд нь суулгах гэж байсан чинь мөнай нөхрийг цохисон. Эргээд манай нөхөр баруун  гараараа 1 удаа цохисон...” гэх  мэдүүлэг /хх-ийн 11-12/

4. Гэрч Н.Мөнхчимэгийн  “...2017 оны 9-р сарын  10-ны өдөр хөдөө гэртээ Сайнцагаан  сумын  1-р багт байж байсан  юм.  17 цагийн үед манайд Батсугир гэх залуу машинтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байдалтай байсан.  Машинаас бууж ирээд гэрлүү орж хадам ээжид бууц хороон дээр ойрхон  буусан  байна гээд хэл амаар доромжлоод гарсан  байна лээ. Бид нар морь холбож байсан юм. Бид нар дээр ирээд манай нөхөр Отгонбаатарт хэдэн  үг солъё гээд дагуулаад явсан. Батсугир манай нөхрийг  заамдаж аваад мөргөх гээд байж байхаар нь манай хүн  согтуу хүнтэй юу ярих вэ дээ гээд наашаа зэлэн  дээр ирсэн  юм. Манай хүргэн Дугар,  Батсугирыг машинд нь суулгах гээд буруу талын хаалган  дээр  очсон юм. Тэгтэл Батсугир манай хүргэн Дугарыг гараараа мангасдаж, заамдаж аваад хамар руу нь цохисон. Манай хүргэн Дугар 1 удаа зүүн талын  нүдэнд нь цохисон. Батсугир манайд согтуу ирж агсам согтуу тавьснаас болсон...” гэх  мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/

5. Гэрч С.Отгонбаатарын “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би хөдөө гэртээ Сайнцагаан  сумын 4 дүгээр багт байж байсан юм. 17 цагийн үед Батсугир ирсэн. Тэгээд манай гэрт ээжийг хэл амаар доромжилж хороо бууцанд ойрхон  буулаа гээд загнисан юм байна лээ. Манай ээж Дашдаваа /74/ настай хүн байгаа. Тэгээд алхаад манай зэлэн дээр ирээд надтай уулзъя гэж хэлсэн юм. Би 2 адуу холбож байна гэж хэлсэн  чинь намайг чирээд байсан. Зайд гараад чи хороо бууцанд ойрхон буусан байна гэж хэлсэн. Би 2 хороо ойрхон байдаг юм чинь хэн нь хэнийгээ хэлэх вэ дээ гэж хэлсэн.  Батсугир уурлаад намайг багалзуурдаж аваад хүүхдүүд ирээд салгасан юм. Манай хүргэн Дугар Батсугирыг салгаж аваад машинд суулгах гээд явсан юм. Машины буруу талын хаалган дээр ирээд Дугарыг  мангасдаж, заамдаж аваад нэг  удаа цохисон. Тэгээд Дугар 1 удаа цохисон. Батсугир манайд согтуу ирж агсам согтуу тавьснаас болж маргаан үүссэн....” гэх  мэдүүлэг  /хх-15-16/

6. Дундговь аймгийн  Шүүхийн  шинжилгээний   албаны  шинжээчийн 2017 оны 09 дугаар сарын 12-ний өдрийн 170200273 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд  “ 1.2 Д.Батсугирын биед баруун  нүдний  зовхинд  шарх, цус хурсан  зөөлөн  эдийн  гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу  мохоо  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  3.4.5 Зовхинд үүссэн  шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах  тул  гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна. Зовхинд цус хурсан  зөөлөн эдийн гэмтэл нь  гэмтлийн  зэрэгт хамаарахгүй. Бусдад зодуулсан гэх  цаг  хугацаанд үүссэн  байх боломжтой шинэ  гэмтэл болно. ” гэжээ.  /хх-ийн 21-рт/

7. Хэрэгт авагдсан  бусад бичгийн  баримт   зэргийг шинжлэн  судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 4-р багийн нутаг “Гурван тойром” гэх газарт шүүгдэгч О.Дугар нь  хохирогч Д.Батсугиртай хувийн таарамжгүй  харьцааны  улмаас  маргалдан улмаар түүний  нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь  хөнгөн  хохирол учруулсан  үйл  явдал  болсон  болох  нь тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч О.Дугар нь хүний  эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзээд гэм буруутайд тооцож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Дугар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн,  хохирогчийн  зүй  бус  үйлдлээс  шалтгаалан гэмт хэрэг  үйлдсэн  зэрэг нь Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.4 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Хохирогч Д.Батсугир нь шүүгдэгч  О.Дугарыг  цохиогүй, чамтай  ярих  зүйл  байхгүй  гэж хэлсэн гэх  боловч  хэрэг  учрал болох үед байсан гэрч С.Отгонбаатар, Н.Мөнхчимэг, М.Лхамсүрэн  нарын мэдүүлгээр  уг  хэрэг  гарахад хохирогчийн  зүй бус үйлдэл нөлөөлсөн  болох нь  тогтоогдож   байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч О.Дугарт Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.Дугарт торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Батсугир нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Түмэн овгийн Отгончулуугийн Дугарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Дугарт  дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь энэ  хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй,  хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Батсугир хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй  гэсэн  болохыг  тус  тус  дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дугарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ