Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2016/10577/и |
Дугаар | 001/ХТ2016/00793 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00793
Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01594 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 766 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Энхжаргалд холбогдох,
12.620.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
19.724.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн төлөөлөгч С.Энхжаргал, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил С.Энхжаргал нь 2014.9.16-ны өдөр над руу утасдаад “Тоёота Ланд Круйзер маркийн автомашинаа зармаар байна” гэхээр нь очиж уулзсан. Тэгээд тухайн үед "жаахан засвар хийхгүй бол болохгүй байх шүү" гэхэд "Чи өөрөөсөө мөнгө гаргаад хийчих. Машин зарагдахаар чамд мөнгийг нь өгье" гэсэн. Ингээд зарж чадахгүй бол би буцааж машиныг нь өгөхөөр, засвар хийсэн зардлыг С.Энхжаргал нь надад төлөхөөр тохиролцсон. Харин машин авч явах гэхэд С.Энхжаргал нь "чамд мөнгө байна уу. Япон руу шилжүүлэх гэсэн юм" гэхээр нь 11.400 ам.доллар байгаагаа хэлж түүнд зээлүүлсэн. Ингээд би машиныг нийт 5.570.000 төгрөгийн засвар хийсэн. Зээлдүүлсэн 11.400 ам.доллар буюу 21.000.000 төгрөг дээр засварын зардлыг нэмээд 26.820.000 төгрөгийн авлагатай болсноос бэлнээр 3.000.000 төгрөг, Гранд марк 2 маркийн автомашиныг 12.000.000 төгрөгт тооцож С.Энхжаргалаас авсан. Түүний машин нь зарагдахгүй байсан учир буцаан өгсөн. Үлдэгдэл 11.820.000 төгрөгөө авъя гэхэд өгөхгүй байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан шалгуулсан ч иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөллийн хөлс 800.000 төгрөг төлсөн. Иймд С.Энхжаргалаас түүнд зээлүүлсэн болон машинд засвар хийсэн мөнгөний үлдэгдэл болох 11.820.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, нийт 12.620.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь түүний тээврийн хэрэгсэлд бүх засвар үйлчилгээг өөртэй нь зөвлөлдөж зөвшөөрснийх нь дагуу хийсэн, тэр засвар хийсэн хэвээр нь түүнд 2014.11.01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Машиныг хүлээлгэж өгөхдөө гарсан төлбөр тооцоогоо хэлэхэд “мөнгө орж ирэхээр өгье” гээд салж байсан. Бүх баримтаа хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мөнхбат нь С.Энхжаргалын өмчлөлийн 11-17 УНО улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг 100 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 11.400 ам.долларыг 2014.9.16-ны өдөр өгч, үлдэгдлийг нь 2014.11.01-ний өдөр өгөхөөр тохиролцсон. 2014.11.03-нд уулзаж мөнгөө авъя гэхэд тэрээр уг тохирооноосоо буцаж, машиныг эргүүлэн өгсөн. Гэтэл шаардлага хангахгүй муу будгаар машиныг будаж, өнгө үзэмжийг нь алдагдуулснаас гадна өөрийнх нь буюу үйлдвэрийн гэрэл, дохио, гупер нь чанар муутай хятад гэрэл, дохио, гуперээр сольж чанар байдлыг нь муутгасан тул анхны байдалд нь эргүүлэн оруулахыг шаардсан ч тэрээр татгалзаж, улмаар цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж, 220152010138 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлэн, шалгуулсан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Дүүргийн Прокурорын газрын 2015 оны 275 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Энхжаргал нь машиныг засаад сайхан болгоод зараад өг гэсэн зүйл огт хэлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Машиныг бүтэн будуулж, гэрэл, гуперийг сольсон гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү будуулахдаа зарим хэсгийн өнгийг нь илтэд зөрүүлсэн байх тул үндсэн өнгийг гаргуулах ажлын хөлс 3.000.000 төгрөг, сольсон гэрэл, гупер болон түүний дагалдах сэлбэгийг шинээр тавихад 16.724.000 төгрөг, нийт 19.724.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01594 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Энхжаргалаас 11.080.000 төгрөг гаргуулж Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 1.460.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мөнхбатаас 19.724.000 төгрөг гаргуулах С.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 216 870 төгрөгийг,хариуцагчаас төлсөн 257.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхжаргалаас 192.230 төгрөг гаргуулж Д.Мөнхбатад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 766 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.2” гэж, “11.080.000 төгрөг” гэснийг “6.000.000 төгрөг” гэж, “1.460.000 төгрөгийн” гэснийг “6.620.000 төгрөгийн” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “192.230 төгрөг” гэснийг “110.950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.000 төгрөгийг буцааж олгосон байна.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Мөнхбатаас уг автомашинд чанар байдлыг сайжруулах зорилгоор будаг, засвар хийсэн тухай хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ нь шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл болон эрүүгийн 201525010138 дугаартай хэрэгт авагдсан санхүүгийн баримт бичгүүд болон гэрч нарын хуульд заасан үндэслэл, шаардлага хангасан мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн нотлогддог. Өөрөөр хэлбэл, уг зээлж мөнгө авсан, автомашинд будаг, засвар хийсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байсан төдийгүй хариуцагч С.Энхжаргалыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байснаар мөн нотлогддог. Тэгтэл давж заалдах шатны шүүх эрүүгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан санхүүгийн бичиг баримтуудад Баянзүрх дүүргийн прокурорын газраас хуулбарлан "хуулбар үнэн" гэж тэмдэг дарж баталгаажуулсан иргэний хэргийн 5-7, 15-17 дахь талуудад байгаа баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотариатчаар гэрчлүүлээгүй байгаа нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзсэн атлаа уг хэргийн 8-14 дэх талд авагдсан нотлох баримтуудыг болон шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хуулбарлан мөн адил "хуулбар үнэн" гэж тэмдэг дарж баталгаажуулсан хэргийн 50-67 дахь талд байгаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан гэж үзэж байгаа нь нэг зүйлд хоёр өөр дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Прокурорын байгууллагын архивын тодорхой харуул хамгаалалтанд хадгалагдаж байгаа эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримтыг нотариатчаар батлуулан хуулбарлан авахаар авч гарах ямар ч боломж байхгүй ба харин ч хууль хяналтын байгууллагын дардас тэмдгээр баталгаажсан нотлох баримтууд байхад хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбараа нотлох баримтаар нэхэмжлэгч нотлохгүй байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид зөвхөн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд тэнцэх 257.000 төгрөгийг тушаасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын шаардлагаас давж өөрөөр буюу автомашинд будаг, засвар хийсэн үйлдэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэж давж заалдах гомдол гаргасан хэсгийг хэлэлцэлгүй хэвээр үлдээсэн байна. Мөн уг машиныг шинээр орж ирсэн гэсэн байдаг. Гэтэл уг машиныг хэдэнд онд үйлдвэрлэж, хэдэнд онд Монгол Улсад орж ирж унаж хэрэглэж нь тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тодорхойлогдох байтал Монгол Улсад орж ирээд 4 жил явсан автомашиныг 3 сар болсон мэтээр буруу ойлголт өгч төөрөгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Д.Мөнхбат нь С.Энхжаргалаас зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, автомашины засварт зарцуулсан 5.570.000 төгрөг нийт 11.820.000 төгрөгийг өмгөөлөлийн хөлс 800.000 төгрөгийн хамт нэхэмжилсэн байна. С.Энхжаргал сөрөг нэхэмжлэл гаргаж автомашины засварын 19.724.000 төгрөгийг Д.Мөнхбатаас шаарджээ.
Анхан шатны шүүх зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, автомашины засварт зарцуулсан 5.080.000 төгрөг нийт 11.080.000 төгрөг хариуцагчаас гаргуулсныг давж заалдах шатны шүүх өөрчилж, зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг С.Энхжаргалаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан эсхүл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт байгаа зарим баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлийн шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 766 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 120.900 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ