Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0657

 

 

 

 
2017 оны 09 сарын 12 өдөр     Дугаар 221/МА2017/0657             Улаанбаатар хот


Х.О-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.О-н нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-г Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.О-н ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1 сарын 545948 төгрөгөөр тооцож нийт 3275688 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тус шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Х.О-н нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Б/01 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтын 4-д “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс” гэсний Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн хэсэгт Х.О гэж нэмэх тухай шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад эс үйлдэхүй болохыг тогтоолгох шаардлага болгон өөрчилсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын талаар ... Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн хэсэгт Х.О гэж нэмэх гэдэг шаардлагыг гаргаж, бүтцийн өөрчлөлт бус гэж тайлбарласан Үүний хүрээнд шүүхийн хэлэлцүүлэг, талуудын тайлбар, мэтгэлцээн өрнөсөн.
Гэтэл шүүх хуралдааны мэтгэлцээний дараа даргалагч шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шаардлагыг тодруулахад. Ийнхүү тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс үйлдэхүйг тогтоолгохоор илэрхийлсэн.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байдал нь шүүхийн мэтгэлцэх зарчмыг алдагдуулж байна. Хариуцагчийн төлөөлөгч миний болон гуравдагч этгээдийн зүгээс анхны шаардлагын хүрээнд оролцож байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүй болохыг тогтоолгох, улмаар түүнийг хууль бус болохыг тогтоож, үүний улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор албан тушаалд томилохыг даалгасан нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан шударга бус шийдвэр боллоо гэж дүгнэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Х.О нь “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Х.О-г томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргаж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/95 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт 41 орон тоотой, түүн дотроо Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь 8 орон тоотой бөгөөд “Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэг байхаар бүтэц орон тоог баталжээ.
Дээрх тушаал гаргасантай холбоотойгоор тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдыг буюу Хөгжлийн бодлогын хэлтсийн зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.О-г ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн албан хаагчдыг буцаан томилохдоо нэхэмжлэгч Х.О-г ажил, албан тушаалд нь томилохгүй орхигдуулсан байна.
Хэдийгээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн батлахдаа өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн “Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн” гэх ажил, албан тушаал байсныг “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн “албан “дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж нь өөрчлөн байгуулагдсаныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ гэж үзэх боловч нэхэмжлэгч Х.О-н өмнө эрхэлж байсан Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Мөн аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан бөгөөд уг тушаалын хавсралтаар “дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 орон тоотой”, өмнө “Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байрны орон тоо 1” гэж байжээ.
Гэтэл “Байгууллага бүтцийн өөрчлөлтөд нэгжийн нэр, ажлын байрны нэр, зорилгот, гүйцэтгэлийн шалгуур, үйл ажиллагаа өөрчлөгдсөн, маргаан бүхий ажил, албан тушаалд тэнцэхгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн ажлын байрны орон тоо хасагдсан, цөөрсөн, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэж нэхэмжлэгч Х.О-г ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй атлаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд Х.О-г томилохгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус юм.
Мөн нэхэмжлэгчийн “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын 4-д “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, дэд бүтцийн асуудалд хариуцсан мэргэжилтэн гэсэн хэсэгт Х.О гэж нэмж” гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд тэрээр өөрийг нь ажил, албан тушаалд томилоогүй хариуцагчийн дээрх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тиймээс “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байдал нь шүүхийн мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Иймээс эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН
                    ШҮҮГЧ                                                        Э.ХАЛИУНБАЯР