| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/05308/И |
| Дугаар | 183/ШШ2023/03081 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2023/03081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Ш овогт С.Р /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** байрлах, Х******* ХК /РД:*****/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15 487 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Р*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******,
Гэрч М.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Р******* нь Х******* ХК-д холбогду гэм хорын хохиролд 15 487 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний аав С******* овогтой С******* 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бид бүгдийг байхад таалал төгссөн. Буяны ажилд зарцуулахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үдийн хойно миний төрсөн дүү С******* овогтой Т*******, хамтран амьдрагч Маналжав овогтой С******* нар 3 дугаар хорооллын эцсийн буудлын Х*******ны Дархан плаза-5059 салбарт хамт очсон. Ертөнцийн зүгээр зүүн талын ханан талд сууж байсан ахлах теллер эмэгтэй дээр очиж уулзахад нас барсан өдрөөс, нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд данс хаагдана ямар ч гүйлгээ хийгдэх үндэслэл байхгүй та хоёрын хэн нь ч авах эрхгүй, жилийн дараа өв хөрөнгийг залгамжлах хүн өвлөх эрхээ үүсгэж ирээд хандаж болно гэсэн хариултыг өгөөд буцаасан. Миний аав С.С*******ын нас барахаас өмнө түүний нэр дээрх Х*******ны 505*******6 тоот дансанд 422 985.23 төгрөг, 553 тоот дансанд 13 048 913.06 төгрөгийн үлдэгдэлтэй байв. Үр хүүхдүүд бид бүгд хоорондоо ярилцаад жилийн дараа хадгаламж дахь мөнгөөр аавынхаа хойчийн буянд өөрт нь зориулж олон түмэн шүтэн биширч явах томоохон бурхан бүтээхээр тохиролцсон. Жилийн дараа хойчийн буяны ажлыг дуусгаад миний дүү С******* овогтой Н, С.Д, С.Т******* нар данс дахь хөрөнгийг өвлөх эрхээс татгалзаад нотариатаар баталгаажуулж, Х*******ны 505*******6 тоот данс, 5033 тоот данс уг данс дахь хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг С******* овогтой Р******* надад олгосон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х*******анд очиж дансны хуулгыг авахад 505*******6 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 420 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж 2 985 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 5033 тоот данснаас 13 170 357.32 төгрөгийн гүйлгээ хийгдэж 27 334.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Х*******ны буруутай үйлдлээс нийт 13 590 357.32 төгрөг алдагдсан байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х*******ны Дархан плаза салбарын тухайн өдрийн камерыг шүүлгэж тодруулах хүсэлтэй, ахлах теллер нь нас барсан хүний хадгаламжийн данс хаагдаж ямар ч гүйлгээ хийгдэх үндэслэлгүй жилийн дараа ир гэж явуулсан мөртлөө жилийн дараа өвлөх эрхээ үүсгээд мөнгө авахаар очтол гүйлгээ хийгдэж 13 590 357.32 төгрөг алдагдаж хохирол учирсан тул Х*******наас нэхэмжилж байна. Иймд Х*******ийг хариуцагчаар татаж алдагдсан мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч С.Р******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Тус шүүх С.Р*******ын нэхэмжлэлтэй ХААН банканд холбогдох 13 590 357 төгрөг гаргуулах иргэний маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Бидний аав талийгаач С.С*******ын хугацаагүй хадгаламжийн дансанд 13 590 357.32 төгрөг байсан бөгөөд Х*******ны хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 6.6 хувийн хүүгээр тооцож 896 963 төгрөг, талийгаач аавынхаа хугацаагүй хадгаламжийн төлбөрийг авч чадаагүйн улмаас хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан ба энэхүү төлбөр нь биднээс гарсан тул нийт 1 896 963 төгрөгийг Х*******наас нэхэмжилж байна. Учир нь бидний аав 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсны гэрчилгээг авч миний төрсөн дүү С.Т*******, аавын хамтран амьдрагч М.С*******гийн хамт Х*******ин дээр очиход жилийн дараа өв хөрөнгийг өв залгамжлагч нь өвлөх эрхийн гэрчилгээг авч ирсний дараа өгнө гээд өгөөгүй бөгөөд талийгаач хамтран эзэмшигч М.С******* өөрийн биеэр, ганцаараа 12 000 000 төгрөгийг авахаар очиход Х*******наас хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг шаардахгүйгээр энэ мөнгийг гаргаж өгсөн нь Х*******ны буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд итгэмжлэл хүчин төгөлдөр биш юм байна, аавтай минь хамт амьдарч байсан М.С*******гийн итгэмжлэл хүчингүй тул Х******* дээрх мөнгийг хэрхэн гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Х*******ны "Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл"-ийн 6 дугаар зүйлийн 6.6-т "Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамтран эзэмшигч нь өөрийн биеэр Банканд ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл, хууль ёсны өвлөгч болохыг гэрчилсэн баримт бичиг шаардлагатай" гэж зааснаар М.С*******гаас итгэмжлэл шаардах эсхүл хамтран эзэмшигчийг өөрийн биеэр ирэх шаардлагыг тавих ёстой байна. Ийнхүү аавын минь хугацаагүй хадгаламжийн данснаас 12 000 000 төгрөгийг хамтран эзэмшигчээс олгосон зөвшөөрөл, эсхүл холбогдох итгэмжлэлийн дагуу олгоогүй буюу хуулийн дагуу өвийн эрх нээгдээгүй байхад олгосон, түүнчлэн нас барсны гэрчилгээг Х*******ны ажилтан харсаар байж дансыг хаах, эсхүл "Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл"-ийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Банкны зүгээс хууль болон холбогдох журамд заасны дагуу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд харилцагчид үзүүлэх Банкны үйлчилгээг түр хязгаарлах, эсхүл Банкнаас тусгайлан гаргасан хязгаарлагдмал бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авах эрхтэй" гэж заасны дагуу дансны үйлчилгээг түр хязгаарлах арга хэмжээг яаралтай аваагүй буруутай байна Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлж, нийт 15 487 320 төгрөгийг Х*******наас гаргуулж өгнө үү гэсэн.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. С.С*******ын харилцах болон хадгаламжийн дансанд нийт 13 170 357 төгрөг байсан. Үүн дээр нэмээд хугацаагүй хадгаламжийн хүү 896 963 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Банкин дээр хамтран эзэмшигчийн хувьд итгэмжлэлийн үндсэн дээр гүйлгээ хийгддэг. Иргэний хуулийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран эзэмшигч итгэмжлэлийн үндсэн дээр мөнгө авах ёстой байсан. Гэтэл тухайн үед С.Т*******, М.С******* нар хамт очих үед өв нээлгээд нэг жилийн дараа аваарай гэснийг аль аль нь мэдсэн. Жилийн дараа очиход энэ мөнгөнүүд байхгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 16.2 дахь хэсэгт зааснаар нас барсан гэрчилгээг Х*******анд үзүүлээд энэ асуудал яригдсан байсан учраас Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйл, 520.1 дэх хэсэг, 531.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа. Иймд Х******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас дансанд байсан мөнгө байхгүй болсон тул гэм хорын хохирлыг Х*******наас гаргуулахаар шаардаж байна гэв.
2.Хариуцагч Х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
С.Р*******ын нэхэмжлэлтэй Х******* ХК-д холбогдох "13 590 357.32 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт хариуцагч Х******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өвлүүлэгч С.С******* нь нас барахаас өмнө түүний нэр дээрх Х*******ны 505*******6 тоот дансанд 422 98 23 төгрөг, 5033 тоот дансанд 13 048 913.06 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х*******анд очиж дансны хуулгыг авахад 505*******6 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 420 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж 2 985 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 5033 тоот данснаас 13 170 357.32 төгрөгийн гүйлгээ хийгдэж 27 334.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Х*******ны буруутай үйлдлээс нийт 13 590 357.32 төгрөг алдсан байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн дансны хуулгуудаас үзэхэд харилцагч С.С******* нь тус банканд 5033 тоот хугацаагүй хадгаламжийн данс, 505*******6 тоот тэтгэврийн харилцах данс эзэмшдэг байсан байна. Харилцагч 5033 тоот хугацаагүй хадгаламжийн дансыг М.С*******гийн хамтаар хамтран эзэмшдэг бөгөөд уг данснаас хамтран данс эзэмшигч нь М.С******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 000 төгрөгийг 599 тоот данс руу, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 төгрөгийг 599 тоот данс руу, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 000 төгрөгийг 599 тоот данс руу, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10 000 төгрөгийн 599 тоот данс руу, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөгийг 599 тоот дах руу мобайл банкаар гүйлгээ хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийн хамтран данс эзэмшигч М.С******* нь бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байна. 505*******6 тоот тэтгэврийн харилцах данснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 420 000 төгрөгийн атм-ээс картаар зарлагын гүйлгээ тус тус хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2.-т "Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно" гэж, мөн хуулийн 537 дугаар зүйлийн 537.1-д "Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна” гэж тус тус хуульчилсан. Банкны хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй, өв хамгаалах үүрэг хүлээгээгүй бөгөөд гагцхүү хуульд зааснаар өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаар эрх бүхий субъектээс гаргасан шийдвэрийг банканд ирүүлсэн тохиолдолд банк хуульд заасан холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд дурдсан харилцагчийн өвийг хамгаалах талаар өвлөгч буюу нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өөрсдөө хамгаалах үүргээ биелүүлээгүй, банканд өв хамгаалах талаар хэн нэгэн этгээдээс үүрэг хүлээлгээгүй болно. Хөрөнгө буюу 5033 тоот хугацаагүй өвлүүлэгч С.С*******ын мөнгөн хадгаламжийн дансыг хамтран данс эзэмшигч М.С******* нь захиран зарцуулсан, 505*******6 тоот тэтгэврийн харилцах данснаас уг дансанд ашигладаг картаар зарлагын гүйлгээ хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгуудаар тогтоогдож байна. Банкны хувьд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй" гэж заасны дагуу харилцагчийн дансанд дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч буюу банк хянах эрхгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн харилцагчийн данснаас хэн хэзээ хэрхэн хэдэн төгрөгийн гүйлгээг хийж байгааг хянах эрхгүй болно. Иймд тус нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэтгэврийн данс нь дээр ямар нэгэн хамтран данс эзэмшигч тогтоогддоггүй. Хугацаагүй хадгаламж дээр хамтран данс эзэмшигчтэй байхыг зөвшөөрдөг. Тухайн хугацаагүй хадгаламжийн данс нь дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хамтран данс эзэмшигчээр М.С******* бүртгэгдсэн. Өмнөх хамтран данс эзэмшигч С.Т******* хасагдсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тэтгэврийн данснаас тэтгэврийн картыг ашиглан АТМ-аас авсан байсан. Банк санаачилгаараа хэн нэгний дансыг хязгаарлах, хянах эрх байхгүй. Энэ нь Банкны тухай хууль болон Иргэний хуулийн 444 дүгээр зүйлээр хориглосон. Эдгээр хүмүүс нь банканд нас барсны гэрчилгээг үзүүлсэн, нас барсан гэж хэлсэн учраас банкнаас өв нээлгэн ирэх шаардлага тавьсан. Тухайн дансанд байгаа мөнгийг хамгаалах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хамтран данс эзэмшигч нь үндсэн данс эзэмшигчийн нэгэн адил дансыг захиран зарцуулах эрхтэй байдаг. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран данс эзэмшигч М.С******* хорооллын эцэст байрлах Х*******наас бус Чингэлтэй дүүрэгт байрлах Х*******наас үндсэн данс эзэмшигч нас барсан талаар мэдээлэхгүйгээр уг дансыг захиран зарцуулж дансанд байсан үлдэгдэл 12 000 000 төгрөгийг авсан. Энэ банкны ажилтны буруутай үйл ажиллагаа биш. Хүүгийн асуудал бол яригдах боломжгүй. Корона вирус цар тахал гарсантай холбогду Монгол Улсын их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно гэж заасан. Тиймээс хугацаагүй хадгаламжид хүү тооцох боломжгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 14.4 дэх хэсэгт Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх зөрчигдсөн гэж үзэх юм бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь хэсэгт хуульд заасан бусад эрхийн хүрээнд өмгөөлөгч авах эрхтэй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авч хөлс төлөх нь тухайн хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд хариуцагч нь тухайн өмгөөлөгчийн хөлсийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0133 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.С*******, М.С******* нарын 5033 тоот дансны хуулга, Д.Б*******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /3-7, 31-32, 160-165-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Р.М, С.Г******* нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульч эрх олгох сургалтын хөтөлбөр, 505 тоот дансны нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Р.Мгаас Х.Сид олгосон итгэмжлэл, Х.Сээс С.Г*******од олгосон итгэмжлэл, С.С*******ын иргэдийн бүтээгдэхүүүн үйлчилгээний хүсэлтийн маягтын хуулбар, иргэн С.Т*******, С.С******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, /11, 12, 13, 20-21, 58-29, 137-139 / гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс зохигчидийн хүсэлтээр Х******* ХК-иас 5033 тоот хугацаагүй хадгаламжийн дансны хуулгыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй лавлагаа, 505*******6 тоот тэтгэврийн дансны хуулгыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй лавлагаа, 599 тоот дансны 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 29/1713 дугаар Х******* ХК-ийн албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 29/3144 дүгээр албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 29/2841 дүгээр албан бичиг, 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06 дугаар Х******* ХК-ийн тушаал, тушаалын хавсралтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/370 дугаар Х******* ХК-ийн захирлын тушаал, тушаалын хавсралтын хуулбар, иргэн М.С*******, С.С******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 29/4520 дугаар албан бичиг, 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02/13 дугаар Х******* ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, 2014 оны депозит бүтээгдэхүүн бодлого, журмуудын хуулбар, /34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 56, 61, 63-70, 87-129 -р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хадгаламжийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний аав С.С*******ын Х*******ны 5059*******6 тоот дансанд байсан 420 000 төгрөг, 5033 тоот дансанд байсан 13 170 357 төгрөгийг өв нээгдээгүй байхад түүний данс хамтран эзэмшигч М.С******* нь хамтран эзэмшигчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр авсан байх тул 13 590 357 төгрөгийг, хадгаламжийн хүү 896 963 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 15 487 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь данс эзэмшигч С.С*******ын тэтгэврийн дансанд байсан мөнгийг бэлэн мөнгөний машинаас, хадгаламжийн дансанд байсан мөнгийг данс хамтран эзэмшигч нь өөрөө авсан, нэхэмжлэгч нь дансыг хаах, өвийг хамгаалах талаар хүсэлтийг банкинд гаргаагүй, данс хамтран эзэмшигч нь хамтран эзэмшигчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр дансыг захиран зарцуулдаг тул Х*******ны буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч С.Р*******ын эцэг С.С******* нь Х******* ХК-нд 5059*******6 тоот тэтгэврийн харилцах данс, 5033 тоот хугацаагүй хадгаламжийн данс эзэмшдэг байсан болох нь хэрэгт авагдсан Х*******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хугацаагүй хадгаламжийн дэвтэр, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
С.С******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн №1100005296 лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдэж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түүний охин С.Р*******д №0133 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр С.С*******ын өмчлөлд байсан Х*******ны 5033 тоот данс дахь 27 334 төгрөг, 505*******6 тоот данс дахь 2 985 төгрөгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өөрт ногдох өвийг шаардах, шаардлага гаргах эрхтэй байна.
6.Талуудын маргааны зүйл нь өвлөгдөх эд хөрөнгө буюу дансан дахь мөнгөн хөрөнгө нь Х*******ны буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан буюу нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар байна, талийгаач С.С******* нь данс эзэмшиж байсан, уг дансан дахь мөнгийг Д.С******* авсан талаар маргаагүй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
7.1.Нэхэмжлэгч нь хариуцагч Х******* ХК-ний буруутай үйлдлийн улмаас түүний өвлөгдөж авах байсан хөрөнгөд хохирол учирсан, дансан дахь мөнгөн хөрөнгийг итгэмжлэлгүйгээр, хамтран данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, данс эзэмшигч нь нас барсан байхад хязгаарлалгүйгээр өв нээгдээгүй байхад М.С*******д олгосон тул гэм хорын хохирлыг Х******* ХК хариуцана гэж тайлбарласан.
7.2.Хэрэгт авагдсан Х*******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар харилцагч С.С*******, хамтран эзэмшигч М.С******* нарын хугацаагүй хадгаламжийн 5033 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 13 048 913 төгрөгний үлдэгдэл байсан байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийн, 2022 оны 1 дүгээр сарын 28-нд 20 000 төгрөгийн, 2022 оны 2 дугаар сарын 13-нд 20 000 төгрөгийн, 2022 оны 3 дугаар сарын 25-нд 16 000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 02-нд 100 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, мөн С.С*******ын 505*******6 тоот тэтгэврийн харилцах дансанд 2021 оны 10 дугаар сарын 01-нд 420 000 төгрөгний үлдэгдэл байснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 420 000 төгрөг зарлагаар гарсан болох нь тогтоогдож байна.
7.3.Шүүх хуралдаанд гэрч М.С******* нь “...С.С*******тай 2003 оноос нас барах хүртэл хамтран амьдарч байсан. Хагас сайн өдөр өөд болоод 1 дэх өдөр бүх бичиг баримтыг нь охинд нь өгсөн. Би өөрийнхөө данснаас мөнгө авсан, дансанд байгаа гүйлгээг бүгдийг би хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийг бэлнээр авсан. С*******тай хамтран данс эзэмшигчээр бүртгүүлэхэд бага охин нь хамт байсан. Иргэний үнэмлэхээ үзүүлээд л мөнгөө авсан, хугацаагүй хадгаламжийн дэвтэр надад байсан, тэтгэврийн карт байгаагүй, дэвтрийг нь картуудтай нь нас барсны гэрчилгээ гэх бүхий л баримтыг нь өгсөн.12 000 000 төгрөгийг буянд нь хэрэглэсэн. 1 000 000 төгрөгийг нь хийдэд ном хуруулахад хэрэглэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд хугацаагүй хадгаламжийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, энэ нь хэрэгт авагдсан Х*******ны депозит дансны хуулга, Х*******ны зарлагын мэдүүлгээр тогтоогдож байна.
7.4.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж зааснаар М.С*******д С.С*******аас итгэмжлэл олгогдоогүй, мөн Х*******ны “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамтран эзэмшигч нь өөрийн биеэр банкинд ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл, хууль ёсны төлөөлөгч болохыг гэрчилсэн баримт бичиг шаардлагатай” гэж зааснаар хариуцагч нь хадгаламжийн дансан дахь мөнгийг олгохдоо М.С*******гаас итгэмжлэл шаардах, эсхүл хамтран эзэмшигчийг өөрийн биеэр ирэхийг шаардах байсан буюу хууль зөрчсөн болох нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16.1, 16.2-д зааснаар тогтоодоно гэсэн.
7.5.Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “хадгалуулагч нь хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг бичгээр олгосон итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжу хийлгэж болно. Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийнэ” 16.2-д “хадгалуулагч нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл тухайн хадгаламжийн гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийж болно” гэж заажээ.
7.6.Гэвч гэрч М.С******* нь талийгаач С.С*******тай хугацаагүй хадгаламжийн дансыг хамтран эзэмшдэг, 5033 тоот дансны хамтран эзэмшигчээр Маналжав овогтой С******* бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан Х*******ны Иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягтаар тогтоогдож байх бөгөөд уг маягтад “...харилцагчийн товч мэдээлэл С******* С*******, дансанд хамтран эзэмшигч бүртгэх/нэмэх дансны дугаар 5033, Маналжав С*******, огноо 2019.04.08-нд 14.30,23 секунт” гэж тэмдэглэгдсэн, хэн аль нь гарын үсгээ зурсан байна.
7.7.Хэрэгт авагдсан Х*******ны “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам”-ын 1.5.2-д “данс эзэмшигч/үндсэн эзэмшигч банктай байгуулсан гэрээний үндсэн дээр харилцах, хадгаламжийн данс нээлгэсэн, дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд”, 1.5.3-д “хамтран эзэмшигч дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах асуудлаар дансны үндсэн эзэмшигчтэй адил, тэгш эрхтэйгээр программд бүртгэгдсэн хувь хүнийг” хэлнэ гэж заажээ.
Мөн 4.7.9-д “хамтран эзэмшигчтэй данс нээж буй тохиолдолд ирээдүйд үүсч болзошгүй аливаа маргаан, эрсдэлээс сэргийлэх үүднээс бүх хамтран эзэмшигч нь тухайн дансыг захиран зарцуулах ижил эрхтэй гэдгийг банкны ажилтан данс эзэмшигчдэд урьдчилан сануулах нь зүйтэй” гэж заасан, данс эзэмшигч нар нь өөрийн хүсэлтээр хамтран данс эзэмшигчийг цуцлаж, бүртгэсэн байна.
7.8.Иймд хугацаагүй хадгаламжийн данс хамтран эзэмшигч М.С******* нь хамтран эзэмшдэг данснаасаа гүйлгээ хийсэн нь хууль болон холбогдох журам зөрчөөгүй, Х*******ны Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцлийн 6.1-д дансны хамтран эзэмшигч нь банкны үйлчилгээ авахад үндсэн эзэмшигчтэй адил эрх эдэлнэ” , 6.7-д хамтран эзэмшигчтэй хадгаламжид дэвтэр авах тохиолдолд зөвхөн үндсэн эзэмшигчийн нэр дээр олгоно” гэж зааснаар хадгаламжийн дансны 13 сая төгрөгийг хамтран эзэмшигчид олгосон нь Х*******ны буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
8.Нэхэмжлэгч нь нас барсан хүний дансыг гэрчилгээгээ үзүүлээд байхад хаагаагүй, хязгаарлаагүй, өв нээгдээд ирээд аваарай гэсэн атлаа өв нээгдээд ирэхэд дансан дахь мөнгөн хөрөнгө байхгүй байсан болох нь гэрч С.Т*******гийн мэдүүлэгээр тогтоогдоно, Х*******ны Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцлийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан “банкны зүгээс хууль болон холбогдох журамд заасны дагуу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд харилцагчид үзүүлэх банкны үйлчилгээг түр хязгаарлах” арга хэмжээг аваагүй гэсэн.
8.1.Гэрч С.Т******* мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 11-нд очоод н.С******* итгэмжлэлтэйгээ хамт урд зогсож байсан би ард нь зогсож байсан. Гэтэл теллер энэ нас барсан хүний данс байна, блоклогдсон гэсэн үг, ямар ч зарлага байхгүй гэсэн. Тэгээд арга байна уу гэхэд байхгүй, нас барсан учир орлого, зарлага гүйлгээ хийх боломжгүй жилийн дараа өвөө үүсгэж нотариатд хандаарай гэсэн, тэгээд юу ч өгөөгүй. н.С******* миний итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад яагаад надад өгөхгүй байгаа юм бэ гэхэд теллер тэр хамаагүй учир нь энэ хүн нас барсны гэрчилгээ нь гарсан байна гэж хэлж байсан” гэсэн.
8.2.Хэрэгт авагдсан Х*******ны Иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, харилцагчийн товч мэдээлэлд “С******* С*******, дансны хамтран эзэмшигч цуцлах С*******ын Т******* гарын үсгээ зурсан, 2019,04,08-нд 14,28,10” гэжээ.
8.3.Х*******ны “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам”-ын 5.2.1-д “данс зогсоох гэдэг нь эрх бүхий этгээдийн шаардлагаар эсвэл харилцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу дансанд санхүүгийн гүйлгээ /бэлэн болон бэлэн бус орлого, зарлагын гүйлгээг бүгдийг ойлгоно/ хийгдэх нөхцлийг түр хугацаагаар хязгаарлахыг хэлнэ” гэж заасан байх бөгөөд данс зогсоох талаар нэхэмжлэгч нь банкинд хүсэлт гаргаагүй байна.
8.5.Мөн С.С*******ын тэтгэврийн дансанд байсан 420 000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас буюу АТМ-аас шилжүүлэн авсан байх бөгөөд С.С*******ын тэтгэврийн картыг хүүхдүүдэд нь өгсөн гэж гэрч М.С******* мэдүүлсэн, 4.7.3-д “дараах төрлийн депозит дансдад хамтран эзэмшигч бүртгэхгүй. Үүнд:хувь хүний цалин, тэтгэврийн дансууд“ гэж зааснаар тэтгэврийн дансыг С.С******* нь өөрөө эзэмшдэг байсан, уг данснаас картаар мөнгөн гүйлгээ хийгдсэнд хариуцагч Х*******ны буруутай үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
8.Иймд нэхэмжлэгч С.Р*******ын хариуцагч Х******* ХК-д холбогду гаргасан тэтгэврийн данс болон хугацаагүй хадгаламжийн дансанд байсан 13 590 357 төгрөг, хадгаламжийн хүү 896 963 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 15 487 320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
9.Томилогдсон иргэдийн төлөөлөгч З.А, М.Д, Г.О, И.О нарт шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь шуудангийн магадлагаа, Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, Б.М, Ц.Б, М.Ж, О.Х, Б.Г нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж зааснаар зохигч талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан тул зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Р*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /225 902+45 301/ 271 203 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Р*******ын хариуцагч Х******* ХК-д холбогду гаргасан гэм хорын хохиролд 15 487 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Р*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 203 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгчид №1577292 дугаартай хугацаагүй хадгаламжийн дэвтрийг буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцу сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ