Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн 1722000230028 тоот  хэргийг  2017 оны  11 дүгээр сарын 03-ны  өдрийн  15 цаг 30 минутанд  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн  Өлзийт сумын 6-р баг Рашаантын 12-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чингүнжав овгийн Даринчулууны Жаргалсайхан /РД: ХН61072460/ гэв.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 93-30 ДУА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.Наранжавын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай Өлзийт сумаас 40 километрт Цогтын Чулуу гэдэг айл дээр малын гоц халдварт цэцэг өвчиний сэжиг илэрсэн. Тэр айлруу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр очиж гоц халдварт цэцэг  өвчин гарсан байна гэдэг оношийг би тогтоогоод 100-аад малд ялгалт хийгээд, үлдсэн малд нь вакцин хийсэн. Тэр өдрөө аймгийн Онцгой байдлын хяналтын  албатай холбогдоод маргааш өглөө нь тэр айлаас 6 километрийн зайтай Онцгой байдлын хээрийн штаб хуралдсан. Тэр өглөө 100-аад малыг нь устгахаар сумын захиргаанаас 13 хүн томилогдсон. Тэр хүмүүсээс 3 хүн миний машинд, 10 хүн нь пургон машинд сууж явсан. Тухайн үед их яаруу, 70 километр цагийн  л хурдтай явсан болов уу гэж бодож байна. Сумаас 10-аад километр яваад цагаан тал дээр жаахан эргэлтэн дээр л өнхөрсөн. Тэнд өмнө нь 4-5 машин унасан, байгалийн үзэгдэл явагддаг газар байсан юм билээ. Яарсан хүмүүс түүнийг анзаараагүй, осол болсон. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ийм осол гаргасан. Хохирогчид 1.077.954 төгрөгийн  эмчилгээний зардал төлсөн” гэв.

2. Хохирогч Ж.Наранжавын “...2017 оны 7 дугаар сарын 25-ны өглөө Өлзийт сумаас малын  өвчин гарсан айл руу малын  эмч Жаргалсайхан, 3-р багийн Засаг дарга Айлтгүй, Батдорж гэдэг залуугийн хамт “Ланд крузер-80” маркийн тээврийн  хэрэгсэлтэй явсан.  Бид хэд сумаас хойш чиглэлд явж байсан. Сумаас гараад 6-7 км орчим явж байтал гэнэт машин ертөнцийн зүгээр замын  зүүн тал руу замаас гараад хазайгаад явсан. Тэгээд осолдоод машин өнхөрч, хөмрөөд зогссон.  Би жолоочийн зүүн гар талд машины урд суудалд сууж явсан. Миний хойно Айлтгүй, жолоочийн хойно Батдорж сууж явсан. Тэгээд осол болоод харахад миний толгойноос цус гоожоод толгой хагарчихсан  байсан. Миний толгой хагарсан,  баруун  гарын шууны яс хугарсан, тухайн үед цээж хөндүүрлэж, толгой өвдсөн зовиуртай хөл дээрээ явж чадахгүй байсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад санаандгүй осолд орсон. Эмчилгээ болон  мэс засал хийлгэхэд мөнгө хэрэг болно, уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

3.Гэрч М.Айлтгүйн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт Засаг даргын шуурхай хуралд суучихаад 10 цагийн орчимд малын эмч Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичиг Наранжав, 6-р багийн иргэн Батдорж нарын хамт сумаас цэцэг өвчин гарсан айл руу устгал хийхээр 93-30 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Сумаас хойш 10 километрт “Сүүж” гэдэг газарт жаахан замын  тохой эргэлт таараад шарваад онхолдсон. Одоо толгой өвдөж байна. Цээж, мөр, 2 чих хөндүүр зовиуртай байна. 2 чихрүү хатгаж өвдөж байна. Толгой мөр жаахан халцарсан, өөр гэмтэл зовиур байхгүй. Албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

   4. Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 170200236 дугаартай дүгнэлтэд: “ ...Ж.Наранжавын  биед баруун шуу ясны далд хугарал, дагзны баруун  дээд хэсэгт язарсан шарх, бугалгад цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шуу ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна. Язарсан шарх, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн  зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ.  /хх-ийн 14/

5.Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 170200275 дүгнэлтэд: “...Д.Жаргалсайханы биед тухайн үед үүссэн байж болох цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”  гэжээ. /хх-ийн 18/

6. М.Айлтгүйн биед  гэмтэл тогтоогдоогүй  гэх  шинжээчийн  2017 оны 08 сарын  04-ний  өдрийн  170200235 тоот дүгнэлт /хх-ийн 16-рт/

7. Дундговь  аймаг дахь Цагдаагийн  газрын Замын  цагдаагийн  тасгийн 2017 оны 08 сарын  23-ны  өдрийн  шинжээчийн дүгнэлтэд:

-   Уг осол болоход Замын  хөдөлгөөний  дүрмийн  заалт зөрчигдсөн байна.

-  Жолооч Д.Жаргалсайхан нь Монгол  Улсын  Замын  хөдөлгөөний  дүрмийн  9.1 жолооч  хөдөлгөөний  эрчим, тээврийн  хэрэгслийн  онцлог  байдал, тээж яваа  ачаа,  замын  болон цаг  агаарын  нөхцөл, хөдөлгөөний  дагуу  үзэгдэлтийг  харгалзан  тээврийн  хэрэгслийн  хурдыг  энэ  дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр  сонгож  явна  гэсэн  заалтыг  зөрчсөн  байна.

- Осол гарсан  гол  шалтгаан  нь  Ланд крузер маркийн  93-30 ДУА улсын  дугаартай  тээврийн  хэрэгсэл жолоодож  явсан  Д.Жаргалсайханы дээрхи буруутай  үйлдлээс  үүдэн гарсан. /хх-ийн 12/

8. Хэрэгт  цугларсан  бусад  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 93-30 ДУА улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.Наранжавын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Уг осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч Д.Жаргалсайханы Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг буюу “... жолооч  хөдөлгөөний  эрчим, тээврийн  хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын  болон цаг  агаарын нөхцөл, хөдөлгөөний  дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг  энэ  дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Жаргалсайханыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Д.Жаргалсайханд  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.

Хохирогч Ж.Наранжав мөрдөн  байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэгтээ  эмчилгээтэй  холбогдон гарсан зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаархи нотлох баримт ирүүлээгүй ба шүүгдэгч Д.Жаргалсайхан нь хохирогч Ж.Наранжавын эмчилгээтэй  холбогдон гарсан зардал 1077954 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 44-р хуудсанд  авагдсан баримтаар  тогтоогдож байх тул хохирогчид 1077954 төгрөгийг  төлсөн  болохыг  дурдаж  шийдвэрлэв.

Хохирогч  Ж.Наранжав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Жаргалсайханаас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь  зүйтэй  гэж  үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Чингүнжав овгийн Даринчулууны Жаргалсайханыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын  журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханд таван зуун нэгжээр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1077954 /нэг сая далан долоон мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Наранжав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Жаргалсайханаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
  2. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ