| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 161/2018/0006/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 176
З.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, З.Н-д холбогдох 1813002390165 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт З-н Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Н-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.А-ын амь насыг хохироосон, хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Н-гийн хорих ялыг 1 жил 8 сар болгон хүндрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-т “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 3.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж тус заасан үндэслэлээр өмгөөлөгчдийн зүгээс гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээс 1 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн хувьд нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь нас хохирсон нь шүүгдэгч З.Н-гийн хувьд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэж, оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлснийг нэг үйлдлээр учруулсан хохиролд 2 үйлдэлтэй мэт ялыг нэмж оногдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлд заасан ялын доод хэмжээг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй зэрэг нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн дээрх үндэслэлээр ялыг нэмж оногдуулахдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслээгүй, зарчмыг мөрдлөгө болгосон нь давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина’' гэснийг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Н-гийн гэм буруугийн талаар маргадаггүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдал, айлын ганц, бие муутай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаар хоригдох хугацаанд өдөр бүр ухаан алдаж унаж байгаа, амь насаа алдаж болзошгүй байгаа тул тэнсэж, хохирогчийн ар гэрт тусламж үзүүлж байх үүрэг тогтоохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хэлсэн саналдаа “З.Н нь айлын ганц хүүхэд юм. З.Н бие муутай ялаа эдэлж байх хугацаандаа нас барж магадгүй болоод байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон гэж үзээд байна. Хэрэг гарах үед З.Н нь ухаангүй байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжтой байсан. З.Н нь уг хэргийг үнэн зөвөөр мэдүүлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан түүнийг тэнсэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Н нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс 2 сартай М.А-ын амь насыг хохироож, С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Давж заалдах шатны шүүх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарахаас өмнө хохирогчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд ял шийтгэлийг хүндрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Учир нь хохирогчид учирсан гэм хорын хохирол одоо ч арилаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн З.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч З.Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота виста” загварын 62-04 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “эпилепси” өвчнөөр ухаан алдаж, жолоодлогоо алдаж О.М-ийн “Тоёота аква” загварын 87-39 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсож байхад нь араас нь мөргөж, С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай хүүхэд М.А-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь насыг хохироосон талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Н нь “эпилепси” буюу таталт өгч ухаан алдаж унах өвчнөөр өвдөж эмчлүүлж байсан байх ба эмийн олдоцоос шалтгаалан хэрэглэж байсан эмээ сольсон нь үр дүн муутай болж осол гарах хүртэл таталт өгч ухаан алдах нь олширсон талаар гэрчүүд мэдүүлсэн байх бөгөөд энэ талаар З.Н өөрөө лавтай мэдэж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а заалтаар хоригложээ.
Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага болон жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд Эпилепси буюу манас таталт өвчнөөр өвдсөн нь батлагдсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллага тухайн хүнийг тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж дүгнэхээр тогтоосон байна.
Шүүгдэгч З.Н нь уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илэрдэг, архаг, даамжрах явцтай эмгэг өвчнийхөө улмаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад ухаан мэдрэл алдаж тээврийн хэрэгсэл удирдлагагүй болж болохыг мэдсээр байж өөрийн эзэмшлийн “Тоёота виста” загварын 62-04 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг байнга жолоодон улмаар 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “эпилепси” өвчнийхөө улмаас ухаан алдаж, “Тоёота акуа” загварын 87-39 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн осол гаргаж зорчигч С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай хүүхэд М.А-ын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэдийгээр шүүгдэгч З.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг мэдсээр байж санаатай зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож буй боловч зам тээврийн ослын үед өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох бүрэн чадваргүй байсан болон таталт өгч ухаан алдан тээврийн хэрэгслээ жолоодохгүй байгааг харсаар байж хохирогч О.М тээврийн хэрэгслийн явах замд нь өөрийн эх, эхнэр, хүүхдээ суулган жолоодож явсан “Тоёота акуа” загварын 87-39 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байршуулсан, хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглээгүй зэрэг хохирогчийн хайхрамжгүй үйл ажиллагаа нь гэмт хэргийн улмаас учрах эрсдэл, хохирлыг нэмэгдэхэд нөлөөлснийг харгалзаж З.Н-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хэлбэрийг тогтоох нь зүйтэй.
Шүүхээс нотлох баримтаар тогтоосон хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 3,344,443 төгрөг, хохирогч О.М-ийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад гарсан 2,520,000 төгрөгийг шүүгдэгч З.Н нь бүрэн төлж барагдуулснаас гадна сайн дураараа 2,000,000 төгрөгийг нэмж төлжээ.
Гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, таталт өгч ухаан алдаж унах өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэхгүй боловч эдгээр нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцогддог байна.
Иймд дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч З.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлага шударга байх зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр магадлалд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын шүүгдэгчид хорих ял оногдуулсан болон хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон хэсгийг, шүүгдэгч З.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН