| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/00005/И |
| Дугаар | 144/ШШ2024/00026 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 144/ШШ2024/00026
2024 02 23 144/ШШ2024/00026
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****д холбогдох,
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 302,083,606 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу алдангийг 0,5 хувиар тооцож /нэг өдрийн 1,510,418 төгрөг/ 59 хоногийн алданги 89,114,664 төгрөг нийт 391,198,270 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмэгдүүлсэн шаардлагад нийт 453,123,409 төгрөг гаргуулах, ***, ***тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж, худалдан авагчийг үргэлжлүүлэн бүтээгдэхүүнээр нийлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч ***, *** нар /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь *******тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулан, ******ийн бөөний төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгон, согтууруулах ундаа, ус, ундаа, сүү сүүн бүтээгдэхүүнийг нийлэн худалдан борлуулдаг байсан. Манай компани *******тай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг тооцоо нийлсэн актаар нийт 328,626,666 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 3,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Мөн түүнчлэн 4 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг *******иас манай компани буцаан татсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 302,083,606 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч хугацаа хойшлуулан сунгасаар өдийг хүрсэн тул бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрийн үлдэгдэл болох 302,083,606 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөхгүй байгаа бөгөөд гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу алдангийг 0,5 хувиар тооцож /нэг өдрийн 1,510,418/ 59 хоногийн алданги 89,114,664 төгрөг нийт 391,198,270 төгрөгийг *******аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Манай компани болон ******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээний дагуу барьцаанд тавьсан 90 сая төгрөгөөр тохиролцсон хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулах хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэмэгдүүлсэн шаардлагадаа: *******нь *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахаасаа өмнө төлөөлөгч нар биечлэн очиж, нэхэмжлэл гаргасны дараа өмгөөлөгчөөрөө дамжуулан харилцагч байгууллагынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, үүссэн төлбөр тооцооны асуудлыг аль болох эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэх талаар хугацаа өгч, санал, санаачилга гарган, санхүүгийн баримтыг нягтлах, шалгах хүсэлт гаргавал бидний зүгээс татгалзахгүй болохоо илэрхийлсэн боловч, хариуцагч байгууллага, түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ бүгдээс үндэслэлгүйгээр татгалзаж, асуудлыг бүр хурцатгах байдлаар хандаж, манай байгууллагыг үндэслэлгүйгээр гүтгэх, хуурамч баримт гаргасан мэт илт худал тайлбар, хүсэлт өгч, хууль зүйн ямар нэг үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргах гэх мэтээр асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гэхээсээ илүү, эсрэгээр нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлдэл биш гэж бидний зүгээс үзэж байна. Нэгэнт дээрх байдлаар ихээхэн цаг хугацаа алдагдсан, цаашдаа эвлэрэн хэлэлцэх санал тавих нь үр дүнд хүрэхгүй болох нь илт байх тул *******ийн зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээнд заасан үндэслэлийн дагуу доорх байдлаар нэмэгдүүлж байна. *******тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй болно.
Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу алдангийг 0,5 хувиар тооцож /Нэг өдрийн 1,510,418 төгрөг/ 59 хоногийн алданги 89,114,664 төгрөг, бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрийн үлдэгдэл болох 302,083,606 төгрөг нийт 391,198,270 төгрөгийг *******аас нэхэмжилсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцон 61,927,139 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 453,123,409 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ер нь хариуцагч талаас хүлээн зөвшөөрдөггүй зүйл байхгүй байгаа. Эвлэрвэл эвлэрчихье гэсэн саналыг гаргаад байгаа. Манай талаас 302,083,606 төгрөг падаанаар байгаа. Үүнийг гэрээний дагуу алдангийг 50 хувиар нэмэгдүүлээд 453,123,409 төгрөгийг *******аас нэхэмжилсэн. 453,123,409 төгрөгөөс алдангийнхаа 50 хувь хүртэлхийг багасгаад 75,520,901 төгрөгөөс татгалзаад 377,602,508 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Мөн алдангийнхаа 50 хувиас татгалзахаас гадна бөөний төв үргэлжлээд үйл ажиллагаа явагдах болно. Одгариг ахтай олон жил хамт ажилласан. Өөрөө ч гуйсан болохоор танай бөөний төвтэй үргэлжлээд үйл ажиллагаагаа явуулахад болохгүй юм байхгүй. Энэ чинь 21 аймаг маш олон бөөний төвүүд байгаа. Танай бөөний төвтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулахад болно гэсэн саналыг хариуцагч талд тавьж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******өмгөөлөгчийн хэлсэн санал бол 252 дугаар хуудсанд авагдсан мөнгө тушаалт өр төлбөрийн тооцоо дээр тулгуурласан санал байсан. Энэ үнийн дүнгээс хасаж байгаад миний ойлгосноор 284 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж ярьсан. Тэгэхээр 284 сая төгрөгийг хүлээн зөвшөөрлөө гэж ойлгосон учраас гэрээнийхээ дагуу өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 50%-ийн алдангиа нэмээд оруулаад эвлэрэхэд асуудалгүй гэж үзээд байна. Гэрээнийхээ үүргийг хүлээн зөвшөөрөх юм бол 50%-ийн алдангиа тооцож нэмээд эвлэрэн хэлэлцэх саналыг би ******д санал болгоод байна. Түүнээс 116 сая төгрөг тооцооллын тоон үзүүлэлтээс хасагдах ямар ч боломжгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрэх саналтай холбогдуулаад тооцоолол хэлж болох уу, ******** компаниас гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 252 дугаар хуудсанд авагдсан материал мөнгө тушаах тооцоо дээр хуралдаан эхлэхээс өмнө тайлбар гаргаж өгсөн. Үүн дээр манай талаас гаргаж өгөх нотлох баримт байхгүй учраас зөвхөн өөрсдийнхөө мөнгө тушаалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн юм. Тайлбар дээр дурдагдсан байгаа. Мөнгө тушаалттай холбоотой 252 хуудсанд авагдсан мөнгө тушаалтаас манай талаас өгсөн нотлох баримтаар мөнгө тушаалт илүү байгаа. Би ийм тооцоо хийж үзсэн юм. 377 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бодитой, үнэн зөв тооцоо ямар байгаа вэ гэхээр эхний үлдэгдлийг ******* компанийн хүлээж авснаар бодохоор 210,217,513 төгрөг гээд энэ нь 2020 оны 10 сарын 9-ний үлдэгдэл байлаа гэж бодъё. Үүнээс нийт орлогоос хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн олж авсан гэхээр 2,994,558,040 төгрөг гээд нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа нотлох баримтын дүн буруу бичигдсэн. Үүнээс бид борлуулалтынхаа орлогыг хэд гэж үзээд байгаа вэ гэхээр 2,019,453,419 төгрөг байгаа юм. Эхний үлдэгдэл дээрээ орлогоо нэмээд борлуулалтаа хасаад илүү борлуулсан 4,199,810 харилцагчийн зээл төл 2,852,500 төгрөг ингээд хагараад 47,529,090 төгрөг, тооллого хийж буцаасан 116,383,790 төгрөг шимтгэл түрээс 9,863,430 төгрөг, 10 сарын шимтгэл түрээс 14,361,785 төгрөг, агуулахын түрээс 350,000 төгрөг 2 сарын 700 төгрөг эдгээрийг хасаад үзэхээр манай талаас төлөх боломжтой нь нийтдээ алданги, үндсэн төлбөр нийлээд 284,140,061,52 төгрөг болж байна. Үүн дээр эвлэрэх боломж байна уу гэж нэхэмжлэгч талаас асуумаар байна. Дараагийн дугаарт хавтаст хэргийн 252 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг тоолоод бодоод үзэхээр нийтдээ 237 сая төгрөг болоод байна. Тэгэхээр манай тооцоод байгаа 189 сая зөв бодсон 237 сая төгрөгийн дунд нь хийгээд 284 сая төгрөг дээр эвлэрэх боломж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...284 сая төгрөг 302 сая төгрөгийн хооронд тооцоолоод үзвэл үндсэндээ 16 сая төгрөгийн зөрүү байна. Эвлэрэх санал ойртоод байгаа учраас жаахан буулт хийгээд олон жил явсан харилцаа холбоогоо сэргээгээд өмнө нь миний гаргаж байсан хүсэлт дээрээ хүлцэл өчье. Эвлэрэх асуудал дээр 2 талын санал ойртоод байгаа учраас эвлэрэхэд ойрхон байна гэж хараад байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...302 сая төгрөг дээр эвлэрэх саналыг дэмжиж байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 302,083,606 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу алдангийг 0,5 хувиар тооцож /нэг өдрийн 1,510,418 төгрөг/ 59 хоногийн алданги 89,114,664 төгрөг нийт 391,198,270 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нийт 453,123,409 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас “… нэхэмжлэлийн шаардлагаас 302,083,606 төгрөг төлөхөөр эвлэрэх боломжтой” гэсэн саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, мөн хариуцагч ********ийн *******ийн гэрээт борлуулагчаар ажиллуулахад татгалзах зүйлгүй. Энэ талаар талууд уулзаж ярилцаад тохиролцох боломжтой гэж үзэж байна гэв.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу эвлэрч болно гэсэн шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,135,960 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,667,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч *******ийн *******ийн ******* дансны зарлагын хөдөлгөөнийг 330,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоох тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******** дугаартай захирамжийг зохигчдын эвлэрсэн хэмжээгээр үүргийг гүйцэтгэмэгц хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******** аас хариуцагч ********д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 302,083,606 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулах тухай үндсэн нийт 453,123,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 302,000,00 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. *******, ********тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж, худалдан авагчийг үргэлжлүүлэн бүтээгдэхүүнээр нийлүүлэхийг даалгах асуудлыг зохигчид жич хэлэлцэн тохиролцохоор эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,135,960 төгрөг, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,667,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч *******ийн *******ийн ******* дансны зарлагын хөдөлгөөнийг 330,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоох тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай захирамжийг зохигчдын эвлэрсэн хэмжээгээр буюу 302,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэмэгц хүчингүй болгосугай.
5. Хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн ******ыг нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заалтад зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ***